Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-05

Коронавирусын оношлуур Дарханд байхгүй учир дээжийг Улаанбаатарт шинжилгээнд явуулаад байна

ДЭМБ-аас онц байдал зарласантай холбогдуулан ЭМЯ-аас өдөр бүр короновирусын тархалт, өвчлөлийн талаар нээлттэй мэдээллийг онлайн орчинд шууд хийж байгаа. Өнөөдөр өглөө буюу 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хийсэн тус мэдээлэлдээ Дархан-Уул аймагт короновирусын сэжигтэй тохиолдол илэрсэн хэмээн мэдэгдсэн.  

ШУУРХАЙ МЭДЭЭ: 

Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд буй иргэнийг одоогоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан хянаж байна. Тэрбээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёрдугаар сарын 04-ний өдөр ханджээ. Халдвар илэрсэн улс орноос ирсэн учир коронавирусын халдвар тээгч байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй эмэгтэй нь Тайвань улсад 21 хоног хугацаатай аялж, нэгдүгээр сарын 30-ны өдөр монголд буусан байна. Тэрбээр "Улаанбаатарт аавтайгаа гэртээ байж байгаад Дарханд хувийн унаагаараа ирсэн бөгөөд ирсэн даруйдаа эмнэлэгт хандсан" хэмээн мэдүүлжээ. Энэ хугацаанд маск байнга зүүж, өөрийгөө хамгаалж байсан гэнэ.

Өнөөдрийн байдлаар халуураагүй, бага зэрэг ханиалгаж, цээжээр хөндүүрлэж, биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд Дарханд зохих бүх төрлийн шинжилгээг авахад шинжилгээний хариу хэвийн гарсан байна.

Харин коронавирусын оношлуур Дарханд байхгүй учир дээж авч Улаанбаатарт шинжилгээнд явуулаад байгаа юм байна. Тус шинжилгээний хариу 24 цагийн дараа буюу маргааш өглөө 10 цагт гарна хэмээн Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга н.Одонтунгалаг мэдээллээ. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын МТА

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1267   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan