Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-12-28

Улсын хэмжээнд В вирусын дэгдэлт өндөр байна

Дархан-Уул аймгийн хувьд Томуугийн В вирусын дэгдэлт нийт амбулаториор эмчлүүлэгчдийн хувьд 12,7 хувьд хүрээд байгаа бөгөөд энэ нь томуугийн дэгдэлт өндөр байгааг харуулж байна. Энэ талаарх www.ikon.mn сайтын сэтгүүлч Г.Номингийн нийтлэлийг та бүхэнд хүргэе. 

Амбулаторийн үзлэгт эзлэх хувийг аймаг дүүргээр харвал, Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт улсын дунджаас давж, тэр дундаа Архангай, Төв аймагт 20-оос дээш хувьтай байна.

Нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт улсын дунджаас дээгүүр хувьтай байгаа бол Баянзүрх, Налайх дүүрэгт томуу, томуу төст өвчний улмаас амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо хамгийн бага байгаа юм.

Амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо өмнөх долоо хоногоос 3 хувь, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Аймаг, дүүрэг тус бүрээр харвал, ганц аймагт буюу Баян-Өлгийд л өвчлөл өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурчээ.

Амьсгалын замын синциталь вирус нь өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, ялангуяа 6-аас доош сартай нярай хүүхдүүдэд хүндрэл илүү үзүүлдэг тул эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагахыг ХӨСҮТ-өөс зөвлөөд байна.

Нэгэнт дэгдэлт гарсан энэ нөхцөлд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан гээд эрсдэлт бүлгийнхэн олон нийтийн газраар зорчихоос татгалзах, олныг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх нь томуугаас сэргийлэхэд хамгийн үр дүнтэйг онцолж байгаа.

Салбарын сайд Д.Сарангэрэл энэ сарын 12-нд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг Осельтамивар эмийг эмнэлгүүдэд хуваарилан олгох арга хэмжээний үеэр "Энэ сарын 23-наас сурагчдын амралт эхлэхтэй холбоотойгоор буурах байх гэсэн найдлага тавьж байгаа" хэмээж байсан.

"ӨВЛИЙН ЭД ХҮЙТНЭЭР СУРАГЧДЫГ АМРААХ САНААЧИЛГЫГ БИ ЭМЧИЙН ХУВИАР 100 ХУВЬ ДЭМЖИНЭ"

Хүүхдийн томуугийн өвчлөлтэй холбоотойгоор санаа зовоож буй асуудал бол хүүхдийн эмийн хэрэглээ гэдгийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяа хэлсэн юм.

"Өвлийн улиралд бараг бүх хүүхэд ханиад хүрч, эм уухаас аргагүй болж байна. Тэгэхээр хүүхдээ хүйтэнд аль болох гадуур авч явахгүй, хол зөөхгүй байх шаардлагатай. Тиймээс өвлийн эд хүйтнээр сурагчдыг амраах санаачилгыг би эмчийн хувиар 100 хувь дэмжиж байгаа. Хичээлийн улиралд өөрчлөлт оруулахгүй бол цаашид уушгины өвчлөл яагаад ч буурахгүй.

Манайхан шиг хоолойн өвчлөл, амьсгалын дээд замын архаг үрэвсэл ихтэй ард түмний хувьд хүйтэн улирал өвчлөлийг сэдрээх гол хүчин зүйл болдог" гэдгийг эмч хэлж байсан юм.

ЗӨВЛӨГӨӨ:

Хүйтэн болон агаарын бохирдолтой үед амьсгалын замын өвчлөлөөр өвчлөхгүй байхын тулд доорх энгийн зөвлөмжийг дагах шаардлагатайг эмч зөвлөж байна.

  •   Дур мэдэн эмчийн зөвлөгөөгүйгээр эм уухгүй байх.
  •   Дулаан хувцаслаж, шингэн зүйл уух /Шингэн уух зүйл нь халуун, бүлээн байх ёстой бөгөөд усыг дангаар нь уухаас татгалзаж, ядаж л үзэмний шүүс, С витамин уух хэрэгтэй/.
  •  Биеийн ерөнхий дархлаагаа дэмжих зорилгоор өөрийн нас, биеийн онцлогт тохирсон витаминыг тогтмол уух.
  •   Томуугийн вакцин хийлгэх /Амьсгалын замын өвчлөл нь хүндэрдэг бага насны хүүхдүүд болон байнга ханиалгадаг насанд хүрэгсэд/.
  •   Цочир хүйтэн агаараас сэргийлэх зорилгоор ороолт, амны хаалт зүүж хэвших /Шууд хүйтэн агаараар амьсгалахаас зайлсхийх нь хоолойн үрэвсэл сэдрэхээс урьдчилан сэргийлнэ/.
  •   Өвөл ид хүйтний улиралд хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх /Ингэхдээ хүүхдийг дааруулахгүй, агааржуулагчтай авто машин дотор тогтмол урт хугацаагаар зөөвөрлөхгүй байх шаардлагатай/.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
322   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan