Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2020-02-16

С.Өлзийхишиг: СЭТГЭЛ ЭРҮҮЛ БАЙХ НЬ БИЕ ЭРҮҮЛ БАЙХЫН НЭГЭН АДИЛ ЧУХАЛ

Инээднийхээ үнэ цэнийг мэддэг, хайртай хүмүүсээ ч мөн инээлгэхийг хүсч түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг, амьдралд хайртай хүний мөн чанар инээмсэглэл дээр нь илэрдэг. Чин сэтгэлээсээ инээмсэглэж чаддаг, өөдрөг С.Өлзийхишиг гэх залуу бүсгүйн ертөнцөөр аялъя.

ЧИ ӨӨРИЙГӨӨ СОНИРХОЛТОЙ БАЙДЛААР ТАНИЛЦУУЛААЧ?

- Нэрний эхний үсгээр тогтоодог аргачлалаар бол Ө үсгэн дээр өрөвч, өөриймсөг, өглөгч гэсэн үгнүүд байдаг. Эндээс надад хамгийн дөхөх нь ‘өрөвч’. Тэгэхээр "өрөвч Өлзийхишиг" гэж хэлмээр байна /инээв/. Гудманд яваа настай хүнийг хараад ядарч байгаа байхдаа гэж өрөвддөг, бас зүгээр л бичлэг үзэж байгаад уйлчихдаг юмаа. Тэгэхээр надад өрөвч хандлага байх шигээ...

ТЭГВЭЛ ХАМГИЙН САЙН МЭДЭХ ЗҮЙЛИЙНХЭЭ ТУХАЙ ЯРИАЧ ГЭВЭЛ...?

- Өөрөө, өөрийнхөө сэтгэл зүйтэй их ажиллаж байна. Тэгэхээр би ‘өөрийгөө’ л хамгийн сайн мэдэж байгаа байх /инээв/. Цаашид сэтгэл судлалын салбарыг судлаж, хүмүүстэй илүү ойр ажиллахыг хүсч байгаа. Хүн бүр өөр өөрийн гэсэн сэтгэлзүйтэй. Зарим хүмүүс гаднаа зүгээр харагдаж байгаа ч ярилцаад ирэхээр сэтгэлзүй нь тийм биш байдаг. Хүн заавал мөнгөтэй байснаараа эсвэл сайхан газар амьдарснаараа жаргалтай байна гэж байдаггүй. Ямар ч амьдралтай байсан тэр зүйлдээ сэтгэл ханамжтай, сэтгэл тайван байхыг жаргалтай амьдрал гэж би боддог.

СЭТГЭЛ ТАЙВАН БАЙХААС ГАДНА АЗ ЖАРГАЛ ГЭЖ ЧИНИЙ ХУВЬД ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

- Одоо би их аз жаргалтай байна. Их тайван, өөрийгөө илэрхийлээд ярьж байгаа маань надад жаргалтай мэдрэмжийг өгч байна. Хүнд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ их чухал. Дотроо хамаг зүйлээ хадгалаад байх нь тэр хүнийг дотогшоо, харанхуй байдал руу чирж байдаг болов уу. Аль болох өөрийгөө ямар нэгэн байдлаар илэрхийлдэг байх нь аз жаргал.

Би байнга тэмдэглэл бичдэг. Муухай ч байсан, сайхан ч байсан хамаагүй аливаа зүйлээс авсан мэдрэмжээ их буулгахыг хичээдэг. Ганцаараа байсан ч бичвэр минь надад ханьтай юм шиг, намайг ойлгоод байх  шиг санагддаг.

БИЧСЭНЭЭР ЧАМД ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

Бичихээр өөрийгөө ойлгоход их дөхөм болдог. Бас бичих болгондоо бодлоо анзаарч, цэгцэлж сурдаг. Бодлыг дандаа сайхан байлгана гэвэл хүнээс асар их зүйл шаардана. Ямар ч бодол байсан биччихээр тухайн үеийн сэтгэл санааг тайвшруулж өгдөг. Бичдэг болсноос хойш ганцаардлыг мэдрэхээ байсан. Заавал хэн нэгэн миний хажууд байх албагүй. Зарим үед ярих шаардлагагүй зүйлс байвал бичээд орхичиход л боломжийн санагддаг. Ер нь бичих нь намайг эерэг байхад нөлөөлдөг.

ӨӨР ЧАМАЙГ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЗҮЙЛС ЮУ ВЭ?

- Хөдөө явж байгалийн сайхныг харах дуртай. Өглөөний цэнгэг агаар эрч хүчийг өгдөг. Бороонд норох, будран орох цасыг харах гоё. Хөөрхөн хүүхдүүд бас надад аз жаргалыг мэдрүүлдэг. Сэтгэлээр унасан, баяр жаргалтай бүхий л үедээ уран зураг үздэг. Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ зургаар илэрхийлэхэд ойр байдаг. Зургийн төрлөөс эмэгтэй хүнийг зурсан зургийг илүү үзэх дуртай. Тэдгээр гунигтай, эсвэл жаргалтай эмэгтэйчүүдийн зургийг зурсан хүмүүс голдуу эрэгтэй зураачид байдаг. Тэдний нүдээр буусан эмэгтэй хүний янз бүрийн дүр төрхийг харж, эсрэг хүйсний хүнд эмэгтэйчүүд ингэж харагддаг юм байна гэдэг төсөөлөл авах нь сонирхолтой. Ер нь зураг үзэх надад их кайф мэдрүүлдэг.

ХҮНИЙ АМЬДРАЛД ЯМАР НЭГЭН ЭРГЭЛТИЙН ЦЭГ ГЭМЭЭР ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОДОГ ГЭЖ БИ БОДДОГ. МАГАДГҮЙ ЗАРИМД НЬ ТОХИОХГҮЙ ӨНГӨРДӨГ Ч БАЙЖ БОЛОХ. ХАРИН ЧАМД ОДООГООР ТИЙМ ЗҮЙЛ БОЛЖ БАЙСАН БОЛОВ УУ?

- Үнэхээр хайртай байсан залуугаасаа салсан нь надад их зүйлийг ухааруулсан. Тэгэхэд би хэтэрхий жаахан байгаагаа, хүч дорой байгаагаа, хэтэрхий өөрийгөө мэдэхгүй байгаагаа ойлгосон. Энэ нь өөрийгөө илүү таних, сэтгэлзүйн хувьд хүчтэй байхад нөлөөлсөн. Бас албан тушаалын өөрчлөлтөөс шалтгаалан биеэ авч явах тал дээр мөн харилцаан дээр ямар байр суурийг илэрхийлэх ёстой зэрэг өөрчлөлт хийх шаардлагатай тулгарч байсан. Эдгээр шалгуур, сорилтыг давж гарахад Зэн Буддизм надад их тус болсон. Зэнд туйлын сайн гэж байхгүй, туйлын муу гэж байхгүй, ер нь туйлын гэдэг ойлголт байхгүй. Надад их сэтгэлийн тайтгарлыг өгч юмыг энгийн байх талаас нь тайлбарлаж өгдөг. Аливааг тэнцвэртэй авч явахыг сануулдаг юм.

ЧИ ОДОО ЮУГ МӨРӨӨДӨЖ, ЗОРЬЖ БАЙГАА ВЭ?

- Аль болох боломжоороо аялах. Аялал заавал тансаг, тухтай байх албагүй. Шинэ зүйлсийг мэдрэх нь л чухал. Ер нь бид л өөрсдөө аз жаргалтай, уйтгар гунигтай эсвэл бусдаас хамааралтай  байх эсэхээ шийддэг шүү дээ.

ЗАЛУУ ХҮМҮҮС ГЭЛТГҮЙ БИДНИЙ АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙХ ЁСТОЙ АСУУДАЛ ГЭЖ БИЙ. ТЭР НЬ ЧИНИЙ ХАРЖ БАЙГААГААР ЮУ БАЙНА ВЭ?

- Хүн сэтгэлзүйдээ их анхаарах хэрэгтэй. Сэтгэлийн эрүүл мэнд биеийн эрүүл мэндээс ялгаагүй чухал.

ЭНЭ ТАЛ ДЭЭР БАГА Ч БОЛОВ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ЮМСАН, ХИЙЖ ҮЗЭХ ЮМСАН ГЭЖ БОДДОГ ЗҮЙЛ БИЙ ЮУ?

- Хүмүүсийг хараад байхад сэтгэл зүйн тал дээр асуудал ихтэй харагддаг. Байнгын бухимдалтай, эсвэл хэн нэгэнд атаархаж өрсөлдөж явна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс хүмүүсийг илүү сайн ойлгож, ярилцахыг хүсдэг. Тэгэхээр миний зүгээс одоохондоо хийж чадах зүйл гэвэл ярилцах цаг гаргаж өгөх, тэр хүнд ярих хэрэгцээ байвал сонсож өгөх.

МОНГОЛ ХҮМҮҮСИЙН ЯМАР ЗАН ЧАНАР, ХАНДЛАГАД НЬ ДУРТАЙ БАС ДУРГҮЙ ВЭ?

- Хүмүүс юманд их яараад байгаа юм болов уу гэ ж боддог. Яараад байгаа нь бусдыгаа хүндлэхгүй байх шалтгаан болж байна. Би л болж байвал гээд хувиа хичээх хандлагатай. Мэдээж давуу, сайхан талууд их бий. Үеийн залуучууд эерэг байна, эрч хүч өгч байна.

ЧИНИЙ ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГЭЭР ЯРИАГАА ДУУСГАЯ?

- АМЬДРАЛ БАЯЛАГ БОЛОХООР.... 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
635   0
НИЙТЭЛСЭН: Б.БАТЧИМЭГ