Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-01-31

ДЭМБ: Дэлхий Нийтийн Онцгой Байдал зарлалаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Монголын цагаар өнөөдөр үүрийн 05 цагийн орчимд шуурхай хуралдаан хийж БНХАУ, бусад оронд тархаж байгаа коронавирусын халдварт өвчний тархалтын "Дэлхий Нийтийн Онцгой Байдал" \Global Health Emergency of Inter-national Concern\ зарлалаа.

Эрсдэлийн энэ түвшинг  зарласнаар улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэгээ зогсоох, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авч болно гэжээ. Мөн ДЭМБ-аас онц байдал зарлаж буй нь коронавирусийг цаашид бусад улс руу тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, ядуу, буурай орнуудад дэмжлэг үзүүлж, коронавирусээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлэх боломж бүрдэнэ гэв.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем коронавирусийн халдвар эрүүл мэндийн тогтолцоо муутай орнуудад тархаж болзошгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд “БНХАУ ын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байна. Хятад улсад найдвар тасарсан гэсэн үг биш. Тус улстай гадаад худалдаа хийх, аялах зэргийг хязгаарлах шалтгаан байхгүй” гэжээ.

Өнөөдрийн байдлаар нийт 9840 тохиолдол бүртгэгдэж, 213 нас баржээ. ДЭМБ-ын мэдээлж буйгаар БНХАУ-аас гадна  дэлхийн 18 улсад 98 тохиолдол бүртгэгдсэн ба нас барсан тохиолдол одоогоор гараагүй байна.

Коронавирусийн ихэнх тохиолдлууд тус халдварын голомт болоод буй БНХАУ-ын Ухань хот руу аялж ирсэн хүмүүсээс илэрсэн. Гэсэн хэдий ч Герман, Япон, Вьетнам, АНУ-д хүнээс хүнд халдварласан найман тохиолдол бүртгэгдээд буй.

MERS болон SARS зэрэг уршигт халдварт өвчний нэгэн төрөл болох Коронавириусийн хурдацтай тархалттай тэмцэхээр ДЭМБ онц байдал зарласан нь халдварт өвчний улмаас онц байдал зарласан долоо дахь тохиолдол болж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг яг одоо хуралдаж байна.

Эх сурвалж: New York Times

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
648   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan