Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-29

ДАРХАН-УЛААНБААТАРЫН ЗАМЫН АСУУДЛААР САЙД ЮУ ХЭЛЭВ?

Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр ЗТХЯ-ы сайд Б.Энх-амгалан “Өдрийн сонин”-д өгсөн  “Хуйвалдаж хулгай хийдэг цаг үе өнгөрсөн” хэмээх ярилцлагадаа Улаанбаатар Дархан чиглэлийн замын асуудлаар хэрхэн ярьсныг онцлон хүргэе.

Налайхын зам гэснээс Дарханы зам хэзээ засагдаж дуусах вэ?

- Би энэ талаар олон удаа ярьсан даа. Хэдхэн тодруулгыг л хийе. 

Нэгдүгээрт: Дарханы замын санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк, гэрээ нь 2019 оны гуравдугаар сард УИХ-аар соёрхон батлагдсан. Мөн оны тавдугаар сард тендерийн шалгаруулалт нь болсон. Зургадугаар сарын сүүл, долдугаар сарын дундуур ажил нь эхэлсэн. Гэрээний эхний шат 2019 оны 11 сар, хоёрдугаар шат 2020 оны зургадугаар сар.

Хоёрдугаарт: Төлөвлөгөөт зам барилгын ажлын гүйцэтгэл зарим хэсэгтээ доголдсоны шалтгаан нөхцөл нь санхүүгийн чадавх, хөрөнгийн үнэлгээ сайн ч хоёр хэсэг дээр Монголд ажил хийсэн туршлагагүй компани шалгарч цаг алдсан, гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн. Захиалагч Монголын тал дангаар цуцлах боломжгүй, цуцалсан тохиолдолд төслийн санхүүжилт бүхэлдээ татагдах эрсдэлтэй байсан.

Гуравдугаарт: Цаг агаарын хүчин зүйл нөлөөлсөн, өнгөрсөн зун усархаг хур бороо элбэг байснаас хаа сайгүй үер усны аюул нүүрлэж гүүр хоолой, (Лүнгийн гүүрнээс авахуулаад) замын далан суваг урссан сэтэрсэн, түр зам усанд автсан гээд саад их гарсан. Хугацаа алдсан.

Дөрөвдүгээрт: Төсөл хэрэгжих гэрээт хугацаа арай дуусаагүй байна. Алдагдсан боломжоо нөхөхөөр АХБ-ны Дарханы төслийн удирдлага Манилагаас биш, Монголд ирж төслийн гүйцэтгэлд шууд хяналт тавьж оролцохоор болсон. Санхүүжүүлэгч, төслийн хяналтын зөвлөх компани, төслийн нэгж, Захиалагчид хамтран гэрээт хугацаандаа асфальт бетон хучилтаа бүрэн авах тал дээр гүйцэтгэгч компаниудтай нягт хамтран ажиллахаар харилцан тохирч бэлтгэл ажилдаа орсон.

Ирэх зургадугаар сард дуусгаж амжих уу?

- Гэрээт хугацаандаа төлөвлөгдсөн ажлаа хийж гүйцээхийн төлөө бүхий л боломж хүч чадлаа дайчлан ажиллана. Энэ зам өөрөө хөдөлгөөний эрчим ихтэй, ач холбогдол өндөртэй гол зам. Ард иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа зам. Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэлх хоёр хөршийг холбосон транзит тээврийн үндсэн урсгалын зам учраас олон хүний анхаарлын төвд байгааг ойлгож байна. Гэхдээ бас нөгөө талаасаа энэ зам хоёр биш, хорь биш, 204 км урттай зам. Есөн хар цэгтэй, осол ихээр гардаг. Засвар арчлалт хийлгүй удсан, эвдрэл хагарал ихтэй ийм зам байсан. Өөрчлөх шинэчлэх өргөн болгохоор зам барилгын ажлыг барьж авч эхлүүлсэн, хийж байна, зовлон бэрхшээл байгааг ард иргэд маань зөвөөр ойлгож мэдэрч байгаад, бас манайханд урам өгч дэмжиж байдагт баярлаж байна. Шалтаг тоочоод байгаа юм ерөөсөө биш шүү бодит байдлыг л хэлж байгаа юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түр замаар зорчуулахгүй гээд үндсэн замаар хөдөлгөөн нээгдсэн. Засвар зам барилгын ажил дуусаагүй байгаа хавар дахиад эхэлнэ. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хамтдаа үзнэ гэж бодож байна.

Таныг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гээд чадаагүй гэж шүүмжлээд байсан. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулж чадахгүй бол яах вэ?

- ЗТХЯ Олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллаж буй гэрээ, төлөвлөгөө гэж бий.Би тэр л төлөвлөсөн цаг хугацааг хэлж ярьж явдаг.Түүнээс Энх-Амгалан сайн хүн болох гээд санаанаасаа он сар зохиогоод яриад яваа юм бол байхгүй. 2019 оны арваннэгдүгээр сард хөдөлгөөн нээнэ л гэж ярьж байсан. Ямар ч гэсэн нэгэн үе шаттай ажил хийгдээд хөдөлгөөн нээгдсэн. 2020 оны зургадугаар сард ашиглалтад орох бол биш шүү. Ашиглалтад орно гэдэг үгийг хаалтанд хийгээрэй. Хөдөлгөөн нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бүрэн асфальтан хучилт хийгээд хөдөлгөөн явуулна гэсэн үг. Би эрхэлсэн сайдын хувьд ийм л мэдээллийг ард түмэнд өгч байна.

Танай яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад баригдсан гэж мэдээлэгдсэн. Энэ мэт шалтгаанаас болоод Дархан-Улаанбаатарын замын ажил урагшлахгүй байгаа юм биш үү?

- Х.Оргил-Эрдэнэ бол авто замын салбарт 15-17 жил ажилласан, салбартаа танигдсан, мэргэжлийн хүн. Төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Тангараг өргөсөн албан хаагч тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ бол хариуцлагын асуудал. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, одоо өөр хүн орлон гүйцэтгэж байгаа. Үүнээс шалтгаалж Улаанбаатар-Дарханы замын ажил саатах асуудал байхгүй, ажил явдгаараа явна...

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
461   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan