Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-03-11

Дэлгүүрийн лангуу хоослох сэтгэхүй буюу 'PANIC BUYING' юунаас үүдэлтэй вэ?

Олон улсад коронавирусийн халдвар дэгдсэнээс үүдэн хүмүүс маск, гар ариутгагчаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг ихээр худалдан авч, нөөцлөх байдал ажиглагдаж байна. АНУ, Канадад иргэд ариун цэврийн цаасыг олон тоогоор худалдан авч байгаагаас үүдэн дэлгүүрүүд нэг хэрэглэгчид худалдах ариун цэврийн цаасны тоог хязгаарлах арга хэмжээ авчээ. Маск, гар ариутгагч гэх мэт халдвараас урьдчилан сэргийлэх зориулалттай бүтээгдэхүүн биш ердийн ахуйн хэрэглээний цаасыг хүртэл дэлгүүрийн лангуунаас хоосолж байгааг вирусийн дэгдэлттэй холбон ойлгоход бэрх. 
 

Тэгвэл сэтгэл судлалын ухаанд 'PANIC BUYING' гэх ойлголт байдаг бөгөөд аливаа гамшиг, халдварт өвчин, дайн самуун зэрэг хямралын үед хүмүүс үймэн сандарч, их хэмжээний бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг ингэж нэрлэдэг байна. 

Хомсдол үүсээгүй байхад яагаад хүмүүс их хэмжээний хүнс худалдан авдаг, цаашлаад энэ нь ямар сөрөг үр дагаварт хүргэдэг тухай судлаачид дараах тайлбарыг өгчээ.

 Хүмүүс мэдэхгүй эсвэл тодорхойгүй зүйлээс хамгийн их айж, түгшүүрт автдаг бөгөөд онцгой нөхцөл байдалд онцгой арга хэмжээ авах ёстой гэж итгэдэгтэй холбоотой юм. Хэдийгээр өнөөгийн нөхцөлд гараа тогтмол угаах, олон хүнтэй газраар явахгүй байх зэрэг нь халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга боловч хүмүүс энгийн зүйлээс илүүтэй ямар нэгэн драматик, чухал шийдвэр илүү үр дүнтэй гэж итгэх нь түгээмэл гэж сэтгэл судлаачид тайлбарлажээ.  

Үер усны аюул, хар салхи гэх мэт үүсч болзошгүй байгалийн гамшигт бэлдэн хүнс нөөцлөх нь зүй зохистой үйлдэл юм. Харин ямар нэгэн хүнсний хязгаарлалт, хомсдол үүсээгүй байхад сандран худалдан авалт хийх нь ухаалаг шийдвэр биш бөгөөд үүнээс болж зах зээлд зохиомол үнийн хөөрөгдөл, хомсдол үүсэх эрсдэлтэй гэж Колумбийн их сургуулийн профессор, клиник сэтгэл судлаач, The Psychology of Pandemics номын зохиолч Стивен Тейлор ярьжээ. Тухайлбал, 2017 онд Харви хар салхи гарах үеэр газрын тосоор баялаг Хьюстон хот бензин, дизелийн хомсдолд орсон юм. Хотын оршин суугчид шатахуун түгээх станцад олон цагаар дугаарлан, түлш нөөцөлснөөс болж үнийн хөөрөгдөл үүсч байв. 

Мөн коронавирусийн халдвар гарах үеэр 20 ширхэгтэй маскны үнэ eBay, Etsy зэрэг онлайн худалдааны сайтуудад 100 доллар болж, ердийн үеийнхээс хэд дахин нэмэгдсэн билээ. Ашиг хонжоо харсан панзчид олон нийтийн сэтгэл зүйн тогтворгүй байдлыг ашиглан хэрэгцээт бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөөд, үнэ дамлан худалдах тохиолдол ч элбэг байдаг. 

Тэгвэл хүмүүсийг ийм үйлдэл хийхэд хүргэхэд сэтгэл зүйн хөшүүрэг юу вэ? 

Хүмүүс зөрүүтэй мэдээлэл хүлээж авах үед хэт туйлширдаг

Профессор Стивен Тейлор хүн төрөлхтний түүхэнд гарч байсан томоохон цар тахал болон өнөөгийн коронавирусийн дэгдэлтийн үеэр хүмүүсийн авч буй арга хэмжээг харьцуулж үзжээ. Түүний хэлж буйгаар, коронавирус шинэ бөгөөд бүрэн дүүрэн судлагдаагүй байгаа тул хүмүүсийг илүү их түгшээж байна гэжээ. Түүнчлэн сошиал медиад тархаж буй хуурамч, ташаа мэдээлэл ихээхэн нөлөөлж байна гэж дүгнэсэн байна. Тиймээс хүмүүс гараа угаах, маск зүүх гэх мэт бодитой арга хэмжээг авахын оронд хэт туйлширч, дэлгүүрийн лангууг хоослохоор яарч байгаа юм. 

Зарим тохиолдолд хүмүүс мэдээллийн хомс байдал, бодитой эх сурвалжгүйгээс болж сандралд орох нь элбэг ба үүнээс болж сэтгэл хөдлөлд автсан шийдвэр гаргадаг гэжээ. 

Хомсдол бүр их хомсдолыг л үүсгэнэ

Дэлгүүрээс хоол, хүнс нөөцөлж буй хүмүүс (Лос Анжелес хот, 2-р сарын 29)

"Хүн бол нийгмийн амьтан. Тэр утгаараа юу аюултай, юу аюулгүй вэ гэдгийг шийдэхдээ бусдыгаа дагадаг. Хэрэв дэлгүүрт хэн нэгэн үймэн сандран бараа, бүтээгдэхүүн худалдаж авч байвал бусад хүмүүст айдас, түгшүүр төрүүлэх нь ойлгомжтой" гэж профессор Стивен Тейлор ярьжээ. Өөрөөр хэлбэл, сошиал медиагаас хоосорсон дэлгүүрийн лангууны зураг харсан хүмүүс "Би ч бас хүнсээ цуглуулах хэрэгтэй юм байна" гэсэн бодол тээж эхэлдэг аж. Гэвч бодит байдал дээр энэ нь бүр их хомсдолыг үүсгэхээс цаашгүй гэжээ.  

Нөхцөл байдлыг хяналтандаа оруулж чадсан мэт мэдрэмж төрүүлдэг

Хонконгчууд гар ариутгагчаас эхлээд бэлэн гоймон зэрэг бүтээгдэхүүнийг ихээр худалдан авч байна (Хонконг, хоёрдугаар сарын 8-нд)

Түгшүүрт нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүмүүс ихэвчлэн өөрийгөө, гэр бүлээ, ойр дотны хүмүүсээ бодохоос биш, нөхцөл байдлыг том зургаар харж чаддаггүй гэнэ. Жишээ нь, "Нэг удаагийн маск надад биш, халдвартай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад илүү хэрэгтэй, хэрэв ариун цэврийн цаасны хомсдол үүсэж, үнэ нэмэгдвэл яах вэ" гэх мэтчилэн логиктой сэтгэхийн оронд айдас, түгшүүрт тулгуурласан үйлдэл илүү хийдэг байна. Их хэмжээний ариун цэврийн цаас худалдан авах нь вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бодитой алхам биш ч иймэрхүү бэлтгэл хийх нь хүмүүст нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан мэт мэдрэмж төрүүлдэг тул ийнхүү дэлгүүрийн лангууг хоосолдог гэсэн юм.

Эх сурвалж: BBC, CNN

Орчуулсан: Б.Саруул /UBlife/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (45.117.32.3)
    манайхан яаж байгаа вэ?
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
433   1
НИЙТЭЛСЭН: MyDarkhan