Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2020-03-13

А.Цэрэнбат: ЗАМ ТЭЭВРИЙН САЙДАА, ШҮҮХИЙН ТАНХИМД УУЛЗЪЯ!

Монгол улсын хойд бүсийн чиглэлд зорчдог хамгийн хөл хөдөлгөөнтэй "Дарханы замд" өдөртөө дунджаар 5000-7000, ачаалал өндөртэй баярын өдрүүдэд 13000-15000 тээврийн хэрэгсэл зорчдог. Тус замыг засна гэсэн ч "зуун задгай, жаран хагархай" болоод удлаа. Энэ зуурт шороо манарч, чулуу үсрэх, эржигнүүр дэржигнүүрээр дүүрэн тус замд иргэд хохирсоор. Тэгвэл иргэдийн энэхүү хохирлыг Зам тээврийн яам, түүний холбогдох албан тушаалтан хариуцах ёстой хэмээн иргэн А.ЦЭРЭНБАТ үзэж байна.  

ЗТХ-ын САЙД Б.ЭНХ-АМГАЛАНГААС ДАРХАНЫ ЗАМД ХОХИРСОН ИРГЭД ШҮҮХЭД ХАНДАХ ГЭЖ БАЙГАА ТАЛААР АСУУХАД “ЮУГААР НОТЛОХ ЮМ..” ГЭЖ ХАРИУЛСАН БАЙНА БИЛЭЭ. ҮҮНД ТА ЮУ ХЭЛЭХ ВЭ?

- Шүүхийн танхимд л уулзъя. Хэрвээ Монгол улсад шүүх засаглал байгаа бол, бид сайдын өрөөнд нотлох гэж очоод, гадаа нь жагсаад байх шаардлага огт байхгүй. Би хохирсон хүмүүсээ төлөөлөн Иргэний шүүхийн танхимд өмгөөлөгчидтэйгөө очино. Та харин зам тээвэр хариуцсан багтайгаа хүрээд ирээрэй. Монгол улсын хуулийн хүрээнд шүүхийн танхимд мэтгэлцье. Бидэнд хангалттай нотлох баримтууд байгаа гэж л хэлье. Саяхан бид УБ-Эрхүү хооронд тээвэр хийдэг хүний бодит хохирлыг нэхэмжилж шүүхэд хандсан байгаа. Зөвхөн энэ хүний хохирол гэхэд л дөрвөн сая гаруй төгрөг болсон байна билээ. Тэгэхээр эдийн засаг хумигдчихсан, хямралтай байгаа энэ үед нэг хүн л ингэж хохироод байвал яах вэ...

НИЙТ ХОХИРЛЫГ НЭГТГЭЖ БИШ, ИРГЭН ТУС БҮРИЙН КЕЙС ДЭЭР НЭХЭМЖЛЭЛ ГАРГАЖ БАЙНА УУ?

- Тийм. Яагаад гэхээр эдгээр нь тус тусдаа кейс. Тус тусдаа бие даасан хохирогчид. Ерөөсөө бүгдийг нь нэгтгэх ямар ч боломж байхгүй л дээ. Одоогоор хамгийн доод тал нь 500 мянга, дээд тал нь 40 сая төгрөг хүртэл хохиролтой нийт 200 гаруй хүний хүсэлт бидэнд ирээд байна. Удахгүй замын ажил эхэлнэ. Тэгэхээр энэ тоо улам нэмэгдэх нь гарцаагүй. Бид ганцхан өдөр Дарханд ажиллахад л 30-40 хүнтэй уулзлаа. Тиймээс нийт хохирлыг нарийвчлан тооцож, бүгдийг нь нэгтгээд шүүхдэх боломж бол байхгүй.

МАНАЙ УЛСЫН ШҮҮХИЙН ПРАКТИКТ НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ НЭХЭМЖИЛСЭН ИЙМ ТОХИОЛДОЛ ӨМНӨ НЬ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ?

- Ийм практик бол байхгүй юм билээ. Гэхдээ эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал, буруу шийдвэрээс болж иргэд хохирсон кейс бол маш их бий. Жишээ нь траншейд унаж гэмтсэн, бүр амь насаа алдсан тохиолдлууд ч олон байдаг. Гэвч иргэд өөрсдөөсөө болсон юм шиг, өөрөө л буруутай юм шиг хохироод үлддэг. Үгүй л дээ уг нь. Тэр траншейны таганд тодорхой стандарт бий. Хэрвээ тэр нүх таглаатай байсан бол, таглаа нь битүү, стандартын шаардлагад нийцсэн бол, тэрийг хариуцдаг байгууллага нь байнга хяналт шалгалтаа тавьж эргэж тойрдог байсан бол тэгж хүмүүс гэмтэж, амь насаа алдахгүй. Үүнтэй нэгэн адил энэ зам, тэр дундаа олон улсын зэрэглэлийн автозамын ажлын үед барьсан түр замд ч тодорхой стандарт байгаа. Түр зам нь иргэд автомашинтай зорчиход ямар ч асуудалгүй, аюулгүй байх ёстой. Тэр түр замаар зорчих шийдвэрийг гаргасан албан тушаалтан стандартыг хангах, аюулгүй байдлыг шаардах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үйлдлээ хийгээгүй л байхгүй юу. Тэгсэн атлаа сайд гээд, бидний татварын мөнгөөр цалинжаад сууж байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй. Ер нь бол манай төр иргэддээ хариуцлагыг маш хатуу тавьдаг. Хэрвээ бид машинаа буруу газар тавибал шууд л ачаад аваад явчихдаг биз дээ. Тэгсэн атлаа хариуцлага алдсан албан тушаалтанг яах ч үгүй, зүгээр л байж байна. Адилхан хариуцлага хүлээдэг гэх дохиог өгөх хэрэгтэй. Бид нэлээн хүчтэй дуугарч, хэдэн шатны шүүх байдаг юм түүгээр бүгдээр нь явна. Дарханы зам дээр иргэд, жолооч нар зүгээр л явж байгаад хохирчихоогүй шүү. Стандарт бус муу замаар зорчсоны улмаас хохирсон. Төр хийх ёстой ажлаа хийгээгүйгээс, албан тушаалтнууд хариуцлагагүй ажилласнаас болж иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Үүнд иргэдийн буруу байхгүй. Эдгээр иргэдийн хохирлыг төр хариуцах ёстой. Бид Зам тээврийн яамыг Иргэний болон Захиргааны хэргийн хоёр шүүхэд өгч байгаа. Иргэний шүүхээр учирсан хохирлоо гаргуулж авна, Захиргааны шүүхээр тэр буруутай үйл ажиллагаанд нь албан тушаалтанд хариуцлага тооцуулна.

ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ Ч ДАРХАНЫ ЗАМ МАШ ИХ АСУУДАЛ ДАГУУЛДАГ БАЙСАН. МАШ ИХ ЭВДРЭЛТЭЙ, ОСОЛ АВААР БАЙНГА ГАРДАГ, МАШ ОЛОН ИРГЭНИЙ АМЬ НАС ЯРИГДДАГ...?

- Тиймээ. Гэхдээ яагаад зам засварын ажил эхэлснээс хойш гэж байгаа вэ гэхээр, замыг хааж түр замаар зорчих сайдын тушаал 2019 оны долдугаар сард гарсан. Энэхүү үйлдэл буюу гаргасан тушаалын улмаас замын нөхцөл байдал хүндэрч, замыг хааж, түр замаар зорчуулж, дараа нь чулуутай нь үлдээчихсэн. Үүнээс шалтгаалан түүгээр зорчсон автомашинуудын жолооны хүрд гэмтэж, дугуй нь хагарч, чулуу үсэрснээс шилийг нь хагалж, бүр осолд орж амь насаа ч алдаж байна. Тэгэхээр сайдын гаргасан шийдвэр буюу тэр үйлдэл нь энэ бүх нөхцлийг бүрдүүлж байгаа болохоор сайд хариуцлага хүлээх ёстой гэж байгаа юм.

ТАНЫ ХУВЬД ЯАГААД ЭНЭ АСУУДЛЫН АРААС ЯВЖ, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ НЭХЭМЖЛЭХЭЭР БОЛОВ?

- Би өөрөө ч бас энэ замд хохирсон. Миний үндсэн мэргэжил төрийн удирдлагын менежер, энэ чиглэлээр багшилдаг хүн. Төр гэдэг иргэдээ, тэдний өмч хөрөнгийг хамгаалах л гэж байдаг. Гэтэл ийм бодитой хохирлууд учирчихаад байхад сайд нь “Хэн нотлох юм...” гээд байж байгаад үнэндээ эгдүү хүрсэн. Нийтийн захиргаа, нийтийн эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдал \public administration, civil service\, Иргэний эрх зүйн талаар нийтээрээ ярьж байна. Гэтэл сайд нь ийм юм яриад сууж байж болохгүй. Тэгээд асуудлыг судалж үзсэн. Энэ замаар Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгууд уруу болон ОХУ, хойд хил чиглэлд зорчдог. Хөдөлгөөний урсгал ихтэй. Манай улсын хувьд хамгийн том зам. Өдөртөө дунджаар 56 мянга, баярын өдрүүдээр бол 12-13 мянган автомашин зорчиж байна. Гэтэл одоо бараг 100-200м тутамд дугуйгаа хагалж аваараа татсан, тээшний саваа нээгээд зогсож байгаа жолооч нар таарч байна. Харамсалтай нь эдгээр хүмүүс өөрсдөөсөө болоод л хохирчихсон мэт үлддэг. Энд иргэд буруугүй, хохирлоо нэхэмжлэх эрхтэй хэмээн намайг ярьж эхлэхэд маш олон хүмүүс холбогдож, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Эдгээр хүмүүсийн ихэнх энэ замд хохирогчид.

Манай улсын Автозамын тухай хуулийн 10 дугаар бүлэгт, хэрвээ замд стандартыг мөрдүүлээгүй бол түүнээс үүдсэн хохирлыг холбогдох албан тушаалтан хариуцна гэж заасан байгаа. Тэгэхээр бид жагсаал цуглаан гэхээсээ илүү хуулийн дагуу нөхөн төлбөр гаргуулах боломж бий.

Биднийг дэмжиж хуульчдын баг ажиллаж байна. Арав гаруй жилийн туршлагатай, захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн эдгээр хуульчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хохирсон иргэдэд пробан үйлчилгээ үзүүлж, үнэ төлбөргүйгээр ажиллаж байгаа.

ТА ӨМНӨ ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА, ДАРХАНЫ ЗАМЫН АСУУДАЛ АНХ ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙСАН БОЛ ОДОО ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ, ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД, АВИЛГАЛЫН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮД Ч ГАРЧ ИРЖ БАЙНА ХЭМЭЭН ЯРЬСАН БАЙСАН?

- Энэ замд ажиллаж байгаа инженерүүдээс бидэнд маш их хандаж байгаа. Тэд “Түр зам тавьж, хуучныг нь хуулахад дуугуй байсандаа харамсаж байна” гэдэг. Гэхдээ зарим зүйл тодорхой болоогүй байгаа учир нийтэд дэлгэж ярих хараахан болоогүй байна. Инженерүүд, бас бусад хүмүүсийн хэлж байгаагаар бол бараг хуучин замаа хөндөхгүйгээр шууд шинэ зам тавьчихаар хэмжээний хөрөнгө мөнгө энэ хугацаанд төсвөөс гарчихлаа гэдэг. Мөн замыг барихад туслан гүйцэтгэгчээр ажилласан олон монгол компани, тэдгээрт ажилласан маш олон монгол ажилчид мөнгөө, цалин хөлсөө авч чадахгүй байна гэж хандсан. Гэтэл сайд бүх мөнгийг нь өгчихсөн, ямар ч асуудал байхгүй, графикийнхаа дагуу ажил явж байгаа гэдэг. Тэгэхээр машины эвдрэл, эд хөрөнгийн хохирлоос гаднаа өөр асуудлууд бас босч ирээд байгаа юм. Ер нь, бид өөрсдөө төмөр зам барьж байгаа, Хөшигтийн замыг ч манай монгол компаниуд барьж чадсан. Ингэж хийж чадаад байхад яагаад Хятадын компаниудыг оруулж ирэв. Энэ ажлыг хийчих потенциаль монгол компаниудад байна. Чадварлаг боловсон хүчин, залуучууд ч бий. Тэгвэл “Яагаад????..” Энэ асуулт байнга гарч ирээд байгаа юм.

АХБ-ы ШАЛГУУРЫГ ХАНГАХ КОМПАНИ МОНГОЛД БАЙГААГҮЙ Л ГЭЭД БАЙГАА?

- Хөшигтийн хөндийн замд гэхэд л зөндөө монгол компани амжилттай ажилласан шүү дээ. Монгол инженерүүд сайн болчихсон. Зам Тээврийн хөгжлийн яамны сайт дээр л гэхэд зам гүүр барих тусгай зөвшөөрөлтэй 300 гаруй монгол компаний жагсаалт байна билээ. Тэгэхэд яагаад тэр компаниудаар хийлгээгүй юм. Яагаад ингэж шийдсэн юм. Хийлгэе гэвэл болох л байсан байх. Бас чи мэдэж байгаа, замын ажилд авилгалын асуудал яригдсан. Нэг хятад хүн ЗТХЯы албан тушаалтны өрөөнд ороод цүнхтэй мөнгө шидчихээд зугтаачихсан гэсэн. Инээдтэй. Яаманд орох ямар хэцүү байдаг билээ дээ. Нэвтрэхэд төрийн тусгай хамгаалалтын ажилтан бүрэн шалгадаг. Юун мөнгөтэй хятад орох байтугай, монгол хүн ч нэвтрэхэд хэцүү байдаг. Дарга байхгүй байна, сайд байхгүй, наанаа шалгуул энэ тэр гэдэг газар. Тэгэхэд зүгээр л хоёр хятад мөнгө барьж ороод өрөө рүү нь шидэж л байдаг. Ийм юм гэж байхгүй ээ. Тэгээд энэ зам тээврийн яаманд нь юу юу ч болов. Хүн амины хэрэг хүртэл гарлаа. Гэхдээ ил гарч, мэдэгдсэн нь л энэ.  

САЙД ӨВӨЛ ХЭЛЭХДЭЭ ГУРАВДУГААР САРД АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭД ЗУРГААДУГААР САРД ДУУСГАЧИХНА ГЭЭД БАЙСАН. ГЭТЭЛ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР ГАРСНААС ШАЛТГААЛААД ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХОЙШЛОХ ЯНЗТАЙ БОЛЧИХЛОО? 

- Хэрвээ монголчууддаа ажлаа өгсөн бол хятадуудыг оруулж ирэх шаардлагагүй, ажил ч зогсохгүй байлаа. Ядаж 50:50 хувь байсан бол амжих боломжтой. Тэгэхээр төлөвлөлт нь ерөөсөө эхнээсээ буруу байж. Дээрээс нь туслан гүйцэтгэгч монголчууд нь одоо болтол мөнгөө авч чадаагүй. Тиймээс энд тусдаа авилгалын асуудал байх шиг байна. Иймд бид эхний ээлжинд энэ замаас болж хохирсон хүмүүст тусална, хууль зүйн зөвлөгөө өгнө, шүүхээр нэхэмжилнэ. Дараа нь авилгалын асуудлыг тусад нь тавина. Мөн анх зөвхөн хохирсон иргэдтэй холбоо тогтоож, гомдлыг бүртгэж, шүүхэд нэхэмжлэх ажлыг хийж байсан бол одоо цаашид гарах эрсдлээс сэргийлж хохирлоо хэрхэн баримтжуулах талаар зөвлөгөө, мэдээлэл бэлдэж жолооч нарт өгч байна. Тэгэхгүй бол манайхан замд дугуй нь хагарахад хурдхан солиод цаашаа явахаа бодохоос, зураг бичлэг аваад баримтжуулаад зогсох нь ховор. Үүнээсээ болоод хохирлоо нэхэмжилж чадахгүйд хүрч, хэрхэн баталгаажуулах арга чаргаа мэдэхгүй байгаа хүмүүс олон байна.

СЭЛЭНГЭ, ЭРДЭНЭТЭД ОЧИХ УУ? 

- Очино. Энэ удаад Дарханд ирлээ. Бараг 56 аймгийн иргэд энэ замд хохирсон байна. Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Жаргалан, Сүмбэр сум. Сэлэнгийн Баруунхараа, Зүүнхараа. Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөлийнхөн тэр чигтээ гээд. Тэгэхээр бидний хамгийн гол зорилго бол иргэдийг хохиролгүй болгох. Энэ нь, хэрэв албан тушаалтан буруутай үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээдэг, шүүх дээр дуудагддаг, иргэд тэдэнтэй шүүхдэж болдог юм гэдгийг харуулна. Сайд дарга нарыг иргэд шүүхэд дууддаг, шүүхийн танхимд мэтгэлцдэг нийгэм бий болчихсон. Үүнийг дарга нарт ойлгуулъя. Хариуцлага хүлээдэггүй, хаяад алга болчихдог, хэдэн зуун хүн ингээд хохироод үлддэг байж болохгүй ээ. Төрийн алба ёс зүйтэй, манлайлалтай байх ёстой.

ОРОН НУТГИЙН ЭРХ БАРИГЧИД, АЛБАН ТУШААЛТНУУД “ЯАМНААС ХИЙЖ БАЙГАА АЖИЛД БИДНИЙ МЭДЭЛ ХҮРЭХГҮЙ, ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭХ ТАЙЛБАРЫГ ӨГДӨГ. ЭНЭ НӨХЦӨЛД ОРОН НУТАГ ЕР НЬ ЯМАР ОРОЛЦООТОЙ БАЙЖ, ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ ВЭ?

- Орон нутаг чинь маш том төсөв хөрөнгөтэй ш дээ. Урьдчилан сэргийлж, иргэдээ хамгаалж болно. Яагаад иргэдээ хамгаалахын төлөө юу ч хийхгүй байгаа юм. Яагаад иргэд нь нүдэн дээр нь хохироод байхад Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн эрх баригчид дуугүй суугаад байгаа юм. Тэгсэн хэрнээ хааж, боох болохоороо маш сайн ажиллаж чадаж байгаа биз дээ. Одоо ингээд корона гэнгүүт бүгд эрх мэдлээ үзүүлж байна. Бид нар ч үзлээ. Үйл ажиллагааг нь зогсоож, хааж чаддаг юм байна. Тэгсэн атлаа эрх ашгийг нь хамгаалаад яв гэхээр эрх мэдэл алга гэдэг. Энэ зүгээр л дургүйд хүчгүй гэдгийг харуулж байна. Санаачлагагүй байгаагийнх.

Түүнээс аймгийн Засаг Дарга, Иргэдийн хурлын эрх мэдэл маш том шүү дээ. Сайдтайгаа ойлголцож, эсвэл тэмцэж болно. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэж гарч ирчихээд үүнд дуугүй суугаад байгаа бол зүгээр л дургүй байна гэж ойлгогдож байна. Хүсэлгүй байна л гэсэн үг.

МАГАДГҮЙ МИНИЙ АСУУГААГҮЙ, ТАНЬД НЭМЖ ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА УУ?

- Өөр юу хэлэхэв. Ер нь энэ замыг монголчууд бид өөрсдөө л хийх байсан юм гэж л бодогдож байгаа даа. Мөн хохирсон иргэдийн олонх нь Дарханыхан байдаг юм билээ. Тиймээс бид энд холбогдож уулзах нэг хүнтэй болно. Та бүхэн “Дарханы замд хохирсон иргэдийн бүртгэл” гэдэг фэйсбүүк группд бүртгүүлэх ба 95737394 дугаарын утсаар холбогдоорой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Bayrchimeg (43.242.243.167)
    61gramaa haa bid amdrah argagvi bolood bna mashinuud zamaar chin vbahgvi geriin hajuugaar vbaad shoroond ni amisgalah arga algoo uursnuu ochiod haraachee ger dotoroo shoroond dargadaad suuj bna
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.191.146)
    Иргэн 61 ийн гарамд амьдардаг иргэн бна 2019 оны хавраас хойш замын тоосонд дарагдаж сайхан эрүүл байгаль орчин минь сул нунтаг нянг шороо болж уушиг хоолой хатдаг юуных үл мэдэх харшилтай болсон хашаандаа тарьсан мод цэцэг энэ зун ургах эсэхийг үл мэднэ цас ороод хоёр цагийн дотор саарал үнс шиг шороо дарж бна энэ их хохирлыг хэн барагдуулах вэ сайд гуай
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.242.246)
    Би 1 юманд хар тороод б.на ман нам даяа нарт их найр тавьж байгаа ард бид хойд хөрштэйгөө найрсаг тийм болохоор албаар замаа янзлахгүй удаад б.на энэ зам энэ жил янзлагдахгүй л байх цаана чинь даяа бодлого яваад байна
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
2926   3
НИЙТЭЛСЭН: Г.Ганцэцэг