Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-10-17

“ЛЭОС-Дархан” ТББ-аас хотын доторх ногоон байгууламжийн ажилд хяналт, мониторинг хийж байна

ЛЭОС нь 1992 онд үүсэн байгуулагдсан үндэсний хэмжээний төрийн бус байгууллага бөгөөд өнөөдөр 20 аймагт салбар зөвлөлтэй, нийт 9000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Тэд нийгмийн шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө, тэгш байдлыг эрхэмлэн иргэдийнхээ сайн сайхны төлөө хариуцлагатай төр, сайн засаглалыг бэхжүүлж, хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд гишүүдээрээ дамжуулан хувь нэмрээ оруулахаар зорин ажилладаг бөгөөд тэргүүлэх чиглэлүүдээрээ эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай төрийн төлөөх иргэний нийгмийн мониторинг, хяналт, хариуцлага, ил тод байдлыг шаардах, ЛЭОС-ийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх хүний нөөцийн манлайллыг бэхжүүлэх хэмээн тодорхойлсон байдаг.

Тус байгууллагын Дархан салбар зөвлөл нь 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд  2017 оноос "Авилгагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2018 оны есдүгээр сард "Сайн засаглалыг бэхжүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо" уулзалт, хэлэлцүүлэг, 2019 онд "Авилгагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төр захиргааны удирдах албан тушаалтнуудыг хамруулжээ.

Түүнчлэн худалдан авах ажиллагаа, хяналт, мониторингийн үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн дэх "Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор"-ийн худалдан авалтанд хөндлөнгийн хяналт мониторингийн ажлыг хийсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө энэ есдүгээр сарын 15-ны өдөр БСУГ, Цагдаагийн газартай хамтран төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дарга,  удирдлагуудад "Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авилгын асуудал, авилгаас урьдчилан сэргийлэх нь" \STEPS\ судалгааг танилцуулж, санал солилцжээ. Тус үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагуудын нийт 40 гаруй дарга удирдлагууд оролцсон байна.

Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ын Дархан салбар зөвлөлөөс энэ өдрүүдэд “Авилгагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Дархан суманд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал 96.939.978 төгрөгний төсөвт өртгөөр 2018-2019 онд Үйлчилгээний төвөөс Номингийн уулзвар хүртэлх болон Залуучууд театрын хойд талд хийгдсэн хотын доторх ногоон байгууламжийн ажлын гүйцэтгэл, худалдан авах ажиллагаанд хяналт мониторингийн ажил хийж, иргэдээс санал авч ажиллаж байна.

Тиймээс энэхүү хөрөнгө оруулалтын ажилтай холбоотой асуудал, санал хүсэлтийг тус байгууллагын 99955990 дугаарын утсаар авч байгааг дуулгая.
 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1261   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan