Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-05

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ТУСГАЙ БУС ЕРДИЙН СУРГУУЛЬД СУРГАЯ

  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд Ерөнхий боловсрол олгох нэрээр “хорьж байна” гэж МУБИС-ийн түүх, нийгмийн хоёрдугаар дамжааны оюутан Т.Эрхэс хэлэв. Тэр өөрөө тусгай сургуулийг хоёр жилийн өмнө төгссөн. “Энэ их буруу хандлага. Бид бусадтай мөр зэрэгцэж явах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн ангид суралцсанаар илүү амжилт гаргана” гэж Т.Эрхэс үргэлжлүүлэн ярилаа. Үнэхээр ч орчин цагт дэлхий нийтээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусдаас тусгаарлалгүйгээр хамт олонд нь түшиглэн хөгжүүлнэ гэсэн үзэл баримтлалд хэдийнэ шилжжээ. Өмнө нь хүүхдийг боловсролын тогтолцоонд тохируулах гэдэг байв. Харин өнөөдөр боловсролын тогтолцоог хүүхдийн хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн шинэчилж байна. Учир нь хүүхэд бүр суралцах хэрэгцээ, чадвараараа бусдаасаа өөр байдаг. Тэгвэл тэдний чадамжид нийцсэн, тэгш хүртээмж, оролцоог дэмжсэн, хүүхдийн эрхэд суурилсан чанартай боловсролыг тэгш хамруулан сургах боловсрол гэх болжээ.

  Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амин чухал асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь тэгш хамруулах боловсрол хэмээн үзэж байгаа. Бид ч дэлхийн нийтийн энэхүү шинэ хандлагын дагуу хувь хүний хөгжих хэрэгцээг дээдэлсэн орчин нөхцөлийг бүрдүүлэхэд боловсролын тогтолцооны шинэчлэлээ чиглүүлж байгаа. Манай улсын тухайд 2018 оны гуравдугаар сараас “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь нэг гол зорилт ажээ. Үүнтэй зэрэгцэн Монгол улсын Засгийн газар ч бодлого, шийдвэрүүдээ гаргаж эхлэв. 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын Тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяагийн хэлснээр 2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран суралцуулах журам” батлагдан гарснаар тухайн сурагч ердийн сургуульд сурах уу, тусгай сургуульд сурах уу гэдгээ өөрөө сонгох нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Улмаар 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 6,518 хүүхэд хамрагдсанаас ердийн сургуульд 4,778 хүүхэд суралцсан байна. Дээрх журмыг БСШУ-ны Сайд өнгөрсөн онд баталснаар 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг ердийн сургуульд суралцуулах боломж илүү нээлттэй болжээ. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тусгай сургуульд бус харин ердийн сургуульд боловсрол эзэмшүүлснээр тэдний ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгоно хэмээн Засгийн газар найдаж байгаа юм.

ЭНЭХҮҮ НАЙДВАР ЮУНД СУУРИЛЖ БАЙНА ВЭ?

  "Бид бусадтай мөр зэрэгцэж явах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн ангид суралцсанаар илүү амжилт гаргана” гэж Т.Эрхэс үргэлжлүүлэн ярилаа.

Бие махбод, оюун ухаан, сэтгэл мэдрэхүйн онцлог, нийгэм, хэл зүйн гэх мэт бусдаас ялгаатай ямар нэг нөхцөл байдлаасаа үл хамааран хүүхэд бүр сургуульд хамрагдах боломжтой болохыг аль 1994 онд Саламанкагийн тунхаглалд тусгажээ. Энэхүү тунхаглалыг ЮНЕСКО-гийн гишүүн орнууд баталчихсан. Гишүүн орны хувьд манайх заавал дагаж мөрдөх ёстой. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсрох тэгш эрхээр бүрэн хангагдаж, оролцох эрхтэй гэж мөн заасан байдаг. Монгол улсын хувьд тэгш эрхэд суурилсан боловсрол олгох эрхийг Үндсэн Хуулиасаа эхлээд цөөнгүй хуульдаа тусгасан юм.

  Монгол улсын хэмжээнд тусгай сургууль нийслэлд ердөө зургаа байгаа нь нийт суралцагчдад хүрэлцэхгүй. Мөн орон нутгийн хүүхдүүдээ яах вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийн суралцах эрхийг ийнхүү хуулиар хамгаалсан ч тэдний дийлэнх нь ердийн сургуульд суралцахаас өөр сонголт алга. Учир нь Монгол улсын хэмжээнд тусгай сургууль нийслэлд ердөө зургаа байгаа нь нийт суралцагчдад хүрэлцэхгүй. Мөн орон нутгийн хүүхдүүдээ яах вэ? Тэд аймаг, сумынхаа сургуульд сурахаас өөр ямар ч аргагүй. Ингэхээр ердийн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авахаас өөр арга алга. Хараат бус судалгааны хүрээлэнгээс хоёр жилийн өмнө явуулсан судалгаанаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд сурснаар нийгмийн харилцаа, хэл яриа, нийгэмшил, танин мэдэхүй, эрүүл мэнд болон бие бялдрын хувьд маш олон эерэг өөрчлөлт гарч байгааг эцэг эхчүүд нь баталж байгаа юм. Хүүхдүүдээс гадна тэднийг ангидаа авч хичээл заасан багшид ч мөн эерэг үр дүн гарсан байна. Тэд хөгжлийн янз бүрийн ялгаатай хүүхдүүдэд зааж сургах, харилцах арга зүй, баялаг туршлагатай болсноор мэргэжлийн ур чадвар нь өсөж байна.

БАГШ НАР ТУСГАЙ СУРГУУЛИЙГ ИЛҮҮД ҮЗСЭЭР БАЙНА

  Гэхдээ дээрх судалгаанд хамрагдсан ЕБС-ийн багш нарын 87 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуулиас илүү тусгай сургуульд сурах нь өөрт нь илүү ашигтай гэж үзэж байна. Японы Жайка олон улсын байгууллагын зүгээс хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдагч Тэцүяа Иший, “Улаанбаатар хотын зарим сургуулийн захирал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад хэцүү гэж боддог. Тиймээс тусгай сургууль руу явуулах гэсэн хандлага гаргадаг” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ мэтээр захирал, багш нарын болгоомжлол, эргэлзээ нь сургуулийн орчинд тулгарч байгаа олон хүндрэл бэрхшээлтэй холбоотой байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш нарын арга зүй, материаллаг орчин, дэд бүтэц, сурах бичиг, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал, эрх зүйн орчны дутмаг байдлуудыг тэд дурдсан юм.

   Адаглаад тэргэнцэртэй хүүхдэд зориулсан зам, жорлон сургуулийн орчинд байхгүй. 16 нас хүрсэн, тэргэнцэртэй охин хүүхэд байлаа гэж бодъё. Хэн түүнийг жорлонд аваачиж бие засуулах вэ?

Үеийнх нь охид өргөж хүчрэхгүй. Тиймээс туслах багшийн шаардлага гардаг. Энэ мэтээр ердийн сургуулийн багш нарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тулахаар мэргэжлийн бус учраас мэдэхгүй зүйл зөндөө гардаг хэмээн Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн Эрхийн Засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон ярилаа.

ЭНДҮҮРЭЛ

  Хэдийгээр багш нарын дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай сургуульд илүү сайн сурна гэж үзэж байгаа ч энэ нь эндүүрэл гэдгийг хүүхдүүд бодитоор харуулж тэдний нүдийг нээж байна. Нийслэлийн 92-р сургуульд элсэн орсон тэргэнцэртэй сурагчдаа зориулж өнгөрсөн жил сургуулийн зүгээс тусгай зам, налуу шат, ариун цэврийн өрөөг шийдэж өгсөн байдаг. Ингэснээр тухайн сурагч найз нөхдөө манлайлан суралцаж, шинэ жилээр нийслэлийн шилдэг сурагч болсон.

Ерөнхий боловсролын сургууль гэлтгүй их сургуульд ч амжилттай суралцаж яваа оюутан цөөнгүй. Энэхүү өгүүллийн эхэнд дурдсан Т.Эрхэс гэхэд ангидаа сурлагаар тэргүүлэгчдийн нэг.

Ердийн сургуулийн багш нарын дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд элсэн орж, хичээл заалгаж байгааг тэгш хамруулах боловсрол гэж эндүүрдэг ажээ. Угтаа тэгш хамруулах гэдэг нь тэдний тусгай хэрэгцээнд нийцүүлж асуудлыг шийдвэрлэх гэсэн үг юм байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийг тусад нь байлгах нь тэднийг ялгаварлан тусгаарлаж байгаа гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх болон тэдний эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хэлж эсэргүүцсээр ирлээ. Үнэн хэрэгтээ тэднийг жирийн хүүхдээс тусгаарласан ч гэсэн амьдрал дээр гараад ердийн хүмүүсийн дунд ажиллаж амьдрах шаардлагатай болдог. Тиймээс энгийн хүүхдээс тусгаарлах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ирээдүйн хөгжил, төлөвшилтийг чөдөрлөнө гэсэн үг юм.

БАГШИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО АЛГА

  “Манай хүү ЕБС-ийн Насан туршийн боловсролын төвд сурдаг. Цаанаасаа арга ядан байж нэг анги гаргуулсан юм шиг санагдсан. Тэндээ их хавчигдмал байдлаар хичээл ордог. Сургуулийн багш, цэвэрлэгч нар маш дургүй байдаг” гэж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн сурагчийн ээж өгүүлсэн нь Хараат бус судалгааны төвийн тайланд үлджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч байгаа сургуулийн багш нарын сөрөг хандлага хаанаас үүдэлтэй вэ?

Юуны өмнө тэдгээр сургуульд хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгодог ч тухайн багшид урамшуулал, хувь оногддоггүй ажээ. Энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшийг дэмжих тогтолцоо алга сул байна.  

Гэтэл тусгай сургуулийн багш нар цалингийн нэмэгдэл авахаас гадна, туслах багштай хамтран ажилладаг. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 88% нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай ажиллахад арга зүйн хувьд бэлэн бус байна. Тэдэнд хөгжлийн бэрхшээлийн нийтлэг хэлбэр, төрөлд тохирсон арга зүй, ийм хүүхдийг эрт илрүүлэх, үнэлэх, оношлох аргачлал, мэдлэг алга. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ангид нь гэнэт ороод ирлээ гэхэд тэднийг бусад сурагчдын адил үнэлэхээс өөр аргагүй. Угаасаа сурлагын ахиц дэвшлийг нь үнэлэх тусгай аргачлалгүй юм хойно. Тиймээс өнөөдөр багш бүр өөрийн туршлага, ажиглалтдаа үндэслэн ялгаатай аргачлалуудыг боловсруулан ашиглаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх, сургах нэгдсэн стандарт, үнэлгээний аргачлал байхгүй энэ байдал нь багш нар тэгш хамруулан сургах боловсролын талаар тодорхойгүй, эргэлзсэн хоёрдмол байр суурьтай болоход нөлөөлж байна.

“Нэгэнт урамшуулал байхгүй, дээр нь ихээхэн ачаалал, цаг нар, арга зүй шаардсан хүнд ажил болохоор хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай хичээллэхээр болбол миний хувьд ёстой тушаал дагасан, аргацаасан л ажил болох байх” гэж Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Ерөнхий боловсролын нэгэн сургуулийн багш А өгүүлж байна. Эндээс үзвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад сургуулийн орчны дэд бүтэц, анги танхимын тохижилт, сургалтын материал, хэрэглэгдэхүүний хангамжийг шийдсэн ч багш нарын сөрөг, таагүй хандлага хэвээр байна.

Сургуулийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үл хүндэтгэх, онцлогийг нь үл харгалзах, бусадтай харьцуулах, ялгаварлан гадуурхах байдал байгаа нь зарим багш нарын хандлага, харилцаанд илэрсээр байна. Тухайлбал, нэгэн сургуулийн багш хөгжлийн бэрхшээлтэй сурагчаа ангийн журналд бичдэггүй байсан, зарим багш хүүхдийн дүнг хэт өргөж тавих зэрэг ялгаварлан гадуурхах тохиолдол гарч байжээ.

Дээр өгүүлсэн бүхэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин бүрдээгүй, багш нар бэлтгэгдээгүй, тэдэнд урамшуулал олгох, ажлын үр дүнг дүгнэх механизм байхгүйтэй холбоотой байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах багш, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх нь эхний ээлжид хийх ажил болоод байна.

ТУСЛАХ БАГШИЙН ОРОН ТОО БИЙ БОЛГОЁ

  Тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог хэрэгжүүлэхэд хамгийн бодитой нь туслах багшийн орон тоог бий болгох, тэднийг ойрын үед хурдавчилсан хөтөлбөрөөр бэлдэж ажиллуулах гэж ХИС-ийн Хүүхдийн Эрхийн Засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ангид хичээлийн үйл явцыг мэргэжлийн туслах багш л тухайн хүүхдэд бүрэн дүүрэн ойлгуулж чаддаг байна. Өндөр хөгжилтэй улсад нэг хүүхдэд нэг туслах багш, бүр больё гэхэд нэг ангид нэг багш байдаг. Тэр нь их, дээд сургуульд хүртэл байдаг.

Харин ЕБС-ийн нийт багш нарын хандлагыг өөрчлөхийн тулд тэгш хамруулан сургах нь эрх зүй, дэд бүтэц, боловсон хүчний бэлтгэгдсэн байдал, бүртгэл мэдээллийн тогтолцоо, сэтгэлзүйн эерэг орчин зэрэг боловсролын чанартай холбоотой олон хүчин зүйлийг нэгтгэсэн цогц өөрчлөлт юм гэдэг ойлголтыг төлөвшүүлэхээс ажлаа эхэлье.

Монгол улс бодлогын баримт бичгүүддээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэгш хамруулан сургах үзэл санааг тусгасан хэдий ч дээр өгүүлсэнчлэн хэрэгжилтийг хангах арга зам тодорхойгүй байгаа үед тэгш хамруулан сургах арга замыг нарийвчлан тодорхойлсон эрх зүйн зохицуулалт бий болгох нь багш нарын үйл ажиллагааг зохицуулах үндсэн алхам байх болно

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургуульд амжилттай суралцаж чадна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Эерэг хандлагыг хүн бүрд (127.0.0.1)
    Би 3 наснаасаа сонсголын бэрхшээлтэй болсон 6 наснаас 12 хүртэл сургуулиа болих хүртэл хүүхдүүдэд дүлий гэдэг үгийг сонсдоггүй болхоор дооглуулж явснаа мэдээгүй байсан. Сургуулиа орхиод 30 наснаас дээш хүртлээ олсон ном болгоныг уншиж мэдлэг дээшлэх бол дээшлэх бол уу гээд зүгээр уншдаг байсан. Хүмүүсийн сургуулийн орчинд байхдаа сонсголд үг сонсоод байдаггүй зөвхөн дуу авиа сонсож л амны хайрцгаар л ойлгодог байлаа. Амны хайрцаг уншина ихэнх нь худлаа таагаад хүний инээд хүргтэл буруу яриад байдаг юм аа. Номын цагаан солио арай тусалгүй нойрны эм болтол уншсаар ярианы үгийг төсөөлөлтэйгээ хүртэл тайлбарлан ярьж чаддаг болсон доо. Сургуулийн орчинд амны хайрцаг хангалтгүй юм. Зөвхөн номын болон бичиг дохионы хэлбэрт шилжсэн ном, видео хичээл болон зааварчилгаа зөвөлгөө өгөх тусгай сургалтын багш байхад хангалттай санагддаг. Би хөдөө орон нутагт амьдардаг мөрөөрөө хүн.
    2021 оны 03 сарын 26 | Хариулах
  • Ц. Туяа (127.0.0.1)
    Миний хүү ХБ тэргэнцэр дээр суудаг, одоо нийслэлийн тэргүүний 88р сургуулийн 8р ангид сурдаг манай сургуулийн хувьд тэргэнцэртэй хүүхэд орж гарах гарц налуу замтай, тусгай бие засах газартай ер нь бол хүүхдэд ээлтэй сургууль ийм сургууль олон болоосой энэ нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн сургуулийн захирал, удирдлагууд багш ажилчиддаа баярлаж явдаг шүү
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Сургалт сурталчилгаа их хэрэгтэй. Багш нар бүр сургуулийн захиргаа ч энэ талын мэдээлэл ойлголт байдаггүй. Ялангуяа нийгмийн ажилтан нарыг тусгайлан сургалтанд харуулмаар
    2021 оны 03 сарын 24 | Хариулах
1645   3
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог