Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-12

ЭНЭ ХАВАР ДАРХАНД 200 ТОНН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРНА

Махны үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, үнийг нэг түвшинд барих зорилготой нөөцийн мах бүрдүүлэх тендерт “Дархан мах эрдэнэ” ХХК шалгарч, 200 тонн мах нөөцлөөд байна.

Өмнө Засгийн Газрын 492 дугаар тогтоолоор батлагдсан “Мах хөтөлбөр”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” - үүдийн хүрээнд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг төвлөрсөн суурин газруудад нөөцийн мах нийлүүлэх санхүүжилтийг Засгийн Газар шийдэж, Дархан-Уул аймаг 700-800 тонн махны захиалгыг хүргүүлдэг байсан.

Тус хөтөлбөрүүдийн хугацаа дууссанаар Засгийн газраас суурин газруудын нөөцийн махны санхүүжилтыг бүрэн шийдвэрлэхээ больж, Дархан, Эрдэнэт хотууд хүн амынхаа хүнсний нөөцөд шаардагдах нөөцийн мах, түүний санхүүжилтийг өөрсдөө шийдвэрлэхээр болсон.

Хуучин журмаараа нөөцийн мах нийлүүлэгдэнэ гэх хүлээлттэй байсан Дархан-Уул аймаг бэлтгэлгүй байсны улмаас 2019 оны хавар нөөцийн махгүй өнжсөн. Тэгвэл энэ хавар Дарханчуудын хүнсний хэрэгцээнд гаргахаар 200 тонн махыг нөөцөлжээ. Энэ нь гурван сарын турш буюу 90 хоногт хүрэлцэхгүй хэдий ч нөөц боломжиндоо тулгуурлан ийнхүү бэлтгэлээ хэмээн Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд хэлж байна.

Нөөцийн маханд тодорхой үнэ тогтоогоогүй байгаа бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханшаас кг тутамд нь 1000 төгрөгөөр хямд худалдаанд гаргаж, зөрүү үнэ 200 сая төгрөгийг аймгийн төсвөөс урамшуулал болгон бэлтгэн нийлүүлэгчид олгох зохицуулалтыг хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл тухайн үед зах дээр махны үнэ хэд байна, түүнээс мянган төгрөгөөр хямдаар нөөцийн махыг зарах ажээ.  

Нөөцийн мах нийлүүлэх ажилд аймгийн төсвөөс нийт 210 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 10 саяыг нь махыг тараах, худалдах үйл ажиллагаанд зарцуулна гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
681   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan