Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2020-02-01

Ц.Энх-Орчлон: ХОРВООГООР ДҮҮРЭН ЭЕРЭГ ДОЛГИОН БАЙНА

“Түүний дотор нэг тийм хөөрхөн бяцхан охин үргэлжид гэгээлэг зүйлс бодож суудаг байхдаа гэсэн бодол төрсөн шүү” хэмээн Б.Эрдэнэтуяа  medium дэх нийтлэлдээ дурьдсан нь Ц.Энх-Орчлонг яг л оноод тодорхойлчихсон мэт. Өөрийн дотоод ертөнцдөө ихэд сониучирхан аялдаг, тэндээ гэгээн бүхнийг тээж явдаг үзэсгэлэнтэй, ухаалаг энэ бүсгүйн ертөнцөөр хамтдаа аялцгаая!

“АМЬДРАЛ БОЛ АЗ ЖАРГАЛ. АЗ ЖАРГАЛ БОЛ ГЭР БҮЛ” ГЭЖ ТАНАЙ ЭЭЖ ДАНДАА ХЭЛДЭГ ГЭСЭН. ХИЧЭЭЛ ДЭЭР ЧӨЛӨӨТ СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИХАД  ЧИ “АЗ ЖАРГАЛЫН ТОМЬЁО” ЯРЬЖ “АЗ ЖАРГАЛ” ХОЧТОЙ БОЛЖ БИЛЭЭ. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛЭЭР АМЬДАРЧ ЧАДДАГИЙГ ЧИНЬ МЭДЭХ БОЛОХООР ЭНЭ ТАЛААРХ ЧИНИЙ БОДЛООР ЯРИАГАА ЭХЭЛМЭЭР БАЙНА?

- Миний аз жаргалын талаарх ойлголт эв найртай, тайван гэр бүлд өссөнөөс эхлэлтэй байх. Ийм орчин, гэр бүл байвал хүн аз жаргалтай болох боломжтой, аз жаргалыг хүн өөрөө бий болгох боломжтой юм байна гэдгийг эрт харж, ойлгож чадсан юм болов уу. Гэр бүлээрээ хооллоод сууж байх үед нь хүний тархинд бичлэг хийж үзвэл аз жаргалтай олон хормыг кадрлаж болно гэж би боддог. Амьдралд зовлон, жаргал ээлжлээд л үргэлжилнэ. Тэр дундаас болж байгаа сайхан зүйлийг нь илүү олж хараад, анхаарлаа төвлөрүүлж амьдрах юм бол зовлон дунд жаргал байгаа биш, жаргал дунд зарим зовлон тохиолддог юм шиг санагддаг. Тийм болохоор тэгж харахыг хүсдэг.

Ер нь аз жаргал гэдэг бол хандлага, харах өнцөг

“ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛД ӨССӨН” ГЭЖ ХЭЛЛЭЭ. ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ШИНЖ ЮУ ВЭ? ЯМАР ГЭР БҮЛИЙГ ЖАРГАЛТАЙ ГЭХ ЮМ БЭ?

- Хамгийн чухал нь хүндлэл. Хүндлэл байхгүй бол тэр гэр бүл бат бөх байж чадахгүй. Бид сайн сайхан зүйлийг бие биедээ зааж үлгэрлэдэг. Аав, ээж маань биднийг загнаад байхгүй ч яах хэрэгтэйг эвээр хэлж ойлгуулдаг. Зөв үгээр жолоодож, сургадаг. Сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ аялаж байгаа маань биднийг илүү жаргалтай болгож байгаа. Аялал гэр бүлийн уур амьсгалыг улам эерэг болгоход тусалдаг юм шиг санагдсан. Мөн ойлголцох, нэгэндээ хүлээцтэй хандах чухал.

ТЭГВЭЛ ЧИ ЯМАР ҮЕД ЖАРГАЛТАЙ БАЙДАГ ВЭ? ЧАМАЙГ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛС ЮУ ВЭ? 

- Дуртай зүйлээ олж мэдэх үед жаргалтай болдог. Мөн түүнийгээ үйлдэл болгоход. Ер нь ямар нэгэн юмыг хийж үзээд чадсан мэдрэмж их гоё. Миний хийсэн юм уу, хэлсэн ямар нэгэн зүйл хэн нэгэнд нөлөөлсөн байхыг харахад жаргалтай байдаг. Энэ нь ихэвчлэн дараагийн зүйлсийг хийхэд өдөөгч суурь болсон байдаг юм байнаа. Тэгээд бас эгэл жирийн хүний амьдралаас аз жаргалыг мэдэрдэг. Хүн хүнээ баярлуулах л гэж амьдардаг юм шигээ. Хүмүүс хоорондын харилцааг ажиглаж, бие биетэйгээ хамт байгааг нь харах сайхан. Амьдралын хамгийн чухал зүйл бол хүмүүс хоорондын амьд харилцаа. Бас байгаль дэлхийгээс өгч байгаа бүхэн хүмүүс биднийг жаргалтай болгодог. Үүнийг мэдрэх нь аз жаргал. Өглөө наранд гараа алдлаад залбирахад л бүх зүйлс дүүрээд ирдэг шүү дээ.

ӨССӨН ГЭР БҮЛ, ХИЙДЭГ БАЙСАН ЗҮЙЛС БҮХЭН НЬ ТЭР ХҮНИЙГ БҮТЭЭХЭД МАШ ТОМ НӨЛӨӨЛЛИЙГ ҮЗҮҮЛДЭГ ГЭЖ БИ БОДДОГ. ЧИ БАГАДАА ЯМАРХУУ ОХИН БАЙВ? ЮУ ХИЙХ ДУРТАЙ БАЙСАН БЭ?

- Энэ их тодорхой /инээв/. Барбигаар тоглодог, тэмдэглэлийн дэвтэр, наадаг зураг цуглуулдаг, ийш тийшээ аялана гэж мөрөөддөг хүүхэд байсан. Бусад хүүхдүүд шиг гадаа тоглосон цаг надад их бага байдаг. Гэртээ тэмдэглэлийн дэвтэртээ юм бичээд л сууж байдаг байлаа. Одоо ч яг л тэр хэвээрээ. Хүүхэд ахуйнх шигээ оёх, тэмдэглэлийн дэвтэртээ бичих, энд тэнд юм жаазалж байрлуулах дуртай. Аялах мөрөөдөл маань ч хэвээрээ. Эдгээр зүйлсэд бараг тэр үеийнхээсээ ч илүү дуртай болсон. Магадгүй хүмүүс хүүхэд насны үеэсээ өөрчлөгддөг бол би яг л тэр чигээрээ, энэ шугамаар явсаар өдий хүрчээ. Цаашдаа хийх зүйлс маань ч миний хүүхэд насны мөрөөдөл байх болов уу.

Хүмүүс хүүхэд байхдаа юунд дуртай байснаа эргэж нэг бодоод үзэх хэрэгтэй санагддаг. Ингэснээр өөрийгөө илүү ойлгоход нь тус болно.

ЧИ МӨРӨӨДӨХ ДУРТАЙ ГЭЖ БИЧСЭН БАЙСАН. БАС МӨРӨӨДӨЛ БҮРЭЭ ЯГ Л БИЕЛЧИХСЭН МЭТ ДЕТАЛЬЧИЛЖ БОДДОГИЙГ ЧИНЬ БИ АНЗААРСАН. ЖИШЭЭ НЬ ТИЙШЭЭ АЯЛЖ ТИЙМ ЗҮЙЛ ХИЙНЭ, ЭСВЭЛ НОМ ГАРГАХАД ХАВТАС НЬ ЯГ ИЙМ БАЙНА ГЭХ МЭТ. ИНГЭЖ МӨРӨӨДӨЖ БИЧЭЭД БИЕЛСЭН ТОХИОЛДОЛ БАЙДАГ УУ?

Мөрөөдсөн зүйлс яагаад биелдэг вэ гээч...  Би ингэж бодож байсан, мөрөөдөөд түүнийгээ зурах эсвэл бичих явцдаа чи өөрийгөө, дотор хүнээ гаргаж ирсэн гэсэн үг. Тиймээс чиний мөрөөдөл илүү бодитой болж байгаа юм. Тэгээд хүсч байгаа тэр мөрөөдөл рүүгээ бага багаар ойрсоор, биелүүлдэг. Оюутан байхдаа би goolingoo.mn -ий сэтгүүлчээр ажиллана гэж хүсч, дэвтэртээ бичиж байсан юм. Тэгтэл сэтгүүлчээр сурч байх үед маань надад Goolingoo.mn -ээс ажлын санал ирсэн. Энд хоёр жил орчим хугацаанд ажилласан нь миний бодитоор биелсэн хамгийн том мөрөөдөл байсан.

ИНГЭЖ БИЕЛЛЭЭ ОЛСОН МЭТ МӨРӨӨДӨЖ СУРАХАД ЧИ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

- Хүн бүрт зорилго мөрөөдөл бий. Тэр зорилгоо ямар нэгэн байдлаар бичгээр эсвэл зургаар ч юмуу аль чадахаараа амилуулаад эргээд өөртөө сануулах зүйлтэй байвал биелүүлэхэд илүү ойрхон болох байх. Чи хэр их түүнийг илэрхийлэх зүйл хийнэ, тэр чинээгээрээ өөрийгөө сонсож хүсэл мөрөөдөлтэйгөө ойрхон байж чадна гэсэн үг. Зөвхөн мөрөөдөх сонин биш. Тэр хүсч байгаа зүйлээ илэрхийлэн буулгаж байхад түүнийгээ чин сэтгэлээсээ хүссэн, түүн лүүгээ тэмүүлсэн тийм нэг долгион явж байх надад шиг санагддаг. Чин сэтгэлээсээ хүсээд мөрөөдөж чадвал явах, хүрэх зам нь ч тодорхой болно. Мөрөөдөх хэрэгтэй, мөрөөдөлтэй ч байх ёстой.

ОДОО ЧИ ЮУ МӨРӨӨДӨЖ БАЙГАА ВЭ? ТҮҮНЭЭСЭЭ ХУВААЛЦААЧ...

- Хамгийн түрүүнд ээж аав хоёрыгоо баярлуулмаар байна. Сайхан газар үзүүлэх, залуудаа мөрөөдөж явсан зүйл нь юу гэдгийг сонсож, боломжтой бол биелүүлэхийг хүсдэг. Дараагийн мөрөөдөл маань ном бичих. Ямар ч байсан өөрийн амьдралын түүхээр юмуу эсвэл уран зохиолын ном гаргана. Аялана. Аялснаар амьдралыг олон өнцгөөс харж чадна. Өөрийн гэсэн бэйкерины газартай болох, өөрөө хувцас урлаж сурах гээд олон мөрөөдөл байнаа \инээмсэглэв\.

ЧИ “УНШИХГҮЙГЭЭР АМЬСГАЛЖ, БИЧИХГҮЙГЭЭР АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ” ГЭЖ ЧИ ХЭЛДЭГ. ХЭДИЙНЭЭС УНШИЖ, БИЧИЖ ЭХЛЭВ? ЭНЭ ХОЁР ЗҮЙЛИЙГ ТУУШТАЙ ХИЙСНЭЭР ЧАМД ЯМАР ҮР ДҮН ГАРСАН БЭ?

- Хүүхэд байхаасаа л бичиж эхэлсэн. Өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг зохиодог байлаа. Эмээ маань өөрийн номоо гаргасан. Аавын маань бичсэн зүйлсийн цуглуулга манайд байдаг. Ээж маань өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг бичдэг байсан... Тэгэхээр магадгүй хайртай хүмүүс маань надад нөлөөлсөн байх. Тэрийг анзаарах болсон цагаас юм болов уу... Тэгээд дуурайсан байх. Аавыг хааяа бичихээр суухад нь дагаад цаас гаргаад бичдэг байсан. Оюутан байхдаа блог хөтөлж эхэлснээсээ хойш бүр илүү бичих дуртай болсон. Сүүлийн 6, 7 жил тогтмол блог хөтөлж байгаа. Тууштай бичсэнээр наад зах нь бичих чадвар сайжирна. Үг үсгийн алдаагүй, хэл найруулгын хувьд цэгцтэй бичиж сурна. Тэрнээс гадна өөрөө өөрийгөө сонсож сурна. Би юуг шинээр сурсан эсвэл сурахыг хүсч байгаа, хаашаа аялсан гээд өөртөө тохиолдсон зүйлээ л бичдэг. Би юунд дуртай, дургүй, юу хүсдэг гээд өөрийгөө олж таньж, цэгцэлж эхэлдэг юм шиг санагдсан. Мөн ижил сонирхолтой хүмүүстэй найзлах, танилцаж ярилцах боломжтой болдог нь сайхан. Хамгийн чухал нь хүн өөрийгөө л үлдээдэг. Сайн бичдэг байна уу, муу бичдэг байна уу тэр нь хамаагүй, чи өөрөө эсвэл дотны хүмүүс чинь уншихад чи гэдэг хүн ‘тэнд’ байгаа. Ийм зүйл бодож явдаг, ийм зүйлсийг хийж бүтээсэн юм байна гээдЕрөнхийдөө өөрийнхөө түүхийг бүтээх нэг арга зам юм. Хүн энэ хорвоогоос буцахдаа ямар нэгэн зүйлийг хийж бүтээгээд үлдээсэн байвал сайхан.

НИЙТЛЭЛ БҮТЭЭЛИЙГ НЬ УНШИХ ДУРТАЙ ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ ЯМАР ХҮМҮҮС БАЙДАГ ВЭ? ЭСВЭЛ ЧИНИЙ СЭТГЭЛД ҮЛДСЭН НОМ БҮТЭЭЛ?

- Ихэнхдээ уран зохиолын ном, үргэлжилсэн үгийн зохиол унших дуртай. Үеийн залуусын бичиж байгаа зүйлс их гоё, мөн чанартай бас ямар нэгэн зүйлийг эрэлхийлсэн санагддаг. Жишээлбэл: Хулан эгч, Бямбаням, Энхцолмон, Тэгшжаргал ах нар маань байна /инээв/. Үеийнхнийхээ бичсэн зүйлсийг уншиж бахархах, урам зориг авах дуртай.

ХҮН ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БАЙЖ БУСДЫГ ХАЙРЛАЖ ЧАДНА ГЭДЭГ. ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өөрийнхөө дотоод ертөнцийг сонсож, юу хүсч байгаа, юу хүсэхгүй байгаагаа сонсож чадах нь өөрийгөө хайрлахын нэг хэлбэр юм. Сонсохын тулд цаг гаргах хэрэгтэй. Гаднах болон доторх чи нийцэж чадаж байвал тэр хамгийн сайхан зүйл.

ӨӨРТ ОЛДОЖ БАЙГАА ЦАГАА ҮР БҮТЭЭЛГҮЙ ӨНГӨРҮҮЛЭХГҮЙН ТУЛД ОЛОН ЗҮЙЛС ТУРШИЖ, ДУРТАЙ ЗҮЙЛСЭЭ ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЖ СУДАЛЖ БАЙГАА НЬ ХАРАГДДАГ. 2019 ОНЫ 52 ДОЛОО ХОНОГИЙН ТУРШИЛТ НЬ ХЭРХЭН БИЕЛСЭН БЭ? ТЭР ДУНДААС ХАМГИЙН САЙН СУРСАН ЗҮЙЛ ЮУ БАЙВ?

- Өнгөрсөн онд хийхээр төлөвлөсөн зүйлсээсээ 30 гаруйг нь хийжээ. Тэр дундаас тэмдэглэлийн дэвтрийг их бүтээлчээр хөтөлж сурсан. Тэгээд ижил сонирхолтой хүмүүсээ олъёо гээд “Тэмдэглэлийн дэвтэрт дурлагсад” гэдэг групп нээсэн маань их олон гишүүнтэй болоод байгаа. Бас агаарын иогоор хичээллэж эхэлсэн. Бие бялдрын хувьд их таатай гоё мэдрэмжийг өгч байгаа. Мөн энэ онд найзуудтайгаа чамлахааргүй аялал хийсэн. Өөр эко амьдралын хэв маягийг сонирхон судалж, хог хаягдалгүй (zero waste) байх аргад суралцаж эхэлсэн. Байгаль дэлхийгээ хайрлаж, зөвхөн хэрэгтэй зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж амьдрах хэмнэлд суралцах эхлэлээ тавьсан гэж бодож байна.

АЯЛАЛ БҮХЭН ДАВТАГДАШГҮЙ САЙХАН БАЙДАГ. АЯЛЖ БАЙХ ҮЕД ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРДӨГ ВЭ?

- Дурсамж бүтээх гэдэг миний амьдралын философи юм шиг байгаан /инээв/. Бүтээсэн дурсамжаар өөрийгөө, сэтгэлээ дүүргэж амьдардаг гэж боддог. Сэтгэлд дулаахан дурсамжуудыг бүтээгээд, түүнийгээ зураад эсвэл бичээд эргүүлж харах нь аялалын төгсгөлд хийдэг миний хамгийн чухал зүйл. Байж дассан газраасаа гараад явахад хүн өөртэйгөө нүүр тулдаг юм шиг санагдсан. Эхлээд би юу бодож байна гэж өөрийгөө ажиглана, тэрнээс өөрийгөө олж харна. Сайн зүйл тохиоход тэр надад яаж нөлөөлж байна гэдгийг, саар зүйл тохиовол би түүнийг яаж давж гарч байна, энэнээс би юу сурч байна гэж анзаарч өөртэйгөө ажиллаад л байдаг.

Дээрээс нь би ертөнцийн төв цэг биш юм байна, би их өчүүхэн юм байна, миний мэдэхгүй асар том дэлхий, амьдрал байгаа, түүний зах зухаас нь л би мэдэж байгаа юм байна гэдгээ ойлгодог. Өөрийгөө, бусдыг, хорвоо ертөнцийг таньж мэдэхэд миний туулах их урт зам байгаа гэдгийг ухаардаг.

Өөрийгөө жижигхэн гэдгээ ойлгох их чухал. Ертөнцийн төв юм шиг амьдарч болохгүй.

ТЭГВЭЛ ОДОО ХААШАА АЯЛМААР БАЙНА?

- Бээжинд очиж үзнэ гэж бодож байгаа. Дараа нь хойд хөрш рүүгээ аялна. Ангар мөрөн, Байгаль далайг ахин харахад л сэтгэл дүүрчих юм шиг. Мөн баруун аймгуудаараа аялах төлөвлөгөөтэй байна.

ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ТУХАЙ АСУУХГҮЙ ӨНГӨРЧ ЧАДАХГҮЙ НЬ. ЧИ ОЮУН САНАА ҮЛДДЭГ ГЭДЭГТ ИТГЭДЭГ ГЭЖ БАЙСАН. ЭНЭ ТАЛААРХ ӨӨРИЙН БОДЛОО ХУВААЛЦААЧ?

- Хүн ямар нэгэн итгэл үнэмшилтэй байснаар оюун бодол, сэтгэл санааны хувьд тогтвортой оршдог болов уу гэж би боддог. Итгэл үнэмшил хүний оршихуйг, амьдралыг, үзэл бодлыг утга учиртай болгож, салхи дагаж хийсэх хамхуул шиг биш харин ургаа мод мэт бат тогтвортой зогсож, өөрийгөө чиглүүлж чаддаг болгодог.  

ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН ХУВЬД АНХААРЧ БАЙХ ЁСТОЙ НИЙГМИЙН АСУУДАЛ ЧИНИЙ ХАРЖ БАЙГААГААР ЮУ БАЙНА?

Бодож явдаг хоёр зүйл бий. Нэгт бусдад дараа болохгүй амьдрах. Нэгэнтээ чи нийгмийн харилцаанд орж байгаагийн хувьд өөрийнхөө үг, үйлдлийг цэгнэх ёстой. Бусад хүний орон зайг хүндлэх ёстой. Тиймээс ч чиний гаргаж байгаа үг, үйлдэл бусдад тээр, дараа болж болохгүй. Хоёрт нийгмийн нэг хэсэг гэдгээ ухамсарлах. Зөвхөн өөрийн амьдралдаа санаа тавьбал миний амьдрал сайжрах байх л даа. Гэхдээ энэ нийгмийн нэгэн хэсгийн хувьд өөр бусдын амьдрал яаж байна, энэ нийгэм, улс оронд юу болж байна гэдгийг ажиглаж үзэх хэрэгтэй болов уу. Хүн болгон өөрийн хайрцагнаас гаднахыг харчих юм бол өөрчлөлт ирнэ. Улс оронд маань юу болж байна, найзын минь сэтгэл зүй ямар байна, хайртай хүмүүст маань юу тохиолдож байна гэдэгт анхаарал хандуулаад өөрөөсөө “гадагш гарах” хэрэгтэй гэж боддог.

ТЭГВЭЛ ЭЭЖ ААВЫН ЧИНЬ ХЭЛЖ БАЙСАН ЗҮЙЛСЭЭС САНААНД ЧИНЬ ТОД ҮЛДСЭН ЗӨВЛӨГӨӨ, СУРГААЛЬ ЮУ ВЭ?

- Ааваас саяхан нэг гоё үг сонссоон... 

“Хорвоогоор дүүрэн эерэг долгион байна шүү дээ” ...

гэж аавыг хэлэхэд л “Яг тийм, би чинь ийм л хүний хүүхэд...” гэж бодож, бахархах сэтгэл төрсөн /инээв/. Нээрээ л яагаад эерэг зүйлийг нь түрүүлж харж болохгүй билээ? Аав маань их өөдрөг, юмны сайхан талыг нь олж хардаг, дотор нь гэгээлэг зүйлс, гэгээн мөрөөдөл дүүрэн оршиж байдаг хүн.

ИЙМ САЙН ҮНДСЭЭС ГАРСАН УЧРААС ЦААШАА БАС ИХ САЙХНААР ДЭЛГЭРЧ ЯВАХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЧИ ӨӨРИЙГӨӨ ЕР НЬ ЯМАРХУУ ЭЭЖ МӨН ХАНЬ БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ ВЭ?

- Сэтгэлдээ сайн сайхныг тээж явдаг, хөдөлмөрч хүний найдвартай ар тал нь байхыг хүсдэг. Бас эр хүний жаргалыг нь ч, зовлонг нь ч хуваалцаад явж чадах тийм хүн байхыг хүсч байна. Харин тэр хүнийг өөрийгөө сайн илэрхийлж, сэтгэл доторхоо надтай хуваалцаж, над руу “асгаж” чаддаг хүн байгаасай гэж боддог шүү.

ЧИ, ДОТНО ХАРИЛЦААТАЙ БИШ БАЙСАН Ч ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС НАЙЗ БАЙХЫГ БУСАД ХҮМҮҮС ‘ХООРОНДОО УЧИРТАЙ’ ГЭЖ ХАРДАГ ГЭЖ БАЙСАН. ИЙМ ХАРИЛЦААГ ЯМАР ӨНЦГӨӨР ХАРЖ, ЯАЖ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

- Би хайр, дурлалыг хязгааргүй гэж боддог. Хүн юунд ч дурлаж, хайрлаж болно. Царай зүс, бие хаа, биеэ авч яваа байдал, дотоод ертөнц, оюун санаа гээд хүний дурлах зүйл хязгааргүй. Гэхдээ гадаад байдлаас илүү хүний дотоод мөн чанар, сайхан аалинд нь дурладаг байгаасай гэж хүсдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа зөвхөн хайр сэтгэлийн харилцаагаар эсвэл бие физиологийн харилцаагаар яагаад ч хязгаарлагдахгүй болов уу. Бие биенээ хүндэтгэх, сайхан чанарыг нь олж харах нь ‘хайр’ гэж боддог. Тиймээс хайр хязгааргүй. Дотоод ертөнцийнх нь сайхан зүйлсийг хуваалцахад нас эсвэл хүйс, нийгмийн зааг хязгаар тийм хамаатай гэж үү? Хэдий чинээ хүний дотоод сайхныг олж харна, тэр чинээгээр чиний амьдрал илүү баялаг, утга учиртай, хүрээ хязгааргүй болно.

Хэдий чинээ хүний дотоод сайханг олж харна, тэр чинээгээр чиний амьдрал илүү баялаг, утга учиртай, хүрээ хязгааргүй болно.

ӨӨР ЧАМД, ХҮМҮҮС ЭНЭ ЗҮЙЛИЙГ ИНГЭЖ ХАРДАГ, АНЗААРДАГ БАЙГААСАЙ ГЭЭД ХЭЛЧИХМЭЭР БОДОЖ ЯВДАГ ЗҮЙЛ ЮУ ВЭ?

- Ер нь хүмүүс яагаад амьдралаа ажигладаггүй юм бол гэж боддог. Бэрхшээл, түр зуурын асуудалд анхаарал хандуулаад яг ач холбогдол өгөх ёстой сайхан зүйлсээ анхаарахгүй байх шиг заримдаа санагддаг. Түр зогсоод, амьдралаа ажиглаад үнэ мөнгөөр хэмжигдэхгүй зүйлс надад юу байна вэ, ямар сайхан зүйлс тохиож байгаа билээ гэдгээ олж хараасай.

ЯРИАГАА ЧИНИЙ ХЭЛЭХ ДУРТАЙ САЙХАН ҮГЭЭР ӨНДӨРЛӨЕ... 

- Бурхан ямар нэгэн сайхан зүйлийг хаа нэгтээ үлдээсэн л байгаа. Тэрийг хайж олох эсвэл ажиглах хэрэгтэй. Хэцүү өдрүүд ирсэн ч энэний ард гарахад ямар нэгэн сайхан зүйл тохионо гэдэгт итгэж, дотроо бодож яваарай. Амьдрал чамайг хэзээ ч мартахгүй. Талархах шалтгаан олон байгаа. Тоолох аз жаргал үй түм бий. Олж харах сайхан зүйлс бас тоо томшгүй байгаа. Тэрийг анзаарахгүй, тоохгүй байж болохгүй шүү. Ялангуяа тэр сайхан зүйлсийг өөрийнхөө дотроосоо хайх хэрэгтэй. Өөр дотор бүх юм байдаг гэдэгт би итгэдэг.

Яг л түүний итгэдэг шиг би ч бас бүх зүйл өөрөөс эхтэй гэдэгт итгэдэг. Өөрийгөө сонсдог, ойлгодог, хайрладаг, цэгцэлж чаддаг байх нь л бидний хийх ёстой хамгийн чухал зүйл…

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
921   0
НИЙТЭЛСЭН: Б.Батчимэг