Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-19

ГУРВАН охины ар гэр эмнэлгүүдэд аппарат авч өгчээ

Гэртээ золгүй байдлаар амь насаа алдсан гурван бяцхан охины аав, ээж олон нийтээс тэдэнд өгсөн хандиваар Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат зэргийг бэлэглэжээ.

Золгүй явдал болсны дараа нийгмийн сүлжээнд хувь хүмүүсийн санаачлагаар янз бүрийн хандивын аянууд хүчтэй өрнөж эхэлсэн бөгөөд энэ үеэр цугларсан иргэдийн сайхан сэтгэлийн хандивыг охидын эцэг эх ийнхүү хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээнд нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулсан байна.

Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд албан ёсоор эхлүүлсэн хандивын аян үргэлжилсээр байгаа бөгөөд одоогоор нийт 40 гаруй байгууллага, мөн олон мянган хүмүүсээс хандив цугласаар байгааг ажлын хэсгийн ахлагч Б.Золзаяа хэллээ.

Дархан сумын иргэн Б.Золзаяа тэргүүтэй “Залуу ээжүүд - Манлайлал” ТББ-ын зүгээс зохион байгуулж буй тус хандивын аяныг Дархан-Уул аймгийн ЗДТГ дэмжиж байгаа бөгөөд тэд үр хүүхдүүдээ золгүй байдлаар алдсан залуу гэр бүлийн орон байрны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр зорьж байгаа юм байна.

Хандивын дансанд одоогоор нийт 12 сая 300 гаруй мянган төгрөг төвлөрөөд байгаа  гэнэ. Иргэд доод тал нь 1.000 төгрөг, дээд тал нь 100.000 төгрөгийн хандивыг өгчээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
530   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan