Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2020-02-08

О.БАЙГАЛМАА: Хайрыг хэн илүү бүтээж байна, түүний амьдрал утга учиртай болдог

 “Гоо үзэсгэлэнгээс гадна ухаан цогцолж байж эмэгтэй хүний сайхан бүрдэнэ" хэмээн нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай нэгэнтээ дурьдаж байсан. Өөрийн яриа, намба төрхөөрөө энэ үгийн утгыг илтгэсэн О.Байгалмаа хэмээх эгэл жирийн залуу бүсгүйн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

“ХҮН ӨӨРИЙГӨӨ ОЛОХООС ИЛҮҮ БҮТЭЭХИЙГ ХИЧЭЭХ НЬ АМАР” ГЭЖ ХЭН НЭГЭН ХЭЛСЭН БАЙДАГ. ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭСЭН БАЙГАЛААГ ТОДОРХОЙЛООЧ ГЭВЭЛ..? 

- Өөрийгөө бүтээсэн гэхээсээ өөртөө үнэнч байх гэж хичээж ирсэн гэж ойлгох нь илүү үнэнд ойрхон байх. Багадаа хэтэрхий шудрага хүүхэд байлаа. Тавдугаар ангид болсон явдлыг санаж байна. Сургуулиас шилжих үедээ ангийн хүүхдүүдээс зээлсэн мөнгөө заавал буцааж өгөх хэрэгтэй гээд хэн хэнд, хэдийг өгөхөө цаасан дээр бичээд ээждээ өгч явуулж байв. Нөгөө хүүхдүүд маань зээлсэн мөнгөө яг л шагнал гардаж байгаа аятай авсан гэдэг. Тэр үед багш маань “Энэ бол та нарт үнэнч шудрага байхын үлгэр дуурайллыг харуулж байна. Найз чинь та нартай дахиад уулзахгүй ч гэсэн та нараас авсан зүйлээ буцаагаад өгч байна гэдэг маш том үнэт чанар шүү” гэж хэлсэн гэсэн. Том болох тусам өөртөө ч, бусдад ч шудрага байх нь их чухал зүйл юм байна гэдгийг ойлгож, үүгээрээ илүү өөрийгөө бүтээхийг зорьж ирлээ. 

Үүнд мэдээж гэр бүл их чухал нөлөөтэй. Ээж аавын гаргаж байгаа жижиг гэлтгүй үйлдлийг хараад энэ миний төлөө гэж бодохоор агуу санагддаг. Өөрийгөө их хайран дунд өссөн юм байна даа гэж боддог. Эргээд тэр хайрыг бусдад түгээхийг хүсч байна. Миний амьдралын төв нь хайр гэж боддог учраас хийж байгаа ажилдаа ч сэтгэлээ шингээгээд, хүмүүстэй харилцахдаа ч сэтгэлээ шингээж, эргэн тойрны хүрээлэлдээ сайныг үлдээх юмсан, сайхныг бүтээх юмсан гэж сэтгэл зүрхэндээ бодож явдаг.

ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ БУСДААС СОНССОН ЯМАР ҮГ ХАМГИЙН САЙХАН БАЙСАН БЭ? ЭСВЭЛ ЗӨВЛӨГӨӨ Ч ЮМУУ?

- Хичээлийн сүүлийн өдөр багшийн хэлсэн үг санаанаас гардаггүй юм. “Та нар одоо нэг даваагаа давчихлаа. Дараа дараагийн даваанууд та нарын өмнө гарч ирнэ. Гэхдээ тэр мөчид өнгөрсөн, давж туулсан тэр даваанууд чинь ямар хялбар байсан бэ гэж бодогдох болно. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам та нарт ирэх даваанууд илүү хариуцлагатай, илүү өргөн цар хүрээтэй, илүү сорилтоор дүүрэн байх юм шүү. Энэ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд болж өнгөрсөн сорилтууд та нарын дараагийн том зүйлийг бүтээх суурь байсан юм гэдгийг дандаа бодож яваарай” гэж хэлсэн. Хэцүү даалгавар авах үедээ энэ үгийг санадаг. Сайн багшийг мартаж болохгүй. Ер нь хүсч явдаг зүйлсийг минь хүмүүс илэрхийлээд хэлчих үед, нээрээ л би тэр зүйлийнхээ дагуу явж, түүнийгээ тодорхой хэмжээнд харуулж байгаа юм байна гэж бодож эрч хүч авдаг шүү.

“САЙН БАГШИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ ХЭЛЛЭЭ. ЧИНИЙ САНААНААС ГАРДАГГҮЙ, АМЬДРАЛД ЧИНЬ МАШ ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ТИЙМ ХҮН БАЙДАГ УУ?

- Би зөв сайхан зүйлийг хийж, бүтээж байгаа хүмүүсээс урам авдаг. Бас нэг юманд хязгаарлагдахыг хүсдэггүй. Хүн бүхэнд сайн чанар байдаг. Энэ хүний хамгийн сайхан чанар нь юу вэ гээд харахаар гараад л ирдэг. Тэр чанар надад байхгүй бол суралцъя гээд аливаа зүйлээс аль болох эерэг талыг нь олж харахыг хичээдгээ.

ЧИ САЙН ДУРЫН АЖЛЫГ НЭЛЭЭДГҮЙ ХУГАЦААНД ХИЙСЭН. ТЭНДЭЭС АВСАН МЭДРЭМЖ, ҮНЭ ЦЭНЭ, БАС ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААЧ?

- Сайн дурын ажилд оролцоод бараг есөн жил болж байна. Энэ зүйл намайг нийгмийн харилцаанд илүү гүн орж, манай нийгэмд ямар асуудлууд байгааг олж харах хөшүүрэг болсон. Эргээд харахад хийж байсан ажлууд маань хүүхдийн боловсрол мөн байгаль орчны асуудлууд руу илүү чиглэж байж. Байгаль орчин, боловсрол гээд эдгээр салбаруудад том зургаар нь харвал эцсийн дүндээ хүмүүсийн хандлагыг өөрчлөх зүйлс хийж байсан. Зориглоод хийж байсан зүйлс маань тодорхой хэмжээгээр үр дүнд хүрч чадсан гэж боддог. Цаашдаа ч үүнд өөрийн чадахаараа хувь нэмрээ оруулсаар байх болно. Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамж гэвэл, анх гэр хорооллын хүүхдүүдэд номын сан байгуулж өгөхөөр хандивын аян зохион байгуулж, айлуудаар явж ном цуглуулж байсан юм. 12 давхар орон сууцны айл бүрээр орж явсаар их олон номтой болоод даахгүй, их ядарчихсан байсан ч гоё зүйл хийж байгаа шүү гэж бодоод урам авч байсан.

Мөн бусад улсын соёлоос суралцах, өөрийн улсын өв соёлоо танилцуулах "Дэлхийн хүн-3" богино хугацааны сорилтот хөтөлбөрт хамрагдаж таван орноор аялсан. Тэнд л боловсролын үнэ цэнийг хүчтэй мэдэрсэн дээ. Азийн өндөр хөгжилтэй улс орнуудад явж байхдаа, манай улс яагаад ийм биш байгаа юм гэж атаархаж, бас өөрийгөө голох мэдрэмж төрж байсан бол манайхаас хөгжил буурай улсад очоод улс маань хөгжих гээд явж байгаа юм байна, хөгжүүлэх хүмүүс нь бид учраас хичээх хэрэгтэй юм байна гэж ойлгож, үүнд боловролын ялгаа ямар чухал байгааг мэдэрч байсан.

Ер нь сайн дурын ажил хийснээрээ миний олж авсан хамгийн том зүйл бол эерэг хандлага.

Хүмүүс надаас "Чи яаж дандаа ийм эерэг байдаг юм бэ. Дандаа ийм байх хэцүү?" гэж асуудаг. Миний хувьд бол энэ нь надад байх ёстой зүйл гээд ойлгочихсон болохоор тэгж асуухаар эхэндээ их гайхдаг байлаа. Гэтэл эерэг хандлага гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс их олон байдаг юм билээ. 

БОЛОВСРОЛ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ИХ АНХААРЛЫН ТӨВД БАЙДАГ. ҮҮНД ЧИНИЙ ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ, ЖИЖИГ Ч ХАМААГҮЙ АЛХАМ ЮУ ВЭ?

- Эргэн тойрны хүмүүстээ өөрөөрөө үлгэрлэх хэрэгтэй гэж боддог. Энэ хоёр салбарын асуудал нь тусдаа зүйл биш хоорондоо ч уялдаатай. Зөв хандлагатай, боловсрол мэдлэгтэй хүн байгаль орчинд ямар нэгэн хор уршиг тарихгүй. Энэ хогийг хаях нь ямар хор уршигтай вэ гэдгийг мэддэг хүн болж төлөвшинө.

ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШИХ ДУРТАЙ ВЭ? 

- Ихэвчлэн хүмүүсийн намтар, түүх унших дуртай. Одоо уран зохиолын номтой хослуулж уншиж байна. Санаанд орж байгаагаас “Сайнаас агууд дэвшихүйномын хэсгээс хуваалцвал энд ‘сод ухаантны загвар’-ын тухай өгүүлдэг. Ямар ч компани, баг, хамт олон бүгд тэгш оролцоотой байх ёстой. Нэг хүн давамгайлж оролцоод, түүний үзэл санаа даваад ирэхээр тэр хүн байхгүй үед бусад нь тэнцвэрээ алддаг гэсэн санааг хэлсэн байдаг. Эндээс тэгш оролцоо чухал гэдгийг ойлгосон. Мөн "зараа концепци" гэж бий. Үнэг олон зорилго руу үсчиж явдаг бол зараа нэг л зорилго дээр төвлөрдөг гэдэг. Ер нь, ном унших нь "тархины түгжээгээ мултлах" шилдэг арга гэдэг шиг, хүмүүстэй сайхан ярилцах нь хүний сэтгэлийн ‘түгжээ’-г ч мултална гэж боддог.  

СҮҮЛИЙН ҮЕД АЯЛАЛ ЧИНИЙ САЛШГҮЙ ХЭСЭГ БОЛЖ БАЙГАА ГЭСЭН? 

- Аялал өөрийгөө болон бусдыг таних боломжийг олгодог. Хэцүү нөхцөл байдал тулгарна бас сайхан зүйлс ч тохионо. Аялсан туршлагуудаа бодоод үзэхээр, би ямар сэтгэл хөдлөл гаргаж байв эсвэл хэцүү нөхцөлд хэрхэн арга эвийг нь олж, шийдвэр гаргаж байв гэдгээ олж харах шиг санагдсанАялж явахдаа эх орноо хайрлахын үнэ цэнийг ухаарч, эргэн тойронд байгаа хүмүүстээ тэр үнэ цэнийг түгээж, зөв нөлөөллийг бий болгож байгаа нь энэ аяллын хамгийн том үр дүн гэж харж байгаа.

ОДОО ХААШАА АЯЛМААР БАЙНА? 

- Зөндөө олон газар байна. Ойрхон газраа бид нэг их анзаардаггүй юм шиг байна. Холд тэмүүлээд байдаг ч ойр очмоо ч танин мэдэх нь чухал гэдгийг ойлгосон. Тиймээс ойрын хугацаанд эргэн тойронд байгаа газрууд руугаа аялж, яг хажуудаа байгаа зүйлсээ мэдрэхийг хүсч байна. Бид амьдарч байгаа газраа мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй. Жишээ нь хот бол бидний гэр.

ЧАМАЙГ ХАЙРЫН ТУХАЙ ИХ ЯРИХЫГ АНЗААРЛАА. ӨМНӨ НЬ “АМЬДРАЛЫНХАА ТӨВИЙГ ХАЙР ГЭЖ БОДДОГ” ГЭЖ БАЙСАН. ХАЙРЫН ТУХАЙ ЯРИАЧ?

- Амьдралын утга учир их эд хөрөнгө, эрх мэдэлтэй болохоос илүүтэй хайрыг хэн илүү бүтээж байна тэр хүн л илүү утга учиртай амьдардаг юм шиг санагдсан. Миний ээж бол хайрыг их түгээдэг, хайр дүүрэн хүн. Тэр шинж чанараас нь суралцдаг. Нөгөө талаасаа сайн дурын ажил хийж байхад хүнд хэцүү зүйлс тохиолдож байсан ч тусалж байгаа хүмүүсээ гэх хайр байсан учраас л хийж чадсан болов ууХүмүүс хайр гээд ярихаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн, эсвэл ээж аавын хайр гэж ихэнхдээ өрөөсгөл хандаад байдаг. Гэтэл үүнд хүнээс гадна эд зүйлсээ, оршин байгаа цаг хугацааг ч хайрлах орно. Хийсвэр юм шиг сонсогдож байгаа ч бодитой болгоё гээд харангуут тэр нь ямар нэгэн үйлдэл болоод гарч л байдаг зүйл. 

Хүнийг хүн хэвээр байлгаж байгаа зүйл хайр л байдаг шүү дээ.

Тэгэхээр эргэн тойрондоо хайрыг түгээдэг хүн байхыг хүсдэг. Сайхан үг хэлж байгаа нь ч тэр хүнийг хайрлаж байгаагийн илрэл юм шүү.

ЧИНИЙ ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГЭЭР ЯРИАГАА ӨНДӨРЛӨЕ?

- Эргэн тойрон байгаа зүйлсээс сайн сайхан, гэрэл гэгээг олж харахгүй байвал өөрөө тэр гэрэл нь байгаарай

энэ үг их гоё санагддаг. Өөрөөсөө гэрэл гэгээг цацруулж байгаарай.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR MAXWELL M (127.0.0.1)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL M
    2021 оны 06 сарын 04 | Хариулах
  • Ээж Булгамаа (66.181.161.56)
    Сайн бна миний охин үргэлж гэрэлтэж яваарай сайхан ярилцлага болжээ ээжнь үргэлжид охины дэмжиж байдагшүү
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
614   2
НИЙТЭЛСЭН: Б.Батчимэг