Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-11-12

Дарханы замаар “молги үмхүүлж”, дүнгээ тавиулсан Б.Энх-Амгалан сайд огцрох үндэслэлтэй

Зам Тээврийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар Дарханы замыг "там" болгосон хариуцлагыг хүлээх ёстой хэмээн Eguur.mn сайтын сэтгүүлч П.Уянга бичжээ. Хариуцлага, зохион байгуулалтын алдаатай ажил болсон гэж дээрээ ч, доороо ч хүлээн зөвшөөрөөд байгаа тус замын ажил угтаа "маафаан" тендертэй холбоотой.

10 ГАРУЙХАН КМ ХУЧСАН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХУУЧИН ЗАМАА НЭЭЖ, ИРГЭДЭЭР ДААЖИГНАВ

  Одоогоос яг арав хоногийн өмнө Зам Тээвэр хөгжлийн сайд Дарханы замаар молги үмхүүлэв. Учир нь Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын эхний хэсэг энэ оны арваннэгдүгээр сард багтан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч бүтэлгүйтэж, ирэх жил болж хойшлогдсон нь иргэдийг төдийгүй УИХ-ын гишүүдийг нилээдгүй хилэгнүүлсэн юм. Бүтэн зунжин эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр замаар явуулж тамлачихаад арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнөө бүрэн нээх мэтээр ярьж байсан ч, хуучин байсан муу замаа ихэнхийг нь хуулж хаяад дээр нь хайрга асгачихаад буцаагаад нээсэн нь иргэдийн инээд, уурыг зэрэг барсан явдал болов.

Иргэд нь сайдад, төрдөө итгэсэн, хүлээсэн. Харамсалтай нь ухсан нүх, энхэл, донхол, шороо боссон замаар ахиад бүтэн өвөл зорчихоос аргагүй болж байна. Арав гаруйхан км замыг хучсан нь өнөөдрийн бодит нөхцөл байдал.

ДАРХАНЫ ЗАМЫН “МАФААН”-ТАЙ ТЕНДЕР

Энэ бүхэн ердөө л төр засгийнхны мафаантай тендертэй холбоотой. Дарханы замын хувьд төслийн урьдчилсан байдал гэдэг зүйлийг заавал хийх ёстой ч хийгээгүй. Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг таван багцаар буюу таван хятадын компани гүйцэтгэж байгаа. “Замын бүтээн байгуулалтын 1, 3, 5 дугаар багц хэвийн явж байгаа, харин 2,4 багц дээр маш муу компани шалгарсан байна билээ. Муу компани төслийг гацааж байгаа учир Азийн Хөгжлийн Банкинд энэ гүйцэтгэгчийг сольж өгөөч гэдэг асуудлыг дахин тавина” гэж сайд нь өөрөө сар гаруйн өмнө ам алдсан. Тэгвэл ямар компани авсан ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрч “баг алав” гэдгийг сөхөж үзье.  

БАГЦ- 2 Хар модот давааны араас Урьхан хүртлэх 45.5км авто зам. Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг

БАГЦ-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртлэх 45.08км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг

Эдгээр хоёр багцын гүйцэтгэлийг чухам яагаад “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” гэх ганцхан компанид өгч, давуу эрх олгов гэдэг нь сонирхолтой. Дарга нар нь тэдэн сарын тэдэнд нээнэ гэж өдөр судар товлон, бүтээн байгуулалтын ажил эхэлснийг зарлан тууж хайчилж зогсоход тус компани “ажлаа хийж чадахгүй, хангалтгүй, ажиллах хүчгүй байна” гээд ажлаа хаяхдаа хүрсэн.

Яагаад анхнаасаа ажиллах хүчгүй компанийг гүйцэтгэгчээр оруулав. Техник, тоног төхөөрөмж хангалтгүй компаныг юунд шалгаруулав. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг шинэчлэх ажилд 83.4 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төслийн тендер зарласан байдаг. Албаныхан “Олон улсын Азийн хөгжлийн банкны журмаар тендер явагдана” хэмээн том дуугарч байсан ч “мафаантай тендер”-ийн улмаас бүхэл бүтэн салбар яамны нэр хүнд шалаар нэг чирэгдчихсэн нь харамсалтай.

ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТҮР ЗАМД 10-ААД ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДСЭН

Эвдрэл ихтэй түр зам дээр иргэдийн амь нас хохироод зогсохгүй автомашинаа эвдэх, осол гаргаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байгаа.

Энэ 2019 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 265 осол гарснаас 25 иргэн амь насаа алдсан бол 79 иргэн гэмтэж бэртжээ. Харин засварын ажил эхэлсэн гурван сарын хугацаанд түр зам дээр зам тээврийн 70 шахам осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн тоон мэдээлэл бий. Энэ тоо нэмэгдсэнийг цагдаагийн байгууллага онцолдог.

Дарханы зам хугацаандаа ашиглалтад орно гэсэн өндөр хүлээлттэй байсан иргэдийн итгэлийг “молгидсон” Б.Энх-Амгалан сайд дүнгээ нэгэнт тавиулчих шиг боллоо. Сайдын суудлаасаа буухад үүнээс том шалтаг хэрэггүй байлтай.  

Эх сурвалж: Eguur.mn  сайт

Сэтгүүлч:  П.УРНАА

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
303   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan