Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-10-30

"ОД" цогцолбор сургууль сүүлийн 3-4 жилд "охидын үзлэг"-ийг огт зохион байгуулаагүй гэлээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 29-ы өдөр жендерийн шударга ёс, охид эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө ажилладаг, охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-уудаас  “Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургууль “охидын үзлэг”-ийг охидын өөрсдийнх нь болон эцэг эхчүүдийнх нь тодорхой зөвшөөрөлгүй, албадсан байдлаар явуулж, охидын бие махбодь, бэлгийн аюулгүй байдалд халдах гэж байгааг эсэргүүцэж байна” гэх албан тоот илгээснийг бид мэдээлсэн.  

Тус мэдээллийн дагуу өнөөдөр “Од” цогцолбор сургуулийн захирал Х.Баярбилэг, сургуулийн эмч Д.Отгонзул, Дархан-Уул аймгийн ЭМТ-ийн НЭМТ-ийн дарга С.Энхжаргал нар тайлбар мэдээлэл өглөө.

“Од” цогцолбор сургуулийн захирал Х.Баярбилэг:

- Би энэ сургуулийн захирлын ажлыг есдүгээр сарын 13-ы өдөр авсан. Энэ хугацаанд ямар нэгэн “охидын үзлэг”-ийг сургууль зохион байгуулаагүй. Урьд өмнө нь болж байсан эсэхийг мэдэхгүй байна. Сурагчдын улирлын амралт эхлэхийн өмнөхөн буюу аравдугаар сарын 23-ны өдөр “Амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвөөс “Эрүүл мэндийн газрын даргын А/29 дугаар тушаалын дагуу аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, үзлэг оношлогоог хийх тул 9-11 дүгээр ангийн охидыг охидын үзлэгт, 15-с дээш насны 13,15,16 дугаар багт харъяалагдах багш, сурагч, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж өгнө үү” гэсэн утга бүхий албан тоот ирүүлсэн. Энэ дагуу миний бие урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулахыг сургуулийн эмч Д.Отгонзул болон анги удирдсан багш нарт даалгасан. Түүнээс ямар нэгэн байдлаар “Од” цогцолбор сургуулийн зүгээс “охидын үзлэг” зохион байгуулсан юм байхгүй. Бидэнд албадаж хүүхдийг үзүүлэх эрх байхгүй, тийм ёс зүй ч байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаа үед хүүхдүүдээ үзүүлэх үү, үгүй юу гэдэг нь эцэг эхчүүдийн асуудал.

Сургуулийн эмч Д.Отгонзул:

- Жил бүр охидын үзлэгийг эрүүл мэндийн газраас хийдэг. Бусад сургуулиуд дээр ч явагддаг. Бид нар бол эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр ерөөсөө охидын үзлэг хийхгүй. Мөн ямар нэгэн тушаал, шийдвэрийн дагуу л хийхээс, дураараа хийхгүй. Зарим охид үзлэгт орохоор ирсэн байсан. Би эцэг эхтэйгээ ирсэнгүй гээд буцаасан. Өмнө нь охидын үзлэг хийнэ гээд хуваарь гарч байсан боловч хийгээгүй. Миний мэдэхээс сүүлийн 3-4 жил ер нь манай сургуулийн хувьд охидын үзлэг хийгдээгүй.

Эрүүл Мэндийн Төвийн НЭМТ-ийн дарга С.Энхжаргал:  

- Эрүүл мэндийн газраас ч үзлэг зохион байгуулж байгаа бол сургуулийн захиргаа, эцэг эхийн хамтын оролцоотой хийнэ үү гэхээс дангаараа шийдвэр гаргаж, заавал үзлэгт оруулна гэж ерөөсөө байхгүй. 

гэх тайлбаруудыг өглөө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.10)
    одоо бүр арай ч дээ хүүхдүүдийнхэн төлөө өвчнөөс сэргийлж үнэ төлбөргүй үзэж өгөхөд хүртэл буруудаад бхдаа яахав дэ. Энэ үзлэг хийж байх хэрэгтэй одоо үед хэтэрхий задгай замбараагүй байдал газар авч бхад эцэг эхчүүд хүүхдээ ямар бгааг бас мэдээд авна хэрэгтэй шүү дээ. Ер нь бид ажил амьдрал хөөсөөр бгаад хүүхдийн ямар бдалтай бгааг мэдэхгүй эцэг эхчүүд олон бгаа биздээ Ийм үзлэгт хамруулж байх хэрэгтэй гэж бодож байна
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
1768   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan