Лхагва 2019-01-02 Дархан
My Darkhan   2019-12-25

ДАРХАНЧУУДЫН ХУВЬД 2019 ОНД БОЛЖ ӨРНӨСӨН ОНЦЛОХ ЕСӨН ҮЙЛ ЯВДАЛ

Улиран одож буй 2019 онд Дарханчуудын хувьд болж өрнөсөн онцлох ЕСӨН үйл явдлыг MyDarkhan.mn сайт нэрлэж байна 

1. ХАМГИЙН ХҮЛЭЭЛТЭД НИЙЦСЭН ШИЙДВЭР 

 Дархан хотын “УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ” статус сэргэх боломжтой боллоо

Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй хэлэлцүүлэг өрнөн, дөрвөн ч төсөл өргөн баригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аас баталсан нь Дархан хотын, улсын чанартай хот статусийг сэргээх түүхэн боломж болов. 

Энэ нь олон жил хотын статусаа сэргээх хүсэлтийг тавьж ирсэн Дарханчуудын хувьд яахын аргагүй хамгийн ХҮЛЭЭЛТЭД НИЙЦСЭН ШИЙДВЭР байлаа.

2. ХАМГИЙН ИХЭЭР ГОНСОЙЛГОСОН ҮЙЛ ЯВДАЛ

Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын засвар шинэчлэлтийн ажил

Хавар, газар гэсэж, бүтээн байгуулалтын ажил эхлэх үеэс Дарханчууд, намар болоход шил толь шиг дардан, өргөн замаар Улаанбаатар Дархан хооронд зорчино хэмээн тун их сэтгэл өндөр, хүлээлт дүүрэн байв. Зөвхөн Дарханчууд төдийгүй, энэ замаар зорчдог хэн бүхэнд тийм хүлээлт байсан. Учир нь тус замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчлэн засварлах Засгийн газрын шийдвэр 2018 онд гарч, 2019 оны гуравдугаар сараас ажил эхлэн арваннэгдүгээр сарын 01нд нээнэ хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд болон аймгийн удирдлагууд мэдээлж байсан юм.

Удаан дуншсан замын ажил зургаадугаар сарын дундаас эхэлж, иргэд түр хэмээх “тамын” замаар зунжин, намаржин зорчсон. Энэ үеэс нийгмийн сүлжээ Улаанбаатар Дарханы замд гарсан харамсалтай осол, машинаа эвдэж, дугуйгаа хагалсан жолооч нарын бухимдал, унагаасан дугаарын эрэл сурал, энхэл донхол, шороон манангаар дүүрэн замд зорчих сэрэмжлүүлэг, бас тэс, тэвч, тун удахгүй сайхан замтай болно гэх сэтгэл засах постуудаар дүүрч байв.

Гэвч хоног тоолон, тэвчээр заан хүлээж байсан товлосон өдөр болоход Дарханчуудын итгэл найдвар талаар болж шил толь шиг өргөн сайхан зам биш ердөө хуучныг нь хуулж, хайрга дэвссэн зам угтсан.  

Тиймээс 2019 онд Дарханчуудыг хамгийн ихээр ГОНСОЙЛГОСОН үйл явдлаар Дархан-Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын засвар шинэчлэлтийн ажлыг нэрлэж байна.

3. ХАМГИЙН ИХЭЭР ХОХИРООСОН ҮЙЛ ЯВДАЛ

Хонгор сумын газар нутгаас 9038 га талбай Сэлэнгэ аймагт шилжив

Аймгийн ИТХ-ын хэсэг төлөөлөгчид буюу аймгийн ИТХ-ын Байгаль орчин, Экологийн бодлогын хяналтын хорооны гишүүд хяналт шалгалтын ажил хийх явцдаа 2018 оны тавдугаар сарын 30-ы өдөр Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 1/956 тоот шийдвэр гарч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай хиллэх хэсэг буюу “Хонгорын даваа” эргэлтийн цэгийг өөрчилснийг олж мэджээ.

Тус шийдвэр гарснаар Дархан-Уул аймгийн газар нутгаас нийт 9038 га талбай буюу Дархан сумын дайны газар нутаг Сэлэнгэ аймгийн мэдэлд очсон байв.

Шийдвэр хэдий 2018 онд гарсан ч, мэдээлэл энэ онд олон нийтэд хүрсэн тул бид Дархан-Уул аймгийн газар нутгаас 9038 га талбай Сэлэнгэ аймгийн нутагт шилжсэнийг 2019 онд Дарханчуудыг хамгийн ихээр ХОХИРООСОН үйл явдлаар нэрлэж байна.  

4. ХАМГИЙН ИХ ЭМЗЭГЛҮҮЛСЭН ҮЙЛ ЯВДАЛ

НААҮГ-ийн хашаанд монгол адуу харангадаж амь тавив

Аймгийн НААҮГ-ийн хашаанд морьд харангадаж, амь тавьсан үйл явдал есдүгээр сарын сүүлээр Дарханчуудын анхаарлын төвд байж, халагласан, харууссан сэтгэгдлүүдээр олон нийтийн сүлжээ дүүрэн байлаа.

Хотын ногоон байгууламжинд орж, сүйтгэсэн гэх морьд, түүнд НААҮГ-аас тавьсан торгууль, бетоноор хүрээлэгдэж, төмрийн сэгээс өөр зүйлгүй орчинд хашигдсан адуун сүрэг, харангадаж үхэх гэж тэлчилж буй морины дүрс бичлэг зэрэг нь Дарханчуудыг ихээхэн эмзэглүүлсэн.

Энэ үйл явдал, аливаа дүрэм журам нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө байдаг хэдий ч хүн чанар, хүнлэг сэтгэл үгүй бол үр дагавар нь буруугаар эргэж эмгэнэлт байдалд хүргэдэг болохыг харуулсан.

Тиймээс 2019 онд Дарханчуудыг хамгийн ихээр ЭМЗЭГЛҮҮЛСЭН үйл явдлаар НААҮГ-ийн хашаанд монгол адуу харангадаж амь тавьсныг нэрлэж байна.

5. ХАМГИЙН ИХ ХЭЛ АМ ДАГУУЛСАН ҮЙЛ ЯВДАЛ

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 8,4 га талбайг хувийн эзэмшилд шилжүүлэх ИТХ-ын тогтоол, түүнийг тойрсон үйл явдлууд

2019 оны дөрөвдүгээр сарын 02-нд Аймгийн ИТХ-аас 44.5 га талбай бүхий “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 8.4 га-г орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлж, тохижилтын ажил хийх шийдвэр гаргасан.

Олон нийтийн соёл, амралтын цогцолборын зориулалттай, орон нутгийн тусгай хамгаалалт бүхий тус газарт тохижилтын ажил хийх тендерт “Минж Проперти” компани шалгараад байсан юм. Дархан хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, олон улсын зам дагуух тус газар менежментийн гэрээгээр ийнхүү тухайн компаний эзэмшилд очих нь тодорхой болсон үйл явдал олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, ихээхэн хэл ам дагуулсан.  

Гаргасан шийдвэрээ эрх баригчид “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд буюу паркад тохижилтын ажил хийх үүнээс өөр оновчтой хувилбар үгүй хэмээн тайлбарлаж байсан бол иргэд, олон нийт, сөрөг хүчний зүгээс газрыг хувийн эзэмшилд шилжүүлэхгүйгээр тохижилтын ажил хийх боломж бий гэж байв.

Үйл явдал өрнөн “Дархан эрх” хууль зүйн фирмийн хуульч, өмгөөлөгч Б.Содболд эрх баригчдыг гаргасан шийдвэрээ хамгаал, харин би эрх зүйн хувьд няцаая хэмээн халз мэтгэлцээнд дуудсан. Гэвч шийдвэр гаргагчид ирээгүй, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат мэтгэлцэх шаардлагагүй хэмээх тайлбарыг өгсөн. 

Өмгөөлөгч байр сууриа хамгаалан, шийдвэр гаргагчдын гаргасан тогтоолыг яагаад эрх зүйн үндэслэлгүй гэж байгаагаа мөн паркийн газрыг хувийн эзэмшилд шилжүүлэхгүйгээр тохижилтын ажил хийх ямар эрх зүйн боломж байгааг өөрийн сошиал хуудсаараа тайлбарласан. 

Үүний дараа “Минж Проперти” ХХК-ы удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлан, төслөөс татгалзаж байгаагаа илэрхийлсэн бол хэсэг залуус “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хийхээр төлөвлөсөн зочид буудал, казино бүхий томоохон үйлчилгээний цогцолборын Солонгос улсад хийлгэсэн зураг төслийг олсноо зарлаж, эрх баригчдаас тайлбар нэхсэн юм. Гэвч үүнд хэн ч, ямар ч тайлбар хэлээгүй асуудал хэсэгтээ намжаад байгаа.

Харин аймгийн ИТХ “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн 44.5 га газраас 8.4 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн шийдвэрээ дахин баталгаажуулж, паркийн газрын орон нутгийн хамгаалалтанд байгаа хэсгийг 36.1 га болгон дахин шинэчилсэн тогтоолыг гаргаад байна.

6. ХАМГИЙН ТОМ САНУУЛГА БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ

Орон сууцны барилгын шат нурж, нэг хүн бэртэж, гэмтэв

Дархан сумын 5 дугаар баг 20/7 дугаар байрны дөрөвдүгээр орцны нэгдүгээр давхрын шат нурж, нэг хүн бэртэж гэмтсэн осол арваннэгдүгээр сарын 30-ны үдэш гарав. Ослын улмаас азаар хүний амь нас эрсдээгүй ч, уг үйл явдал эрсдэл бүхий орон сууцны барилгуудаа дахин хянах, шалгах шаардлага буйг Дарханчуудад сануулсан юм.

7. ХАМГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“Оргил” худалдаа, үйлчилгээний цогцолбор төв нээгдэж, 300 хүн байнгын ажлын байртай болов 

Гурван зуу орчим байнгын ажлын байрыг бий болгож буй тус төв нь Дархан хотод өөрийн гэсэн өнгө төрх бүхий үйлчилгээний хэв маягийг бий болгож, нээлтээ хийсэн эхний өдрөөсөө л Дарханчуудын хөлд дарагдаж эхэлсэн.

Тус төвд одоогоор “ОРГИЛ” супермаркет, “КИДС ЗОН тоглоомын төв, “RELAX CENTER” алжаал тайлах саун спа, “ELEGANCЕ” ресторан болон бусад үйлчилгээний байгууллагууд ажиллаж байгаа бол цаашид “ЭНКАНТО” төслийн үргэлжлэл болох орон сууц, худалдааны зах, хурлын танхим зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.  

8. ХАМГИЙН ИХ БАЯРЛУУЛСАН ҮЙЛ ЯВДАЛ

Олон жилийн дараа Дарханчууд дахин төрөх эмнэлэгтэй боллоо

Социализмын бүтээн байгуулалтын үед Дархан хот ТӨРӨХ ЭМНЭЛЭГ-тэй байж, шинэ иргэдээ өөрийн гэсэн гурван давхар, зориулалтын эмнэлэгтээ угтан авдаг байв.

Гэвч зах зээлд шилжих ороо бусгаа он жилүүдэд тус эмнэлэг хувьчлагдсанаар сураг нь тасарч ТӨРӨХ ЭМНЭЛЭГ үгүй болж, Дарханчууд аймгийн Нэгдсэн эмнэлгийн “бөөрөнд” орших ТӨРӨХ ТАСАГ–т шинэ иргэдээ угтан авдаг болоод олон он жилүүдийг үдсэн.

Тэгвэл өнгөрч буй онд Дарханчууд 50 ортой, стандартын шаардлага хангасан, зориулалтын ТӨРӨХ ЭМНЭЛЭГ-тэй дахин боллоо. Энэ үйл явдлыг бид 2019 онд Дарханчуудыг хамгийн ихээр БАЯРЛУУЛСАН үйл явдлаар нэрлэж байна.  

9. ХАМГИЙН ТАЛАРХУУШТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Дарханы залуусын сэтгэл, хөрөнгө, хүч хөдөлмөрөөр боссон Хуримын ордон балгас байдалтай олон жил хөсөр хаягдсаныг “Дархан нутаг” ТББ өөрсдийн хөрөнгөөрөө засварлаж байна

1980-аад онд Дарханы залуус өөрсдийн гэсэн Хуримын ордонтой болохоор шийдэж, хүч хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ нэгтгэн, талхан цех байгаад шатсан нэгэн барилгыг нураан, суурин дээр нь ХУРИМЫН ОРДОН бүтээн байгуулж байсан түүхтэй.

Харамсалтай нь, олон залуусын хайрын илч шингэж, гал голомтоо бадрааж асан тэр ордон, хувиа хичээсэн, сэтгэлгүй хүмүүсийн балгаар үнэ цэнэтэй бүхнээ тонуулж, олон жил балгас байдалтай байхад, хажуугаар нь өнгөрсөн Дарханчууд халаглан харууссаар өнгөрдөг байлаа.

Тэгвэл Дарханы залуусын сэтгэл шингэсэн тус ордныг ах дүү “Дашууд” харийн сүмд худалдагдсан байсныг эргүүлэн авч, сэргээн засварлаж байна.  

Тэд, тус барилга ХУРИМЫН ОРДОН хэвээрээ байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд цаашид тодорхой хувийг нь орон нутгийн захиргаанд өгч, Дарханчуудад хувьцаа эзэмшүүлэн, олон Дарханчуудын мөрөөдлийг биелүүлнэ хэмээн ярьж байна.  

Тиймээс бид өнгөрөгч буй 2019 онд Дарханчуудын ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭСЭН үйл явдлаар ДАРХАН ХОТЫН ХУРИМЫН ОРДОН-ыг сэргээн засварласан үйл явдлыг нэрлэж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (192.82.71.145)
    TEDx iltgegchiin songolt buruu bsanaas ner hundrei arga hemjee une tsenee aldav. ZB darga ashig sinorholiin zorchiltei, tanil taliinhnaa oruulsan toms nogoo ch yariad bh shig, 1 ailiin eej ohin 2 ch iltgeed bh shig
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Хаянхирваа (202.9.40.1)
    Tedx чинь төрийн байгууллагууд ажилчдаа шахаагаар оруулаад нөгөөдүүл нь эвшээсээр гарч ирсэн балай арга хэмжээ болсон ш тээ.
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Амараа (202.179.31.26)
    1. Энэ танай сайт л ингэж нэрлэж байгаа үйл явдал уу? 2. 20/7 дугаар байр 6 биш 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг шүү 3. Хамгийн том оюуны хөрөнгө оруулалт TEDxDarkhan гэж бас нэрэлмээр үйл явдал болсон гэж би бодож байна
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
1863   3
НИЙТЭЛСЭН: MyDarkhan