Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-12-29

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлан, VIII Богд хаанаа өргөмжилж, түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр тэртээх 108 жилийн өмнөх Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд гарч байв. 

Олноо өргөгдсөн Монгол Улс. 1914 он.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл байв.

Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар XII сарын 29-ийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан билээ.

Олноо өргөгдсөн Монгол Улс  Хиагтын гэрээний дагуу 1915 он

Манжийн эрхшээлээс гарч, үндэсний тусгаар тогтнол, төрт ёсоо дахин сэргээсэн үйл явц

ХХ зууны эхэн болоход Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө, тусгаар тогтнолоо харийн эрхшээлээс чөлөөлөх түүхэн цаг үед тулж ирсэн юм. Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ. Шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн  хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ. 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. 

Шинэ сэргэсэн Монгол Улсын  цэрэг 1912 оны хоёрдугаар сард Улиастай, наймдугаар сард Баруун хязгаарын төв Ховдыг манж, хятадын цэргээс чөлөөлж, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх их аян дайныг явуулсан юм. Мөн Өвөр монголын 40 орчим хошуу, Хөлөнбуйр, Шинэ хязгаарын монголчууд, Хөх нуур, Дээд Монгол, Алшаа, Алтайн Урианхай, Тагна-Урианхай, Хөвсгөл нуурын хязгаараас Монгол улсдаа дагаар орох хүсэлтээ ирүүлсэн байдаг. Энэ үйл явдал нь ХХ зууны түүхэн дэх монгол туургатны нэгдэн нийлэх гэсэн том эрмэлзэл байлаа.

Монголын тусгаар тогтнолын энэ их үйл хэрэг нь хөрш орнуудын хэт нөлөө, ашиг сонирхол, хуйвалдаанаас шалтгаалан 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж улмаар тусгаар тогтнолоо алдсан ч 1921 оны хувьсгалын төдийгүй бүхий л тусгаар тогтнолын үйл хэргийн үүтгэл байсан юм. 
Б.Пунсалдулам

ЭХ СУРВАЛЖ:  mongoltoli.mn/history

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
565   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan