Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-10

Дархан-Уул аймгийн Засаг Дарга С.Насанбат та тайлбар ярилцлага өгнө үү!

Сүүлийн хоёр долоо хоногт Дархан-Уул аймгийн улс төрийн өнгө, нөхцөл байдлыг тодорхойлсон хоёр ч ярилцлага тус MyDarkhan.mn сайтад нийтлэгдэж, олон нийтэд хүрсэн.

Үүнд, аймгийн МАН-ын дэд даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр, хуйваалдааны шинжтэйгээр буулгалаа, Дархан-Уул аймгийн МАН-д шинэчлэл хэрэгтэй гэж үзсэн Дархан-Уул аймгийн МАН-ын Дэд дарга, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч Б.Батболдын “ХУУРАМЧ ЭВ НЭГДЭЛ ЗӨВХӨН АЖИЛ АЛБАН ТУШААЛ АВСАН УДИРДЛАГАД Л АШИГТАЙ” ярилцлага болон үзэл бодлоо илэрхийлж, хууль бус алт олборлолт, бичил уурхай тойрсон асуудлыг хөндсөний учир цагдаагаас дуудлаа хэмээн нийгмийн сүлжээнд тайлбар хийсэн иргэн Ж.Ганболдын “С.НАСАНБАТ ДАРХАНЧУУДЫГ УДИРДАХ БҮҮ ХЭЛ ТӨЛӨӨЛӨХ Ч ЭРХГҮЙ” ярилцлагууд  байсан.

Залуус, Дархан-Уул аймгийн Засаг Дарга С.Насанбатыг ёс зүйн хувьд аймаг төлөөлөх эрхгүй хэмээн буруутгахын зэрэгцээ, түүний зарим үйлдэл нь хууль зөрчсөн байж болзошгүй ба Дархан-Уул аймгийн иргэдийн зүй ёсны эрх ашгийн эсрэг хийсэн үйлдэл хэмээн үзэж буйгаа зарим тодорхой жишээгээр ярьсан юм.

Тиймээс бид мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэх үүднээс Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд эрх баригч намын дарга С.Насанбатаас тайлбар ярилцлага авахыг хүсч түүний \ЗДТГ-ын\ Хэвлэл мэдээллийн албанд хандаад байгаа. Гэвч одоогоор тодорхой хариу өгөөгүй байна. Иймд дахин нээлттэйгээр тайлбар ярилцлага авах хүсэлтээ ийнхүү уламжилж байна.

Ингээд та бүхэнд Дархан-Уул аймгийн МАН-ын дэд дарга асан Б.Батболд болон иргэн Ж.Ганболд нарын ярилцлагаас анхаарал татсан хэсгүүдийг дахин сануулан хүргэе.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, Аймгийн МАН-ын дэд дарга асан Б.Батболд:   

ХУУРАМЧ ЭВ НЭГДЭЛ ЗӨВХӨН АЖИЛ АЛБАН ТУШААЛ АВСАН УДИРДЛАГАД Л АШИГТАЙ

Та ярилцлагыг дахин бүрэн эхээр нь уншихыг хүсвэл дараах холбоосоор хандаарай

https://www.mydarkhan.mn/a/319

МАН, намыг муухай харагдуулж байгаа шудрага бус байдал, авилгач, албан тушаалтнуудаасаа салах гэж тодорхой ажлуудыг хийж байна. Гэтэл энэ бүхэн зөвхөн Улаанбаатарт биш, орон нутагт, манай аймагт ч байна...

 

Намын дарга маань тэгэхэд залуучуудыг яаж харлуулж, хэн ч биш болгож чадах вэ гэдэг маневрийг их мундаг хийсэн дээ. Одоо ч над дээр хийж байна. Энэ бол чадах юм нь...

Хүнийг ер нь эдийн засгийнх нь хувьд хамраар нь газар шаалгаж байгаад энэ хүнтэй яривал бууж өгнө, тэмцэл нь зогсч магадгүй гэж хардаг шиг байгаа юм. Тийм биш шүү...

 

“Түрийний бөөс толгойд гараад байна” гэдэг чинь юу гэсэн үг юм. Намд бид нас хүйсийн хувьд л ялгаатай болохоос биш намын бодлого барих түвшинд гараад ирсэн бол бие биенийхээ дуу хоолойг ижил түвшинд сонсож, ижил тэгш байх ёстой биз...

Үнэн. Утасных нь бичлэг ч байгаа. Хэвлэлийн албаны даргадаа “Оруулж болохгүй” гэж хэлж байна билээ. Бид тэгээд арга буюу гадаа хэвлэлийн хурал хийсэн. Яагаад, иргэдийг төлөөлдөг хүн НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН дотроо ороод, өнөөдөр явж байгаа төсөв санхүү зөв яваад байна уу, буруу хөрөнгө оруулалт хийгдээд байна уу, гүйцэтгэл нь ямар шатандаа байгаа юм, зогссон бол яагаад зогсов, шалтгаан нь юу байв гэх мэтийг мэдэж чадахгүй байгаа юм...

 

Миний ажлыг намын хорооны энэ хурал хангалттай сайн гэж дүгнэсэн шүү. Тэгсэн атлаа тэр ажлаа сайн хийсэн хүнийг даргатайгаа таарахгүй байна гээд чөлөөлчихсөн. Уг нь логикоор бол ажлаа сайн хийсэн хүн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх ёстой биз...

 

 

Мэдээлэл маш дутуу байна. Хамгийн их хуралддаг хурлын тэргүүлэгчид ч бүрэн мэдээлэлтэй биш байна. Ийм байхад улиралдаа, магадгүй хагас жилдээ хуралддаг төлөөлөгч нар ямар байх вэ. Бидэнд зөвхөн хуралдаан болохын өмнөхөн, тухайн хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд л мэдээлэл өгдөг...

 

Асуудал орж ирэхээр нэгэнт “хайрцаглачихсан”, энийгээ эвдэхгүй гэсэн хамгаалах зарчмаар л яваад байхаас биш, тусгаж аваад хүлээн зөвшөөрөөд өөрчлөх нь бага. За яахав, арван асуултаас нэгийг нь л хүлээж авах жишээтэй. Ерөнхийдөө гал унтраах маягтай...

Ер нь Засаг дарга яагаад иргэдийн хуралтайгаа ярихгүйгээр төсөв дээр амлалт өгчихдөг юм. Одоо энэ Хараагийн Дарь эхийн сүмийн хажууд байгаа Шашны сургуулийг байгуулахад 2017 онд төсвөөс 300 сая төгрөг гаргасан. Нэг өдөр Шашны төв, сургууль байгуулна гээд ороод ирсэн. Би шүүмжлэлтэй хандаж “Хүүе, даргаа шашны төв барьж байхаар худаг ус гэх мэт өөр үр ашигтай юманд зарцуулъя” гэхэд “Амлачихсан. Би чинь Дархан-Уул аймгийн Шашны төвийн тэргүүн” гэсэн. Гэтэл төр төлөөлж байгаа хүн яагаад нэг шашинд илүү үйлчлэх ёстой юм...

 

 

Иргэн Ж.Ганболд: 

С.НАСАНБАТ ДАРХАНЧУУДЫГ УДИРДАХ БҮҮ ХЭЛ ТӨЛӨӨЛӨХ Ч ЭРХГҮЙ  

Та ярилцлагыг дахин бүрэн эхээр нь уншихыг хүсвэл дараах холбоосоор хандаарай:

https://www.mydarkhan.mn/a/339

Бид хууль бус алт олборлолт, бичил уурхайн тойрсон асуултууддаа хариулт авах, мөн энэ талаар байр сууриа илэрхийлэхээр нийгмийн сүлжээнд шууд бичлэг хийсэн. Үүнийг С.Насанбат даргыг гүтгэсэн хэмээн үзэж, энэ нь өөр нэг сайт дээрх гүтгэсэн мэдээтэй таараад байна гээд цагдаагийн байгууллагад  өгсөн байна билээ...

 

Уг нь Дарханыхан, Шарын голынхон дунд энэ зэргийн ажлыг хийчих мэдлэг боловсролтой залуучууд зөндөө бий. Тэгэхэд яагаад заавал зөвхөн С.Насанбатын хүмүүс Шарын голд эрх мэдэл бүхий ажилд очоод байна! Үүнийг анзаарахгүй орхиж болохгүй...

 

 

Энэ хүн биднийг төлөөлж шийдвэр гаргадаг, бидний өмнөөс бидний эрүүл мэнд, амь нас, амьдарч буй орчин, эдийн засаг гээд, бүх зүйлийг хариуцах үүрэг хүлээж, эрх мэдлийг атгаж байгаа. Тиймээс шүүмжлүүлэх, бусдаар муу, сайн хэлүүлэх бол энэ албан тушаалтны хувьд хэвийн зүйл байх ёстой. Засаг дарга иргэдийнхээ үгийг сонсож, хийж буй үйл, үйлдэл, гаргаж буй шийдвэр, бүр эс үйлдэхүйгээ хүртэл Дарханчуудын өмнө тайлбарлах үүрэгтэй...

 

Шарын голыг Дархантай, угтаа зах зээлтэй холбодог энэ зам Шарын голын цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой. Ийм чухал стратегийн гарцыг хайхрахгүй олон жил боллоо. Шороогоор цаг орчим явдаг энэ зам асфальт болчихвол, юу байхав 20-30 минут л явна. Ингэснээр Шарын голын орон сууц, үл хөдлөхийн үнэ өснө, Шарын голын залуучууд Дарханд ажиллах боломжтой болно, иргэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад ч хүндрэлгүй болно...

Гэтэл одоо харалган дарга нарын балгаар ухсан нүхээр л дүүрч байна. Шарын голын урсгал улам бүр багасч, зарим жилд бүр тасарч байгаа. Сумаа тойруулаад ухаж байсан бол одоо бүр сумынхаа төвд, ус ундныхаа эхийг ухдаг боллоо. Тахилгат Дархан уулынхаа энгэрт хүртэл ухчихсан. Тэгсэн атлаа нэг л их сүрхий жил болгон Дархан уулаа тахиж байна гээд, юу ч үгүй болчихсон шороон дээр нь “Бороо оруулаад өгөөч” гээд л мөргөөд байдаг. Ийм байж болохгүй ээ...

 

Үр дагавар нь ард иргэдийг нь хохироож, амьдрах аргагүй болгосоор байхад, бүх байгалийн баялгийг нь хайр найргүй ховх сорж, газар нутгийг нь сэглэж байхад, байгаль экологийнх нь тэнцвэр алдагдаж гол ус нь ширгэж байхад, харсаар мэдсээр байгаа атлаа “Манай энд бүх зүйл зохистой байгаа. Жигтэйхэн сайхан ажилладаг үлгэр жишээ бичил уурхайтай” гээд байвал, энэ юу вэ? Энэ бол түрүүчийн хэлдэг “ЭС ҮЙЛДЭХҮЙ” юм...

 

Тиймээс одоо ард иргэдийнхээ төлөө, энэ газар нутгийн төлөө, байгаль, уул усыг нь хамгаалахын төлөө юу хийснээ тайлбарлах цаг болсон...

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.72.62)
    Avilgachin yu yarih ve dee alvilgadsan luivardsanaa l yarihgui bol...
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • Дарханы шударга иргэн (202.126.89.117)
    Хаянхярвааг зайлуулаанүй цагт Насанбат Амарсанаагийн гурвал алтаа ухсаар л байна шүү. Одоо дарханд алтаа цэвэршүүлдэг лабораторитой болсон. Алтанцэцг гээд авгайгаао бүх юмаа цэвэршүүлээд сууж байгаа явдлыг хууль хүчний байгууллага нуун дарагдууулсаар л байгаа
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
2180   2
НИЙТЭЛСЭН: MyDarkhan