Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-20

Битүүний 08.00 цагаас шинийн 4-ийг хүртэл зам хаах УОК-ын шийдвэр гарлаа

Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах эсэхийг хэлэлцлээ. 

Улсын онцгой комисст 13 аймгийн Онцгой комиссын даргаас санал ирүүлжээ. Тодруулбал, битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд улс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Улсын онцгой комиссоос энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гаргалаа.  Өөрөөр хэлбэл, битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл нийслэл болон орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болов. 

Үүнд нислэг хамаарахгүй бөгөөд бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөн хамаарах аж.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал "Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд суугаад өөрийгөө хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна" гэсэн юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
615   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan