Лхагва 2019-01-02 Дархан
Time out / Зөвлөгөө   2020-01-23

Өсвөр насны хүүхэдтэй ээж аавуудад

Миний охин одоо 14 настай. Хүүхдэд хэдэн наснаас нь эхлэн бэлгийн боловсролын талаар ярьж мэдээлэл өгөх ёстой вэ?

- Хүүхдийнхээ нас, хөгжлийн онцлогт тохируулан, бага наснаас нь эхлээд, насанд нь тохирсон зөв мэдлэг, мэдээллийг олгох нь чухал. Хоёр настайгаас нь эхлээд л хүү, охин хоёрын ялгаа, цэцэрлэгийн насанд найз нарын тухай, 8-9 насанд биед гарах өөрчлөлт, 10-12 насанд биеийн юм, нойтон зүүдний талаар ярьдаг байна. Ингэхдээ хүүхдийнхээ биеийн ерөнхий хөгжил, хүү охин эсэхээс мөн хамаарна.

Шилжилтийн нас нь охидын хувьд хөвгүүдийнхээс арай эрт эхэлдэгтэй холбоотой. Урьдчилан таниулж, тайлбарлаж өгвөл биед гарч буй өөрчлөлтөөсөө болж айж ичих, эмээх зүйл гарахгүй. Багаас нь энэ талаар ярилцахгүй байснаа гэнэтхэн өсвөр насанд нь ярьж эхэлбэл, хүүхэдтэйгээ ойлголцоход тэр бүр нээлттэй, чөлөөтэй байж чадахгүй, ярилцахад бэрхшээлтэй болно. 14 наснаас эхэлж, охинтойгоо энэ талаар ярих гэж байгаа бол оройтсон байж мэднэ, хүүхэд чинь найз нөхөд, кино, хичээл, багшаасаа мэдээлэл авсан байгаа байх. Багаас нь эхлээд энэ сэдвээр огт ярилцаж байгаагүй бол та эхлээд өөрийгөө энэ ярилцлагад сайн бэлдэх, боловсруулах хэрэгтэй. Бэлгийн боловсролын талаар ярихдаа юуг яаж үнэлж хайрлаж байгаагаа ойлгуулаад, танд итгэж ярьсан зүйлийн “нууц”-ыг чанд хадгалж, битгий дэлгээрэй. Ширээний ард суугаад биш, үзсэн кино, нэвтрүүлгийн дараа хамтдаа “Чи энэ нэвтрүүлгийн талаар юу бодож байна” гэж яриа өдөн, санаачилга гаргаж эхлэх нь хамгийн зөв алхам юм. Ярилцаж байхдаа та өөрийн үзэл бодлыг хэзээ ч бүү тулгаарай, хүүхдээ сайн сонсоорой. Хүүхэдтэйгээ энэ насанд нь итгэлт анд шиг нь байж, амжилтыг нь дэмжиж, алдахад нь тулж дэмждэг найз шиг л харилцаарай.

Хүүхдүүддээ “Би хүссэн бүхнийг нь авч өгч, юугаар ч дутаахгүй байлгах юм сан” гэж өдөр шөнөгүй ажил хийж зүтгэдэг. Гэвч хүссэн бүхнээ авдаг хүүхдүүд маань хэтэрхий дураараа, цамаан, бусдыг дорд үздэг болсон юм шиг санагдлаа. Сэтгэлд нь таарах юм гэж алга.

- Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хэцүү гэж монголчууд ярьдаг. Хүүхдүүдээ эрхлүүлэх амархан, бас сайхан. Ингэхдээ тунг нь ихдүүлж, хэт дур, зоргоор нь байлгаж, хүссэн бүхнээр нь хангаснаар тэднийхээ зан аашийг эвдэх тохиолдол гарна. Ерөөсөө хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлнэ гэдэг нь дураар нь байлгаж, дунд чөмгөөр нь жиргүүлнэ гэсэн үг биш. Харин ч дүрэм журамтай, хүүхэд эцэг эхээ хүндэлдэг, эцэг эх нь хүүхдээ хайрлан хамгаалдаг байхыг хүмүүжлийн эерэг арга гэдэг. Хүний хэрэгцээ хязгааргүй. Тэр бүгдийг авч өгснөө хайрлаж, халамжилж, хүмүүжүүлж байна гэж ойлгож болохгүй. Эд бүгд ялгаатай. Бид хүүхэд хүсэл, хэрэгцээ хоёрыг ялгааг хэлж сургах хэрэгтэй. Гутал урагдсан бол шинэ гутал авах, үсээ засуулах, сургалтад явуулах, утасны нэгж дуусаад авах хэрэгцээ байна. Харин цагариган ээмэг зүүмээр байх, утсанд зүүлт авч хийх, зайрмаг, тоглоом авах нь хүсэл. Ямар үед хэрэгцээг хангаж мөнгө зарцуулах, ямар үед хүслийг нь харзнахаа сайтар хэлж ойлгуулаарай.

Эдгээр зүйлийг бүх зүйлд мөнгийг хэрхэн зарцуулдаг, хэрхэн хадгалж, арвилан хэмнэж амьдрах тухай зааж сургах хэрэгтэй. Ингэснээр та хүүхдэд юмны үнэ цэнийг мэдэхэд туслах болно. Хэтэрхий дураараа, цамаан, бусдыг дорд үздэг болсон мэт санагдаж байгаа бол хүнд нөхцөлд амьдарч байгаа зайлшгүй тусламж хэрэгтэй айлын хүүхдийн амьдралтай хүүхдүүдээ танилцуулж, мэдрүүлэн тэдэнд туслах ажил хийгээрэй, бусдад тусалж байх үедээ хүүхэд өөртөө байхгүй зүйлийн талаар боддоггүй. Эсрэгээрээ байгаа зүйлдээ талархаж сурдаг. Бидний амьдардгаас өөрөөр амьдарч байгааг хүмүүсийг нүдээрээ харснаар аливааг харьцуулан үнэлэлт дүгнэлт өгч сурна. Мөн өөрсдийн амьдралын тухай эргэцүүлж, өөрийн гэсэн бодолтой, хувь хүн болон төлөвшихөд нөлөөлөх болно.

Нөхөр бид хоёр гурван хүүхэдтэй. 15 жил хамт амьдарсан. Одоо хоёр тийшээ болж байна. Хүүхдүүдэд салах тухайгаа яаж ойлгуулах вэ? Хүүхдүүдээ ээж аавынхаа хэнтэй амьдрахыг хэрхэн шийдүүлэх вэ?

- Гэрлэлт бол таны насан туршийн шийдвэр юм. Та нэгэнт гэр бүлээ цуцлахаар шийдсэн бол дараах зүйлийг анхаараарай. Гэр бүл нь зөвхөн эхнэр нөхрөөс бүрддэггүй. Тиймээс та хоёрын салалт зөвхөн эхнэр нөхрийн асуудал биш, хүүхдүүдэд чинь мөн адил хамаатай. Аав ээж хоёрын салах тухай мэдээлэл өсвөр насныханд маш хүнд тусдаг. Зарим тохиолдолд тэд өөрийгөө буруутгах нь ч бий. Би сайн байгаагүйгээс, би гэрээ сайн цэвэрлээгүйгээс, би хичээлээ сайн хийгээгүйгээс ийм зүйл боллоо гэж буруутгадаг.

Хэдийгээр тусдаа амьдрах болсон ч ээж аав хоёр нь хүү/охиндоо хайртай хэвээрээ, амьдралынх туршид тусалж дэмжиж явна гэдгээ ойлгуулж тэдний сэтгэл санааг засаарай. Та хоёрын салалтаас болж хүүхэд тань хохирох ёсгүй шүү. Хүн болгонд үг өөр өөр тусдаг. Тиймээс та хоёр гурван хүүхдийнхээ нас сэтгэхүй, зан чанарыг мэддэг хүний хувьд салалтын талаараа хэнтэй нь яаж харилцаж, хэрхэн хэлж ярьж ойлгуулахаа нухацтай бодоорой. Хэнтэйгээ амьдрах талаар өөрсдөөс нь санал асууж, гарсан шийдвэрийг нь хүндэтгээрэй. Бие биеэ буруутгах, эсхүл дийлэх зорилгоор хүүхдийг битгий ашиглаарай. Тэдэнд маш хүнд байгаа тул сэтгэл санаагаар нь битгий унагаарай. Салалтаас болж гарах хожмын хор уршгаас сэргийлж, алсын бодолтой байгаарай. Салалтын талаар ярилцаж шийдвэр гаргах үедээ хэлж ойлгуулсан, амласан зүйлээ заавал биелүүлээрэй. Магадгүй охид бол эрэгтэй хүнд итгэхгүй болох, хүү бол эмэгтэйчүүдийн талаар сөрөг сэтгэгдэлтэй болох гэж мэт сэтгэл санаа үлдэж, ирээдүйн амьдралд нь нөлөөлөх сөрөг үр дагавраас зайлсхийх нь чухал. Харин салалтын талаар хүүхдүүддээ хэлж ойлгуулахад хэцүү байвал сэтгэл зүйчид хандаж болох юм. Тэд мэргэжлийн хүний хувьд таны олж хараагүй өнцгийг зөвлөнө.

16 настай хүү маань найз охинтой болоод гэртээ тогтохгүй байна. Ер нь хүүхдээ найз хүү /охинтой болж байгааг нь дэмжих үү? Яах вэ?

16 нас нь өсвөрийн буюу шилжилтийн нас. Энэ насныхны хувьд үе тэнгийнхэнтэйгээ харилцах нь аав ээжтэйгээ харилцахаас илүү чухал байдаг. Бэлгийн бойжилт явагдаж, эсрэг хүйстэй хүнийг сонирхоно, түүнд татагдана. Энэ нь хөгжлийнх нь гол онцлогийн нэг.

Энэ үед тэд өөрсдийгөө том хүн болсон мэтээр төсөөлж байдаг бол эцэг эхэд том болох болоогүй, нялхаараа мэт санагдана. Тэдэнд өөрсдийн үзэл бодлоо тулгах, түүнийгээ зөвшөөрүүлэх гэсний хэрэггүй юм. Гэртээ тогтохгүй байна гэхээр хаана, яаж цаг өнгөрүүлдгийг тандаж байх хэрэгтэй. Энэ л үед хүүхэдтэйгээ найз мэт харилцаж, хүүхдийнхээ итгэлийг олж, шаардлагатай үед тусалж дэмжихэд хэзээд бэлэн гэдгээ харуулж, хайр халамжаа эергээр мэдрүүлэх хэрэгтэй.

Дараах зөвлөгөөг өгье: 

  • Хүүхдийнхээ найзтай байх харилцааг хязгаарлаад нэмэргүй. Энэ үед эцэг эхчүүд харин ч эсрэгээрээ улам ил тод, нээлттэй харилцахын хичээх хэрэгтэй. Хүүхэдтэй зөв үерхэж нөхөрлөх, ёс зүйтэй байх, эсрэг хүйсийн хүмүүстэйгээ хэрхэн яаж харилцах талаар чөлөөтэй ярилцаж, заахаас илүү зөвлөвөл үр дүнтэй. Өөртөө тулгарч байсан асуудал, түүнийгээ хэрхэн даван туулж байсан, тухайн үед ямар мэдрэмж төрж байсан талаар дурсаж болно. Шоглох, буруутгах, загнах нь сөрөг үр дагавартайг санаарай.
  • Хүйсийн хувьд аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо илүү их ойр дотно байж, эрсдэлийг маш ойлгомжтой, энгийнээр ярьж өгөх хэрэгтэй. Аав, ээж нь хүүхдээсээ ямар зүйл хүсэж байгаа, ямар хүлээлттэй байгаагаа зөвөөр, тайван замаар тайлбарлан ойлгуулаарай. Ингэхдээ хүүхдэд ярих боломж олго. Зөвхөн аав ээж ярьж сургах биш, харилцан илэн далангүй, санал бодлоо солилцоорой.
  • Үерхэл нөхөрлөлийн учир холбогдлыг тайлбарласан ном зохиол, сэтгүүлийг хүүхдийнхээ өрөөнд зүгээр оруулаад тавьсан ч болох юм.
  • Хүүхэдтэйгээ ярилцах явцад өөрөөр нь зөвшөөрүүлэх хэд хэдэн зүйл дээр тохиролцоорой, найз охиноо /хүүгээ танилцуулах,гадуур зугаалахдаа хэлж байх, оройн 20:00 цагаас өмнө гэртээ ирсэн байх гэх мэт. Санаа
  • Найз охинтой нь танилцах санал тавьж болно. Таны хүүтэй холбоотой өөр ямар санаа сэдэл байгааг мэдэхийг хичээгээрэй.
  • Энэ насанд бэлгийн харилцаанд ороход сэтгэл зүйн хувьд бэлэн бус байдаг. Бэлгийн харилцааг сонирхож, сонжих нь эрсдэлтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Бэлгийн харилцааны цаана хариуцлага оршдог учраас найз охин болон өөрийн амьдралын үнэ цэн, итгэл үнэмшлийг хайрлах, хүндлэх, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэйг ойлгуулах хэрэгтэй.
  • Шаардлагатай гэж үзвэл багш нар, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, өөрийнх нь сонгосон дугуйлан, сургалтын багш, эсвэл хүүгийн чинь хувьд нөлөө бүхий хэн нэгнээс тусламж гуйж, хамтарч болох бөгөөд энэ тохиолдолд хүүгийнхээ хувь хүний үнэ цэнэ, дотоод мөн чанарт халдахгүй байж, нууцыг нь хадгалаарай.

Эх сурвалж: Save the Children

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
861   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan