Лхагва 2019-01-02 Дархан
Time out / Галерей   2019-04-02

САРЛАГ ХӨЛӨГЛӨСӨН ОХИН

   

   Сарлаг унасан жаахан охин уул талын дээгүүр дүүлэн ниссээр наашаа ирж байна. Тэгтэл охины араар сундалдаж явсан бяцхан дүү нь дүрсгүйтэн дээшээ агаарт хөөрч, гараас нь зүүгджээ. Доош харвал цахилан довтолгох, сарлагийн хөлийн туурайн хажуугаар төмөр замын ган шугам алслан дурайна. Энэ л замаар Төвд хүн, сарлаг хоёроос өөр амьтан нутагладаггүй цастын орныг зорих аянчдын цуваа саяхнаас хөвөрдөг боллоо.

      Дээшээ тэнгэрт угалзан хээ мэтгэсэн үүлс улбар туяа татуулан хөхрөх нь үзэсгэлэнтэй. Ертөнцийн дээвэр Хималайн араар хүүгэн исгэрэх хүйтэн агаар бидэн рүү үлээх шиг сэрүү татлаа. Сарлагийн нуруун дээр охин суусрын үсээр эмжин захалж, уран гоё хээ шагалсан цэмбэн дээлээр өөрийгөө ороон суудал засан тухалсан нь тун ч ямбатай. Хурдан явдалдаа халууцсан охин дээлээ тайлахад цагаан пансан цамц нь салхинд дарцаг мэт дэрвэлзэнэ. Өд мэт хөнгөн охин хөвүүн хоёрыг нуруун дээрээ суулгасан сарлагийн шар огтхон ч түүртэлгүй урагш зүтгэн тэмүүлнэ. Омрууных нь урт саваг үс нь салхинд хийсэн хоёр тийш ярагдан цацрахдаа улам ч сүр оруулжээ.

     Мөнх цаст Төвдийн өндөр уулсыг эзэгнэсэн охин, хөвүүн, сарлаг гурвын өвөрмөц эрх чөлөө юутай эрхэмсэг вэ? Эндхийн уулсын оройгоор үүлс салхи хоёр л оршдог. Өөр амьтан тэсэж чаддаггүй энэ догшин халилд хүн сарлаг хоёр зохицон амьдардаг нь давтагдашгүй үнэн буй заа. Бидний мэдэх Утай Гүмбэнгээс цаашлан Баруун Зуугаар дайрч Лхасын оронд очсон цагт эрх чөлөө, сүр хүч, тансаг үзэсгэлэн гоог мэдрэх болно.

     Бид Хятадын орчин үеийн зураач Вэн Юг Яны “Сарлаг хөлөглөсөн охины нисэлт” зургийг үзэж байна. Нууцлаг шидэт Төвд хүн, уулсын хөлөг болсон сарлагийг дүрсэлсэн цуврал зургуудынх нь нэг энэ. Шинэ бүтээл бүрээрээ үзэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж чаддаг энэ зураач 1990 онд Бээжингийн уран сайхны академийг төгсчээ. Тэр 2002 оноос эхлэн Төвдөөр аялан тэсвэр тэвчээртэй хүмүүс, мал сүрэг, давтагдашгүй өвөрмөц байгалийн олон өнгийг нь судалж байж зургуудаа зуржээ. Зураач хэлэхдээ “Энэ нутагт анх ирсэн даруйдаа л би өндөр уулсын өвчин туссан. Их хичээсний хүчинд аажимдаа бие минь илааршиж, сэрүүн агаараар нь чөлөөтэй амьсгалдаг болсон. Тэгээд Төвд хүн, сарлаг, уул гурвын чандмань хэлхээ нь намайг үгээр хэлэхийн аргагүй өөдрөг үзэлд дуудаж байгааг мэдэрсэн. Энэ урам зоригоо би өнгө будгаар илэрхийлэхийг хүссэн юм” гэсэн байна. Үзэгчид минь, урд хөршдөө айлчлахдаа зураач Вэн Юг Яны Төвдийн тухай бусад зургуудыг нь хичээн олж үзээрэй.

/2016 он/ 

585   0
НИЙТЭЛСЭН: МУСГЗ.Ө.Рагчаасүрэн