Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-10-31

“Авилгагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төсөл дүгнэлтээ гаргалаа

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-аас “Авилгагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийг манай аймагт гурав дахь удаагаа хэрэгжүүлж Дархан-Уул аймгийн Байгаль орчин, нөхөн сэргээлтийн сангийн 96 сая 938 мянган төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн хотын доторх ногоон байгууламжийн ажилд хяналт, шинжилгээ мониторингийн ажлыг хийжээ. Тус ажлын талаар ЛЭОС-Дархан салбар байгууллагын зохицуулагч Р.Мөнхтуяатай ярилцлаа.   

Танай байгууллагаас Дархан сумын 16 дугаар баг болон 14 дүгээр багт хийгдсэн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэтгэлд хяналт, шинжилгээ, мониторингийн ажил хийсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?

- “ЛЭОС” ТББ нь сүүлийн дөрвөн жил “Авилгагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн хүрээнд төрийн байгууллагуудын төсөв санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн хяналтыг сайжруулах зорилгоор тус төслийг хэрэгжүүлж байгаа юм. Дархан-Уул аймаг дахь ЛЭОС байгууллага нь өмнө “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх хүүхдийн тоглоомын худалдан авалтын ажил, Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил зэрэгт хөндлөнгийн хяналт, мониторинг хийж байсан. Энэ удаад аймгийн байгаль орчныг нөхөн сэргээх зардлаас санхүүжүүлсэн хотын доторх ногоон байгууламжийн ажилд мониторинг хийлээ. Тухайлбал нийт 96 сая 938 мянган төгрөгөөр Улаанбаатарын “Эко майнинг ассесмент” ХХК-ы гүйцэтгэсэн Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төвөөс Номин худалдааны төв хүртлэх мөн 14 дүгээр багийн нутаг дэвсгэр Залуучууд театрын хойд талд хийсэн ногоон байгууламж, хашаажуулалтын ажлын гүйцэтгэл, иргэдийн сэтгэл ханамжийг судалж, фокус хэлэлцүүлэг өрнүүлэн тодорхой дүгнэлт гаргалаа.

Тухайлбал ямар дүгнэлт гарав?

- Ногоон байгууламжийн ажил явагдсан газарт ажиллаж, хэмжилт хийн, зураг авахад тарьсан мод бутны ургалт хангалтгүй, нэг жил болоход анх тарьсан хэмжээсүүд хэвээр байгаа нь тогтоогдсон. Бүтэн жил ургахад уг нь ургалтын хувьд өссөн байх ёстой. Үүн дээр мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвлөгөө авахад мод бут, сөөг тарих, ургуулах ажил нь нэлээн эрсдэлтэйд тооцогддог ба байгалийн хүчин зүйлээс хамаардаг тул ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг жилийн хугацаанд 60%ийн ургалттай байх юм бол тухайн ажлыг хангалттай хэмээн үздэг гэх тайлбарыг өгч байсан. Харин иргэдийн зүгээс ногоон байгууламжийн ажил тодорхой хэмжээнд хийгдсэн ч түүнийг тойрсон хайс нь хотын өнгө үзэмжинд тохиромжгүй болсон гэх саналыг хэлж байлаа.  

Иргэдээс санал асуулга авсан. Санал асуулгад хичнээн хүн оролцов? Иргэдийн сэтгэл ханамж ямар байв?

- Бид мониторингийн ажлын хугацаанд тус төслийн үр шимийг шууд хүртэгч иргэд буюу тухайн орчинд ажиллаж, амьдарч буй хүмүүсээс голчлон мөн бусад иргэдийг хамруулан нийт 200 орчим иргэдээс санал асуулгыг авсан. Зорилго нь төсвийн хөрөнгийн зарцуулалтыг иргэд хэр үр дүнтэй болсон хэмээн дүгнэж байгааг тодруулах байлаа. Асуулгыг тендер худалдан авалт олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу, иргэдийн сэтгэл ханамж ямар байна гэдгээр бэлтгэсэн юм. Ингэхэд нийт оролцогчдын 13 хувь нь дунд зэрэг, 12 хувь нь боломжийн, 75 хувь нь хангалтгүй буюу мэдэхгүй байна гэх хариултыг өгсөн байв. Саналыг түүвэрлэн үзвэл тендерийн талаарх мэдээлэл огт аваагүй, хэт өндөр үнээр хийгдсэн, үүнээс бага өртгөөр илүү чанартай хийх боломж байсан гэх саналууд байсан ба мөн дээр дурьдсан төмөр хайс хотын өнгө үзэмжид зохицохгүй гэх иргэдийн санал дийлэхн олон байсан. Мөн орон нутгийнхаа мэргэжлийн компаниар хийлгүүлэхгүй яагаад Улаанбаатарын компаниар ажлыг гүйцэтгүүлэв гэх санал ч гарч байлаа.

Санал асуулгаас гадна фокус уулзалт, хэлэлцүүлэг хийж, холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцсон байсан. Тус хэлэлцүүлгийн үеэр ямар санал, шүүмж гарав. Ер нь энэ 90 гаруй сая төгрөгөөр хийгдсэн хотын доторх ногоон байгууламжийн ажлын үр дүн, чанар гүйцэтгэлд ямар байр суурьтай байгаагаа тэд илэрхийлж байв?

- Хэлэлцүүлэгт оролцогчдын дунд тус ажлын гүйцэтгэлийг сайн болсон, ийм ногоон байгууламжийн ажлыг олноор хийх хэрэгтэй гэх саналууд байсан. Гэхдээ ийм ажлуудыг иргэдийн санаачлагаар хийх нь зүйтэй гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй байсан юм. Тухайлбал төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэл хангалтгүй, дутуу дулимаг болдог нь иргэдийн саналыг сонсдоггүй, хяналт дутуугаас болж байна гэх асуудлыг хэлж байлаа. Ялангуяа авто замын ажлуудыг хийхдээ зөвхөн замаа хийхээс биш ойр орчныхоо цэвэрлэгээг хийдэггүй, нөхөн сэргээлтийг орхидог, нэгийг нь хийх гэж нөгөөг нь устгадаг хэмээн онцгойлж байв. Мөн ногоон байгууламжийн тухайд жил бүр их хэмжээний мод тарьдаг ч тэр нь ургахгүй байна. Энэ төсөв хөрөнгө нь хаанаас гардаг юм. Үүнд НААҮГ анхаарахгүй байна уу гэх асуудлыг ч ярьж байсан. Цаашид байгууллагууд хамтарч, иргэдийн нээлттэй сонсгол зохион байгуулъя гэх санал гарсан. Энэ ажил тун удахгүй хэрэгжих байх.

Тэгэхээр та хотын доторх ногоон байгууламжийн ажилд хийсэн хяналт мониторингийн ажлынхаа дүгнэлтийг нэгтгэн хэлбэл?

- Төсвийн тухай хууль, Орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй байна. Аймагт зарлагдаж байгаа тендер, төсөл, худалдан авах ажиллагааны мэдээлэл нь тэр бүр иргэдэд хүрэхгүй байна. Учир нь төрийн байгууллагын ажилтнууд нь tender.gov.mn цахим хуудсанд, шилэн дансанд бүх мэдээлэл байгаа гэх хэдий ч үүнийг яг баг хороон дээр байгаа иргэд төдийлөн мэдэж, амьдрал ахуйдаа хэрэглэж, төслийн үр шимийг хүртэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл мэдээлэлгүй иргэд өөрийн баг, хороон дээрээ хэрэгжиж байгаа төслүүдийн талаар мэдэхгүй байгаагаас хяналт сул, үр дүнгүй, гүйцэтгэл дутуу ажил үлдэж байна. Тиймээс цахимаар мэдээллийг түгээхээс гадна ялангуяа багийн ИНХ, баг, хэсгийн ахлагч нар иргэддээ нээлттэй мэдээллийг шуурхай хүргэж ажилламаар байна. Ингэснээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, саналыг нь авах, тусгах нь илүү үр дүнтэй болох юм байна гэж дүгнэж байна. Мөн орон нутгийн төсөв, тендерээр хийгдэж байгаа ажлууд хангалтгүй байх нь элбэг байна. Сайн болж байгаа ажлууд ч бий. Гэхдээ гүйцэтгэл хангалтгүй, эргээд буух эзэнгүй үлдэж байгаа ажлууд байгаад байна. Тухайлбал жил бүр төсөвт хөрөнгө суулгаж, замын нөхөөс хийдэг. Гэтэл хавар бүр бахь байдгаараа. Өвөл болох гэж байхад замын ажил хийдгээс хавар болоход нөгөө нүх нь дахиад гараад ирдэг. Тэгэхээр стандартын дагуу хийж байна уу гэдэг эргэлзээтэй. Энэ мэт асуудлууд дээр иргэдийн оролцоо чухал. Ерөөсөө иргэдэд мэдээлэл хүртээмжгүй байгаагаас төрийн худалдан авалт, тендерийн ажлууд гүйцэтгэл дутуу, хангалтгүй болж байна.  

Төсөл цаашид үргэлжилэх үү? Та бүхний дараагийн ажил юу байгаа бол?

- Төслийн үйл явц дууссан ч бид энэ ажлаа ингээд орхихгүй. Холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хяналт тавьж ажиллана. Мөн бусад иргэний нийгмийн байгууллагуудын хамт хариу мэдээлэл авч, иргэдэд хүргэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
719   0
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг