Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-02-27

ХЭРЭВ С.НАСАНБАТ ГЭХ ИРГЭНИЙ БАРЬСАН БАЙШИНГ “БУЛААЖ”, ТАРИАЛАН БОЛГОНО ГЭВЭЛ БАС Л ГОМДОЛЛОНО

Хонгор сумын хэсэг иргэд атар газрыг тариалангийн талбай болгох тухай аймгийн ИТХ-ын шийдвэрийг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа талаар MyDarkhan.mn сайт өнгөрөгч оны тавдугаар сард "МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨЛД ҮРЭГДЭХ ҮҮ?" нийтлэлдээ дурьдаж байсан. Тэгвэл тус гомдлыг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, иргэдийн эрх зөрчигдсөн байх магадлалтай хэмээн үзжээ. Энэ талаар бид Хонгор сумын иргэдийг Аймгийн ИТХ-д төлөөлдөг Н.Лхагвасүрэнтэй ярилцлаа.    

"МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨЛД ҮРЭГДЭХ ҮҮ?" нийтлэлийг дахин уншихыг хүсвэл дараах линкд дарна уу. https://www.mydarkhan.mn/a/154

1. АЙМГИЙН ИТХ-ын ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗСЭН ИРГЭД ДАВЖ ЗААЛДАХ ШАТАНД ХОЁР ДАХЬ УДААГАА ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

- АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ БОЛГОХ АЙМГИЙН ИТХ-ын ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ХОНГОР СУМЫН ХЭСЭГ ИРГЭД ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГААД БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЧ БАЙНА. ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ДАХИН ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХЭРХЭН ГАРСАН БЭ?

- Дөрөв дэх удаагийн шүүх хурал хоёрдугаар сарын 13ны өдөр болж давж заалдах шатны шүүх дахин анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, буцаалаа. Анхан шатны шүүх хурал Дарханд хоёр удаа, давж заалдах шатны шүүх хурал мөн хоёр удаа Улаанбаатарт болсон. Дарханд шүүх хурлуудын шийдвэр аймгийн засаг захиргааны талд гарч, иргэд хохирсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэх утгатай гарч байсан бол, харин Улаанбаатарт давж заалдах шатны шүүх хурлын хоёр удаагийн шийдвэр анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг хэрэгсэхгүй болгоод байна.

- ШҮҮХЭД МАРГААН ҮҮСГЭЭД БАЙГАА АСУУДЛЫН ТАЛААР ТА ТОДРУУЛАХГҮЙ ЮУ?    

- Атар газрыг тариалангийн талбай болгох аймгийн ИТХын шийдвэр 2019 оны дөрөвдүгээр сарын 02-нд гарсан. Тус шийдвэрт дурьдагдсан гурван хэсэг газарт миний төлөөлж буй Хонгор сумын иргэдийн өвөлжөө, хаваржаа, эзэмшил газар, малын бэлчээр болон ойн нөхөрлөлүүдийн хамгаалдаг хамгаалалтын ойн зурвас хүртэл орсон байв. Хуульд зааснаар, бэлчээр, ой хоёр бол нийтийн эдэлбэр газар. Нийтийн эдэлбэр газрыг ашиглуулахдаа тухайн багийн ИНХ-аар хэлэлцэн, шийдвэрлэх тухай хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа тухайн нутгийн иргэдээр заавал хэлэлцүүлж, сонсох ажиллагааг явуулж, багийн ИНХ-ын саналыг авах ёстой байдаг. Гэтэл ямар ч тийм ажиллагаа явуулалгүй, шууд аймгийн иргэдийн хурлаар хэлэлцэж, хурлын төлөөлөгчид олонхоороо түрий бариад шийдчихсэн. Тиймээс энэ бол яах аргагүй хууль зөрчсөн шийдвэр. Иргэд ч тэгж үзэж байгаа. Би төлөөлөгчийн хувиар тэр хурал дээр хэлж анхааруулж байсан. Гэвч ердөө дөрөвхөн төлөөлөгч эсрэг санал өгч, бусад нь дэмжсэнээр шийдвэр гарсан. Иймээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын 66 малчин иргэн өөрсдийн эрх ашгаа хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гомдол мэдүүлээд байгаа юм. Би тэднийг төлөөлдөг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувиар оролцож байна.

- ШИЙДВЭР ГАРГАГЧИД ТЭНД ЮУ Ч БАЙХГҮЙ ГЭХ ТАЙЛБАРЫГ ӨГЧ БАЙСАН?

Тийм. Жишээ нь сая болсон шүүх хуралд шийдвэр гаргагчдыг төлөөлж очсон хүмүүс тэнд айл амьтан байхгүй, бараг сарны гадаргуу шиг юм ярьж байна билээ. Илт ийм худал ярьж бас болохгүй л дээ. Энэ чинь төрийн байгууллага байна. Шүүхийн өмнө ёс зүйтэй, үнэн, шударга байх ёстой. Бүх зүйлийг бодитоор ярих ёстой. Эрх ашгийг нь хөндөөгүй юм бол энэ иргэд зардал, чирэгдэл болоод юунд ингээд яваад байх билээ.

- ШҮҮХИЙН МАРГААНТАЙ ХЭДИЙ Ч ӨНГӨРСӨН ЗУН ТЭР ГАЗАРТ ТОДОРХОЙ АЖИЛ ЭХЭЛСЭН ГЭЖ СОНСЛОО?

- “Бэлчээрийн шугуй” нөхөрлөлийн талбай буюу “Хар бэлчир” хамгаалалтын ойн бүсэд фермийн барилга байгууламж барьж эхэлсэн гэсэн. Уг нь, Монгол Улсын Ойн тухай хуульд ойг ашиглалтын ба хамгаалалтын гэж хоёр ангилан үзээд, хамгаалалтын бүсийн ойд дэд бүтэц, зам гүүр барих, холбооны шугам сүлжээ, тог цахилгаан татахаас бусад ажил явуулахыг хориглоно гэх заалт бий. Тогтоолд тусгагдсан газарт манай “Өндөр хөвч”, “Бэлчээрийн шугуй” гэх мэт хэд хэдэн ойн нөхөрлөлүүдийн эзэмшдэг газар нутаг орсон. Өөрөөр хэлбэл эдгээр нь хамгаалалтын бүсийн ойд тооцогддог газрууд. Тэгэхээр хуулиар бол тэнд ферм барихыг зөвшөөрөөгүй, тариалан эрхлэхийг ч бас зөвшөөрөөгүй. Бас нөхдүүд тэнд ямар ч ой, мод байхгүй гээд байгаа. Тэд нэг юмыг огт ойлгохгүй байна. Ойн сан гэх ойлголтонд, харахад дээрээ ойгүй \модгүй\ ч, ойд тооцогддог газрууд ч багтдаг. Хэсэг бусаг тархан ургасан жижиг ойн төглүүдийг тойруулан тойрог татаад бүхэлд нь ойн зурвас гэж үздэг юм. Учир нь өөд өөдөөсөө харсан хоёр ойн дундах энэ цоорхой нь ойн сангийн нэгдмэл системийн салшгүй хэсэг бөгөөд хоорондоо салшгүй холбоотой. Тиймээс ч бие биесээс хамаарсан нэгэн бүхэл экосистемийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалахын тулд хуулинд ийнхүү заасан байдаг.

- ШИЙДВЭРИЙГ ГАРГАХААСАА ӨМНӨ БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН САНАЛЫГ АВДАГ БИЗ ДЭЭ?

- Мэдэхгүй. Уг нь ойн чиглэлийн мэргэжилтнүүд нь мэдлэг мэдээллээр хангах ёстой. Би тухайн үед, та нар ядаж мэргэжилтнүүдээсээ асуугаач ээ гэж хэлж байсан. Манай мэргэжилтнүүд арав гаруй жил төрийн ажил хийсэн, туршлагатай л гээд байгаа. Гэтэл яахаараа ийм балай шийдвэр гаргачихаад, тэгээд тэрнийхээ хойноос үхэн хатан зүтгээд, ард түмнээ хохироогоод байгаа юм...

2. ЭНЭ НЬ ЗӨВХӨН БЭЛЧЭЭР, ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН АСУУДАЛ ТӨДИЙ БИШ БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ, ДАРХАН ХОТЫН ХӨРС ЦӨЛЖИХ ЭСЭХТЭЙ Ч ХОЛБООТОЙ

- ТЭГЭХЭЭР ЭНД МАЛЧИН ИРГЭДИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, БЭЛЧЭЭР, ОЙН НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ЭЗЭМШДЭГ ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ БОЛГОСОН ГЭХ АСУУДЛААС ГАДНА БАС БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ БИЙ БОЛЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ ҮҮСЧ БАЙГАА БАЙХ НЬ ЭЭ?

- Тийм. Жишээ нь “Өндөр хөвч” ойн нөхөрлөлд хамаардаг нутаг бол “Загд Өндөр” гэдэг газар. Гэтэл энийг Иргэдийн Хуралд оруулж ирэхдээ “Дархан Түлээт” гэх нэрээр оруулаад ирсэн. Нэг ёсондоо дэлдэн чихтэй хүнийг хочлоод “Байцаан дэлбээ” гэдэг шиг л юм яриад байгаа. Уг нь газар усны нэрийг УИХ л өөрчлөх эрхтэй байдагсан. За, тэр Загд өндөр уул маань Дархан хотоос яг шулуун шугамаар 11кмийн зайтай Дархан хотод хамгийн ойрхон оршдог ой юм. Ой бол амьдралын эх сурвалж, амьдралыг хангагч эх үүсвэр. Ус модноос үүсч, модоо дагаж байдаг. Хүчилтөрөгчийг энэ модод л үйлдвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд Дарханд хөрсний цөлжилт эрчимтэй явагдаж байна. Хавар болгон л улаан шороогоор шуурдаг биз. Гэтэл дэргэдээ байгаа бидний ногоон уушиг болсон энэ ойн зурвасыг хамгаалахын оронд хагална гээд байна. Дээрээс нь Загт өндөр бол өөрөө их онцлог, сонин тогтоцтой газар. Энд нэлээн хэдэн зүйлийн ховор ургамал ургадаг. Ховор төрөл зүйлийн мөөг, эмийн ургамлууд бий. Жишээ нь: Монгол оронд нэн ховор зүйлээр бүртгэгдсэн “буржгар сараана” гээд ургамал тэнд байдаг. Энэ ургамал цаашаа Зулзагад байхгүй, Дархан орчимд өөр хаана ч байхгүй. Зөвхөн тэр ууланд л бий. Энийг тэр байгаль орчныхон нь мэддэг юмуу үгүй юу бүү мэд. Өнөөдөр манай мэргэжлийн байгууллагууд бодит зүйлийг олж харах хэрэгтэй байна. Манай тариалангийн бүс нутгуудад тариа ургуулж байгаа ч түүний ойр орчим дахь бэлчээрүүд дан шарилж, лууль, хөл газрын ургамалд нэрвэгдсэн байгаа. Яагаад ингэж байна гээч...?

- ЯАГААД?

- Сүүлийн үед тариаланд маш их химийн төрлийн бодис хэрэглэж, бордож, химийн уринш хийж байгаа. Тэгээд синикацийн аргаар намар болцыг нь түргэтгэдэг. Энэ бүхэн бүгд химийн бодис. Хэрэв эдгээрийг аяган дотор хийгээд найруулж байгаа бол өөр хэрэг. Гэтэл зүгээр л агаарт цацчихаж байгаа юм. Тэгэхээр яахав? Цацагдаж буй тэр химийн нэгдлүүд салхиар тархан тариалангийн талбайн зэргэлдээх бэлчээрүүдэд бууна. Ингэснээр зөвхөн тухайн экосистемийнхээ онцлог байдалд л ургадаг ховор зүйлийн ашигт ургамлуудын ургалтанд нөлөөлж эхэлнэ. Мөн хамгийн аюултай нь тэр орчимд байх хөл газрын ургамлууд буюу шарилж, хогийн ургамлуудын ургалтыг түргэсгэчихэж байгаа юм. Хогийн ургамал бол ямар ч нөхцөлд маш хурдан ургах чадвартай. Тэд ховор ашигт ургамлуудаа дарангуйлснаар талбай аажимдаа шарилжаар дүүрээд байна. Ийшхнээ Хонгорын нутаг уруу гарахад л тийм байгаа. Тэр чигээрээ шарилж болчихсон. Тиймээс хэрэв ойн зурвасыг тариан талбай болгоод нөгөө “хоруудаа” цацаад эхэлбэл юу болох вэ? Хотод хамгийн ойрхон ой маань, нөгөө ховор зүйлийн ургамлууд маань устаж, аажимдаа бид элсэн дундах хоттой л болно.

- ҮНЭХЭЭР ӨӨР ТАРИАЛАНГИЙН ГАЗАР БОЛГОЧИХ ТОХИРОМЖТОЙ ГАЗАР БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ?

- Үгүй дээ. Манай Хонгор суманд гэхэд л 161 мянга га үржил шимтэй тариалан болгочихоор талбай бий. Гэтэл заавал ойн сангийн хамгаалалтын бүсэд, бас насаараа мал маллаж амьдарсан хэдэн малчин иргэдийнхээ байгаа газарт шунаад байх юм. Би бүр гайхаад байгаа. Өөр учир шалтгаан байна уу гэж харддаг. Өөрсдийнхөө хэр хэмжээнд амьдралаа төвхнүүлж, барилга байгууламж бариад, төрийн ямар ч оролцоогүйгээр болоод байгаа энэ хэдэн өрхийн амьдралын үндсийг нь тасдаж яах гээд байна... Ер нь ийм тохиолдолд хэн ч байсан гомдоллоно доо. Хэрвээ С.Насанбат гэж иргэний өөрийнхөө гараар барьсан байшин хашаа, худаг усыг хэн нэгэн эрх мэдэлтэн булааж, тариалан болгоно гэвэл бас л адилхан гомдоллоно биз.

- БИ С.НАСАНБАТ ДАРГЫГ БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГААС ТАТГАЛЗАЖ, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ УРУУ ШИЛЖИХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД ТУС ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА ГЭЖ ОЙЛГОСОН. ЗАСАГ ДАРГА БОЛСНООСОО ХОЙШ МАЛЫН УДМЫН САНГИЙН ТӨВИЙГ БАЙГУУЛЛАА. БАС БАРАГ 150 САЯ ТӨГРӨГӨӨР ИХ ӨНДӨР ҮНЭТЭЙ БУХ ХУДАЛДАЖ АВСАН БАЙНА БИЛЭЭ. ТЭГЭЭД ЭНЭ ТАЛБАЙГ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙД ЗОРИУЛСАН ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИХ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ЮМ ГЭЖ СОНССОН?

- Өөрсдөө тэгж л яриад байгаа. Эрчимсэн мал аж ахуйг дэмжилгүй яах вээ. Төр бодлогоороо бий болгоод явж байгаа зүйл. Гэхдээ, одоо манай Хонгорын нутагт ихэнх нь бэлчээрийн уламжлалт мал аж ахуй эрхэлж байна. Энийг гэнэт л бүх малыг нь нэг дор хашаад, байранд байрлуулчихаар эрчимжсэн болчихгүй. Эхлээд нутгийн иргэдтэйгээ зөвлөлдөж, хэрхэн эрчимжүүлэхэв, яаж ашиг шим өндөр атлаа цөөн тоо толгой малтай байхав гээд ярьж, хэлэлцэж байгаад шийдэл гаргавал өөр хэрэг. Хэрэв ингэж ажиллавал малчид бүгд оролцоод, дэмжинэ. Бэлчээр хомсдож байгааг бүгд ойлгож байгаа. Гэтэл шууд л шийдвэр гаргаад, тэгээд айл, амьтан байхгүй, зэлүүд, өвс ус сайтай, тариалан бий болгочихоор нутаг зөндөө байсаар байтал заавал энэ хэдэн ядарсан малчдын газраас авах гээд байгаа нь сонин. Энэ хэдэн малчид чинь бүгд өвөлжөөнийхөө газрыг албан ёсоор авчихсан, зохих бичиг баримттай хүмүүс шүү. Дураараа очоод суучихсан хүмүүс огт биш. Гэтэл Засаг даргын орлогч Т.Ганболд бүр “Та нар хуулийн дагуу нүүх ёстой” гэсэн утгатай зүйл хэлсэн байна билээ.

- ХУУЛЬ ЁСООР ЭЗЭМШИЖ БАЙГАА ХЭНИЙ Ч ГАЗАР, ӨМЧ ХӨРӨНГИЙГ ӨӨРТЭЙ НЬ ЗӨВШИЛЦӨЛГҮЙГЭЭР АВАХ ЭРХ ЯМАР Ч АЛБАН ТУШААЛТАНД БАЙХГҮЙ Л ДЭЭ. ТЭГЭЭД ӨӨР БОЛОМЖИТ ГАЗРУУД БАЙХАД ЯАГААД ЗААВАЛ ЗӨВХӨН ЭНЭ ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ БОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ? ТА СОНИРХОЖ ҮЗСЭН ҮҮ?

- Сая шүүхийн процесс дунд тус газрыг 2018 онд эрчимжсэн фермерийн чиглэлийнх болгоод есөн тэрбумаар үнэлүүлсэн бичиг харагдаж байсан. Тэгэхээр үүний цаана ямар санаа зорилго агуулаад байгаа юм бол. Би бас гайхаад л байгаа. Арай нөгөө хүүхдийн паркийн газар шиг болох гээд байгаа юм биш биз гэж хүртэл бодож үзлээ. Тариалангийн талбай гэж байснаа нэг мэдэхэд хороолол болчих вий дээ. Заримдаа бүр энэ шийдвэрүүдийнх нь учрыг ч ойлгохгүй юм. Цаг хугацаа л харуулах байх даа.  

3. 9034 ГА ҮРЖИЛ ШИМТЭЙ ГАЗАР НУТАГ МААНЬ ӨӨР АЙМГИЙН НУТАГТ ШИЛЖИХ ГЭЭД БАЙХАД ЯАГААД АРААС НЬ САНАА ТАВЬЖ ХӨӨЦӨЛДӨХГҮЙ БАЙНА

- НЭГЭНТ ГАЗАР, БЭЛЧЭЭРИЙН АСУУДАЛ ЯРЬСНЫХ ТАНААС НЭГ ЗҮЙЛИЙГ АСУУХГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ НЬ. МАНАЙ АЙМАГ ХОНГОР СУМЫН ГАЗАР НУТГААСАА СЭЛЭНГИЙН ЕРӨӨД ӨГӨХӨӨР БОЛЧИХООД БАЙГАА. ТА ЭНЭ ТАЛААР ЮУ БОДОЖ БАЙГАА ВЭ?

- Яг хэлье гэж бодож байлаа. Манай дарга нар 9034 га, маш сайхан үржил шимтэй, хар хөрстэй, жинхэнэ тариалан эрхлэх газраа Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өгөх болчихоод, тэрнийхээ араас огт санаа тавьж хөөцөлдөхгүй байгаа. Их хүнийрхүү сэтгэл шүү.

- ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ГАНБОЛД “ОДОО ЯМАР Ч АРГА БАЙХГҮЙ. НЭГЭНТ ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ГАРСАН. ДАХИЖ ЯРИХ ШААРДЛАГАГҮЙ” ГЭЖ БАЙСАН?    

- Харин тийм. Тэгж ярьж байгааг нь би гайхаж байна. Хууль мэдэхгүй л хүний үг байх даа. Газар нутгийн хилийн асуудлыг тухайн нутгийн иргэдийн саналаар УИХ шийднэ гэж байгаа шүү. 1994 оны УИХ-н 34 дүгээр тогтоолоор манай аймгийн хилийг тогтоож, хуульчилсан. Мөн аймгийн ЗДТГ уруу ороход эхний багана дээр манай газрын зураг, хилийг тогтоосон УИХын шийдвэрийн хамт жаазлаад өлгөчихсөн байгаа. Тэр л баталгаа шүү дээ. Гэтэл яагаад газар нутгаасаа Сэлэнгэд өгөх гээд байна? Харин ч өгөхгүйгээр өөрсдөө тэндээ тариалангаа эрхлээд, энэ эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлээд явбал хэн маргах юм. Бүр хоёр гараа өргөөд дэмжмээр байна шүү дээ. Би тэр дөрөвдүгээр сарын 02-ны хурал дээр “Наад тариалангийн талбайгаа өөр газарт шилжүүлээч ээ. Олохгүй байгаа бол би дагуулаад, газарчлаад явъя. Газар заагаад, үзүүлье” гээд хэлж л байсан. Би чинь арав гаруй жил байгалийг нь хамгаалсных хаана нь юу байгааг сайн мэднэ.

4. МАНАЙ АЙМАГТ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ЧИМЭЭГҮЙ ДАЛД ЯВАГДАЖ, ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ, ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БАЙНА

- ТИЙМЭЭ, ТА БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭЙ. БАС ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОЙН НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ХОЛБООГ ТЭРГҮҮЛДЭГ. СҮҮЛИЙН ҮЕД МАНАЙ АЙМАГТ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХАВТГАЙРЧ, ТҮҮНИЙГ ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД АВАХГҮЙ БАЙНА ХЭМЭЭН ИРГЭД ОЛОН НИЙТ ИХЭЭР ШҮҮМЖЛЭХ БОЛЛОО. ТА Ч БАС ИЙМ УТГА АГУУЛГАТАЙ ПОСТЫГ ҮЕ ҮЕ СОШИАЛ ХУУДСАНДАА ОРУУЛДАГ. ҮНЭХЭЭР ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ, АЖИЛЛАХГҮЙ БАЙНА УУ?

- Энд нэг жишээ ярья. Би Дархан-Уул аймгийн Ойн нөхөрлөлүүдийн холбоог тэргүүлдэг. Тус байгууллага нь ойн нөхөрлөлүүдийг мэргэжлийн чиг баримжаагаар хангаж, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор байгуулагдсан. Манайд 72 ойн нөхөрлөлийн нийт 1200 гаруй иргэн гишүүнээр байдаг юм. Ойд байгаль сүйтгэж байгааг манайхан надад ирж хэлэх нь их. Би тэргүүний хувьд тэдний зарим үйл ажиллагаанд оролцож, мөн байгаль орчны мэргэжилтэй, энэ чиглэлийн ажлыг олон жил хийж, тодорхой туршлага хуримтлуулсных хамтрах ажил олон гардаг. Нэг удаа гишүүн нөхөрлөлийн нөхдийн хамт ууланд явж байгаад \2018 оны дөрөвдүгээр сард\ хууль бусаар алт ухаж байгаа хэсэг хятад хүмүүстэй таарсан юм. Тэдэн дунд хоёр монгол залуу байсан. Тэгээд ямар учиртай хүмүүс болох, юу хийж байгааг нь асуухад аймгийн Засаг Даргын зөвшөөрөлтэй ажиллаж байна гэсэн. Бичиг баримт, зөвшөөрлийг нь үзье гэхэд маргаан үүсч, бид цөөхүүлээ байсан учир яаж ч чадахгүй хүчин мөхөсдөөд буцсан. Ирээд тэсэхгүй, ууланд хятад хүмүүс алт ухаж “бужигнуулаад” байхад Төрийн нэрийн өмнөөс байгалийн нөөц баялгийг хамгаалах үүрэгтэй Аймгийн Засаг Дарга С.Насанбат хаачив. Аль эсвэл хамсаатан нь юм уу гэсэн утгатай постыг нийгмийн сүлжээнд тавьсан юм. Ер нь тийм биз дээ. Эрдэнэсийн авдрын манаач авдрынхаа тагийг онгойлгож орхичихоод, түүнийг нь хэн дуртай нь ухаад байж болохгүй биз. Энэ утгаар нь би нийгмийн сүлжээнд тэгж бичсэн юм. Тэгсэн удахгүй намайг цагдаагаас дуудлаа. Гүтгэсэн, нэр төрд халдсан гэдэг асуудлаар С.Насанбат цагдаад өгчихөж. Мэдүүлэг авч байгаа цагдаа нь Насанбаттай л холбоотой асуугаад байх юм. Би аргаа бараад, тэр газарт хамт очъё. Тэр хүмүүс одоо ч байгаа. Үнэн худлыг нь очоод үз гэлээ. Тэгэхээр, тэр хамаагүй С.Насанбат дарга тэр хүмүүст зөвшөөрөл өгсөн гэх гэрээ, бичиг баримт таньд байна уу л гээд байх юм. Хэд хэд ингэж дуудаж, нэлээн ч удсан. Тэгсэн тэр үеэр хууль бусаар алт ухаж, байгаль сүйтгэсэн хүмүүсийг илрүүлж, 7 сая гаруй төгрөгийн торгууль тавьсан талаар орон нутгийн телевизүүд мэдээлж байв. Бүхэл бүтэн уулын амыг устгаад, өчнөөн кг алтыг нь аваад явахад долоохон сая төгрөгний хохирол гарсан гэж тооцсон байгаа юм даа. Ийм юм гэж байж болох уу? Энийг ажлаа хийхгүйгээр бусдад давуу байдал олголоо гэхгүй өөр юу гэхэв. Ийм л юм болоод байна. Тэгж байснаа таван сарын эхээр ч билүү надад хоёр сая төгрөгийн торгууль тавьчихсан. Би бүр тэр цагдааг газар дээр нь очиж шалгаачээ гэж гуйгаад бараагүй юмдаг. Үүнийг би цаанаасаа зохион байгуулалттай байж магадгүй гэж хардаад байдаг юм. Ганц энэ биш шүү. Асар олон ийм үйл ажиллагаанууд бий. Шарын голын нөхдүүд ч яриад л байдаг. Иргэд, ойн нөхөрлөлийнхөн бид хамгаалах, мэдээлэх үүргээ хангалттай биелүүлж байгаа. Гэвч шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг хүлээсэн холбогдох байгууллагууд харин ажиллахгүй байна.

- ТА АЙМГИЙН ИТХ дахь БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮН БИЗ ДЭЭ?

- Тийм.

- ТАНАЙ ХОРОО ЭНЭ ХУГАЦААНД ЯМАР АЖЛУУД ХИЙВ? 

- Манай хороо аймгийн ИТХ дахь хороодоос хамгийн олон хуралдаж, хамгийн олон үзлэг шалгалтуудыг хийж, хамгийн сайн ажилласан гэж би хувьдаа боддог шүү. Бид байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтай удаа дараа танилцсан. Газрын алба, байгаль орчны газар, цагдаа, прокурорын газар гээд зөндөө явсан. Шалгалт бүрийн дараа дүгнэж, холбогдох байгууллагуудад нь мэдүүлж, анхааралдаа авахыг сануулдаг. Засаг дарга үүргээ хэрхэн биелүүлж байгааг, улсын байцаагч нар эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгааг гэх мэт. Эс үйлдэхүй бол гэмт хэрэг шүү. Хийх ёстой ажлаа санаатайгаар хийхгүй байх нь гэмт хэрэг. Энэ асуудлыг манай хороо холбогдох байгууллагуудад албан ёсоор тавьсан. Гэвч бидэнд эргээд ямар ч хариу ирүүлээгүй.

- АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙМГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ АЖИЛ ХИЙХ ГЭХЭЭР ЯМАР НЭГ ХААЛТТАЙ ТУЛГАРДАГ ГЭЖ ХЭЛЭХИЙГ  ХЭД ХЭД СОНСЛОО. ЯМАР СААД БАЙГААД БАЙНА?

- Төлөөлөгч нарт хяналт шалгалт явуулж, мэдээлэл авах боломж бол бий. Гэхдээ илрүүлсэн зөрчлөө шийдвэрлүүлэх, тайлбар авахад л учир дутагдалтай байгаад байна. Жишээ нь, бид хяналт шалгалт хийх явцдаа, Байгаль орчны газарт 20 зөрчил бүртгэгдсэн атал Цагдаад 10 нь шалгагдаж байгаа болохыг мэдсэн. Яагаад ингэв, хагас нь яав гээд Прокуророос асуухад “Танай байгаль орчныхны тогтоосон 240 мянган төгрөгний \нэг л хонины үнэ шүү дээ\ хохирол дээр бид яаж эрүү үүсгэх юм” гэсэн. Тэгэхээр нь, яагаад ийм бага хохирол гарав гээд шалгахад хохирлыг зөвхөн ухсан нүхээр нь тооцчихсон байх жишээтэй. Дээр нь байдаг өвс ургамал, ус, ан амьтан, байгалийн баялаг гэх мэтийг огт тооцоогүй. Уг нь байгаль орчны үнэлгээг долоон зүйлээр тогтоодог ёстой. Яагаад ийм багаар тооцов гэдэг бас л асуудал. Магадгүй эс үйлдэхүй ч байж болно. Бид шалгуулахаар холбогдох байгууллагад албан ёсоор хандсан. Хилийн цэсийг өөрчилж, 9034 га талбайгаа Сэлэнгэд өгөхөөр болоод байгааг ч бид ийм нэгэн шалгалтын явцад л олж мэдсэн. Энэ хороо ийм ажлуудыг хийж чадсан болохоор би аймгийн ИТХ дахь Байгаль орчин, экологийн бодлогын хороог хангалттай сайн ажилласан гээд байгаа юм. Гэвч бидэнд хяналт шалгалт явуулж, зөрчил дутагдал илэрвэл хариу тайлбар шаардах, тэгээд холбогдох эрх бүхий байгууллагад мэдээлэх л эрх бий. Түүнээс таслан зогсоох, хариуцлага тооцох хуулийн боломж байхгүй. Бид тайлан мэдээгээ бичиж, холбогдох байгууллагуудад албан ёсоор хандсан. Гэвч хариу ирээгүй. Тэр хүмүүс ажлаа хийхгүй байна.

5. АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛ ХЭТ ОЛОНХООРОО ХҮЧ ТҮРСЭН ШИЙДВЭРҮҮД ГАРГААД БАЙГАА НЬ СОНГОГЧДЫН ЭРХ АШГИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА

- ТА АЙМГИЙН ИТХ-д БИЕ ДААН НЭР ДЭВШИЖ, СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧ. СӨРӨГ ХҮЧИНГҮЙ ЭНЭ ХУРАЛД ТА БОЛООД ЦӨӨН ХЭДЭН ХҮН СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЭД БАЙХ ШИГ?

- Уг нь энэ 33 төлөөлөгчийн зорилго бүгд ижилхэн юм ш дээ. Энэ аймгийг хөгжүүлж, иргэдийнх нь амьдрал ахуйг дээшлүүлнэ гэж гарч ирцгээсэн. Аймаг хөгжинө гэдэг иргэдийнх нь аж амьдрал дээшилж, ажилтай, орлоготой, амар тайван, боловсрол соёлын хувьд хөгжих боломжтой байхыг л хэлэх байх. Түүнээс биш зам хөгжихийг, олон гэрэлтэй болохыг хэлэхгүй л болов уу. Гэтэл иргэдийнхээ сайн сайхны төлөө дуугарна гэж сонгогдсон Иргэдийн Хурлын төлөөлөгч нар, нэг Хурлын дарга, нэг Засаг даргын шийдвэрийг “харалган” дэмжиж, тэрийг л хөгжүүлээд байгааг би гайхаж байна. Тиймээс л би сөрөг хүчин болоод байгаа юм. Түүнээс нэгдээд, хамтраад явж болно. Гэвч ихэнхийнх нь зорилго тэс ондоо зүйл байгаа болохоор болохгүй байна. Жишээ нь энэ атар газрыг тариалангийн талбай болгох асуудлыг тэр төлөөлөгч нар дэмжиж, гар өргөхөөсөө өмнө тэнд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг яагаад судалж үзэхгүй байгаа юм. Учир начрыг нь олъёо гэж яагаад оролдохгүй байгаа юм. Шийдвэрүүд ингэж л гарч байна. Ийм жишээ зөндөө. Зөвхөн тариалан гэхгүй, уул уурхай, бэлчээр, мал аж ахуй, үйлдвэрлэл, газар олголтууд гээд... Дандаа нэг нууцаар хийж байгаа юм шиг. Бүлгийн хурал дээр яриад шийдчихсэн л гэдэг. Нэг тийм хуйвалдааны шинжтэй. Тэгээд би эсэргүүцээд хэдэн үг хэлчихээр сөрөг хүчин болчихоод байна. Уг нь бүх төлөөлөгч нэг л ижил зорилготой энэ хуралд суудаг.  

- ТА САЯ ХЭЛЛЭЭ. БҮЛЭГ ШИЙДЧИХСЭН ГЭДЭГ ГЭЖ. ТЭГЭХЭЭР МАН АСУУДЛЫГ БҮЛГИЙН ХУРАЛДААНААРАА ШИЙДЭЭД, БУСАД ТӨЛӨӨЛӨГЧДИЙН САНАЛД НААНАТАЙ ЦААНАТАЙ ХАНДАХГҮЙ, ОЛОНХООРОО ТҮРСЭН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГААД МАГАДГҮЙ ТАНЫ СОНГОГЧДЫН ЭРХ АШИГ ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

- Үгүй, тэгээд хохироод, бүр аргаа бараад эрх ашгаа шүүхээр хамгаалуулах гээд явж байна. Үндсэн хуулинд хүний амь нас, эд хөрөнгийг халдашгүй хэмээн заасан байдаг. Гэтэл бүр халдаад, шийдвэр нь гараад, газрыг нь авна гээд тогтоол гаргачихаад байна. Шүүхэд хандахуйц ийм асуудлыг, тийм шийдвэрийг төрийн байгууллага, албан тушаалтан өөрөө гаргаад байгаа нь байж боломгүй ноцтой асуудал.

- ЭНЭ УДААГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛ НЭГ ИЙМ, ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ Ч ЮМ ШИГ БАЙГААД БАЙНА. ТА ӨМНӨХ 2012-2016 ОНД БАС ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ БАЙСАН. ТЭР ХУРАЛ ЭНЭ УДААГИЙНХЫГ БОДВОЛ БАС ОЛОН НАМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ, ХАРЬЦАНГУЙ МЭТГЭЛЦЭЭН ӨРНҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БАЙСАН БОЛОВ УУ. ОДОО ТАНЬД ЯЛГАА МЭДРЭГДЭЖ БАЙГАА ЮУ?

- Яахав, өмнө Иргэдийн Хурлын бүтэц бас харьцангуй өөр байсан. АН, МАХН, бие даагчдын төлөөллүүдтэй, бас МАН арав гаруй төлөөлөгчтэй байснаас арав нь НАМЗХ-ыхон буюу намын дэргэдэх залуучуудын байгууллагынхан байсан. Тиймээс харьцангуй мэтгэлцээн өрнөдөг байсан байх. Гэхдээ нөхцөл байдал яг л одоогийнх шиг, нэг тийм намын бодлого нэрээр хэдхэн хүний эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гардаг байснаас сөргөлдөөн, үл ойлголцсон асуудлууд бас л гарч байсан.

- ТИЙМ. 2015 ОНД АЙМГИЙН ИТХ-д ШИРҮҮХЭН ЮМ БОЛЖ, ЗАСГАА СОЛЬЖ БАЙСАН?

- Тэр үед МАНАН анх бий болж байсан юм. Одоогийн аймгийн Засаг дарга С.Насанбатын орлогч нь Г.Баянмөнх гэж АН-ын нөхөр байлаа. Өнөөдөр ч аймгийн Иргэдийн хуралд МАН дийлэнх олонхи болсон хэрнээ захиргаа, орон нутгийн олон эрх мэдэл АН-ын нөхдөд байна. Энэ юуг хэлээд, цаана нь юу болоод байна...? Анхаарал хандуулах л асуудал. Ер нь хуйвалдааны шинжтэй найман жилийг бид үдлээ. Үүний үр дагаварт энэ орон нутгийн хөгжил цэцэглэлт дутуу, ард түмний амжиргаа, ажлын байр нэмэгдүүлэх ажил зогсонги, тэгсэн атлаа төсвийг баруун солгойгүй үрсэн, тараасан. Ийм л байна. Баахан зам тавьж, газар олгосон, өндөр байшин барьсан хүмүүс. Тэгээд иргэдээ сайхан амьдруулна, гоё болгоно гэж гарч ирсэн атлаа, өөрсдийнх нь халаас хэрхэн хурдтай зузаарч байгааг, хэн байснаа хэн болж өөрчлөгдөж байгааг нь бид бүгд харж байна. Иргэдээ мэдэхгүй л юм шиг бодоод байгаа. Цагтаа цалгиж ерөнхийлөгч, ерөнхий сайд явсан хүмүүсийн ч хамаг бузар булай нь илэрч, одоо эх орондоо ч ирэхийн аргагүй болоод байгааг бид бүгд харж байна. Эдэнд ч ийм хувь заяа ирэх биз. Цаг хугацааны үнэнээр бүх зүйл шүүгдээд гараад ирнэ дээ. 2015 онд энэ байдлыг бид засч залруулах гэж залуу цагийн зориг зүрхээр оролдоод, үнэн үгийг хэлсэн ч үндсэндээ хэлмэгдсэн.

6. ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ МАН-д ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН 10 ЗАЛУУ НАМААСАА ХӨӨГДӨЖ БАЙСАН Ч, ӨНӨӨДӨР ДАРААГИЙН ЗАЛУУ ҮЕ ДАХИН ҮҮНИЙГ ХЭЛЖ БАЙНА

- ХАРИН ЯГ НААДАХЫГ ЧИНЬ АСУУМААР БАЙНА. 2015 ОНД МАН АРВАН ЗАЛУУГАА НАМААС НЬ ХӨӨСӨН. ЗАСГАА СОЛИОД, ТА НАР АН-тай НИЙЛЭЭД ЗАСАГ БАРИХ ГЭЖ БАЙГАА Ч ЮМ ШИГ ХЭСЭГ БУЖИГНАСАН. ТА САЯ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ ДЭЭРЭЭ ТӨВЛӨРӨӨД БАЙСАН УЧРААС ЗАЛУУЧУУД ЗОРИГТОЙ ХӨДӨЛСӨН ГЭЛЭЭ. ИНГЭЖ ХӨДЛӨХДӨӨ АН-тай НИЙЛСЭН ЮМУУ?

- Яахав, өөр өнцгөөс харвал тэгж л харагдах байх. Өнөөгийн цаг үеэс тухайн үеийн үйл явцыг дүгнэж харъя л даа. Тэр бол 2015 он. Дахин хэлье. Таван жилийн өмнө шүү дээ. Тэр үед энэ У.Хүрэлсүхийн Засгийн Газар, одоо болж буй шударга үнэний төлөөх тэмцэл огт байгаагүй. Ёстой нөгөө идээ бээрэндээ жинхэнэ баригдчихсан байсан үе. Хэн ч зориглож дуугарахаас эмээж байсан цагт бид хөдөлсөн. МАН-ын гишүүд намын даргынхаа эсрэг, намаас томилогдсон Засаг Даргынхаа эсрэг зоригтой алхам хийж, өнөөдрийн энэ өөрчлөлт шинэчлэлтийн бараг эх суурийг тавьсан. Тухайн үед аймгийн ИТХ-д миний санаж байгаагаар МАН-18, АН-11, бие даагч-2, МАХН-ы жагсаалтаар орж ирсэн 2 төлөөлөгч байсан юм. Бид асуудлыг тавьж, Хурлын дарга, Засаг даргыг дахин хуульд заасан процессын дагуу сонгох болоход манай намын 18 хүнээс Цэндсүрэн, Насанбат тэргүүтэй хэсэг хүмүүс хурлыг хаяж гарсан тул аргагүйн эрхэнд ганц, хоёрхон хүний саналаар ялагдаж, тухайн үеийн аймгийн ИТХ-ын даргаар АН-ын хүн гарч ирж байсан. Түүнээс нэг их хуйвалдаад, нийлж суугаад байсан юм байхгүй ээ.

- ХҮМҮҮС ТЭГЖ Л ЯРЬДАГ ...

- Үгүй, яахав дээ. Хүнийг муулж, хийсэн хэлснийг нь мушгиж харлуулах бол амархан. Гэхдээ цаг хугацаа хэн нь хэн бэ, юу болсон бэ гэдгийг харуулна. Өнөөдөр ч гэсэн харагдаж байгаа биз дээ. Тэгээд нийлж суугаад байгаа нь одоо хаана байна. Бүгд л талын нэг тарчихсан. Би гэхэд ШИНЭ намд орчихсон байна. Хэрэв тэр үед тэгж нийлж байсан юм бол АН-д орохгүй юу хийж байгаан. Ер нь биднийг есөн шидээр л ярьж байсан. Мөнгө төгрөг авсан л гэнэ. Өөрсдөө тэгж авдаг хүмүүс л бусдыг бас тэгж боддог биз. Нөгөө, хулгайч бусдыг надаас илүү хулгай хийчихлээ гэж байнга боддог гэдэг шиг. Хардаад байгаа хүмүүс тиймэрхүү л байх. МАН-д НАМЗХ-ыхон арай өөр шүү. Бага залуугаас маань биднийг НАМЗХ хүмүүжүүлсэн. Ахмад үе маань бидэнд Дархан хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ёстой яс маханд маань шингэтэл ойлгуулж, нам гэж юу юм, бидний итгэл үнэмшил юу юм, олны төлөө ажиллах хүн ямар байх юм, харилцаа хандлага, биеэ авч явахаасаа эхлээд ямар байх ёстой юм гэдгийг зааж сургасан. Тэгээд бид нас биед хүрч, одоо л нутгаа хөгжүүлнэ, сурсан юмаа хэрэгжүүлнэ гэж байтал хаанаас ч юм, гэв гэнэт тооноор үл мэдэгдэх нэг нөхөр орж ирээд, нам ч удирдаад, хот ч удирдаад л байж байна.

- Үнэндээ одоо энэ намын удирдах түвшинд байгаа хүмүүс бүгд цагтаа өөр нам, хүчний төлөө зүтгэж байсан юм ш дээ. Тэгсэн атлаа бага залуугаасаа тууштай энэ намын төлөө зүтгэсэн залуусыг “урвагч” хэмээн цоллоод л, намаас нь хөөгөөд л... Муусайн “хонины арьс нөмөрсөн чононууд”. Магадгүй одоо болж буй бузар булай бүхний үндэс эндээс ч эхтэй байж мэдэх юм. 

- ТА Ж.ГАНБОЛДЫН ЯРИЛЦЛАГЫГ УНШСАН УУ? ТЭНД С.НАСАНБАТ ДАРГЫН ДАРХАНЫ УЛС ТӨРД ОРЖ ИРСЭН ТҮҮХИЙГ ЯРИАД БАЙСАН. ТА ЭНЭ НАМД БАЙСАН ХҮНИЙ ХУВЬД ЭНЭ ТАЛААР ЮУ МЭДЭХ ВЭ?      

- Ж.Ганболдын тэр яриа үнэний ортой ч байж магадгүй. Би гэхдээ тэр үед төрийн албан хаагч байсан. 2012 оны сонгуулийн өмнө л гэнэт намын дарга болчихсон юм шүү дээ. Уг нь намын дарга гэдэг үүрүүдээс шигшигдээд, сумын намын хороо, аймгийн намын хороонд хэлэлцэгдээд гарч ирсэн, олон жил ажилласан, дадлага туршлагатай, нэр хүндтэй, намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Гэтэл огт танихгүй нэг нөхөр, нэг л өдөр ороод ирсэн. Үүнийг юу гэж ойлгох уу? Энийг эрэн сурвалжилах сэтгүүл зүй сурвалжилбал их гоё юм гарч ирэх байх шүү. Тэгэхээр бодитой ч байж магадгүй. Олон жил энэ намд зүтгэж, намын удирдах албан тушаалуудыг хашиж, намын гишүүдийн олонх нь мэддэг таньдаг, тийм хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг ялаад л гараад ирсэн юм ш дээ. Манай ахмад гишүүд ч гайхаж, эргэлзээд байдаг юм билээ. Энэ жирийн зүйл биш шүү. Хатуу хэлье. Энгийнээрээ юм хэзээ ч ийм байдаггүй.

- МӨН МАН-ын ДЭД ДАРГА АСАН Б.БАТБОЛД ОДООГИЙН МАН-ын ДАРГА ӨӨРИЙГ НЬ СӨРСӨН, ШҮҮМЖИЛЖ ЭСРЭГ ДУУГАРСАН ЗАЛУУЧУУДЫГ БҮР АМЬДРАЛГҮЙ БОЛГОДОГ ГЭСЭН УТГАТАЙ ЗҮЙЛИЙГ ЯРЬЖ БАЙСАН. ТА НАРЫГ Ч БАС НАМЫН ДАРГАА СӨРСӨНИЙ УЛМААС НАМААСАА ХӨӨГДӨЖ, БҮГД ХЭСЭГТЭЭ АЖИЛГҮЙ ЯВСАН ГЭДЭГ?

- Яахав дээ, бид ажил амьдралтай байх гэж энэ намыг түшээгүй л дээ. Магадгүй, бид залуу цагтаа наймаа арилжаа хийгээд энэ нам төр, энэ хот, орон нутгийн төлөө ажиллаж, амьдрана гэж амьдралынхаа зорилгыг тавиагүй, өөр ажил хийгээд явж байсан бол өдийд ямар ч байх байсан юм. Бидний хувьд энэ намыг гэсэн үзэл маань их эрхэм юм шүү. НАМЗХ биднийг тэгж хүмүүжүүлсэн. Бидний он цагийн үргэлжлэл, ирээдүй маань НАМЗХ юм. Энд бид залуучуудаа чиглүүлж, хазайхад нь түшиж, хальтрахад нь тулж энэ аймаг орон нутгийн төлөө ажиллах ирээдүйн боловсон хүчин, удирдлагуудыг бэлддэг. Энэ бүр үе улиран үргэлжилж ирсэн систем. Бидний дээд талын үе биднийг бэлддэг, бид доод талаа бэлддэг. Ийм л журмаар явж ирсэн. Тиймээс бид энэ төр, орон нутаг, иргэдийнхээ төлөө зүтгэсэн. Зарим үед харамсалтай л байдаг. Гэхдээ хувь хүнийхээ хувьд нэг их ядраад, энэ намаас болоод ийм болчлоо гэж огт боддоггүй. Зүгээр, яахын аргагүй үнэн зүйл бол Лхагваа юуны төлөө зүтгэсэн юм. Тэр Батбаяр, Дэлгэрбаяр, Баярцэцэг, Батжаргал, Мөнхбат нар юуны төлөө зүтгэсэн юм гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Яагаад дарга нарынхаа эсрэг сөрөөд, босоод, унаад явсныг маань ойлгох өдөр ирнээ. Өнөөдөртөө бол яахав. Гэхдээ, хамгийн харамсалтай нь энэ цаг хугацаа, бидний алдсан энэ цаг хугацаа ард түмэнд маань дахин хэзээ ч олдохгүй. Би, бид энэ 2012-2020 онд Дархан-Уул аймаг, түүний иргэдийн төлөө маш их зүйлийг хийж чадах байсан гэж бодож, харамсаж явдаг. Энэ аймаг орон нутгийг өөд нь татаад, ард иргэдийнх нь аж амьдралыг дээшлүүлээд, хүнс тэжээл, мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлээд, дорвитой томоохон өөрчлөлт хийчих хугацааг царцаагаад өнгөрүүлчихлээ. Энэ л харамсалтай. Хэрвээ би Хонгор сумын төлөө таван жил ажилласан бол, хэрвээ миний бодож явснаар, хэрвээ намайг НАМЗХ хүмүүжүүлсээр энэ орон нутгаа хөгжүүлсэн бол одоо Хонгор ямар байх байсан бол... Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлнэ гэж иргэдийнхээ газрыг лав булаахгүй байсан.

- ГЭХДЭЭ ОДОО ТЭР АРВАН ЗАЛУУГИЙН ГИШҮҮНЧЛЭЛ СЭРГЭСЭН БИЗ ДЭЭ?

- Надаас бусдынх нь бүгд сэргэсэн байх шүү.

- ЯАГААД? ТА СЭРГЭЭЕ ГЭЭГҮЙ ЮМУУ? АЛЬ ЭСВЭЛ...

- Биднийг тухайн үед намын дүрмэнд байгаагүй үндэслэлээр хөөсөн юм шүү дээ. Уг нь намынхаа эсрэг үйл ажиллагаа хийсэн, алдаа дутагдал гаргасан гэж үзвэл харъяалагддаг намын үүрт нь албан бичгээр хандаж хэлэлцүүлээд, үүрийн намын хурлаар асуудлыг шийддэг ёстой. Гэтэл аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид хуралдаад л биднийг намаас хассанд тооцсон. Намын үүрийн ч, намын ч хурал болоогүй. Зөвхөн намын тэргүүлэгчид шийдвэр гаргаад, гарын үсэг зурсан байсан. Шалтгаан нь Засаг дарга С.Насанбатыг огцруулсан гэдэг. Бид бас зүгээр сууна гэж юу байхав. Дээшээ намын төв байгууллагадаа хүсэлт бичиж, дүрмийн бусаар халлаа гэдэг гомдлыг гаргаад явж байсан. Тэгээд 2018 онд одоогийн энэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болсны дараа, эдгээр залуучуудын асуудлыг тус тусын үүр дээр нь хэлэлцэж шийдвэрлэ гэсэн утга бүхий албан бичиг ирсэн юм. Манай залуучууд бүгд намын үүрдээ асуудлаа хэлэлцүүлж, ихэнх нь 100%-ийн саналаар, ганц нэг хүний гишүүнчлэл 90 гаруй хувийн саналаар сэргэж, намдаа эргэн орсон. Гишүүдээр хэлэлцүүлж, тухайн үед болсон процессыг бодитоор нь ярихад ихэнх гишүүд ойлгодог. Тийм юм болсон юмуу, мэдээгүй гэж гайхаж хүлээн авч байна билээ. Миний хувьд Хонгор сумынхаа намын хороонд 2018 оны дөрөвдүгээр сард өргөдөл өгсөн. Гэвч одоо болтол хурал хийгээгүй, бүр үүрийн ч даргагүй байгаа. Тэгээд хуралдахгүй болохоор яах билээ...

- ТА ИХ ОЛОН УДАА НАМ ГЭЖ ЯРИЛАА. БАС БАГА ЗАЛУУГААСАА ЭНЭ НАМААР ХҮМҮҮЖСЭНДЭЭ БАХАРХАЛТАЙ БАЙХ ШИГ. ТЭГЭХЭЭР ТАНЫ ХУВЬД ЭНЭ НАМД СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛСНЫ ЧИНЬ УТГА УЧИР ЮУ ЮМ БЭ?

- Бидний энэ амьдралын үндсийг тавьсан юм шүү дээ энэ нам. Жалгын нэг тарсан, тарчиг буурай ард түмнийг өнөөдрийн хөгжил дэвшилд хүргэсэн. Тэгэхдээ сүүлийн 30-аад жилд замхарчихлаа. Одоо хар л даа. Би сая зөвхөн Дарханы асуудлыг ярилаа. Гэтэл Монгол даяар ийм байна. Энэ их идэж уусан, авилгал, хээл хахуулийн асуудлууд, олигархууд... Энийг жирийн иргэд бий болгоогүй. Жишээ нь МАН үнэмлэхүй ялчихаад байхад яагаад аймгийн удирдах түвшинд АН-ынх атлаа Баянмөнх ороод ирэв. Энэ бол бидэнд ойлгомжгүй, байж боломгүй зүйл. Гэтэл ийм ойлгомжгүй зүйлсийг бий болгоод, намыг эрх ашгийнхаа төлөөх хэрэгсэл болгоод байгаа хүмүүс намыг, хот, орон нутгийг маань удирдаад эхлэхээр тэсэхгүй, үе үеэрээ гарч ирээд тэмцэлдээд байгаа юм. Би Б.Батболдын ярилцлагыг уншсан л даа. Тухайн үед бид С.Насанбатыг эсэргүүцэж байхад Батболд, Насанбаттай цуг байсан. Биднийг ойлгоогүй. Яахав, бид амьдралын муухай хар туршлагыг залуу цагийн цочмог алдаа, туршлага дутсанаас хий гаргаад, хэдий зөв үйлдэл хийсэн ч муугаар хэлэгдээд, намаасаа хөөгдөөд өнгөрсөн. Тэгтэл биднийг тухайн үед намаасаа урвалаа, болохгүй бүтэхгүй байна гэж байсан дараагийн үе маань одоо бас л болохгүй байна гээд байж байна. Энэ юуг харуулаад байна гэхээр, залуу үе маань бидний хойноос хүмүүжээд бидний үлдээсэн үнэт зүйл, бидний хүсэл мөрөөдлийг яг ижилхэн тээгээд ирж байгаагийнх. Яахав, тухайн үед биднийг ойлгоогүй. Дараа нь өөрсдөө бидний зовлонг үзээд ирэхээрээ бас л тэсэхгүй зөрчилдөөд, яг л бидэнтэй адилхан зориг гаргаад тэмцэж байна. Би харин тэднээр, НАМЗХ-ыхнаараа бахархаж байгаа. НАМЗХ-хны Дархан хотоо, энэ орон нутгаа хөгжүүлье, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулъя гэсэн үзэл бодол, үнэт зүйлээс тэс өөр амин хувиа хичээсэн, энэ нутгийн төлөөх сэтгэл үгүй үйлдлүүд гараад байхаар тэсэхгүй тэмцэлдээд зөрчилдөөд байгаа нь энэ. Хэн ч, тэнэг биш бол хөндлөнгөөс хараад энийг мэдэж байгаа. 2015 онд намайг Хонгор сумын Засаг Даргаас огцруулсны дараа манай Хонгорын 80 гаруй намын гишүүн эсэргүүцэж, батлахаа С.Насанбатад өгөхөд мань хүн “Наадах чинь ямар хамаатай юм” гэж байсан гэдэг. Түүнд намын гишүүд ийм л үнэ цэнэгүй.

- ТЭГЭХДЭЭ ТА ХАЙРЛАДАГ МАН, БАС НАМЗХ-с САЛААД ӨӨР ШИНЭ НАМРУУ ОРЧИХЛОО. МАГАДГҮЙ ТОДОРХОЙ ХҮСЧ ЗОРЬЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ БИЕЛҮҮЛЭХ БОЛОМЖ ГЭЖ ХАРСАН БАЙХ. ГЭХДЭЭ ТАНЫ НӨГӨӨ ҮНЭТ ЗҮЙЛ ЗАРЧИМ ЮУ БОЛОХ ВЭ?

- ШИНЭ намын үнэт зүйл зарчим, миний бодож байгаатай яв цав нийцэж байгаа шүү. Шударга байя л гэдэг. Бид энэ шударгаар чинь л цангаж байгаа биз дээ. Улс хөгжихийн тулд шударга байх ёстой. Шударга бусаар удирдаад хөгжинө гэж байхгүй. Яаж ч бодоод толгойд багтахгүй. Тэгэхээр ШИНЭ нам шударга ёсыг хэрэгжүүлнэ. Ард иргэдтэйгээ хэлэлцэж байгаад тулгамдаж байгаа асуудлуудаа, байгалийн нөөц баялгаа хэрхэхээ шийднэ гэж байгаа нь миний бодож явсантай нийцсэн. Нэгдүгээр шалтгаан энэ. Хоёрт НАМЗХ–оос би сайн дураараа гараагүй. Ёстой аргагүй салаа замын эрхээр салсан. Нэг санаа зорилготой явж байгаад гэнэт хажуу талаас орж ирсэн хөндлөнгийн хүчинд татагдаад л тасарсан. Энэ надаас шалтгаалаагүй давахгүй хүчин зүйл байсан. Магадгүй бид тодорхой хугацааны дараа хамтдаа хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж болно. Гэхдээ одоохондоо нөхцөл байдал өөр байна. Надтай адил дараа үеийн залуучууд маань ч цавчуулаад дуусч байна.

Уг нь энэ залуус чинь бүгд Дарханы иргэд. Бүр үндсэн иргэд нь. Би энийг харин ч бүр бардам хэлмээр байна. Хэрвээ бид хэзээ нэгэн цагт энэ төр захиргаа, орон нутгаа удирдах юм бол, нийлж суугаад энэ сайхан хотынхоо ирээдүйг ярих боломж бий.

Би үүнд итгэлтэй байна. Бид аль намд байх нь хамаагүй. Тэр нэг их чухал биш. Талын нэг тарсан бидэнд эргээд нийлэх цаг үе ирнэ.

2020 оны хоёрдугаар сарын 21

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Бүрэн хан нөхөрлөл (202.55.188.90)
    Асуулт бүрт пялдага, бөөрөнхий хариулсан, их л зориггүй гүйлэгнэсэн ярьж! Манай энэ Лхагваа, Батжаргал гэх мэт олон жил яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй худлаа барьж, тавьсан гаруудыг ямар улс төрч гэх вэ дээ! Харин өмнөхөн нь ярьсан 2 залуу зөв иртэй байна лээ дээ
    2020 оны 03 сарын 01 | Хариулах
    • (64.119.17.127)
      Ene Burenbat gej neg alt uhaj, Mod hulgailsan hongoriig buzarlaj baigaa neg Hoton bnaa. Chi sainaa uzehgui dee, hoshnogo doloogchoo
      2020 оны 03 сарын 01
    • (150.129.143.235)
      Zorigtoi yaridag humuus yariach . Chadahgui bolkhoor nuuts hayagnaas toroll hiihees tsaaxhgui l dee
      2020 оны 03 сарын 01
  • Зочин (192.82.72.62)
    Ёстой чин үнэнг бичиж энэ авилгачин луйварчинг тороныхоо цаана суухад нь Дарханчууд нэг баярланаа, Тэр цаг удахгүйээ
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.107.249)
    Дархан-уул аймаг Засгийн газрын шийдвэрээр газар тариалангийн бүсэд хамрагдахаар болсон тул эрчимжсэн фермэр талдаа хөжигх ёстой. Түүнд зориулсан талбайг хонгорын эзэнгүй байгаа хэсгээс авч ашиглах нь буруу биш ээ. Насанбат зөв ажил хийж байна яаж ийгээд харлуулах гэсэн хүмүүсийг түүж олоод нэг нэгээр нь сайтдаа тавьж байгаа нь улстөр гэж харагдаж байна. Энэ хүний яриаг харахад нөгөө паркийн асуудал шиг юм болчих вий гэсэн байна. ийм хардлагаар хүний ажилд саад учруулж болохгүй, паркийн газрын хувьд дашууд улс төр хийсээр байгаад маш сайхан төслийг гацааж зогсоосон, дархан минжийг залхааж төслөөс гарах болгосон хүмүүс бол дашууд. дарханчууд хариуцлага нэхэх ёстой, энд нэг хүний бичсэн шиг үнэхээр дашууд олон зуун газар лйвардаж авсан бол хууль хяналтаар шалгуулах ёстой
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
    • MyDarkhan.mn(202.126.89.3)
      Сайн байна уу? Тийм учраас бид тэнцвэртэй байх үүднээс аймгийн Засаг Дарга С.Насанбатад удаа дараа тайлбар ярилцлага авах хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч хариулт өгөөгүй. Дахиад ч тайлбар ярилцлага авахыг хүсч байна. Маш олон асуулт байна. Хардах, үзэл бодлоо илэрхийлэх, бодож санаж байгаа хуваалцах эрх бол хэнд ч бий. Харин иргэдийн дунд байгаа энэ мэт олон эргэлзээтэй асуултанд аймгийн Засаг дарга өөрөө хариулах ёстой. Хэрэв хариулт ирэхгүй бол асуултууд, асуудлууд үргэлжлээд л байх байдал ажиглагдаж байна. Паркийн газартай холбоотой тендерийн асуудлаар ч С.Насанбат даргаас асуух асуулт олон бий.
      2020 оны 02 сарын 27
  • Зочин (202.21.107.249)
    Би энэ Лхагвасүрэнг сайн мэднэ, ёстой муу хүн дээ. өөр хэлэх ч үг алга. Хонгор сумын засаг дарга болонгуутаа баахан тариалангийн газрыг авсан зарсан хэрэгт холбогдсон, түүнээсээ болж ажлаасаа хусагдсан. Ах дүү нар дундаа ч нэр муутай өөдгүй гар даа. Дашуудын сайт сонгуулийн жилд Дашуудын захиалгаар идэвжиж байгаа бололтой. Уг нь танай дашууд чинь энэ лхагваа гэдэг нөхрийн тусламжтойгаар 8 сар засаг барихдаа юу хийснийг судлаад гаргавал жинхэнэ гоё юм гарна. Хэдэн зуугаар тооцогдох газрын наймаа тэрбум тэрбумаар буцалсан тендерийн булхайнууд бий дээ. Засаг барьж эрх мэдэл атгаж үзээгүй нөхдүүд хуйвалдаанаар ганц удаа болж үзэхдээ ёстой нэг цөлөмсөн байдаг юм.
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
    • (192.82.72.62)
      Чи муу мэддэг юм байна.Наад Лхагвасүрэн чинь нутгийн ард олныхоо төлөө ажиллаж тариан талбай өрх бүртээ олгох гэж зүтгэсэн сайн хүү шүү. Харин чиний андуураад байгаа Бэгзийн Лхагвасүрэн чинь нутаг орныхондоо битгий хэл ах дүү нартаа адлагдсан Хонгорын хамаг газрыг зарж одоо үйлийн лайг нь үр хүүхэд нь эдлэж байгаа нөхөр бий. Чи Насанбатын гар хөл бололтой. Тэр чинь л жинхэн тэндэр гэдгийг будилуулж шоронд хүртэл орж байсан шүү . Удахгүй бүх булай нь дэлгэгдэж чамтай цуг очих газартаа хүрнэ дээ.
      2020 оны 02 сарын 27
    • (192.82.72.62)
      Chi tegeed hen be hoshnogo uu
      2020 оны 02 сарын 27
    • (45.117.32.3)
      за яахав ээ яахав. нэг удаа дэлсээд бүхнийг цэгцэлчихгүй нь ойлгомжтой шдээ. болохгүй байгаа хууль бус зүйлсийг нэг нэгээр нь гаргаж тавиад байхад цэгцрэх юм байгаа байх аа. энэ сайтыг ардчилсан намын, эсвэл дашуудын гэж харахаасаа өмнө бичээд байгаа асуудлуудыг нь харвал танай манай гэхгүй зүгээр л явж байна гэж боддог
      2020 оны 02 сарын 27
5969   10
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг