Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2020-02-22

Н.СУВДАА: Эд материалыг үнэ цэнэ гэж харахаа байсан цагт аз жаргалыг мэдэрнэ

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА:  

"Өнөөдрийн чи маргаашийн өөрийгөө бүтээж байдаг" гэдэг. Өөрт оногдсон цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, амьдралд шимтэж яваа Н.Сувдаа гэх эрч хүчтэй залуу бүсгүйн ертөнцөөр аялцгаая!

ЮУНЫ ӨМНӨ МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛААЧ?

- Намайг Н.Сувдаа гэдэг. Сэтгэл судлаач мэргэжилтэй. Өөрийгөө олон зүйлд сорьж, олон зүйлийг зэрэг хийх дуртай. Тухайн зүйлсийг өнгөцхөн оролдоод орхихоос илүүтэй гоё сайхныг нь мэдрэх сайхан байдаг. 

ОЛОН ЗҮЙЛИЙГ ЗЭРЭГ ХИЙХ, ТУРШИХЫН ДАВУУ ТАЛ НЬ ЮУ БАЙНА ВЭ? 

- Хүсэхгүй зүйлээ хийж өөрийгөө хайрцаглахын оронд харин ч хүссэн бүх зүйлсээ туршиж үзээд аль нь болж байгаа, аль нь болохгүй байгааг харах юм бол ирээдүйд илүү зөв зам руугаа явах юм шиг санагддаг. Хийж үзэх явц дундаа амьдралын эрч хүчийг мэдэрдэг. 

ТУРШИЖ БАЙГАА СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛСЭЭСЭЭ ХУВААЛЦААЧ

- Хүний нөөцийн компанид хэсэг хугацаанд ажиллаж үзсэн. Тухайн үед ажилдаа дуртай байна гэж бодсон ч яваандаа өөрт тохирохгүй байгааг ойлгосон. Борлуулалтын чиглэлийн ажил надад тохирохгүй юм байна гэж бодоод нөгөөтэйгүүр мэргэжлээрээ ажиллая гэж шийдсэн ч өөртөө итгэлгүй байлаа. Энэ үедээ аялалд явахаар шийдсэн. Харин энэ аяллаас ирээд найзуудтайгаа хамтран сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг start-up компани байгуулсан юм. Мөн өөртөө англи хэл, хятад хэлний түвшингээ ахиулах, аялах, санхүүгийн нэмэлт эх үүсгэвэртэй болох, бие бялдраа хөгжүүлэх зэрэг олон зорилго тавьж эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн. Маргааш гэж хойшлуулахгүй, яг л шийдсэн мөчөөсөө эхлээд алхам алхмаар хичээсээр байгаа. 

Жишээлбэл биеэ илүү хөнгөн, чийрэг болгохын тулд иогоор хичээллэж, сонирхол зорилго нэгтэй хүмүүст туслах үүднээс видео бичлэг хийх болсон. Ингээд бодохоор миний хийж байгаа зүйлс надад болоод бусдад ч тустай санагддаг. 

ӨӨРИЙГӨӨ, ӨӨРИЙН ДУРТАЙ ЗҮЙЛСЭЭ ОЛОХ ГЭДЭГ ОЙЛГОЛТОНД ХЭРХЭН ХАНДДАГ ВЭ? 

- Авьяас, дуртай зүйл, ааш араншин гээд өөрт заяагдсан өгөгдлөө амьдралд тохиолдож буй үйл явдлууд дундаас бид олж нээдэг байх. Миний хувьд 2018 онд их хүнд өвдөж ‘ком’-нд ороод хэд хоног ухаангүй байсан юм. “Хэрэв би тэр үед эргэж ухаан ороогүй бол?” гэх сонин мэдрэмж, бодол надад хааяа төрдөг. Тэр үеэс хойш миний амьдрал их өөрчлөгдсөн. Гэр бүлийнхнээ, дотны хүмүүсээ илүү хайрлах болсон. Эрүүл мэндээ анхаарч, гэр бүлийнхэндээ чанартай цаг зарцуулж, өөрийгөө илүү таньж, аливаад тайван хандах ёстойг ойлгосон. Олон зүйлийг сонирхож, туршиж үзэхийг хүсдэг болсон маань ч энэ үйл явдалтай холбоотой.

Бид хэр удаан амьдрахаа мэдэхгүй учраас дуртай зүйлээ л хийх хэрэгтэй. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа “Хэрэв би энийг хийх юм бол дараа нь харамсахгүй, жаргалтай байж чадах уу?” гэж өөрөөсөө асуудаг. 

ТЭГВЭЛ ӨӨРИЙН ХИЙХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛЭЭ ОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮУ?

- Олох замдаа явж байгаа. Хүмүүс ажил мэргэжлээ л дуртай зүйлээ гэж боддог. Гэтэл түүнээс өөр сонирхол ч байж болно. Би өөрөө сэтгэл судлалын салбарт сонирхолтой, энэ нь нийгэмд хэрэгтэй зүйл учраас цаашид Монгол улсдаа өгөөжтэй томоохон судалгааны ажлуудыг хийж, хүмүүст туслахыг хүсдэг. Мөн аялж, олон орны хүмүүс, соёлтой танилцана. Тэр дундаас өөр дурлах зүйлс ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. 

“ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ, ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ” ГЭЛЭЭ. АЗ ЖАРГАЛ ГЭЖ ЧИНИЙ ХУВЬД ЮУ ВЭ? 

- Өөрт байгаа зүйлсээ олж харж, талархаж сурах хэрэгтэй гэж хүмүүс их ярьдаг. Энэ их чухал. Өөрийн амьдралдаа буулгаж, хэрэгжүүлбэл их тустай. Мэддэг ч, хэрэгжүүлж чаддаг хүмүүс цөөхөн байгаа. Мөн хүн эд материалыг үнэ цэнэ гэж харахаа байсан цагт л аз жаргалыг мэдэрнэ. Би оюун санааны зүйлсэд илүү ач холбогдол өгч, амьдралын хэв маягаа ч минималист байлгахыг хичээж байгаа.

Бас  одоо цагтаа илүү төвлөрч амьдрах нь маш чухал. Өнгөрсөн зүйлстэй зууралдсаар байвал хүн сэтгэл гутралтай болдог, ирээдүйн тухай бодсоор байвал сэтгэлийн түгшүүртэй болно. Тийм болохоор зөвхөн одоодоо төвлөрөх хэрэгтэй.

Өнгөрсөнд алдсан биш, одоо таньд байгаа зүйлсээ анзаарч харж байх нь чухал юм. Энэ нь булчинтай адилхан хөгжүүлэх ёстой зүйл юм шиг санагддаг. Гэнэт л нэг өдөр шууд төвлөрч сурахгүй учраас өдрөөс өдөрт төвлөрөх хугацаагаа нэмэгдүүлж байх хэрэгтэй. 

ЧАМД ОДООДОО ТӨВЛӨРЧ СУРАХАД ЧИНЬ ЮУ ТУС БОЛЖ БАЙНА? 

- Дасгал хөдөлгөөн их чухал. Би саяхан 21 хоногийн бясалгалд суусан. Бясалгал хийж эхлэх үед янз бүрийн сөрөг бодол орж ирдэг ч яваандаа тэдгээр бодлууд эерэг болдог. Иог хийх надад бас чухал. Эдгээр нь бодлоо ажиглаж, одоодоо төвлөрүүлөхөд надад тус болдог.

ӨӨР ЧАМАЙГ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ЖИЖИГ ЗҮЙЛСЭЭС ХУВААЛЦААЧ? 

- Талархах төдийд л сэтгэл сэргэж, жижиг зүйлсийг ч эерэгээр мэдрэх боломжтой болдог. Хүмүүстэй ярилцах, шинэ газар үзэх, бүжиглэх, дуу хөгжим, урлаг гээд их олон зүйл бий. Өөрийнхөө сонирхдог зүйлсийг олчихвол давтаж хийхэд их гоё мэдрэмж төрдөг шүү.

Хүмүүсийг тэврэх, гэр бүлийнхэнтэйгээ уулзах, дүү нартайгаа хамт байх, аялал, хурим, ирээдүйд хийх зүйлсээ төлөвлөж бичих, шинэ зүйлсийг санаачилж хийхэд мөн их жаргалтай байдаг. 

АЯЛАЛ ЧИНИЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСЭГ БОЛЖ БАЙГААГ АНЗААРЛАА. ӨНГӨРСӨН ОНД НАЙЗ ЗАЛУУТАЙГАА ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДААР АЯЛСАН ГЭЖ БАЙСАН. АЯЛАЛЫНХАА ДУРСАМЖААС ХУВААЛЦААЧ. АЯЛАХ ЯАГААД ЧУХАЛ ВЭ? 

- Их адал явдалтай аялал болсон. Таван улсаар аялахаар төлөвлөсөн байсан ч пасспортны хугацаа дуусч байгааг мэдээгүй. Доод тал нь зургаан сарын хугацаа үлдсэн байх ёстой юм билээ. Хятадаар дамжин Малайзад оччихсон байх үед буцахыг шаардаж, тэр үед уйлаад л, англи хэлээр асуудлаа ойлгуулж сурах шаардлага ч тулгарч байв /инээв/. Асуудлаа шийдээд, цаашаа явж чадсан. Аялал үргэлжилж байна гэж бодохоор өөрийн эрхгүй баярлаж, мөч бүхнээ хайрлаж байлаа. Аялал зурган дээр харагдаж байгаа шиг сайхан байдаггүй. Түүний ард их олон зүйл болж байдаг. Мөнгөө хэмнэж онгоцны буудал дээр хонох, санал зөрөлдөх гэх зэрэг хэцүү зүйлээс ихийг сурч, ойлгосон. Хэцүү зүйл тохиолдож байсан ч дараа нь ярихад хөгжилтэй байдаг. Аялснаар янз бүрийн хүмүүстэй харилцаж, тэднийг ойлгож сурна. Ялангуяа хосууд хамт аялвал илүү сайн ярилцаж сурч, нэгнээ таньж мэднэ. Аялалд явахаас өмнөх болоод аяллын дараах бид их өөр болсон шүү. 

АЯЛЖ БАЙХАД УЛС ОРНЫ СОЁЛЫН ЯЛГААНААС БОЛЖ ГАЙХАЖ ЭСВЭЛ СОНИРХОЛ ТАТАЖ БАЙСАН ЗҮЙЛ ЮУ БАЙСАН БЭ? 

- Зоос хадгалах, хэрэглэж сурахаас эхлээд сонирхолтой зүйлс их бий. Зурган дээрээс харж байсан зүйлсийг бодитоор харах мэдрэмж болгон өөр, сонирхолтой байдаг. Зарим улсын хүмүүс их найрсаг байхад зарим нь ихэмсэг талдаа байна. Энэ тохиолдолд хүмүүсийн эвийг олж хэрхэн харилцах вэ гэдгээ боддог. Ер нь залуу байгаа дээрээ аялах хэрэгтэй гэдэг ш дээ. Зан чанар, сэтгэлгээ, амьдралыг үзэх үзэл төлөвшиж байгаа үедээ олон орны хүмүүстэй уулзаж, бусад улсын хүмүүсийн соёл, амьдралын хэв маягийг ажиглаж мэдсэнээр бид илүү задгай, чөлөөтэй сэтгэдэг болно. 

ОДОО ХААШАА АЯЛМААР БАЙНА? 

- Азийн хөгжил буурай орнууд руу аялахаар төлөвлөсөн. Аялангаа тухайн улсад сайн дурын ажил хийж, эгэл жирийн хүмүүс нь хэрхэн аж төрж байгааг харж, тэдэнд чаддаг зүйлээрээ туслахыг хүсч байна. Бидний үеийн зарим залуус Монголд л амьдрал хэцүү байгаа мэт ярьдаг. Тэгвэл бусад оронд ч асуудал нь юу байгааг аялал, сайн дурын ажил хийх явцдаа олж харж, олон талаас эргэцүүлсний үндсэн дээр шийдэл гаргаж ирж чадна гэж боддог. 

САЙН ДУРЫН АЖЛЫГ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ХИЙЖ БАЙСНЫГ ЧИНЬ МЭДЭХ ЮМ БАЙНА. ЕР НЬ САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙСНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ? 

- Сайн дурын ажил хийхэд мөнгө яригддаггүй учраас үнэ цэнэтэй. Хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж эхэлдэг болохоор бодит үр дүн гардаг.

Сайн дурын ажил хийснээр ялангуяа залуу хүмүүс амьдралыг илүү ойлгож, өөрийгөө илүү сайн таньж, юмны үнэ цэнийг мэддэг болдог. 

МЭРГЭЖЛИЙН ХҮНТЭЙ УУЛЗАЖ БАЙГААГИЙНХ СЭТГЭЛ ЗҮЙН ТАЛААР ЯРИЛЦМААР БАЙНА. ЯМАР СЭТГЭЛ ЗҮЙГ ЭРҮҮЛ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ? 

- Өмнө хэлсэнчлэн өнгөрсөнд хэт уягддаггүй, ирээдүй рүү их тэмүүлдэггүй, одоодоо байж чадахыг эрүүл сэтгэл зүй гэнэ. Биеийн эрүүл мэндтэй харьцуулахад сэтгэлзүй илэрхийлж байж л ойлгогдох учраас хүмүүс сэтгэл зүйгээ хэрхэн эрүүл байлгах вэ гэдэг ойлголт багатай байдаг. Мэдлэг, ойлголт дутмагаас эрүүл байлгах арга аргачлал мөн дутмаг байгаа санагддаг. Сэтгэлзүйн эрүүл мэнд мэдрэмжүүдээ эерэг байлгахаас эхэлнэ. Өдөр тутамдаа бид эерэгээс сөрөг хүртэл олон мэдрэмжийг мэдэрдэг. Уурлах мэдрэмжээс зайлсхийснээр хүн харин ч илүү асуудалд ордог. Гуниглаж байвал гуниглахаа хүчээр зогсоох хэрэггүй. Сөрөг мэдрэмжүүдээс ч хүн өөрийгөө олдог. Тэгэхээр төрж байгаа мэдрэмжүүдээ илэрхийлж байх нь чухал.

Эдгээр өдөр тутамдаа мэдэрдэг мэдрэмжийг ‘жижиг мэдрэмжүүд’ буюу "small feelings" гэж нэрлэдэг. Харин ‘том мэдрэмжүүд’-ийн (big feelings) хувьд сэтгэл зүйн гэмтэл үүсгэсэн байдаг. Тухайн хүнд тохиолдож байсан хүнд асуудлаас болж үүссэн сэтгэл зүйн гэмтэл үл ухамсарлахуйд нь хадгалагдаж зовоосоор байдаг. Хүмүүс энэ хоёрыг ялгахгүйгээс “Би их эморч байна, сэтгэл зүйн асуудалтай болчихож” гэдэг. Тэгэхээр том мэдрэмж үү, жижиг мэдрэмж үү гэдгийг ялгаж байгаарай. Хэрэв асуудал даамжраад энэ нь том мэдрэмж байна гэж үзвэл сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Сэтгэл заслын эмчилгээ хийх явцад сэтгэлзүйч тэдгээр том мэдрэмжийг жижиг мэдрэмж болгоход тусалдаг. 

МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХАНДАХ ХАНДЛАГА ХЭР ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ВЭ? 

- Мэдлэг мэдээлэл сайжрах, өөрийнхөө талаар сайн мэдэж эхлэхийн хэрээр хүмүүс сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ авах нь ихсэж байгаа. Гэхдээ хүмүүс сэтгэл зүйн асуудлыг сэтгэцийн асуудалтай хольж ойлгох нь элбэг. Тархи, мэдрэлийн янз бүрийн өвчин байдаг. Гэтэл сэтгэл зүйч дээр очлоо гэхэд эргэн тойрны хүмүүс нь сэтгэцийн эмч дээр очсон юм шиг ханддаг. Монголчуудын хувьд нийгмийн сэтгэлзүй сул байгаа. Аливаа асуудал дээр мэдлэг мэдээлэл дутмагаас нийтээрээ айдаст хурдан автах гэх зэрэг асуудал анзаарагддаг. Ямар эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл авах вэ гэдгээ мэддэг, мэдээллийг цензурдэж чаддаг хүн сэтгэл зүйн хувьд илүү дархлаатай байна. 

ТЭГВЭЛ СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ЯАЖ ДАРХЛАА САЙТАЙ БОЛОХ ВЭ? 

- Хувь хүний зан чанар, EQ түвшин, хүмүүжил, мэдлэг боловсролоос гадна нийгмийн хүчин зүйлс хүний сэтгэл зүйн дархлаанд нөлөөлж байдаг. Юуны өмнө ямар үед баярлаж, догдолж байна, ямар үед бухимдаж байна гэх мэтээр сэтгэл хөдлөлөө таних, ойлгох чадвараа хөгжүүлэх нь чухал. Дараа нь бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож сурах хэрэгтэй. Мөн бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг байхад суралцах. Энэ нь харилцаж байгаа хүн дотроо юу бодож, мэдэрч байгаа бол гэдгийг бодолцож түүнд тулгуурласан хариу үйлдэл үзүүлж сурахыг хэлнэ. Үүний дараа илүү нийгэм тал руугаа чиглэж нийгмийг мэдрэх, ойлгох чадвар яригдана. Тэгэхээр хүн өөрийнхөө сэтгэл зүйгээ таних чадвараас эхэлж сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа хөгжүүлнэ. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвараас гадна стрессээ хэрхэн зохицуулж, хэр хурдан тайлж чадаж байгаа нь тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэнд хэр байгааг илтгэдэг.

СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛААС ГАДНА ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН ХУВЬД АНХААРЧ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ ЮУ БАЙНА ВЭ? 

Материаллаг зүйл алга боллоо гэхэд ахиад олж болно. Харин цаг хугацаа хэзээ ч нөхөгдөхгүй.

Тэгэхээр эд материалын араас хөөцөлдөхийн оронд боловсролдоо илүү анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсролдоо зарцуулсан цаг хугацаа хамгийн үнэ цэнэтэй. Цаг хугацааг ашиглаж өөрийгөө илүү сайн таних нь чухал юм шүү. 

ХОСЫН ХАРИЛЦААНЫ ТАЛААР АСУУХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ НЬ. ХОСУУД ХАРИЛЦААГАА БАТ БӨХ БАЙЛГАДАГ ЮУ ЧУХАЛ ВЭ? 

- Харилцааны эхэн үед бие биедээ хэр тохирч байна гэдгээ мэдэх ёстой болов уу. Зан чанар, хүмүүжлийн хувьд хэр тохирч байна гэдгийг бас анзаарах. Бие биенээ нөхөж чаддаг байх нь чухал. Жишээлбэл би харилцаан дээр илүү санаачлагатай байдаг бол найз залуугаасаа бусдыг хайрлах, бусдад туслах, сайхан сэтгэлтэй байхыг суралцаж, хамтдаа бие биенээ дэмжиж, хамтдаа хөгждөг. Бие биенээ хөгжихөд нь туслаарай гэж хэлмээр байна. 

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ХАНДАЖ ЮУ ХЭЛМЭЭР БАЙНА? 

- Эрүүл байх хамгийн чухал. Эрүүл байхад зорьсон зүйл бүтнэ, ямар ч зүйлийг давж гарна. Ганцхан биеийн эрүүл мэнд биш сэтгэлийн эрүүл мэндээ анхаарахаа мартаж болохгүй. Сэтгэл зүйгээ эрүүл байлгахын тулд дээр хэлсэн шиг дасгал хөдөлгөөн, хооллолтондоо тууштай анхаарч мөн одоодоо төвлөрөх чадварыг өөртөө суулгах гэж хичээгээрэй. 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.89.99)
    Эрч хүчтэй сайхан охин бна ирээдүйн зорилгод нь амжилт хүсэе
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Suvd (66.181.161.17)
    Mundag shuu
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
1328   2
НИЙТЭЛСЭН: Б.БАТЧИМЭГ