Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-11-26

ӨНӨӨДӨР – Улс Тунхагласны баярын өдөр

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ.

Улсын анхдугаар их хурал 1924 оны 09 дүгээр сарын 08-нд Нийслэл хүрээнд нээгдэж Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцож байв.

Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутанд санал нэгтэй баталж, дэлхий даяар Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа зарлан тунхагласан юм.

Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижигхэн, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.

Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хэдийгээр хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэхүү мэдээлэл Америкийн "Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэж, дэлхийн олон орны сонорт хүрсэн билээ.

Тухайн үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө хэдий Хятад, ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Хожим Монголын Улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн томоохон үйл явдал болох 1945 оны Ялтын хэлэлцээрийн үед И.В.Сталин "БНМАУ нь 1924 онд Үндсэн хуулиа баталж тусгаар улс болсноо зарлан тунхагласан юм. Үүнийг та нар мэдэж байгаа” хэмээн Англи, АНУ-д тулгаж байсан түүхтэй. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс нь Анхдугаар үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулж, улс шиг улс болон хөгжих эхлэлээ тавьсан түүхтэй.

Хэрэв энэ өдөр Үндсэн хуулиа батлаагүй, улсаа дэлхий нийтэд тунхаглан зарлаагүй бол Монгол орны хойшдын хувь заяа хаашаа эргэж, үйл явдал хэрхэн өрнөх байсныг өнөөгийн өндөрлөгөөс таахад бэрх ч ийнхүү улсаа тунхагласан нь зөв алхам болсон гэдэг л маргашгүй үнэн юм.

Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ.

Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 95 жил болж байна. Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, бүгд найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарсан билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
723   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan