Лхагва 2019-01-02 Дархан
My Darkhan   2019-04-02

ОДДЫН ТОХИОЛТ ДАРХАН ХОТ

... “Суурь тавих ёслол яг энд болсон юм” гээд Адъяа гуай гараараа заалаа. Сэтгэл нь хөдөлсөн өвгөний нүдэнд оч гэрэлтэн гийх нь тун ч баяр хөөртэйн шинж. Бид хоёр “Хараа” зочид буудлын зүүхэн талд зогсоод ярилцаж байгаа нь энэ. Тэрбээр үргэлжлүүлэн “- Арван сарын 17-ны өдөр шүү дээ. Зөөлөн сэвэлзүүр салхитай өглөө байсан. Энэ харагдаж байгаа хэдэн байшингуудыг барина гээд газарт улаан шугам татчихсан. Их олон хүн цугласан, дийлэнх нь барилгын цэргүүд. Гуулин хөгжим хангинаад жигтэйхэн гоё. Тэгж байтал дарга нар ирцгээсэн. Би хөдөөнөөс ирсэн, дөнгөж арван наймтай болохоор тэднийг танихгүй. Манай ажлынхан надад “Майдар дарга тэр байна” гэж сахалтай өндөр хүнийг зааж өгснийг л санадаг юм.

Цуглаан эхэлж Монгол, Орос хэдэн хүн үг хэлсний дараа нэг партизан өвгөн сүү хадаг Оросын барилгын трестийн даргад өргөн барьсан. Хүмүүс алга ташин их л баяр хөөр болцгоож билээ... Одоо ингээд бодохоор би гэдэг хүн мөн азтай шүү. Дархан хотын суурийг тавьж түүхэнд үлдсэн тэр ёслолд энэ биеэрээ оролцсон гэхээр жил өнгөрөх тусам л сэтгэл хөөрдөг болж дээ. Нээрэн яалт ч үгүй ганцхан удаа л болоод өнгөрсөн үйл явдал. Их л ховор түүхийн гэрч юм даа” гэв. Дархан хотыг бүтээн босголцсон ахмад дайчин Цэрэнгийн Адъяа гуай ийнхүү хуучиллаа.

Тиймээ, Бурхантын онгон зэлүүд хөндийд Дархан хотын суурийг ингэжтавьсан юм. Жаран нэгэн оны яг энэ өдөр дэлхий дээр олон үйл явдал давхацсаны нэг нь хойд хөрш Орос улсын нийслэл Москва хотод уран барилгач М.В.Посохины зохиомжоор барьсан Кремлийн Их Ордон үүдээ нээжээ. Мөн энэ өдөр алс тэртээх Английн Ливерпүүл хотод дөрвөн хөвгүүний үүсгэсэн “Битлз” хамтлаг “Девид Льюис” театрт анхны концертоо тоглосон. Бас энэ өдөр Америкийн дуучин Чабби Чекер “The Twist” дуугаа анх дуулсан нь Твист бүжиг дэлхий даяар түгэх шуургыг хөөрөгджээ. Жаран нэгэн он ч өөрөө учир жанцантай. Энэ жил Оросын иргэн Юрий Гагарин хүн төрөлхтнөөс анх түрүүн сансарт ниссэн. Америкийн Нэгдсэн Улсын 35 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Кеннеди тангаргаа өргөжээ.

Төрөлх Дархан хот минь дахин нэг нас нэмлээ. Хотын минь хүн зон Алунгоо эхийн тав сум мэт эв эеийг сахиж, таван тансаг идээ будаагаа дэлгэрүүлэн, тэгш таван хүсэл бүхэн нь биелэх болтугай.

875   0
НИЙТЭЛСЭН: МУСГЗ.Ө.Рагчаасүрэн