Лхагва 2019-01-02 Дархан
Хүний түүх   2022-06-20

НАДАД АНХ ЗОРИЛГО, "ШИНОБҮ" ГЭДЭГ НЭРНЭЭС ӨӨР ЮУ Ч БАЙГААГҮЙ...

Кикбокс, муатай боксын Дэлхийн аварга, Монголын шүүтбокс, кикбоксын холбооны Ерөнхийлөгч, "Шинобү" группын Ерөнхий захирал, бизнесийн удирдлага, бизнесийн эдийн засгийн мастер Ц.Амарбаясгалан бол Дархан хотын амжилттай, одтой яваа унаган хүүхдүүдийн нэг. Түүний алдаа оноо, ухаарал, сургамж бас эрч хүч дүүрэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна.   

  1. БҮХ ЮМ УТГА УЧИРТАЙ

БИЕ ХҮН ТӨЛӨВШИХӨД БАГА НАС, ТУУЛЖ ӨНГӨРҮҮЛСЭН БҮХЭН ЧУХАЛ НӨЛӨӨГ ҮЗҮҮЛДЭГ. ТАНЫ ХУВЬД СЭТГЭЛЭЭС ГАРДАГГҮЙ БАГЫН ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААЧ ГЭВЭЛ ЮУГ ОНЦЛОХ ВЭ?

- Бага насны дурсамж тэр чигээрээ сэтгэлд хоногшсон байдаг юм байна. Гэхдээ би хоёр өөр нийгэмд амьдарч үзсэн азтай хүн гэж өөрийгөө боддог. Социализмыг мэднэ. Өнөөгийн цаг үед амьдарч байна. Бас нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих үйл явж хэрхэн өрнөдгийг биеэрээ мэдрээд, туулаад ирсэн. Оюутан байхад энэ бүхэн надад заримдаа давуу тал болдог байлаа \инээв\. Жишээ нь Япон багш нар болон бусад улс орноос ирсэн оюутнуудтай нийгмийн үйл явцын талаар мэтгэлцэхэд тэд намайг сонсдог байв. Учир нь тэд социализмыг үзээгүй, мэдрээгүй. Ер нь хүн бүхэнд тохиогоод байдаггүй хувь тавилан гэж би боддог шүү. Байсан бүхэн байхгүй болж, хоол хүнс юм бүхэн ховордож, дэлгүүрийн лангуу хоосорч, оронд нь огт өөр зүйлс бий болохыг бид харсан. Бас хүмүүс хэрхэн өөрчлөгдөж, нийгмийн шилжилтэнд барьц алдаж, дахин шинэ зүйлсэд дасан зохицож байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн. Тэгэхээр багын дурсамжууд дундаас сэтгэлд хамгийн хоногшиж үлдсэн зүйл юу вэ гэвэл, тэр бүр тохиогоод байдаггүй нийгмийн шилжилтийн энэ үйл явц, түүнээс авсан мэдрэмжээ хэлмээр байна. Энэ бүхэн одоогийн Амарбаясгалан бий болоход яалт ч үгүй чухал нөлөө үзүүлсэн.

ТИЙМ ЭЭ, БИД ИХ СОНИРХОЛТОЙ ЦАГ ҮЕИЙГ ТУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС. ХААЛТТАЙ НИЙГМИЙГ БИД МЭДНЭ. БҮХ ЮМ ХОВОРДСОН УЧРАА ОЛОХГҮЙ БАЙСАН ШИЛЖИЛТИЙН ҮЕ, ӨНӨӨГИЙН НИЙГЭМ, ТЕХНОЛОГИ НЭВТЭРЧ ДЭЛХИЙ “ХАВТГАЙ” БОЛСОН ЦАГ ҮЕ ГЭЭД ОЛОН ЗҮЙЛСИЙГ ҮЗЭЖ ТУУЛЖ БАЙНА. ТЭГВЭЛ, ХЭРВЭЭ БУРХАН ТАНЬД БОЛОМЖ ОЛГООД АЛЬ ҮЕД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА ГЭВЭЛ ТА ЯМАР СОНГОЛТ ХИЙХ ВЭ?

- Сонголт хиймээргүй байна. Энэ бүхэн өөрөө сонголт байх. Магадгүй би ингэж сонгоод төрсөн ч юм билүү. Би энэ бүхнийг бурхны надад өгсөн цаг хугацаа гэж боддог шүү.

ЦАГ ХУГАЦАА БОЛ БУРХНЫ БЭЛЭГ ГЭХ ГЭЭД БАЙНА УУ?

- Тийм. Би урд насны үйлийн үрээр энэ цаг хугацаанд төрөх ёстой байсан байх. Тиймээс ингэдэг байж тэгдэг байж гэж бодох ямар ч шаардлага алга. Бидний төрсөн үнэн, үхэх үнэн. Харин бусад бүх зүйл өөрөөс хамаарна. Зүгээр л хичээх хэрэгтэй. Гэхдээ, би яагаад тулааны урлагаар хичээллэж, дэлхийн бөмбөрцөг дээрх хүчтэнүүдтэй өрсөлдөж аварга нь болчихсон юм, яагаад би өөр зүйлээр хичээллээгүй юм, яагаад заавал японд очсон юм... Энэ бүхэн утга учиртай гэж би боддог. Хүнд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах мэдрэмж, зөн гэж байдаг байхаа. Би найм, есхөн настай жаахан хүү байхдаа нэг япон кино үзсэн юм. Тэгээд хэлийг нь сурмаар санагдаад, өөрөө бие даан сурч эхэлсэн. Хэнээр ч шахуулалгүй хирагана, катагана \японы цагаан толгой\ цээжилж, тэрэндээ бүр дурлаад каратэ хэллэг сурч, каратэгаар хичээллэн, сүүлдээ Японд очиж дэлхийн аварга болох мөрөөдөлтэй болсон. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт шигшээ клубт хичээллэж байхад надад боломж олдон, анх Япон явж байлаа. Соц нийгэмд төрж өссөн, юу ч мэдэхгүй тэр жаахан хүү энэ хүртэл явах арга замаа яаж мэдэх билээ. Тэгэхээр би багаасаа л үүнийг хүсч, өөрөө өөрийгөө бэлдээд байсан мэт санагддаг. Миний утга учиртай гэж хэлээд байгаа маань энэ.

2. ТЭНД ЧАМАЙГ ХЭН Ч ӨРӨВДӨХГҮЙ. ЧАДВАЛ ДЭМЖЛЭГ ИРНЭ, ХАРИН ЧАДАХГҮЙ БОЛ УРД ЧИНЬ ТОМООС ТОМ ХАНА БОСНО.

ХЭДЭН ОНД АНХ ЯПОН ОЧИЖ БАЙВ?

- 2001 онд. Манайхан учраа олохгүй ид бужигнаж байсан үе шүү дээ. Төвлөрсөн төлөвлөгөөт социалист нийгэм задарч, зах зээлийн харилцаанд шилжин, дэлгүүрийн лангуу хоосорч хүмүүс ид ганзаганд явдаг байсан цагт надад Японд очиж клубт хичээлэх боломж олдсон.  

ОРЧИН ӨӨРЧЛӨГДӨӨД, ТЭС ОНДОО НӨХЦӨЛ, ӨӨР СОЁЛ ДУНД ОРОХОД ЮУ ХАМГИЙН ХЭЦҮҮ БАЙСАН БЭ?

- Анх очиход бүх юм сонин. Гэхдээ тэр бүхнийг анзаарах ч завгүй байдаг байлаа. Очингуутаа хэлний сургуульд сурч эхэлсэн. Хэлтэй байсан маань надад бусдаас хамаарахгүй шууд нийгмийн харилцаанд оролцох давуу тал болж байв. Ерөөсөө хэл мэдэхгүй байна гэдэг бусдын гарт орчихож байгаа юм. Манай клубт дэлхийн олон орноос ирсэн аваргууд хичээллэдэг ч удаан тэсдэггүй, ихэнх нь гурав дахь сараасаа л шантраад буцдаг байв. Учир нь тэд хэл мэдэхгүйгээсээ стресст орж, тэрийгээ дааж чадахгүй байх нь их байсан. Дээр нь бэлтгэл маш хүнд. Ерөөсөө өглөө болно, дахиад өдөр эхэлнэ гэдэг хэцүү... Өглөө бүр 5 цагт босч 10 гаруй км гүйнэ, хичээлдээ явна, цагийн ажил хийнэ, орой нь бэлтгэлээ хийнэ. Энэ нь өдөр бүр давтагдаж, хоногтоо ердөө дөрөвхөн цаг унтана. Бас тэнд намайг хэн ч өрөвдөхгүй. Чи чадвал чамайг сайн дэмжинэ, харин чадахгүй хоцорвол тэгээд л дуусаа... Урд чинь томоос том хана босно. Чи хэн ч биш бол, чамайг хэн ч тоохгүй. Ийм л нийгэм. Тэгэхээр хичээхээс өөр арга байхгүй.

ТЭСЧ, ТЭВЧИХЭД ЮУ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛЖ БАЙВ?

- Тэр үед Монголд хэцүү цаг байсан. Би арван жилээ дөнгөж төгсөөд ахаасаа 10.000 төгрөг зээлж, галт тэргэнд суугаад ердөө ганц үүргэвчтэй Дарханаас Улаанбаатарт ирж байлаа. Очих газар байхгүй, клубтээ бэлтгэлээ хийж, тэндээ хонодог, хажуугаар нь багшийнхаа хамгаалалтын компанид ажилладаг байв. Өдөрт ердөө 50 төгрөгний гөөхий идэж, ундаа ууна. Хааяа хотод байдаг найз нөхдийнхөө гэрээр очихоор халуу дүүгээд л, халуун хоол, цайтай, цагаан хэрэглэлтэй оронд унтаж байгааг нь хараад аймаар атаархана. Бас тухайн үед хамгаалалтын компанид ажиллана гэдэг маш хүнд. Бараг л өдөр тутам зодоонд орно. Хутга энэ тэр бол элбэг шүү. Хэцүү... Зодолдоно, хүнд бэртэнэ, байнга шүүх цагдаа болно, шорон оронд явах тийм хол биш. Ийм байдлаас очсон надад тэсэхээс өөр арга байхгүй. Харин Японд бол хөдөлмөрлөх л юм бол цаашлах зам бүхэн нээлттэй харагдаж байв. Яаж ийгээд, мөлхөөд ч хамаагүй урагшлах л ёстой. Тэгээд ямар ч байсан боловсрол эзэмшинэ бас аварга болно гэсэн зорилгыг тавьж, өглөө бүр зорилгодоо нэг өдрөөр ойртлоо гэж өөртөө урам өгдөг байлаа. Надад тэр үед зорилго, манай клубын захирлын өгсөн ШИНОБҮ гэдэг нэрнээс өөр юу ч байгаагүй.

“ШИНОБҮ” ГЭДЭГ ЯМАР УТГАТАЙ ҮГ ЮМ БЭ?

- “Тэвчээр” буюу тэс, тэвч гэсэн утгатай юм. Манай клубын захирал надад энэ нэрийг өгөхдөө ”Чи заавал тэс. Тэгэх юм бол амжилтанд хүрнэ” гэж хэлж байсан. Бас японы нэгэн алдартай аваргын нэр юм билээ.

ХЭРВЭЭ ТА БУСАДТАЙ АДИЛ ШАНТАРСАН БОЛ, ХЭВРЭЭ БОЛЪЁО ГЭЭД БУЦААД ИРСЭН БОЛ, ЭСВЭЛ ОЧСОН ХОЙНОО ОГТ ӨӨР ЗАМ СОНГОСОН БОЛ ЯАХ БАЙСАН БОЛ?

- Манайд “Заяа нь хаясан амьтан” гэж нэг хэлц байдаг даа. Тэр л болох байх. Хүн бүхэнд цаанаас нь зурсан зураг төөрөг байдаг гэж би боддог. Харин амьдралын сорилтуудад бүдрэхгүй даван туулж, тууштай урагшлах уу, эсвэл байгаатайгаа зохицоод байгаад байх уу гэдгээс л бүх юм хамаардаг болов уу. Түрүүн хэлсэн дээ, тийм жаахан байхдаа би яагаад Япон хэлийг сурмаар санагдсан юм, яагаад каратэгээр хичээллэсэн юм гээд... Тэгэхээр энэ зүгээр нэг тохиол биш хувь тавилан байхаа. Энийг ер нь тэгээд тэр бүр хүн ойлгохгүй шүү. Хүнд сэдэв.

ТИЙМ. СОНИН ЮМ...

ЯПОНД ХҮНД БЭЛТГЭЛ ХИЙЖ, ХҮНД НӨХЦӨЛД АМЬДРААД, СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ХЭЦҮҮ БАЙСАН БАЙХ. ХҮН ЕР НЬ СЭТГЭЛ ЗҮЙН УНАЛТЫГ Л ДАВЖ ЧАДАХ ЮМ БОЛ БИЕИЙНХ НЭГ ИХ ТООДОГГҮЙ ГЭДЭГ?

- Тиймээ. Жишээ нь бид жин хасна. Хоол идэхгүй хүнээс ямар эрч хүч гарах вэ дээ. Өглөө бэлтгэлээ хийчихээд, хичээлдээ очино. Манай сургууль Японы хамгийн олон гадаад оюутантай сургууль. Манай анги гэхэд арав гаруй орны оюутнуудтай. Бүгд ангидаа өдрийн хоолоо авчирч иднэ. Би юу ч идэхгүй, хараад л сууж байна. Жин хасч байгаа болохоор ядраад сульдчихсан, нүд нь хөхөрчихсөн, зодуулаад дээрэлхүүлчихсэн, мөнгөгүй их хэцүү харагдана. Зарим нь надад хоолноосоо өгнө, өрөвдөх нэг нь өрөвдөж “би ч гэсэн хүний газар дээрэлхүүлдэг” гээд сэтгэл засах гэнэ. Энэ нь сэтгэл зүйн хувьд их хүнд. Хичээлээ тараад цагийн ажил юу олдсоноо хийнэ. Зоогийн газарт аяга таваг угаана, нохой салхилуулна. Гэхдээ энэ бүхэн хүнд хэцүү байсан ч мөрөөдөл маань биелэх боломж нүдэн дээр харагдаж байсан юм. Тэр үед бид нар монголд видео үзэх гэж яадаг байлаа... Шил цуглуулан тушааж, очерлон байж, кикбоксийн КИВОН гээд тэмцээний бичлэгийг үзэж, тамирчдыг нь шүтэн биширдэг байсан. Гэтэл яг тэр тамирчид миний урдаас хараад хамт тоглодог байв. Ерөөсөө мөрөөдлийнхөө дунд өөрөө орчихсон байсан юм. Сэтгүүл дээрээс л зургийг нь хардаг байсан тамирчинтайгаа тэмцээнд орж, рингэн дээр ялалт байгуулахад тэр хүмүүс надад баяр хүргэж гар бариад л... Гоё мэдрэмж. Яваандаа цагийн ажил хийхээ больж бүх цагаа бэлтгэлдээ зарцуулахаар шийдсэн. Учир нь рингэн дээр 30 минутанд ялалт байгуулахад бараг хагас жил цагийн ажил хийх хэмжээний мөнгийг олж байв. Тэгээд бэлтгэлээ маш шаргуу хийж эхэлсэн. Орныхоо хажууд нэг календарьтай. Тэрэн дээрээ бэлтгэл хийсэн өдөр бүрээ тэмдэглэдэг байлаа. Нэг өдөр амарчихдаг юм билүү гэж бодохоор, нөгөө календараа хараад бэлтгэл хийсэн өдрүүдийнхээ дунд нэг хоосон үлдээх хайран санагдана. Нэг л өдөр залхуурч, өмнөх олон өдрүүдээ юу ч биш болгохыг хүсэхгүй, заавал цаана нь гарах ёстой гэж бодож өндийдөг байв. Сүүлдээ ерөөсөө тайван байж чадахаа больсон. Зүгээр байхаар миний өрсөлдөгч бэлтгэл хийгээд байгаа юм шиг санагдаж, ядрана гэдгийг огт мэдэхээ байв. Энэ бүхнийг давахад тархи, сэтгэлдээ шингээсэн зорилго л хүч өгдөг байсан даа. 

3. “УУЛТАЙ” БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙСАН НАДАД, ӨРСӨЛДӨГЧ БИЕИЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ БИШ, ХАРИН ХИЙ, ЭНЕРГИЙН ХУВЬД ЖИЖИГХЭН САНАГДАЖ БАЙВ

БЭЛТГЭЛ ХИЙЛГҮЙ НЭГ Л ӨДӨР ӨНЖВӨЛ ӨМНӨХ БҮХ ХӨДӨЛМӨР ЮУ Ч БИШ БОЛОХ УУ?

- Тэгэлгүй яахав. Нэг өдрийн бэлтгэлийг өнгөрөөснөөс ялагдана. Тэгж бэлтгэл хийснээр жилд нэг тамирчин 4-5 тулаан хийдэг байхад би 16-17 тулаанд орж маш богино хугацаанд хоёр удаа дэлхийн аварга болсон юм. Арав гаруй жил тулалдсан атлаа аварга болоогүй хүмүүс олон байдаг. Гэтэл би богино хугацаанд нэг эрчээрээ явчихсан. Аварга болж, дагаад мөнгө орж ирээд, амьдрал өөрчлөгдөөд, залуу хүн “болж байна” гэж бодон “оддын өвчин” туссан даа \инээв\. Бүр дэлхийд гуравхан байдаг өөрийнхөө нэртэй бенз машиныг хүртэл захиалан унаж байлаа. Давж туулах ёстой залуу хүний амьдрал юм даа л гэж боддог. Их зантай болж, онгирч, тэндээсээ болж унаж, ялагдсан. Хэн ч биш болсон доо. Бүр гудманд гарахаа алдсан. Мөнгөө бусдад алдаад, сургалтын төлбөрөө төлж чадахгүй болж, зээл авч өрөнд ороод... Тээр тэнгэр дээр байсан хүн, бүүр шалбааг руу унасан. Харин хожим нь энэ бүхнийг “за юм ийм байдаг юм байна...” гэж бодож, тэр хоорондох замыг ойлгосон.

НӨГӨӨ ХООСОН ШАХУУ ХОНОЖ БАЙСАН ЗАЛУУ ХҮҮ, ТИЙМ БОЛЧИХООР ...

- Хэдий маш их хөдөлмөрийн үр дүнд ийм хэмжээнд хүрсэн ч гэсэн хүн гэдэг тийм өчүүхэн. Бие махбодь нь зүдэрсэн ч хүний сэтгэл, оюун ухаан, ухамсарт цаг хугацаа заавал хэрэгтэй байдаг юм билээ.

МММ, ТИЙМ БАЙХ НЬ...

- Тав, арван жил зүтгэж байж тэр амжилтанд хүрсэн бол “хийгүй” байх байсан болов уу. Гэтэл маш богинохон хугацаанд биеийн хүчээр тийм өндөр амжилтанд хүрэхэд, монгол хүний нэг тэнхээгээр бүгдийг давах гэдэг чанар нөлөөлсөн. Тэгээд ч тэрийгээ дагаад эвдрээд, хоёр ч удаа нам даруулсан даа. Дараалж ялагдаад, сэтгэл зүйгээр жинхэнэ унаад, хүмүүс бүр огт тоохоо болж, спонсоргүй, мөнгөгүй болоод, оюутны амралтаараа Монголдоо ирэв. Эхэндээ зодог тайлъя гэж бодож байсан ч нэг л дутуу оргиод байлаа. Тэгээд дахин тэмцээнд орохоор шийдэж, дахин бэлтгэлээ хийж, эхэлсэн.

МОНГОЛД УУ? ХААНА БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙВ?

- Тийм. Монголдоо. Гэхдээ заалны бэлтгэл огт хийгээгүй. Зүгээр л гүйсэн. Тэгэхдээ дандаа байгальд, өндөр уулс өөд гүйдэг байв. Бараг Монголын бүх хайрхан, өндөр уулс уруу гүйсэн. Эхэндээ уул сүрлэг, оргилд нь гарна гэдэг давашгүй мэт санагддаг байлаа. Тиймээс зүгээр л алхдаг байв. Хэсэг хугацааны дараа 2-3 амралттайгаар гүйж, сүүлдээ огт амрахгүй оргилд нь гардаг болсон. Дандаа уулсын орой дээр бэлтгэл хийдэг байв. Эхэндээ шагайгаар татсан голын усанд хөлөө дийлэхгүй унадаг байсан бол гүйсээр, эцэст нь ямар ч амралтгүй, эцэж цуцахгүйгээр дээр нь гарчихаад “би чадчихлаа” гээд өөрөөрөө бахархан өөрийн эрхгүй хоёр гараа өргөж байлаа. Ингэж нэг сар бэлтгэл хийгээд сарын дараа буцаад очиход, миний өрсөлдөгч “жижигхэн” харагдаж байв. Тулааны бэлтгэл огт хийгээгүй ч “уултай” бэлтгэл хийж байсан надад, өрсөлдөгч биеийн хэмжээгээрээ биш, харин хий, энергийн хувьд жижигхэн санагдаж байсан юм билээ. Өрсөлдөгч маань миний нүдрүү харж чадахгүй, дальдичаад байсан. Байгальд бэлтгэл хийж байсан болохоор би энергийн хувьд бараг л араатан шиг болж, тэд сүрдэж байгаа нь надад мэдрэгдэж байв. Яг рингэн дээр гараад “Энэ орчин зөвхөн миний л ертөнц” гэх нэг тийм аархуу бодол эзэмдэж байсан шүү. Тэгээд тэр жилдээ дахин нэг ч ялагдалгүй 13 тулаан хийж, дахин аварга болсон.

4. БИД ШОНХОР ШУВУУ ШИГ АЛСЫГ, ШАВЖ ХОРХОЙ ШИГ ӨМНӨХ ГАЗРАА ХАРДАГ БАЙХ ЁСТОЙ

ГАЙХАЛТАЙ ЮМАА. ХҮН БАЙГАЛЬ ХОЁРЫН НИЙЦЭЛ, ТЭР ДУНДАА МАГАДГҮЙ МОНГОЛ ХҮНИЙ ОНЦЛОГ ЭНЭ ЮМ БОЛОВ УУ. ЕР НЬ МОНГОЛ ХҮНИЙ ОНЦЛОГИЙГ ТОДОРХОЙЛООЧ ГЭВЭЛ ТА ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

- Японд “Монгол хүн” гэхээр л эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай сумочид шиг л төсөөлдөг. Өргөн шанаатай, хүчтэй, том биетэй мэтээр...\Инээв\. Тэгэхээр дэлхий глобалчлагдаж “хавтгай” болж байгаа орчин цагт бид монгол хүн дээлтэй байх ёстой, морьтой байх ёстой гэх хэт үндсэрхэг, түүхэнд баригдсан үзэлтэй байж болохгүй ээ. Харин нийгэмшиж, глобалчлагдсан, тэгсэн атлаа түүх соёлоо хадгалж авч үлдсэн байвал зохино. Монгол хүн богино хугацаанд маш хүчтэй үр дүнг үзүүлдэг атлаа урт хугацаандаа туйлдаж, сульддаг. Уг нь яван чангарч байвал сайн. Гэтэл аливаа асуудлыг сэтгэл хөдлөлөөр, нэг дайрсан хүчээр шийдчих гэдэг зан манайхад бий. Японд гэхэд дараагийн аварга болно гэсэн тамирчнаа энэ жилийн олимпод зүгээр л оролцуулж сойдог юм билээ. Тэгж алсаа харж, олон жил аварга байх тамирчныг бэлдэж байна. 

ХУРДАН ҮР ДҮН ГАРГАХ ГЭДЭГ ЭНЭ БАЙДАЛ БИДНИЙ СУЛ ТАЛ ГЭЖ ҮҮ? ЗАРИМ ТАЛААРАА ДАВУУ ТАЛ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ?

- Сул тал. Ер нь бидэнд шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан, төлөвлөгөөтэй, алсыг харсан байдал дутагдаж байна. Энэ байдал зөвхөн хувь хүний өөрийнх нь амьдралд нөлөөлөөд зогсохгүй улс орны хөгжилд ч нөлөөлж байна. Ялангуяа улс төрийн хүрээнд, манай төрийн томчуудын хувьд, бүх юмыг дөрөвхөн жилийн циклтэй болгочихож. Уг нь бид шонхор шувуу шиг алсыг хардаг, шавж хорхой шиг өмнөх газраа хардаг байх ёстой. Гэтэл тийм юм алга. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. Гэтэл биеэ ч засаагүй, хувь хүн нь төлөвшиж, боловсроогүй нөхдүүд төрийн толгойд гарчихаад, хамгийн ёс суртахуунгүй, байж боломгүй бүхэн тэднээс гарч байна. Энэ юуг хэлээд байна гэхээр бид нийтээрээ богино зайны тоглолттой, алсын хараагүй байгаагийнх. Ерөөсөө энэ байдал бидэнд “кодлогдчихож”. Тиймээс хувь хүнийг бэлддэг суурь системийг зөв бий болгох хэрэгтэй байна. Систем сайн байж улс орон хөгжинө. Намайг Японд Их сургуулийн мастерийн ангид сурч байхад манай ангийн багш их мундаг хүн байсан юм. Японы нийгэм, улс төрийн томчууд, нэр хүндтэй олон сайд нарыг бэлтгэн гаргасан багш маань “Улс орныг хөгжүүлнэ гэдэг ердөө зөв системийг л бий болгох. Гэхдээ бүх салбаруудын системүүд нийлж, нэгэн цул болж байж саадгүй урагшилна. Хоорондоо зохицохгүй хөрөөний шүд шиг байвал урагшлахгүй, хөгжихгүй нь тодорхой” гэж ярьдаг байсан. Одоо манайд байдал яг л ийм, системгүй, системүүд нь хоорондоо зохицохгүй болчихож. Энэ системүүдийн суурь нь нийгэмд бэлэн, баялаг бүтээх чадвартай бие хүнийг бага наснаас нь бэлтгэх боловсролын тогтолцоо байдгийг би Японд арав гаруй жилийг өнгөрүүлэхдээ олж харлаа.

5. РИНГЭН ДЭЭР ГАРАХААРАА БИ АМАРАА БИШ, МОНГОЛ БОЛДОГ

ЯПОНЫ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ЯПОН ХҮНИЙГ БЭЛТГЭХЭД ЧИГЛЭДЭГ ГЭДЭГ.  БИЕ ДААХ ЧАДВАР ӨНДӨРТЭЙ, СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ХАТУУ ЧАНГА, ҮНЭНЧ ИРГЭНИЙГ БЭЛТГЭХ ЯПОНЫ БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН НУУЦ ЮУНД БАЙНА?

- Би Японд олон жил сурсан. Японы боловсролын систем үнэхээр хувь хүнийг хүчтэй болгодог юм билээ. Япон хүмүүс хайрцганд орчихсон юм шиг, найз нөхөдгүй ганцаардмал мэт ойлгогддог. Гэтэл энэ нь яг тийм биш. Дотроо маш агуу ертөнцтөй хүмүүс. Хэзээ ч бууж өгөхгүй, шантардаггүй, маш тууштай. Урт насалж байна. Энэ нь тэдний сэтгэлийн хөдөлгөөнөө барагтаа гадагшаа гаргадаггүй, юм бүхэнд ганхаад байдаггүйтэй холбоотой. Японы боловсролын систем  суурийг нь тэгж тавьж өгдөг юм билээ. Харин европ болон америкийн хувьд хувь хүн гэхээсээ нийгэм, багийг чухалчилдаг. Амьдрал нь ч, нийгмийн систем, компаниудын бизнес нь ч үүн дээрээ суурилдаг. Энэ нь ч андашгүй байдаг. Европ, америкчууд хэнтэй ч найзалж, хамтарч чаддаг атлаа ганцаардахаараа маш их сэтгэлээр унаж, бүтээмжгүй болдог. Тэгэхээр үндэстэн, улс орон бүрд өөр өөрийн гэсэн онцлог бий.

ТА ОДОО ОЛОН ЗАЛУУСТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА. МАНАЙ БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН ТЭДЭНД ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЯМАР ХҮМҮҮЖЛИЙГ СПОРТООР ДАМЖУУЛАН ЗАЛУУСТ ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА ВЭ?

- Одоо миний хийж байгаа бүхэн Японд арав гаруй жил амьдарч байхдаа бодож байсан зүйлс маань. Тулааны урлагийг хөгжүүлж, түүгээрээ дамжуулан хүүхэд залуусыг зөв, эрүүл, эх орноо гэсэн сэтгэлтэй, ухарч няцдаггүй, нийгэмд бэлэн хүмүүс болоосой гээд ажиллаж байна. Хүмүүс, санхүүгийн хувьд ашиггүй, алдагдалтай ийм ажлууд яагаад хийдэг юм гэж асуудаг. Ашиг гэдэг зөвхөн мөнгөөр тооцогдохгүй л дээ. Анх тэмцээн зохион байгуулж эхэлснээс хойш одоо хэдэн мянган залуучууд энэ спортоор хичээллэж байна. Манай тэмцээний аваргууд бүгд гадаадад гарч тулалдаж байна. Би тийм баян хүн биш ч, маш олон залуучуудад өндөр бай шагнал өгсөн. Учир нь, тэр урмандаа залуус илүү өндөр амжилтанд хүрэхийг хүсч, олон улсад гарч байгаа. Бас тэднийг түрээд дараагийн залуу үе төрж, хэдэн мянган хүүхэд тэр ах шиг мундаг болох юмсан гэж хүсч мөрөөдөж байна. Магадгүй тэд спортоор хичээллээгүй бол өөр зүйлд автаж, хар тамхинд орчих байсан ч юм билүү. Энэ мэт маш олон эерэг тал бий. Манай клуб байгуулагдаад 10 гаруй жил болоход арав гаруй мянган хүүхэд залууст хүрсэн байна. Тэгэхээр энэ л ашиг. Энэ үйлс сайхан. Арван хэдэн мянган хүн намайг мэддэг, намайг хардаг, надтай таарахаараа тэр хүмүүсийн нүд гэрэлтэж байгааг би мэдэрдэг. Бас спорт залуусыг эх оронч болгодог. Эх оронч байна гэдэг “Би Чингисийн удам” гээд цээжээ дэлдэхийг хэлэхгүй ээ. Харин эх орноо гэр бүлээ гэж бодож, өөрөөсөө хамаарах зүйлээ хамгийн сайнаараа хийж, өөрөө өөрийнхөө өмнө бас бусдын өмнө хариуцлагатай байхыг хэлнэ. Энэ жижигхэн мэт боловч маш том зүйл шүү.

ТА ЭХ ОРОН ГЭДГИЙГ ХЭЗЭЭ ХАМГИЙН ТОДООР МЭДЭРЧ БАЙСАН БЭ?

- Рингэн дээр гарахаараа би Амараа биш, Монгол болдог. Тиймээс тэр болгонд эх орон гэж юу болохыг мэдэрдэг дээ. Нэг тийм үгээр хэлэхийн аргагүй дотно мэдрэмж. Гадаадад бол дасан зохицох гэж нэг юм болдог бол энд шууд бүх юм нийцтэй, цаанаасаа л өөрийн юм гэдэг өөр. Идэж уух, агаар бүх юм өөрийнх. Гадаадад бол хүнтэй ярихдаа хүртэй л хэд дахин бодно. Энд бол тийм биш. Анх “мандаж” явахдаа Японд миний бүх юм бүтчихлээ гэж бодож байсан. Учир нь найз нөхөд, гэр орон, бүх юм тэнд байв. Энд харин юу ч байгаагүй. Бараг тэндээ байх нь амар ч юм шиг байсан. Гэхдээ тэнд намайг зорилго уяад байсан юм билээ. Эдийн засгийн чиглэлээр сурч, эзэмшье гэсэн боловсролоо эзэмшсэний дараа Монголдоо ирэхэд надад эндээ илүү тухтай санагдсан. Тэгээд л суурьшсан даа. Эх оронтойгоо хүн үгээрээ биш эд эсээрээ холбогддог юм билээ. Агаар, ус, хоол унд, ахуй, хоорондын дотоод сэтгэл, энерги... Ер нь ямар ч хүн дэлхийн аль ч өндөр хөгжилтэй газарт, хичнээн мундаг амьдарч байсан ч нэгэн цагт заавал эх орондоо ирдэг. Монгол маань ийм л сайхан орон. Тиймээс хэзээ нэгэн цагт эргээд ирэхээс хойш энэ нийгмээ сайн сайхан, зөв болгохын төлөө бүгд хүчин чармайлт гаргах л ёстой. Тэр дундаа төрсөн нутаг гэдэг аяндаа л бодогдоод, татаад дуудаад байдаг юм байна. Сүүлийн үед Дархан уруугаа их явж байгаа. Хүн тэгээд ер нь яалт ч үгүй буцдаг л юм байна.

6. ТӨРСӨН НУТАГ ГЭДЭГ АЯНДАА Л БОДОГДООД, ТАТААД ДУУДААД БАЙДАГ ЮМ БАЙНА

ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ДАРХАНД БУЦАЖ ИРЭВ?

- 20 жил.

УРТ ХУГАЦАА БАЙНА ШҮҮ. ТЭР ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ИРЭХЭД ЯМАР САНАГДСАН БЭ?

- Хамгийн эхлээд Дарханд маань Дарханы хүмүүс байхгүй болсон байна. Дарханыхан ихэнх нь хотод ирчихэж. Би очихоороо энд байгаа хүмүүс ер нь юу хийж амьдардаг юм бол доо гэж боддог. Ямар ажил эрхэлж, хэрхэн амьдарч байна. Эх үүсвэр нь юу байна. Бүгд төрийн албан хаагч биш л байгаа. Хэд хэд очоод харж байхад, хүнээ хөгжүүлэх, өрсөлдөх, за байз юу ч гэмээр юм бэ дээ, нэг тийм зорилготой тэмцэлтэй байдал ер ажиглагдахгүй юм. Зорилготой газар чинь бужигнаад л байдаг даа. Гэтэл тийм юм ер харагдаагүй. Нам гүм. Зүгээр л нэг налайсан, тайван байдалтай байх юм. Сайхан байна л даа. Гэхдээ залуус ихтэй, залуу хот шүү дээ манай Дархан. Энд маш олон их, дээд, мэргэжлийн сургуулиуд байна. Жил бүр олон мянган залуус сургуулиа төгсч, нийгэмд хөл тавьж байгаа. Тэр олон залуучуудаа яах гэж байгаа юм бол. Зүгээр л зах зээлд гаргаад орхичихож байгаа юмуу. Ойлгомжгүй байна. Ерөөсөө л Дарханаа яг хаачих гээд, яаж хөгжих гээд байгааг ойлгосонгүй. Ийм байхаар нөгөө сайхан эрч хүчтэй, хийж бүтээе гэж байсан залуус маань эвээ олох гэж жаахан үзэж байгаад, болохгүй болохоор нь Улаанбаатар уруу яваад өгнө дөө. Би хорь гаруй жилийн өмнө тэр нийгмийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед яг л ингэж, ажил, амьдрал хайгаад төрсөн нутгаасаа гарсан. Эргэж ирээд хамгийн түрүүнд мөн л тэр байдлыг олж харлаа. Дарханд залуучуудаа үлдээх, ажлын байр бий болгох, тэднийг хөгжүүлэх, хотын хөгжлийн бодлого ер нь юу байгаа юм бол? Энэ талаар бодох цаг болжээ гэж бодогдсон шүү. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Amjilt (64.119.27.160)
    Amjilt
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
  • Жимсээ (64.119.16.250)
    Бидний дунд ийм сайхан өөдрөг сэтгэлтэй хатуужилтай хүмүүс байгаад баярлахаас өөр аргагүй. Үр хүүхэд минь ийм хүнээс үлгэр авч өөдрөг явна гэдэгт итгэлтэй бна.
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Дархан (202.55.188.84)
    Бахархаж хүндлэхээс өөр арга үгүй сайн залуу шүү. Хичээгээрэй.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
3092   3
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг