Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-11-05

ЦАС ДАРЖ, ХАЛТИРГАА ҮҮСЭХЭЭР ЮУ Л БОЛДОГ БОЛ ДОО, БУРХАН МИНЬ...

Энэ жилдээ Дархан, Эрдэнэт, Сэлэнгийхний шил толь шиг замаар зорчих мөрөөдөл бүтэхгүй нь тодорхой болж, тоос шороо манарч үзэгдэх орчин хязгаарлагдсан, шороо чулуу үсэрч машин тэргээ эвдсэн, осол аваар гарч хүний амь нас сүйдэх нөхцөл байдал дахин нэг өвөл, дахин нэг хавар, дахин нэг зун үргэлжилэх нь бололтой

Өчигдөр Улаанбаатар Налайх чиглэлийн 20,9 км дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замын нээлт сүр дуулиантай болж өнгөрлөө. Бүрэн дуусаагүй ч зам сайхан болжээ. Тус чиглэлд зорчдог иргэд сайхан замтай болсондоо баярлаж байгаагаа илэрхийлэн, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компани нь шинэ автобуснуудаа энэ чиглэлд явуулна хэмээн мэдээлж байх юм.

Харин үүнтэй зэрэгцэн нийгмийн сүлжээ, ердөө гурав хоногийн өмнө нээсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замын нөхцөл байдлын талаарх иргэдийн бухимдал цөхрөлөөр дүүрэн байлаа.

 

Арваннэгдүгээр сарын 01-нд нээгдэх шил толь шиг замаар сүнгэнэтэл давхина хэмээн бүтэн зун, намаржин тэвчээр заан, горьдлого тээн хүлээсэн энэ чиглэлд байнга зорчдог Дархан, Эрдэнэт, Сэлэнгийнхэний сошиалд шуугих асуултанд “Гэлэн гуай гэх нь битгий хэл, гөлөг ч гэхгүй нь...” гэдэг шиг хэн ч, ямар ч албан тушаалтан ямар нэгэн тайлбар мэдээлэл хийсэнгүй хэд хонолоо. Тэд шинэ замаа нээгээд завгүй байгаа бололтой.  

“Дарханы замын асфальтыг нь дэвсээд, арваннэгдүгээр сард хөдөлгөөнийг нь нээ... хэмээх үүргийг өгч байсан Ерөнхий сайдтан ч, “Асфальт дэвсэж байна” хэмээн “хошгируулсан” жолоочийн кабинд өссөн мэргэжлийн сайд нь ч, цагаан бээлий өмсөн уралдан ирж замын ажлын нээлтэнд сүр дуулиантай оролцож байсан аймгийн Засаг дарга нарын хэн нь ч юу ч дуугарсангүй. Зөвхөн Зам тээврийн хөгжлийн газраас, замын ажил үргэлжилж байгаа тул анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулсан мэдэгдлийг олон нийтэд хүргэжээ.

Энэ жилдээ Дархан, Эрдэнэт, Сэлэнгийхний шил толь шиг замаар зорчих мөрөөдөл бүтэхгүй нь тодорхой болж, тоос шороо манарч үзэгдэх орчин хязгаарлагдсан, шороо чулуу үсэрч машин тэргээ эвдсэн, осол аваар гарч хүний амь нас сүйдэх нөхцөл байдал дахин нэг өвөл, дахин нэг хавар, дахин нэг зун үргэлжилэх нь бололтой.

Цас дарж, халтиргаа үүсэхээр юу л болдог бол доо??? Бурхан минь...

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
839   0
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг