Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-09

REMAX-ийнхан ЗУГАА ЦЭНГЭЛИЙН ХОТОД ХААНА БАЙСАН БЭ?

Монгол улсын Засгийн газраас нэгдүгээр сарын 9-нээс эхлээд гурван сарын хугацаанд ард иргэдээ халдвар бүртгэгдсэн улсад аялж, зорчихоо хязгаарлахыг зөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9 хүртэл гэсэн үг. Гэтэл АНУ-ын Ласвегас хотод хоёрдугаар сарын 23-28-ны хооронд болсон дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд Монгол Улсаас "Remax" компанийн 24 хүн оролцоод түрүүчээсээ иржээ.

 Тэгвэл ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 3-нд анхны таван хүн ирснээс гурвыг нь гаднын улс орноор явсан гээд ХӨСҮТ-д тусгаарласан ч тэд олон улсын форумд оролцсоноо хэлээгүй гэв. Тиймээс үлдсэн хоёр хүнийг нэмж ажиглалтад авч, өөрсдийгөө тусгаарлах чиглэл өгчээ. Өчигдрийн онгоцоор 13 нь ирж, мөн тусгаарласнаар нийтдээ 16 хүнийг ажиглалтад авсан байна. Нийт 24 хүн явсны найм нь ирээгүй бөгөөд маргаашийн онгоцоор ар араасаа цувраад ирэх аж.

Хамгийн гол нь тухайн үед Лас Вегаст болсон хурлаас Канад улсын иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан гэдгийг А.Амбасэлмаа мэдээллээ. Тиймээс зохион байгуулагч орны зүгээс уг хуралд Монголын төлөөлөгчид оролцсон гэдгийг манай талд мэдэгдэж, нот бичиг ирүүлсэн байна.

Энэхүү мэдэгдлээс 4 цаг орчмын дараа Remax-ийн Монгол дахь салбараас дараах мэдэгдлийг өөрийн пэйж хуудастаа байршуулав.

Ремаксчууд Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш таван жил болжээ.

"Этик ёс зүйн хороотой ажиллаж, ил тод байдал, хариуцлагаа илүү сайжруулан үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тодоор нийтэд зарлах нь тус компаний үнэт зүйлсийн нэг" хэмээн Remax-ийнхан өөрсдийн албан ёсны сошиал хуудастаа бичсэн байсан. Тэгвэл тэд эхнээсээ олон улсын форумд 67 орны 6000 гаруй хүнтэй хамт хэд хоносноо яагаад нуув? 

Монгол улс даяараа өвчний тархалтаас сэргийлж, зөвлөсөөр байтал Лас Вегас руу явахад юу тэднийг татсан бэ?

Уг хуралд дэлхийн 67 орчим орны 6000 төлөөлөгч оролцож Лас Вегас хотын MGM Grand and Casino төвд байрлажээ. Энэ төв бол хөгжим, зугаа цэнгэлийн хамгийн том, нэр бүхий газруудыг нэгтгэсэн маш тансаг газар юм. Янз бүрийн шоу, шөнийн цэнгээн, брэндийн дэлгүүр, өндөр зэрэглэлийн ресторанууд, казино, саун массаж гэх мэт 171.000 хавтгай дөрвөлжин фут газар эзэлдэг томоохон төв юм. Алдарт илбэчин David Copperfield-ийн театраас эхлээд комеди урлаг гэх мэт Лас Вегаст байдаг бүх зүйл энд бий. Ийшээ нэг орсон бол гарах шаардлага байхгүй. БҮХ ТАНСАГЛАЛ ЭНД БИЙ. 

“RE​/MAX R4”-т оролцсон төлөөлөгчдөд олон хоног үргэлжлэх арга хэмжээний үеэр тансаг буудалд байрлаж, шоу, зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдэд оролцох боломж нээлттэй байдаг.

Энэ нь Монгол улсынхаа эрх ашгаас байгууллагийн эрх ашиг, хувийн зугаа цэнгэл, тансаглалыг Remax-ийнхан илүүд үзсэн үү гэдэг асуулт, тааврыг бидэнд үлдээж байна.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
838   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan