Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-10

ШИНЭЧИЛСЭН ХАМГААЛАЛТЫН ЭЛЕМЕНТ БҮХИЙ МӨНГӨН ТЭМДЭГТҮҮДИЙГ ГҮЙЛГЭЭНД ГАРГАНА

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20.000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо.

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон гурван хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20.000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм.

Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргана. 

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Монгол банк

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
416   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan