Лхагва 2019-01-02 Дархан
Time out   2021-02-02

Сайн гарааны бизнес хамтрагчаа зөв сонгохоос эхэлдэг

Аравдугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд болж өнгөрсөн INC 5000 чуулганы үеэр Method компанийн үүсгэн байгуулагчид болох Adam Lowry болон Eric Ryan нар өөрсдийн бизнесийн түүхээ хуваалцсан байна.

Тэд 2001 онд байгуулагдсанаасаа хойш 100 сая ам.доллароор үнэлэгдэх брендийг бий болгосон билээ. 

“Хэрвээ чи гарааны бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол өөртэйгөө ижил хэв маягтай хүнийг битгий сонго. Энэ бол хамгийн гол нууц. Бид хоёрыг таньдаг хүмүүс Adam-ийг байгууллагын гол хөдөлгүүр харин намайг хэв маяг, чиглэлийг нь тодорхойлогч хэмээн онцолдог байв. Эрс тэс сонсогдож байгаа ч, энэ бол суурь бүтэц. Нэгэнт компаниа эхлүүлсэн л бол та гэр бүл зохиож байгаагаас ялгаагүй. Нэг нэгэндээ санаа тавьдаг байх ёстой” хэмээжээ.

Мэдээж хэрэг эсрэг тэсрэг зан араншин, ажлын арга барилтай хүмүүст хамтран ажиллахад багагүй хүндрэлүүд үүсдэг. Adam Lowry-гийн хувьд дотроо эргэцүүлж, чимээгүй орчинд ажиллахыг илүүд үздэг бол Eric Ryan хүмүүстэй нээлттэй байж, ажлаа аль болох ярилцаж хийдэг ажээ.

Анхандаа энэ байдал ажилд нь нөлөөлж, хүндрэлтэй байсан ч тэд даван гарахын тулд сэтгэлзүйчид хандсан байна. Улмаар нэг нэгнийхээ онцлог шинж чанарыг ойлгох болсноор ажиллах урам зоригоо олсон гэнэ. 

“Хэрвээ чиний дутуу талыг нөхөж чаддаг хэн нэгнийг олж чадах юм бол таны бизнес нэг дээр нэмэх нь нэг тэнцүү гурав болох боломжтой. Тэгэхдээ энэ нь зүгээр суугаад бай гэсэн үг биш, үргэлж хөдөлмөрлөх ёстой” хэмээн тэд хэлж байна. 

Одоогоор хамтдаа ажиллахаа больсон ч, тэд тун удахгүй дахин хамтран ажиллахаар бэлдэж буй тухайгаа мөн мэдэгджээ.

Эх сурвалж: Inc

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
675   0
НИЙТЭЛСЭН: Г.Хастулга