Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-12-02

ЗУН, НАМАРЖИН АМАРСАН АЙМГИЙН ИТХ, БИЧИЛ УУРХАЙ ТОЙРСОН ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН БАЙЛАА

Аймгийн ИТХ-ын хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдаан өнгөрөгч долдугаар сарын 22нд зарлагдсан боловч хойшилсоор, өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ы өдөр хуралдлаа.

Долдугаар сард зарласан боловч хойшилж, өнөөдөр товлон хуралдсан тус 15 дугаар хуралдаанаар Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэхээр товлож байсан нь олон нийтийн анхаарлын төвд байсан юм.  

Энэхүү асуудалтай холбогдуулан зунжин, намаржин амарсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын өнөөдрийн хуралдаан үйл явдлаар дүүрэн байлаа.

Тухайлбал, хурал эхэлж, хурлын дэгийг тогтоох үед хуралдаан даргалагчаас “Засгийн газрын шийдвэрээр бичил уурхайтай холбоотой аливаа зөвшөөрөл, дүгнэлтийг түр хугацаагаар зогсоосон” гэх утга агуулга бүхий албан тоотыг Байгаль орчны сайдаас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргад ирүүлж, улмаар тус шийдвэрийн хүрээнд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбатад албан тоот ирүүлснийг танилцуулж, асуудлыг хуралдаанаар шийдвэрлэх эсэх талаар нийт төлөөлөгчдөөс санал авав.

Төлөөлөгчдийн 100%-ийн саналаар Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг энэ удаагийн аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаанаар хэлэлцэхгүйгээр тогтсон юм. Гэхдээ энэ нь огт хэлэлцэхгүй гэсэн асуудал биш бөгөөд Засгийн Газраас шийдвэр гарах хүртэл түр хугацаагаар хойшлуулж буй хэрэг юм хэмээн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хуралдааны үеэр сануулж байв.

Хурлын үеэр Бичил уурхай эрхлэгчдийн холбооны тэргүүн О.Цэцэгмаа тэргүүтэй хүмүүс бичил уурхайн асуудлыг хурлаар хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэж, хуралд үг хэлье хэмээн ирсэн байлаа. Тэд тавдугаар сараас хойш бичил уурхай эрхлэх газраа баталгаажуулахаар удаа дараа хүсэлт тавьсан гээд “Олон арван бичил уурхайчдын амьдрал хэцүүдлээ. Манай Дархан-Уул аймгийн бичил уурхай улсын хэмжээнд үлгэр жишээ, шилдэг уурхайд тооцогддог” хэмээн хэлж байв. 

Мөн бичил уурхайн зориулалтаар газрыг ашиглуулахыг эсэргүүцэж Ж.Ганболд нарын Шарын гол сумын унаган хүүхдүүд гэх залуус ирсэн байлаа. Тэд “Бичил уурхай манай аймагт болоод Шарын гол суманд байх шаардлагагүй. Энэ бүхний цаанаа далд тохиролцоо, хууль бус үйл ажиллагаанууд явагдаж байна. Нутгийн иргэд нь эсэргүүцэж, нутаг орноо ухуулахгүй гэсээр байхад дахин дахин энэ асуудлыг оруулж ирж байгаагийн цаана далд эрх ашиг байхыг үгүйсгэх аргагүй. Энэ удаагийн ИТХ-аар бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах эсэхийг хэлэлцэнэ гэсэн байсан. Гэтэл хэнд, хаана өгөх нь бараг тодорхой байсан бололтой юм. Тиймээс бид энэ бүхнийг эсэргүүцэж байна” хэмээн ярив.

Түүнийг ийнхүү ярьж байх зуурт аймгийн Засаг Дарга С.Насанбат ирж тайлбар хийлээ. Тайлбарыг бичлэгээр оруулаа. 

Хуралдааны завсарлагаар зарим төлөөлөгчид болон Аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Ганзоригоос бичил уурхайтай холбоотой байр суурийг нь сонссон юм.

Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал “Манай сумын хувьд газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах явдал байхгүй. Тийм ч учраас би энэ асуудлын хувьд хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харж байна. Гэхдээ иргэний хувьд, төлөөлөгчийн хувьд бичил уурхайгаар газрыг ашиглахын эсрэг байгаа. Энэ удаагийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Хэрэв хэлэлцсэн бол эсрэг санал өгөхөөр байлаа” хэмээн хэлж байв.

Мөн ИТХ-н төлөөлөгч Н.Лхагвасүрэн \Хонгор сум. Бие даагч\ “Би энэ асуудлыг байнга ярьдаг. Хэлж ярьсаар ад болж байна. Та бүхэн мэдэж байгаа. Хүн гүтгэсэн асуудлаар хоёр сая төгрөгөөр хүртэл торгуулсан. Уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас болж сүйдсэн газар нутаг манай аймагт маш их байна. Бичил уурхай, нөхөрлөл нэрээр үйл ажиллагаа явуулж, эрүүл газар сэндийчэн, хууль зөрчсөн асуудлууд ч бий. Тэгэхээр хэрэв хурлын хуралдаанаар бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар хэлэлцсэн бол би ч бас эсрэг санал өгөх байсан” гэв.

Аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Ганзоригоос аймагтаа байгаль орчны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж байгаагийн хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг нь тодруулахад “Зохистой, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулбал энэ нь зүй зохисны үр дүнтэй ажил. Мөн өнгөрсөн хугацаанд алдаа эндэгдэл, хууль зөрчсөн үйл ажиллагаа байсан эсэхийг үгүйсгэхгүй. Хэд хэдэн асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Гэхдээ энэ нь бүгд буруу ажилласан гэсэн үг биш” хэмээн хэлж байв.  

Иргэдийн хурлын Төлөөлөгчид, иргэд олон нийтийн дунд өрнөөд буй эдгээр маргаан нь манай аймагт тэр дундаа Шарын гол, Хонгор сумдыг бичил уурхай эрхлэхээс өөрөөр хөгжүүлэх, байгаль орчинд эрсдэлгүй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, бүтээмжид суурилсан ажлын байрыг олноор бий болгох бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ажиллахыг эрх баригчдад сануулсан үйл явдал юм.

Гэвч сонгуулийн нэгэн үе дуусах дөхөж буй энэ цаг үед асуудлыг хэрхэн харж, ямар арга хэмжээ авч ажиллахыг хүлээх, мөн иргэд сонгогчид үүнд ямар дүн тавихыг харах л үлдэж байх шиг байна.

\Зурагт Аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаанд оруулж хэлэлцэхээр зэхэж байсан Газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах тухай тогтоолын төсөл. Газрын байршил, талбайн хэмжээ\

Бид үргэлжлүүлэн Аймгийн ИТХ-н хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 15 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.117.2)
    Биржийн өмнөх нүхэн гарц юу болсон бэ? Ажил аль намар эхэлсэн. Хэдхэн хоногт дуусах юм ярьсан, яасан юм бол оо?
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • tuguldur (202.179.31.25)
    nasanbat zgr odoo toriin ajil gehe bolio
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.107.251)
    Чааваас энэ ж.Ганболд гэдэг банди чи АН ын засаглалын үед халамжийн дарга байхдаа мөнгө идээд шоронд орох шахаад ахаа авраач гээд нулимс унагаад гүйж явсан хүн шдээ. Одоо жижкэн улс төр хийчих гээд ядаж яваа юм чааваас, энэ сайт бол угаасаа дашуудаас санхүүжилт авдаг mydash гэдэг сайт шүү дээ
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
    • иргэн(150.129.143.31)
      Дашууд л гэхийн тэд чинь Дарханы унаган нутгийхаа төлөө сэтгэлтэй нүүдлийн шувууд биш хийсэн бүтээсэн ажилтай хэлэх үгтэй хүмүүс шүү Насанбат гэж нинжагаар дарга тавьчихаад хуцаарай гэчих дэ
      2019 оны 12 сарын 02
    • Та нар муусайн Насанбатын бөгсийг долоогч нар ингэж ярихгүй ээ. Дарханчууд эрх ашгаа хамгаалах цаг ирсэн шүү. Та нарын захиалгаар хүн шоронд хийдэг цаг өнгөрснийг сана. Та нарыг ч бас шоронд хийх цаг удахгүй шүү. Алт ухаж хойч үедээ гай болохоо зогсоо.(202.55.188.91)
      Darxanchuud
      2019 оны 12 сарын 02
934   5
НИЙТЭЛСЭН: MyDarkhan