Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2020-02-07

Ж.ГАНБОЛД: С.Насанбат Дарханчуудыг удирдах бүү хэл төлөөлөх ч эрхгүй

Өнгөрөгч ням гарагийн амралтын өдөр иргэн Ж.Ганболд өөрийн цахим хуудсаараа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай холбоотой мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэрбээр өөрийг нь Засаг даргыг гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан гэх асуудлаар Цагдаагийн байгууллагаас дуудсан бөгөөд дуудсан шалтгаан нь түүний аймгийн ИТХ-ын үеэр Бичил уурхай тойрсон асуудлыг хөндөж нийгмийн сүлжээнд шууд бичлэг хийсэнтэй холбоотой гэсэн юм. Бид түүнтэй уулзаж, зарим асуудлыг тодруулж ярилцлаа. 

ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДӨР ТА НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД НЭЭЛТТЭЙ ЯРИХДАА ХЭД ХЭДЭН СОНИРХОЛТОЙ АСУУДЛУУДЫГ ХӨНДСӨН. ТУХАЙЛБАЛ БИЧИЛ УУРХАЙ, ХУУЛЬ БУС АЛТНЫ АСУУДАЛД МАНАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТЫН УЛС ТӨРД ОРЖ ИРСЭН ТҮҮХ ЯМАР ХАМААРАЛТАЙ БАЙЖ БОЛОХ ТАЛААР ЯРЬСАН?

- Аливаа асуудлыг ойлгохын тулд бид эхлээд эх үүсвэрийг нь заавал харах хэрэгтэй. Тиймээс би зориуд энэ талаар ярианыхаа эхэнд дурьдсан юм. С.Насанбат даргыг Дарханыхан 2008 оноос л мэддэг. Ихэнх нь Шарын голын хүн гэж боддог юм билээ. Надад олон хүн танай Шарын голынх биз дээ гэж байсан. Харин Шарын голынхон болохоор энэ хүнийг угаасаа Дарханы МАН-д байсан мэтээр ойлгодог. Ингээд дунд нь Шарын голынх ч юм шиг, Дарханых ч юм шиг, Дарханд удаан амьдарчихсан ч юм шиг байдаг. Би Шарын голын унаган хүүхэд. Их сургууль төгсөж ирээд, Шарын гол сумынхаа тамгын газарт, дараа нь Шарын голын уурхайд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс Шарын голд С.Насанбат гэж хүн байсан уу, үгүй юу гэдгийг сайн мэднэ. Би 2007 оны хавар Дархан уруу шилжин ажиллахаар болсны дараахан, намар нь С.Насанбат Шарын голын уурхайн гүйцэтгэх захирлаар томилогдон ирж байсан юм. Ер нь “Шарын Гол” ХК бол “Би Энд Жи группын охин компани. Ерөнхий захирал нь н.Батмөнх гэж хүн 2008 онд Дарханд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд ялагдаж байв. Эндээс С.Насанбат болоод түүний хүрээллийнхний улс төрд орж, эрх мэдэлд хүрэх санаархал эхэлсэн болов уу гэж би харддаг. Тэгээд Дархан-Уул аймгийн МАН-д орохоор зэхсэн байх. С.Насанбат Шарын голд амьдрахгүй нь тодорхой. Дарханд 2008 онд хуучин хорооллын 1а-д нэг байр авч, тэнд нь одоогийн энэ Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа, дээд сургуулийн дипломтой болохоор Дарханы Удирдлага хөгжлийн сургуульд \Одоо энэ сургууль хаагдсан\ сурч байхдаа хамт амьдарч байсан юм. Үүнээс бүр өмнө Шарын голын уурхайн эзэмшил газарт нэг алтны судал илэрч, тухайн үеийн захирлууд нь ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр нууцаар ухаж байсан нь баригдаа хэрэгт татагдаад явж байсан. Гэтэл тэрнийг С.Насанбат, Д.Амарсанаа нар ямар ч дарамт, хяналт, хэл амгүйгээр ухаж, овоо ч юм олсон гэдэг. Өмнө ухсан хүмүүс нь хэрэгт орсон байхад, тэд яаж, ямар ч саадгүйгээр ухчихсан сонирхолтой. Энд Д.Хаянхярваа гэж хүн оролцсон байх магадлалтай. Тэдний энэ хоршил С.Насанбатыг Шарын гол сумын МАН-ын дарга, Д.Амарсанааг мөн тус сумын намын дэд дарга болгон үргэлжилсээр 2012 онтой золгосон. С.Насанбат сонгуулийн өмнөхөн Дархан-Уул аймгийн МАН-д их мөнгө “үнэрдүүлж” орж ирээд, за даа, шуудхан шулуухан хэлэхэд энэ намыг худалдаад авчихсан гэдэг. Дараа нь С.Насанбат аймгийн МАН-ын дарга, Д.Амарсанаа Шарын голын сумын МАН-ын дарга болж, УИХ-д нэр дэвших эсэх нь ч эргэлзээтэй байсан Д.Хаянхярваа тэдэнтэй нэг тойрогт, нэг баг болон УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялсан. Одоо хэн нь ямар албан тушаалд очиж, эрх мэдлийг хэрхэн атгаж байгааг та бүхэн сайн мэднэ. Үүний цаана өнөө Шарын голын уурхайн газраас олсон их хэмжээний алтны нөлөө байсан гэж олон хүн харддаг. 2012 оны улс төрийн сонгуульд С.Насанбатаар ахлуулсан МАН ялалт байгуулж, тэдний бүх санаархал хэрэгжих нөхцөл бүрдсэн. Ингэж эрх мэдлийг атгасан тэд, одоо болж буй энэ бүх үйл явдал, эрх мэдэл, албан тушаалын орооцолдоонд хамааралтай байж, энэ бүхнийг бүр эхнээсээ бодож төлөвлөсөн байх магадлалтай.

ТЭГЭХЭЭР, ТА ОДООГИЙН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ БОЛОН ШАРЫН ГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.АМАРСАНАА НАР ШАРЫН ГОЛ СУМАНД “ДУРААРАА ДУРГИХ” ГЭЖ АЛСЫН БОДОЛТОЙ УЛС ТӨРД ОРСОН ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА УУ? 

- Тийм. Нөхрийн Дарханчуудад хамгийн их гай тарьсан зүйл юу вэ гэхээр анхнаасаа л алттай холбогдож орж ирсэн нь. Тэрнийхээ ч амт шимтийг ойлгочихсон хүн. Тиймээс, энэ аймаг, сумыг тойрсон хууль бус алт олборлолт, байгаль орчин сүйдэж, гол ус нүдэн дээр нь ширгэж байхад хуруугаа ч хөдөлгөхгүй, эс үйлдлээр бүхнийг хаацайлсаар суугаа нь учиртай. Үүнд Хонгор сумд болж буй үйл явдлууд ч хамаатай. Гэхдээ энэ удаад Шарын голын талаар ярьж байгаа учир орхиё. С.Насанбат мэдээж, өөрөө хүрз бариад ухахгүй нь тодорхой. Харин эерэг, эсвэл сөрөг тийш нь “бужигнуулах” бүх эрх мэдэл түүнд бий. Магадгүй, тохироог нь бүрдүүлж өгөөд сууж байж болно. Цаг хугацаа, өнгөрсөн үйл явдлууд ийм л зүйлийг хэлж байна. Д.Амарсанаа Шарын гол сумын Засаг дарга болж, түүнийг хажуудаа авч, гэртээ байлгаж, сургасан С.Насанбат нь аймгийн Засаг дарга болсон. Энэ бүхнийг Шарын голчууд сайн мэддэг. Зүгээр Шарын голын захын иргэнээс очоод асуухад л бүгдийг нь яриад өгнө дөө. Дээр нь эд Д.Хаянхярваа гэж хүний УИХ-д нэр дэвшдэг гол тойргийн сонгогчдыг нь баригсад.  Магадгүй УИХ-ын гишүүн, Сангийн сайд байсан тэр хүн дээдэх ажлыг нь зохицуулаад суудаг байж ч мэднэ. Ийм л үйл явц Шарын голд, Дарханд өрнөсөөр удаж байна. Тиймээс бид үндсээр нь, томоор харах хэрэгтэй гээд байгаа маань энэ. 

ТАНЫГ ЦАГДААГИЙН ГАЗРААС ДУУДАЖ, ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХЭЭР ТАЙЛБАР АВСАН БА ӨРГӨДЛИЙГ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Ч.ЭНХБАТ ГАРГАСАН БАЙНА ГЭЖ БАЙСАН. ЯГ ЯМАР АСУУДЛААР ИЙНХҮҮ ГОМДОЛ ГАРГАСАН ЮМ БОЛ?  

- Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 02-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдааны хэлэлцэх асуудлуудын жагсаалтанд Шарын гол суманд зургаан нэр бүхий байршилд бичил уурхайн эрх олгох асуудлыг оруулсан байсан. Тиймээс би хэсэг залуусын хамт очиж эсэргүүцлээ илэрхийлэх гэж, мөн тус асуудлыг төлөөлөгчид хэрхэн үзэж байгаа, түүнчлэн хэн ингэж дахин дахин хурлын хуралдаанд оруулж ирээд байгааг мэдье гэсэн юм. Энэ асуудлыг хэлэлцэнэ гэж хавраас хойш яригдаад хэлэлцэхгүй хойшлоод байсан. Угаасаа маш их анхаарал татаж байгаа. Тэгээд бид хуралдаан болох өдөр очсон юм. Харин тэр өглөө нь Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас бичил уурхайн асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх чиглэл ирж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэлэлцэх асуудлаас түр хугацаагаар хассан байсан. Ингээд бид нэгэнт очсоных дээрх асуултууддаа хариулт авах, мөн энэ талаар байр сууриа илэрхийлэхээр нийгмийн сүлжээнд шууд бичлэг хийсэн. Үүнийг С.Насанбат даргыг гүтгэсэн хэмээн үзэж, энэ нь өөр нэг сайт дээрх гүтгэсэн мэдээтэй таараад байна гээд цагдаагийн байгууллагад  өгсөн байна билээ. 

ИРГЭН С.НАСАНБАТЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ГЭЖ ҮЗЭЭГҮЙ, ХАРИН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ, ГҮТГЭСЭН ХЭМЭЭН ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НЬ ГОМДОЛ ГАРГАСАН БАЙХ НЬ?

- Тийм л бололтой. Гүтгүүлсэн гээд байгаа С.Насанбат нь гомдол гаргаагүй байхад яагаад Ч.Энхбат гэж хүн ийм өргөдөл гаргадаг билээ, энэ хууль зүйн үндэслэлтэй юмуу гэж би цагдаагаас асуусан юм. Тэгэхэд цагдаагийн ажилтан би бас асуусан гээд Ч.Энхбат “Би Тамгын газрынх нь дарга учраас түүнийг төлөөлөн өргөдөл гаргах эрхтэй” гэж мэдүүлээд гарын үсэг зурсан гэсэн. Та, амралтын өдөр миний нийгмийн сүлжээнд хийсэн тэр шууд бичлэгийг үзсэн бол С.Насанбат дарга өөрөө орж ирээд \комментоор\ “Намайг дахиад гүтгэчихлээ” гээд байсан. Ийм л хүн. Өөрийгөө гүтгүүлчихлээ гэж байгаа бол өөрөө, өөрийнхөө нэрээр гомдол гаргачих хэрэгтэй л дээ уг нь. Нэгэнт ийм яриа болсных Ч.Энхбатын С.Насанбатыг дагасан түүхийг ч бас дурьдая. Бас л сонирхолтой. С.Насанбат нь Засаг дарга болсныхоо дараахан Ч.Энхбатыг туслах, нарийн бичгээрээ ажиллуулахаар хаанаас ч юм авчирсан. Лав Дарханы хүүхэд биш. Тэгснээ удаагүй Шарын гол сумын ЗДТГын даргаар явуулсан байдаг. Тэгээд одоо аймгийн ЗДТГ-ын даргаар нь ажиллаж байгаа. Анзаарч байна уу? Дандаа өөрийн хүмүүсээ Шарын голд байлгаад байсан байгаа биз. Уг нь Дарханыхан, Шарын голынхон дунд энэ зэргийн ажлыг хийчих мэдлэг боловсролтой залуучууд зөндөө л бий. Тэгэхэд яагаад заавал зөвхөн С.Насанбатын хүмүүс Шарын голд эрх мэдэл бүхий ажилд очоод байна! Үүнийг анзаарахгүй орхиж болохгүй.

ТА АЛТ ТОЙРСОН АСУУДАЛ, БИЧИЛ УУРХАЙ ШАРЫН ГОЛД “ЦЭЦЭГЛЭЭД” БАЙГАА НЬ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН АЛБАН ТУШААЛЫН ХОРШИЛТОЙ ХОЛБООТОЙ ХЭМЭЭН ҮЗЭЖ, ХАРДАЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ. ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХЯЗГААРЫГ ХААНА ХҮРТЭЛ ГЭЖ ОЙЛГОДОГ ВЭ?

- Би энд С.Насанбат гэдэг хүний хувийн орон зай, гэр бүл рүү халдаж, ямар нэгэн байдлаар доромжилж гүтгээгүй, тэгэх ч үгүй. С.Насанбатын одоо эрхэлж байгаа ажил, албан тушаал, эрх мэдэл нь хувь хүн гэхээсээ бүхэл бүтэн аймгийг, энд амьдардаг 100 гаруй мянган хүнийг төлөөлж байгаагаараа өөр. Энэ хүн биднийг төлөөлж шийдвэр гаргадаг, бидний өмнөөс бидний эрүүл мэнд, амь нас, амьдарч буй орчин, эдийн засаг гээд, бүх зүйлийг хариуцах үүрэг хүлээж, эрх мэдлийг атгаж байгаа. Тиймээс шүүмжлүүлэх, бусдаар муу, сайн хэлүүлэх бол энэ албан тушаалтны хувьд хэвийн зүйл байх ёстой. Энэ хүн иргэдийнхээ үгийг сонсож, хийж буй үйл, үйлдэл, гаргаж буй шийдвэр, бүр эс үйлдэхүйгээ хүртэл Дарханчуудын өмнө тайлбарлах үүрэгтэй. Тиймээс ч би тэр хязгаарын хүрээнд асуудал тавьж, иргэнийхээ хувьд мэдээлэл, тайлбар шаардаж, үзэл бодлоо илэрхийлсэн гэж бодож байна. Намайг төлөөлж буй тэр хүнд бодлогын, хууль эрх зүйн хувьд асуудлыг тавьсан. Түүнээс тэр Насанбат гэж хүний хэлбэр дүрс, өнгө үзэмж, амьдрал ахуйд нь халдсан зүйл байхгүй. Ардчилсан улсын иргэний хувьд, хуулиар баталгаажсан эрх, үүргийнхээ хүрээнд асуудлыг ярьсан гэж үзэж байна.

ТА ХЭЗЭЭ ХАМГИЙН СҮҮЛД НУТАГТАА, ШАРЫН ГОЛД ОЧСОН БЭ?

- Оны дараахан нэгдүгээр сард очоод ирсэн. Ер нь жилдээ хамгийн багадаа 6-7 очдог. Зундаа бол олон очдог шүү. 

ЯМАРШУУХАН БАЙНА?

- Ямар утгаар асууж байна?

БИ УУЛ УУРХАЙ ТОЙРСОН АСУУДЛААР СУРВАЛЖИЛГА БЭЛТГЭЖ ХЭД ХЭДЭН УДАА ШАРЫН ГОЛД ОЧСОН Л ДОО. НӨХЦӨЛ БАЙДАЛ ГАЗАР ДЭЭРЭЭ ЯМАР БАЙГААГ НҮДЭЭРЭЭ ХАРЖ, НУТГИЙН ИРГЭДТЭЙ, ОН УДААН ЖИЛ СУУРЬШИН АМЬДАРЧ БУЙ ОЛОН ХҮНТЭЙ УУЛЗАЖ ЯРИЛЦСАН. ТЭГЭЭД, ТЭНД ТӨРЖ ӨССӨН УНАГАН ХҮҮХДИЙН ХУВЬД ОЧИХ БҮРТЭЭ ЮУ БОДДОГ БОЛ, ЮУГ ОЛЖ ХАРДАГ БОЛ ГЭЖ АСУУСАН ЮМ?

- Та Шарын голын газар нутаг ямар байгааг, төвөө тойрон сарны гадаргуу шиг ухсан нүх байгааг, Шарын голчууд хэрхэн амьдарч байгааг та сайн мэдэж байгаа. Бичсэн хэд хэдэн нийтлэлийг чинь ч би уншсан. Тэгэхээр энд нэг л юм хэлмээр байна. Шарын голыг ингэж ухаж сэндийчэж "хөгжүүлж" болохгүй ээ. Үүнээс өөрөөр хөгжүүлэх хэрэгтэй. Намайг “ухаан орж”, нийгмээ анзаардаг, ажигладаг болж, зарим зүйлсийн учрыг ойлгох болсон цагаас гэх юмуу, миний мэдэхийн 2000 оноос хойш энэ Дархан-Шарын гол хоорондын замын асуудлыг сонгууль бүрээр ярьж, улс төр хийж байна. Гэтэл одоо хүртэл бахь байдгаараа. Өнгөрсөн зун найман км шороон зам л сайжруулж тавьсан байна билээ. Яахав хүний хэрэндээ хийж байгаа ажлыг бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ стратегийн ийм чухал замд анхаарлаа хандуулахгүй ингээд байж байгаад харамсах юм. Тэгсэн атлаа хэдэн байшин будаж, хашаа хайс хатгаснаа, таван мод тарьснаа сурталчлаад л... Уг нь энэ чинь нэг СӨХ-ын даргын л хийчих ажил биз дээ. Шулуухан хэлэхэд, жаахан ичмээр юм. Манай Шарын голчуудын олонх нь үүнд үнэндээ хууртаад л байх юм. Шарын голыг Дархантай, угтаа зах зээлтэй холбодог энэ зам Шарын голын цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой. Ийм чухал стратегийн гарцыг хайхрахгүй олон жил боллоо. Шороогоор цаг орчим явдаг энэ зам асфальт болчихвол, юу байхав 20-30 минут л явна. Ингэснээр Шарын голын орон сууц, үл хөдлөхийн үнэ өснө, Шарын голын залуучууд Дарханд ажиллах боломжтой болж, иргэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад ч хүндрэлгүй болно. Мөн аялал жуулчлал, ногоон бизнес гэх мэт олон том төслүүдийг эхлүүлэх боломжтой. Энэ мэт маш олон хөгжлийн таатай боломжууд энэ замыг дагаад гарч ирнэ. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг, төрийн төсөв санхүү ямар хэмжээнд өсчихөөд байгаа билээ. Ийм үед аймаг, сумын дарга нар илүү том зорилго тавьж, алсыг харж ажиллах ёстой. Арай л өөрөөр ажилламаар байна. Аль алс хязгаарт байгаа нэг сумыг хөгжүүлэх гэж байгаа юм шиг л яриад, иргэд ээ хуураад л байх юм.

ОДОО ШАРЫН ГОЛЧУУДЫН АМЖИРГААНЫ ГОЛЛОХ ЭХ ҮҮСВЭР ЮУ БАЙГАА ВЭ?

- Уг нь манай Шарын гол их онцлогтой сум шүү дээ. 1961 онд шав тавихаас уурхайн хот гэдэг байсан. Дэд бүтэц, инженерийн байгууламж, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг гээд юм юмтай. Соц нийгмийн үед дийлэнх иргэд нь Шарын голын уурхайдаа ажиллаж, амьдардаг байлаа. Гэвч хувьд шилжсэнээс хойш тус байгууллага жил ирэх тусам ажилчдаа багасгаж, цомхотгосоор анх 1000 гаруй ажилтан, ажиллагсадтай байсан бол 2007 онд намайг ажиллаж байхад лав 350 орчим болсон байсан. Ер нь жилээс жилд цөөрч байгаа. Тэгээд уурхай дагасан хэдэн байгууллага, төрийн алба, сургууль цэцэрлэг. Бас хамаг шим шүүсийг нь “сорж” байдаг Шарын голыг тойрсон янз бүрийн уурхайн компаниуд, тэдэнд улам бүр шахагдаж амьдрах аргагүй болж, цөөрч байгаа хэдэн малчид байна. 

ШАРЫН ГОЛ НЬ УУРХАЙН ТОСГОН УЧРААС УУЛ УУРХАЙ, БАЙГАЛИЙН БАЯЛГАА АШИГЛАЖ АМЬДРАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ ГЭЖ ЗАРИМ ХҮМҮҮС ҮЗДЭГ ЮМ БИЛЭЭ. ТА ЭНЭ ТАЛААР ЯМАР БОДОЛТОЙ БАЙДАГ ВЭ? 

- Наадах чинь яг л манайхны нөгөө “Оюу толгойтой бол...”, “Оюу толгойгүй бол...” гээд хэрэлддэг шиг л юм. Би түрүүнд дурьдсан. Шарын гол бол өөрийн гэсэн онцлогтой, хангалттай дэд бүтэц, инженерийн байгууламж нь шийдэгдчихсэн газар. Монголын бусад сумдтай харьцуулахад хамаагүй хөгжсөн. Мөн соёл, боловсролын байгууллагууд нь ч бэхэжсэн, хамгийн том давуу тал нь боловсон хүчний маш чадварлаг нөөцтэй, ард иргэдийнх нь соёл, хандлага илүү хотожсон. Монголын спортод Шарын голын хоккей, сагс, хөл бөмбөгийнхөн манлайлдаг. Бас уурхайн шилдэг инженерүүд эндээс л төрдөг. Бүр “Шарын голын инженергүй бол уурхай, уурхай биш” гэсэн яриа байдаг шүү /инээв/. Тиймээс, бид зөвхөн уул уурхай гэхгүйгээр Шарын голыг бүх талаар, тэр дундаа Дархан-Уул аймгийн спорт, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх боломж бий. “Скай ресорт” шиг цанын бааз, өвөл зуны спортын төвтэй болчихвол аялал жуулчлал хөгжинө. Үүнд зам маш чухал. Мөн нь нутаг минь ямар сайхан хангай билээ. Уул, ус, цэцэг, навч, жимс бүхэн алагласан үзэсгэлэнтэй сайхан газар олон бий. Харамсалтай нь одоо уулын ам бүхэнд нь хэдэн техник зоочихоод, нууцаар алт ухаж байна. Уг нь энд жимс, жимсгэний аж ахуй хөгжүүлж болмоор л байгаа юм. Гэтэл одоо харалган дарга нарын балгаар ухсан нүхээр л дүүрч байна. Шарын голын урсгал улам бүр багасч, зарим жилд бүр тасарч байгаа. Сумаа тойруулаад ухаж байсан бол одоо бүр сумынхаа төвд, ус ундныхаа эхийг ухдаг боллоо. Тахилгат Дархан уулынхаа энгэрт хүртэл ухчихсан. Тэгсэн атлаа нэг л их сүрхий жил болгон Дархан уулаа тахиж байна гээд, юу ч үгүй болчихсон шороон дээр нь “Бороо оруулаад өгөөч” гээд л мөргөөд байдаг. Ийм байж болохгүй ээ. Дэлхий нийт “Ухаж биш Ургуулж” хөгжихийг зөв гэж байхад. Тархинд ямар бодол байна, гар түүгээрээ хөдөлдөг гэдэгсэн...

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭР ХУРАЛДААНЫ ҮЕЭР БИЧИЛ УУРХАЙЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЭД ХҮМҮҮС ИРЧИХСЭН, МАНАЙД ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙ ҮЛГЭР ЖИШЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭЭД БАЙСАН? 

- Хэн мэдлээ. Шарын голд бичил уурхай эрхэлж байгаа тэр хүмүүсийг Шарын голчуудын өмнө зогсоож байгаад “Эд үнэхээр байгаль орчныг нөхөн сэргээхийн төлөө ажилладаг уу, эсвэл бичил уурхай нэрээр алт ухаж, уул ус сэглэдэг үү? гээд асуувал бараг чулуугаар шидүүлэх байх шүү. Тэдний хэн нь, хаана, хэдэн жил, юу ухаж явсныг Шарын голынхон бүгд мэднэ. Аймгийн төвийнхөн юугаа мэддэг юм гээд ярьж явдаг гэсэн. Би бол заримыг нь эцэг, эх, үүх түүхтэй нь мэднэ дээ.

ЗА ЯАХАВ, САЙНААР БОДЪЁ Л ДОО. БИЧИЛ УУРХАЙГ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД БАЙЛГААД, ХУУЛЬ ДҮРМИЙГ НЬ ЧАНГАТГААД, АЖИЛГҮЙ БАЙГАА ИРГЭДЭЭ АЖЛЫН БАЙРТАЙ БАЙЛГААД БАЙХ НЬ ТИЙМ ДЭМИЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮҮ? 

Хуулинд “эс үйлдэхүй” гэж нэг ойлголт байдаг. Эх нь хүүхдээ хөхүүлэхгүй байсаар байгаад үхүүлчихвэл үүнийг “эс үйлдэхүй” хэмээн зүйлчилж, ялладаг. Үүн шиг, үр дагавар нь ард иргэдийг нь хохироож, амьдрах аргагүй болгосоор байхад, бүх байгалийн баялгийг нь хайр найргүй ховх сорж, газар нутгийг нь сэглэж байхад, байгаль экологийнх нь тэнцвэр алдагдаж гол ус нь ширгэж байхад, харсаар мэдсээр байгаа атлаа “Манай энд бүх зүйл зохистой байгаа. Жигтэйхэн сайхан ажилладаг үлгэр жишээ бичил уурхайтай” гээд байвал, энэ юу вэ? Энэ бол түрүүчийн хэлдэг “эс үйлдэхүй” юм. Сэглэгдэж орхигдсон уул ус, түүний нөлөөллөөр булингартаж тасарсан, бүр ширгэж алга болсон гол горхинуудын тоо тоймоо алдлаа. Энэ бүхнийг дагаад Монголчуудын, Дарханчуудын, Шарын голчуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж улам бүр хумигдаж байна. Өнгөрсөн 20,30 жилд бид хичнээн хэмжээний газар нутгаа сүйтгүүлэв, хичнээн ой, гол усаа үгүй болгов. Тэгээд хичнээн хүнийг ажилтай, орлоготой болгож аж амьдралыг нь дээшлүүлэв? Бод доо... Тиймээс, би бол үүнд мөнхийн эсрэг байр суурьтай байх болно. Бичил энэ тэр гэж гоё нэр өгсөн ч бай, үгүй ч бай ерөөсөө л энэ бүхнийг одоо болъё. Нэг нь, нэг их хүн ажилтай болгосон харагдах гэж, нөгөө нь нөхөн сэргээсэн болж аргацаах гэж... Харин одоо манай дарга нар ард иргэдийнхээ төлөө, энэ газар нутгийн төлөө, байгаль, уул усыг нь хамгаалахын төлөө юу хийснээ тайлбарлах цаг болсон. “ДарханУул аймагт уул уурхайн ямар ч асуудал байхгүй, зохистой түвшинд байгаа” гээд хээв нэг хэлээд зогсч байна билээ. Аймгийн Засаг дарга та ингэж хэлээд зогсож байгаагаасаа ич. Ичих багадна шүү. Харин бүр огцроод, чимээгүй явах хэрэгтэй.

ТА АН-ЫН ГИШҮҮН. БҮР ЗҮГЭЭР Ч ҮГҮЙ НЭЛЭЭН ИДЭВХТЭЙ ГИШҮҮН НЬ. ТИЙМЭЭС ЗАРИМ ХҮН ТАНЫ ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГУУД, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЖ БУЙГ ГАНБОЛД УЛС ТӨРЖИЖ БАЙНА ГЭХ НЬ БИЙ. ТУХАЙЛБАЛ, ТА ДАРХАН-УЛААНБААТАРЫН ЗАМЫН АСУУДЛЫГ ХЭД ХЭДЭН УДАА ХӨНДӨЖ, ПАРКИЙН ГАЗРЫН АСУУДЛААР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ БАЙСАН. ТЭГВЭЛ, ИНГЭЖ ХАРЖ, ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХАНДАЖ ЮУ ХЭЛЭХ ВЭ?

- Тэр хүмүүсийг буруутгаад юүхэв. Ер нь залуус, улс төрч болчихье, улс төр хийчихье гэж эхэлдэггүй л дээ. Манай үеийнхэнд лав тийм юм байгаагүй. Болохгүй зүйлийг хараад дуугүй өнгөрчихдөггүй, боломжийн зүйлийг нь илүү сайжруулчих юмсан гэсэн залуу насны эрч хүч, хувь хүний онцлог, бас хүмүүжлээс л эхэлдэг байх. Миний хувьд ч тийм. Бусдад хэрэгтэй юм хийчих юмсан, мэддэг чаддаг, сурсан мэдсэнээ сум орон нутагтаа зориулчих юмсан, нийгмийн идэвхитэй байя, залуучуудынхаа өмнөөс дуу хоолой болье гээд л явж байсан. Ер нь, улс төр гэдэг тодорхой түвшинд нийгмийн асуудлуудыг хөндөж, олон нийтийн төлөө сайн дураараа, идэвхи оролцоотой байгаа л үйлдэл юм. Тэгээд ганцаараа хийж чадах юм байна, заавал олны хүчээр ч хийх юм байна. Тиймээс үзэл бодол, зорилго нэгтэй хүмүүстэйгээ нийлнэ, нэгдэнэ. Хамтдаа дуугарна. Ингэж явсаар байгаад л энэ яриад байгаа уруу орчихож байгаа юм. Яахав дээ, өнөөдөр нам улс төр “баба” л гэж байна. Гэхдээ, залуус маань бас бодох хэрэгтэй. Хэрэв чи, урдах ажлаа хийгээд, хүүхдээ цэцэрлэгтээ хүргэж, орой аваад, гэр ажлынхаа хооронд ямар ч илүү үйлдэл хийхгүйгээр амьдарч, тэгээд тэрийг чинь чамд “Мөрөөрөө”, “Сайн залуу” гэж ойлгуулаад байгаа бол, наана чинь нэг л зүйл буруу байна. Хажуу айлийн чинь хүүхэд хүчирхийлэлд өртөж, хамаатны чинь хүн хавдраар үхэж, найз нөхдийн чинь бизнесийг элдэв, авилга татвараар хавчиж байхад, чи “хайр түгээцгээе” гэх гоё пост шэйрлэж, соёлтой царайлан, аятайхан нэртэй явах гээд яах юм. Нэг л өдөр тэр бүх эрсдэл танай хаалгыг тогшино. Тиймээс зүгээр хүлээгээд суугаад байж болохгүй. Харин ч цаг алдалгүй өөрчлөх ёстой. Тэгж чадвал та, бидний ирээдүй, үр хүүхэд, энэ нутаг усанд маань хэрэгтэй. Тэгэхээр үүнийг улс төржиж байна гэнэ үү, яана гэнэ, тэр хүний асуудал. Гэхдээ, эцэст нь хэн хожиж, юу болоод байгаад л анхаарлаа хандуулаарай. Таны өмнөөс шийдвэр гаргах бүх эрх мэдлийг авсан тэр хүмүүс, таны биш, өөрийнхөө л амьдралыг сайжруулаад байвал, тэгээд тэрийг нь шүүмжилж хэлсэн хэн нэгний эрхийг хязгаарлаж, ямар нэгэн хууль шүүхээр “айлгаад” байвал энд нэг л юм буруу байна...

2020 оны хоёрдугаар сарын 03

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (192.82.72.62)
    Nasanbatiin golchgiinuud ENhbat , Amaraa,Chagnaa gesen pizdanuudaa ta nart darhand gishgeh gazar oldohoo bolinoo
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.2)
    аймагын ЗДТГ луйвалчидаар дүүрсэн нь үнэн шд. тэр буянбат батсүх нарын хулгай дийлдэхээ байлаа.сургууль цэцэрлэг бариад засагт шахчихдаг
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Сайн залуу шүү манай Батлавын хүргэн байна ш дээ
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Баагий (202.9.46.148)
    Насанбатын тойрон хүрээлэгчид үхэх нь ээ. Их л айдастай байгаам байна. Энэ залуу эмүэг цэгийг нь олж хатгаж дээ. Нэр дэвшчих бий гэж их айж байна. Залуу хүн мохож болохгүй шүү
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Nasanbat zail (202.55.188.35)
    altnii buleglel ni unen shdee manai hongoroor toglood duussan
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • enhtuya (202.55.188.35)
    Отгонбаяр багшийн хүү байшдээ. Ээж шигээ их шударга хүүхэд дээ
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Их л олон эхнэр сольсон худлаа гардаа Дашуудтайгаа адилхан таарсан таар шуудай хүн муулахыгаа л улс төр гээд бодчихсон амьтандаа хөөрхий амьдрал нь тэр байхдөө өрөвдчихлөө
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
    • Урнаа(202.21.107.253)
      өө хөөрхий яадаг юм бол авгай нь хаячихдаг юм болов уу. нөгөө ажилдаа нойль байх л даа чааваас
      2020 оны 02 сарын 07
    • (203.91.115.40)
      Олон биш 3 г л сольсон ш дээ
      2020 оны 02 сарын 07
  • Батнаа (202.55.188.35)
    За ер нь бараг л хэлж дээ! Насанбат гэж золбин хужаа зайлж үзээсэй!
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.161)
    Шарын голын ард иргэд 1990-ээд онд ямар байсан нутаг одоо ямар байдалтай болсныг хараад бүгд л мэдэх байх. Одоо хааяа нутаг орноороо очихоор гаднаас хүн дагуулж очихоос нүд хальтармаар болсон байна лээ. Аргагүй төрж өссөн нутаг минь, аав ээжийг минь оршоосон газар, ах эгч нар нар минь амьдардаг болохоор очихоос өөр аргагүй л юм даа. Амарсанаа та орон нутгийн удирдлага юм бол орон нутагтаа алт ухахаас өөрөөр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх талаар ажил хийгээч гэж хэлмээр байна.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Аси (202.126.88.132)
    Өөрөө яг Нийгэмд юу хийж бүтээсэн бэ Дашуудын гар хөл болж хэлд оржээ Сонгуул дөхөхөөр хэн дуртай нь солиордог болж дээ Чамайг Шарын гол төрж өссөнийг чинь мэднэ гэхдээ юу хийж бүтээснийг чинь мэдэхгүй юм байна шүү.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
    • (202.126.89.161)
      Юу хийж бүтээх боломж олгосон бэ. Залуу үеийг нухчин дарж, хөгшин бурхинуудаа сонгочихоод дараа нь муулахаас өөр юу хийсэн бэ та.
      2020 оны 02 сарын 07
  • Suk (202.126.88.132)
    Зоргоороо чалчдаг болжээ энэ бацаан. Дашуудын түрүүний бөөс бөлдөгний үзүүр чинь
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
    • Иргэн(59.153.87.167)
      Тэнгэрэлийн эхний шат нь гэнэт өөрийн дураар чальчиж каф авдаг. Өөрийгөө дөвийлгөж бусдын амжилтыг доош хийхээр улайран дайралт, үгсэн хуйвалдаж юу ч хийхээс буцахгүй... улангасагч сонгууль өнгөрөөд хар нүхрүү орсон мэт алга болоод сонгууль дөхүүлээд энхийн цагаан тагтаа ингээд нисээд байнадаа
      2020 оны 02 сарын 07
    • Зочин(59.153.87.167)
      Энэ нөхөр Батловын хүргэн юмуу хэд дэх эхнэр нь юм брл. Сонгууль дөхөждээ энэ ийм үёд гарч ирдэг. Хотод ч ажилд орж гарч хашгирч явдаг хэрүүлч гөхөр өөрөө хэцүү хүндээ...
      2020 оны 02 сарын 07
    • Дарханчууд(202.126.89.17)
      Хаянгийн бөлдөгнүүд боож үхэх нь ээ.та нарт бөлдөг баас л олдоно
      2020 оны 02 сарын 07
  • Цээгий (202.21.107.253)
    Яг үнэндээ чиний Дашууд Дарханд хэдэн урвагч нарыг мөнгөөр хахуулдаж байгаад урвуулж Насанбатыг огцруулаад 8 сар засаг барихдаа хамгийн байршил сайтай үнэ бүхий 102 газрыг хувааж аваад одоо Дарханаар дүүрэн хэдэн зуун саяар үнэлэгдэх газрын наймаа явагдаж байгааг юу гэх вэ. Чи тийм шударга амьтан уу, чи аймгийн Халамжийн газрын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө идэж эрүү үүсгэгдэн шалгагдаж явахдаа олон хүнийг царайчлан гуйж хэргээс мултарснаа мартаа юу. Дашуудын сайтад хэлсэн ярьсаныг чинь харахад хардлага сэрдлэгээр дүүрэн, өөрөө но той хүн хамгийн их бусдыг харддаг юм шдээ бандиа.Насанбат бол сүүлийн хэдэн жилд дарханд байгаагүй их ажил амжуулж бүтээн байгуулалт хийсэн хүн. Чи паркийн газрыг бас ингэж улс төржүүлсээр байгаад гацааж цаад дархан минж компанийг мохоож төслийг унтраасан нүгэл гэм чинь багадаагүй шүү. Хэрвээ тэр төсөл хэрэгжсэн бол Дарханчууд хүүхдийн паркаа жинхэнэ утгаар нь хөгжихийг харах байлаа. Яахав сонгууль дөхсөнийг ойлгож байна гэхдээ дарханчуудад бага гай бол жамсрангийн ганболдоо
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
    • Дархан(202.126.89.17)
      Насанбатын бөөснүүд боож үхэх нь ээ
      2020 оны 02 сарын 07
  • Ж.Ганболд гэгч энэ этгээд Шарын голд нэр дэвших даалгавар Дашуудаасаа авсан бололтой. Шарын голоор сүүлийн хэдэн сар занималдаж байна. (202.21.107.253)
    Цээгий
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
4351   20
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг