Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2020-02-05

БИД БАРАГ 100 ЖИЛ ХОЦОРЧ ЯВНА

Хорь гаруй жил зорчигч тээврийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа, Дархан такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо НҮТББ-ын Гүйцэтгэх захирал С.Бямбатай уулзаж ярилцлаа.

Хүмүүс хаа нэгтэйгээс ямар нэгэн хот, суурин газарт ирээд хамгийн түрүүнд асуудаг зүйл нь такси. Тэгвэл өнөөдрийн Дархан хотын такси үйлчилгээ хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хэр хангаж байна гэж та үздэг вэ?

- Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр манай Дарханд нийтийн тээврийн бодлого, тэр дундаа такси үйлчилгээний талаарх нэгдсэн бодлого, зохион байгуулалт гэж огт байхгүй болчихоод байна. Үүнийг та бид бүгд харж, мэдэж байгаа. Такси гэдэг дэлхий даяар буух эзэн, буцах хаягтай, суусан зорчигчоо саадгүй хүргэдэг хамгийн найдвартай унаанд тооцогддог. Гэтэл манайд эсрэгээрээ зорчигчийнхоо мартсан эд зүйлсийг тэр чигт нь аваад явчихдаг, тохирсноосоо илүү төлбөр нэхдэг, жаахан шаардлага тавивал зүй бус хараалаар булдаг, зорчигчоо булаацалдаж замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг ийм л болчихоод байна. За, тэгээд дээр нь нэмээд автобусны зогсоол булаацалддаг, зорчигчоо сигналдаж “дууддаг”, хаа хамаагүй зам дээр буулгадаг, бохир заваан гээд тоочвол маш их зөрчил дутагдлуудыг хэлж болохоор. Тэгвэл яагаад ийм болов? Яагаад манайд такси үйлчилгээ энэ хэмжээнд хүртлээ доройтох болов? Ингээд бодохоор  олон асуултууд урган гарч ирнэ. Тухайлбал үйлчлүүлэгч иргэдийн хэрэгцээ шаардлага, зах зээлийн өөрийн зохицуулалтаар ийм болчихов уу, эсвэл тус үйлчилгээг эрхэлж байгаа компаниудад ийм болгох сонирхол байв уу, аль эсвэл аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагууд автотээврийн болон нийтийн тээврийн үйлчилгээний салбараа мартаж орхив уу?... Бид олон жил ийм байдалтай явлаа. Үүнийгээ ч байх ёстой, хэвийн зүйл мэт ойлгодог болчихож. Энэ буруу. Тиймээс бид асуудлыг дэс дараатай шийдэх цаг болсон хэмээн үзэж энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийж эхлээд байна. Ингэхдээ бага орон зайд зорчигч тээвэрлэдэг, зах зээлийн багтааж багатай манай орон нутгийн хувьд такси үйлчилгээний ямар зохицуулалт тохиромжтой болох талаар мэргэжлийн байгууллагуудтай санал солилцож байна. Бид саяхан Улаанбаатарт очиж "Хувиараа такси эрхлэгчдийн холбоо”, “Улс, хот хоорондын жолооч, тээвэрчдийн нэгдсэн холбоо”-ны холбогдох хүмүүстэй уулзаад ирсэн бол аймагтаа “Дархан орон нутгийн зам, тээврийн газар”-ын даргатай уулзлаа. Мөн Тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой ч холбогдож, уулзах хүсэлтээ илэрхийлээд байна. Ингэж санал, бодлоо хуваалцан, мэргэжил арга зүйн зөвлөмж авснаар цаашид хийх ажлаа тодорхойлж, зорилгодоо зөв замаар хүрнэ гэсэн бодолтой байгаа.

Үнэндээ бид албан ёсны зөвшөөрөлтэй таксинд суугаад байна уу, үгүй юу гэдгээ ч мэдэхгүй, таарч зогссон эхний машинд суугаад л зорчдог. Тэр нь ямар учиртай юм, ямар хүн жолоодож яваа юм, өөр ямар хүмүүс дотор нь сууж яваа юм. Юу ч мэдэхгүй л суучихдаг. Өөрөр хэлбэл ямар эрсдэл учрахыг огт мэдэхгүй. Ингэж л хот дотроо таксигаар зорчиж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ байдлыг өөрчлөхөөр тодорхой ажлуудыг санаачлаад байгаа юм байна?

- Тиймээ. Одоогоор манай Дарханд 2-3 хувийн хэвшлийн компани жижиг оврын суудлын автомашинаар такси үйлчилгээг эрхэлж байгаа. Гэхдээ стандартад нийцсэн гэж хэлэхэд хэцүү. Чиглэлийн такси юм даа. Такси үйлчилгээний ерөнхий шаардлага MNS5122:2013 гэсэн стандарт байдаг. Энэ стандартын шаардлагыг хангасан жолооч, аж ахуйн нэгж манайд бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй байхаа. Манайд таксинд явах хүсэлтэй автомашинтай иргэдийг бүртгээд л, түүгээрээ таксины үйлчилгээг явуулах гээд ядаад байгаа юм. Такси үйлчилгээ эрхэлж байгаа жолооч нар нь ч таксиний стандарт, иргэний хууль, нийтээр дагаж мөрдөх дүрэм журмын талаар ойлголтгүй. Магадгүй ойлгохыг ч хүсдэггүй байх. Ийм хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас стандартад нийцэхгүй тээврийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлээд байна. Мөн хажуугаар нь “халтуурныхан” байна. Тэдэн дунд ч янз бүрийн хэцүү “такси”-нууд явж л байдаг. Уг нь үүнийг аймаг, орон нутгийн зам тээврийн газар, хяналт тавих эрх бүхий байгууллагууд буюу Замын цагдаа, хөгжлийн бодлогын газрууд хамтраад хяналт тавьж, цэгцэлж журамлах ёстой юм. Хот дотор такси үйлчилгээг эрхлэх эрхийг авсан компаниудад тавих, мөн “халтуурчдад” тавих төрийн хяналт шалгалт сул байгаа нь ч энэ бүхнийг гааруулж байна. Хэн дуртай дотор таксинд яваад мөнгө олж болдог гэсэн ойлголт байж болохгүй ээ. “Өө бүртгэлд орж 2000 төгрөг өгч байснаас дураараа яваад мөнгө олоод байя” гэсэн бодолтой “такси” –чид дэндүү олон болсон байна. Уг нь мөнгө олоход учиртай баймаар. Мөнгө олохын тулд хамгийн наад зах нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг мөрддөг байх ёстой. Бас зорчигчдод тав тухтай, аюулгүй, соёлч үйлчилгээг үзүүлэх харилцааны наад захын мэдлэг, чадвартай байх ёстой.

Одоо энэ хулгайн таксиг зохицуулна гээд, байж байгаад л нэг аян зарладаг шүү дээ. Тэгсэн атлаа өөрчлөгдөхгүй 20 гаруй жил боллоо. Асуудал юунд байна гэж та харж байна?

- Би энийг төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа дутуугаас болж байна гэж боддог. Орон нутгийн зам тээврийн газар, замын цагдаа, манай автотээврийн төв зэрэг байгууллагууд нэгдээд, нэгдсэн нэг шийдэлд хүрч, дээрээс нь иргэдийн хурал нь ийм зарчмаар ажиллана гээд тодорхой болгочихвол уг нь цэгцэндээ орох боломжтой. Энэ гурван байгууллагын хамтарсан гэрээ гэж байдаг юм билээ. Бас аймгийн Засаг даргын захирамж байдаг. Гэтэл эндээ уягдахгүй, замын цагдаа нь нэг юм яриад, тээврийн газар нь өөр юм яриад, орон нутгийн зам тээвэр нь бас нэг юм яриад байхаар ийм болж байна. Уг нь бүгд хамт сууж байгаад, өнөөдөр яг юуг нь үр дүнд хүртэл өөрчлөх юм гээд эхнээс нь цэгцлээд явбал учиртай. Жишээ автобусны буудлууд дээр гэхэд л такси зогсохыг ор тас хориглох хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол автобус нь ч буудал руугаа орж чаддахгүй байдал бий болж байна. Уг нь бүгдийнх нь эцсийн зорилго, бүгд адилхан хууль бус тээврийг зогсоох. Албан ёсоор татвараа төлөөд, шаардлагуудаа биелүүлээд, зорчигчдод аюулгүй үйлчилж байгаа зорчигч тээвэр эрхлэгчдийн ажиллах нөхцөл, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг бүрдүүлэх юм. Мөн тээвэрлэгч байгууллага буюу тухайн үйлчилгээг эрхэлж буй компани ч бас үйлчилгээ үзүүлж буй таксичиддаа хяналт, шаардлага тавьж байх хэрэгтэй. Хэдэн хүн бүртгэчихдэг, нөгөө хүмүүс нь үгэнд нь орж, шаардлагыг нь биелүүлэхгүй, симфоргүй \TAXI- гэрэлтүүлэг бүхий таних тэмдэг\, логогүй явж байсан ч тоодоггүйгээс хулгайн такси гаарч байна.

Гэтэл иргэдийн хувьд удаан зогсож унаа хүлээдэггүй, хурдан шуурхай энэ байдалд зарим талаараа дассан. Харин ч сайшаах хандах нь бий. Мөн “хулгайн таксичид” буюу дуртай үедээ тойроод “мөнгө хийж байгаа” эдгээр хүмүүс нь дуртай, завтайдаа энэ үйлчилгээг эрхлээгүй байх л даа. Магадгүй ажлын байр байхгүйгээс амьдрал ахуйдаа нэмэр болох гээд л явж байгаа болов уу?

- Тиймээс бид нэгдсэн нэг зохион байгуулалтанд оруулъя гээд байгаа юм. Үнэн, манай ихэнх “таксичид” ажлын байр байхгүйгээс ийнхүү явж байна. Миний судалгаагаар Дарханд албан ёсны ба албан бус “хулгайн” нийт 250 гаруй жолооч, тээврийн хэрэгсэл таксинд явж байна. Тиймээс орон нутгийн онцлог, газар нутгийн байдал, хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлага зэргийг харгалзаад тодорхой өөрчлөлтүүдийг хийе гэж байгаа юм. Таксинд явах хүсэлтэй хүмүүстээ шаардагдах аюулгүй байдлын, хөдөлмөр хамгаалалын, эрүүл ахуйн, үйлчилгээний соёл, харилцааны гэх мэт сургалтуудыг явуулж, бүртгэлжүүлээд, нэгдсэн нэг журманд оруулчихвал ядаж л үйлчилгээний соёл дээшилнэ. Дээрээс нь татварын газар, цагдаа нь хяналт шалгалтаа бодитоор хэрэгжүүлээд, хууль бусаар явж байгаа тээврийн хэрэгслүүддээ энэ бүртгэлд орж таксигаар үйлчилж болохыг хэлээд, эхний ээлжинд торгож, цагдахаасаа өмнө боломжийг санал болгож, дараа нь үнэхээр болохгүй байвал арга хэмжээ авбал өөр байх. Ингээд ирэхээр аяндаа нэг тогоондоо орчих болов уу. Энэ нь энэ хэдэн хүнээ зохион байгуулалтанд оруулж, ажилтай орлоготой байлгахаас гадна цаад агуулгаараа иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж байгаа чухал ач холбогдолтой юм. Мөн аймаг, орон нутгийн төсөвт ч нэмэртэй.

Такси үйлчилгээг эрхлэх тээврийн хэрэгсэлд тодорхой шаардлагуудыг тавидаг. Тухайлбал жолооны зөв хүрдтэй, арваас доош жилийн насжилттай гэх мэт. Хууль бус такси эрхлэгчдийн дийлэнх энэ шалгуурт тэнцэхгүй л байх даа?

- Монгол улсад такси үйлчилгээний Ерөнхий шаардлага MNS 5122:2013 гэж стандарт байдаг талаар түрүүнд дурьдсэн. Энэ нь хот дотор буюу хот орчмын такси үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага юм. Энд тээврийн хэрэгслийн насжилт, такси метр, тус үйлчилгээг үзүүлэгч байгууллагын парк зохион байгуулалт гэх мэтийг тодорхой заасан байдаг. Гэхдээ үүнд эргэж хармаар юмнууд бас бий. Тухайлбал насжилтыг эргэж хармаар байгаа юм. Жишээ нь Улаанбаатар-Дархан хооронд чамд таксигаар үйлчлүүлэх хэрэцээ, шаардлага гардаг уу?

Гаралгүй яахав. Ялангуяа яаруу, эсвэл өглөө эрт эндээс гарах шаардлагатай болсон үед таксинд л суухаас өөр аргагүй...

- Гэтэл нөгөө MNS5122:2013 стандартад 10 жил дотор насжилттай тээврийн хэрэгслээр тус үйлчилгээг эрхэлнэ гэсэн байдгаас жишээ нь 2009 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл 2020 онд явах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл 11 дэх жил рүүгээ орчихож байгаа болохоор. Юу хэлэх гээд байна гэхээр стандарт хэдий ийм байгаа боловч хүнээ бодохоор яг тэр стандартаар шалгуур тавихаар учир дутагдалтай байгаад байгаа юм. Тухайлбал 2009 оны тээврийн хэрэгсэл бүх юм нь аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан, өнгө үзэмжтэй, тав тухтай. Дээр нь жилдээ дөрвөн удаан оношлогоонд орж байгаа. Уг нь энэ оношлогоо уг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож болно, аюулгүй гэсэн дүгнэлт. Социализмын үед авто тээврийн оношлогоо сул байхад ч манай Дарханд Цэнд-Аюуш гуай маш олон жил нийтийн тээврийн үйлчилгээнд автобусаараа зорчигчдод үйлчилж, сая км явж алдаршин, хөдөлмөрийн баатар болж байсан түүх бий. Гэтэл одоо мөрдөж байгаа энэ стандартаар бол ямар ч тэгэх боломжгүй байгаа юм. Манай улс дотооддоо машин үйлдвэрлэдэггүй орон. Гэтэл дэлхийн хөгжингүй орнуудад тавьдаг яг тэр шаардлагуудыг тавиад байгаа нь учир дутагдалтай. Техникийн үйлчилгээг стандартийнх нь дагуу цаг тухайд нь хийгээд, эд ангийг нь шаардлагын дагуу солиод, маш өндөр түвшинд автотээврийн хэрэгслийг оношилж байгаа энэ цаг үед тэр стандартуудыг дахин эргэж хармаар байгаа юм. Энэ асуудлыг ч бид холбогдох байгууллагуудад тавина. Одоо манай хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын 80-80ДАА дугаартай автобусыг хэн ч харсан ямар гоё шинэ автобус вэ л гэдэг. Гэтэл ирэх жилээс явах боломжгүй болж байна. Цаашаа үргэлжлүүлээд 2-3 жил хангалттай явчихаар техник шүү дээ. Ийм л байна. Мөн энэ жил бас нэг гэнэтийн шийдвэр гарлаа. Манай хот хоорондын такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нараас дөрөв нь хасагдчихаад байж байна. Тэд ямар нэгэн осол гаргаагүй, байгууллагадаа шимтгэл, татвараа зохих ёсоор нь төлдөг, зорчигчдод сайхан үйлчилдэг. Гэтэл зүгээр л нөгөө стандартыг барьж байна гээд, өөрсдөөс нь шалтгаалах ямар ч асуудал гараагүй байхад нь тэр хүмүүсийг ажлын байргүй болгочихлоо. Тэгэхээр тэд одоо яахав? Ажлын байргүй болж байгаа хүмүүс мэргэшсэн “хулгайч” л болж таарна биз... Өмнө нь бол машинаа солиод жаахан он залуу болгоод л явдаг байлаа. Гэтэл энэ жил яам, авто тээврийн үндэсний төвөөс манайд “Танай тээврийн хэрэгслүүд дотроос хамгийн сүүлийн насжилттай машин хэдэн оных байна, түүгээр хязгаарлаж хассаар, яваандаа хот хоорондын такси үйлчилгээг бүр болино” гэсэн чиглэл ирсэн...

Энэ хооронд бүр такси явуулахгүй гэж байгаа юмуу?

- Тийм. Гэтэл хот хооронд таксигаар зорчих хэрэгцээ байгаад байдаг. Зоригч нар байна. Хэн нэгнээс хамаарахгүй, төрөөс ажил гуйхгүйгээр өөрсдөө ажлынхаа байрыг бий болгож, өөрсдөө үйлчилгээгээ эрхэлж, осол авааргүй ингээд явж байгаа жолооч нарыг гэнэт ажлын байргүй болгочихож байна. Үүнд бид жолооч нарынхаа эрх ашгийг хамгаалж, төр засагт дуу хоолойгоо хүргэнэ гэж бодож байгаа. Ер нь энэ хот хооронд явж байгаа зорчигчдын аюулгүй байдал юугаар баталгааждаг вэ гэхээр, тухайн зорчигч тийзээ бичүүлж таксигаар үйлчлүүлэх эрх нь албан ёсоор авснаар... Өөрөөр хэлбэл албан ёсны харилцаа үүсч “Бид таны аюулгүй байдлыг бүх талаар хариуцан, хамгаална” гэх үүргийг төр албан ёсоор өөртөө авч байгаа юм. Тиймээс ч тийзээ авч үйлчлүүлсэн зорчигч хэрэв ямар нэгэн эрсдэл үүсвэл зургаан сая хүртэл төгрөгний нөхөн төлбөрийг даатгалаас авах эрхтэй байдаг. Энэ нь цаад агуулгаараа Монгол улс Үндсэн хуулиндаа заасан ёсоороо иргэнийхээ эрүүл, аюулгүй, амьд явах эрхийг хангаж байгаа юм. Гэтэл “хулгайн” тээврийг цэцэглүүлээд, болох болохгүй, ганц хоёр удаа явж үзчихээд “өө, энэ гоё ажил байна. мөнгө олж болох юм байна” гээд бодчихсон хүмүүс энэ үйлчилгээг эрхлээд байвал юу болох вэ? Давхиад байдаг. Нэг өдөр нойр хоолгүй явж байгаад аваар хийнэ... Тэгэхээр хэрэгцээ байгаа цагт, энэ ажлыг эрхлэх хүсэлтэй хүмүүст төр нээлттэй байх хэрэгтэй. Харин эргүүлээд хяналт шалгалтаа чангатгаж байж хулгайн тээврээс сэргийлж чадна. Тэгэхгүй бол одоо фэйсбүүкээр хэн нэгэн явлаа гээд л хотын хаанаас ч хамаагүй зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлж байна шүү дээ. За яахав, магадгүй таван жилийн дараа зам харилцаа сайжирч, өглөө бүр эрт автобус цаг тутамд явдаг болчихвол такси аажимдаа байхгүй болох л байх. Такси үйлчилгээг эрхлэгчид ч одоо энэ худлаа боллоо гээд өөрөөр амьдрах аргаа хайна.

Нэгэнт үйлчилүүлэгчдийн хэрэгцээ шаардлага байгаа энэ нөхцөлд, орон нутгийнхаа онцлогт тохируулаад такси үйлчилгээ эрхлэгчдээ тодорхой зохион байгуулалтанд оруулъя гэж байгаа юм байна. Мөн та сая хүмүүс ажлын байргүй байгаагаас ийм ажил эрхэлж байна гэлээ. Ер нь ид хөдөлмөрийн насны залуучууд, илүү бүтээмжтэй ажил хийж байхын оронд ингээд жолооны ард хэд гурван юм “тоншоод” явж байх нь хэр зохимжтой юм бол?

- Хяналт тавьж, тодорхой зохион байгуулалтанд оруулж, стандарт шаардаад ирэхээр заавал ч үгүй таксигаар хоолоо олж идэх биш юм байна гэдгийг бодож эхлэх байх. Залууст, амьдрах өөр арга зам хайх сэдэл ч болж, өнөөдөр олж байгаа 20 төгрөг чухал уу, эсвэл ирээдүйд өөр зүйл хийж илүү их ашиг орлого олох нь чухал уу гэдгийг бодож, амьдралын өөр зорилготой болох байх.

Тэгэхээр та бүхэн, нэг талаас энэ нийтийн тээврийн салбарынхаа зах зээлийг хамгаалах гэж, нөгөө талаар нийтийн тээврийн үйлчилгээг зохих шаардлагын дагуу эрхэлж буй жолооч нарынхаа эрх ашгийг хамгаалах гэж, мөн хамгийн чухал нь зорчигч, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөл боломжийг хангах нь манай орон нутагт энэ салбарын үйл ажиллагааны хамгийн тухал зорилго хэмээн үзэж байгаа юм байна?

- Ерөөсөө л тэр. Энэ чинь бид хот газарт амьдарч байна даа. Нийтийн тээврийн үйлчилгээгээ аятайхан, соёлтой, олон улсын хот газрын жишигт хүргэчих юмсан. Үнэндээ энэ их чухал асуудал шүү. Такси гэдэг хотын өнгө үзэмж, зэрэг зиндаа, соёлын түвшинг илэрхийлдэг онцгой тээвэр. Би саяхан Австри болон хэд хэдэн орноор яваад ирлээ. Тэгж явахад манайх шиг ийм такси үйлчилгээтэй газар гэж ер алга. Бид бараг 100 жил хоцорч явна. Тэгэхээр одоо бодитой ажил хийж, нэгдсэн тээврийн бодлоготой болмоор байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Г (64.119.18.25)
    Хууль бус тээвэрийг цэгцлэх цаг болсон.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
1653   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan