Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2020-03-21

ХҮН БҮХНИЙ СЭТГЭЛД ИД ШИД БИЙ

"Шидэт саваагаар дохиод ид шид биелнэ гэдэг бодит амьдралд байхгүй. Харин тэр ид шид бидний сэтгэл дотор байж бусдад хэлсэн урмын үг, сайхан үйл хэргээр биеллээ олдог" хэмээн сэтгэл хангалуун инээмсэглэх энэ залууг У.ГАНБАЯР гэдэг. 

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА:  

ЮУНЫ ӨМНӨ МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛНА УУ? 

- Намайг У.Ганбаяр гэдэг. “Лантуун Дохио” ТББ-ын менежерээр ажилладаг. Мөн ‘Book Cafe Mongolia’ номын клубын ерөнхий удирдлагын багт ажилладаг. Хүүхэд хамгаалал, хүний эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж байсан. Аялах, гэрэл зураг авах, бичих дуртай.

НЭГ БИЧВЭРТЭЭ “АМЬДРАЛ ИХ ЭНГИЙН ЗҮЙЛСЭЭР ДАМЖУУЛАН БИДЭНД ОНЦГОЙ МЭДРЭМЖИЙГ АМТЛУУЛДАГ” ГЭСЭН БАЙСАН. АМЬДРАЛЫН АМТЫГ ЯМАР ЗҮЙЛСЭЭС МЭДЭРЧ БАЙНА?

- Би ер нь жижиг зүйлсийг анзаарч харах дуртай. Нар мандах, жаргах явцыг харахад төрдөг мэдрэмж, хүмүүсийн гуниглаж, баярлаж байгааг ажиглахад анзаарагддаг өвөрмөц мэдрэмж гэх мэт өдөр тутам бидний амьдралд тохиодог хэдий ч тэр бүр анзаараад байдаггүй зүйлсээс бид амьдралыг хайдаг юм шиг ээ. Ер нь л өдөр бүр тохиолдож буй үйл явдлууд дундаасаа ялгаатай мэдрэмжүүдийг авахыг хичээдэг. Нөгөө талаасаа хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэлээ зориулж, гэрэл гэгээтэй зүйлсийг бусдад түгээдэг учраас хийж байгаа ажлаасаа, эргэн тойрны гэгээлэг хүмүүсээс гоё мэдрэмжийг маш ихээр авдаг. 

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛД ХҮРЭЭЛЖ БУЙ ХҮМҮҮС, ОРЧИН ИХ НӨЛӨӨЛДӨГ. ЧИНИЙ ХУВЬД ӨӨРИЙН ХҮРЭЭЛЛЭЭС ЮУГ СУРЧ, ЭРГЭЭД ТЭДЭНД ЮУГ ӨГЧ БАЙГАА БОЛ? 

- Гэр бүл, хамт олон, найз нөхөд гээд бид олон төрлийн хүрээлэл, нөлөөлөл дунд амьдардаг. Тэд бүгд тодорхой хэмжээгээр надад “өгч”, бас “авч” байгаа. Би өөрийн эргэн тойрныхон, хамтран ажилладаг хүмүүсээс хийж байгаа зүйлдээ, бусадтай харилцаж байгаа харилцаандаа чин сэтгэлээсээ хандах хандлагыг мэдэрдэг. Бусдын төлөө хариуцлага хүлээсэн л бол чин сэтгэлээ зориулдаг хүмүүс миний эргэн тойронд олон бий. Үүнийг би амьдралд байх ёстой хамгийн чухал зүйл юм гэж боддог. Аливаад сэтгэл гаргах нь хамгийн чухал. Үүнийг эргэн тойрны хүмүүс, хийж буй ажлаасаа өдөр бүр мэдэрч, эргээд өөрөө ч мөн бүх зүйлд чин сэтгэлээсээ хандахыг хичээж байна.  

БАГАДАА ХЭР НИЙГМИЙН ИДЭВХТЭЙ ХҮҮХЭД БАЙВ?

- Анхнаасаа идэвхтэй байсан гэвэл худлаа /инээв/. Би багадаа их бүрэг ичимхий хүүхэд байсан. Сургуулийнхаа номын санд ихэнх цагаа өнгөрүүлдэг байлаа. Номын санч Соёлоо эгчтэй найзалдаг, уншсан номоо ярьж өгөөд хариуд нь урмын үгс сонсч, шинэ ном бэлгэнд авдаг байж билээ. Надад хамгийн их нөлөөллийг үзүүлсэн болохоор номонд болоод номын санч эгчдээ их хайртай. Энэ бол миний амьдралд тохиолдож байсан сайхан түүхийн нэг. Харин есдүгээр ангиасаа хүүхдийн байгууллагад явж, үйл ажиллагаанд нь оролцох болсноор өөрийгөө нээж эхэлсэн. Яваандаа залуучуудын байгууллагад нэгдэж, хүний эрх, хүүхдийн оролцооны чиглэлээр ажиллаж байх үедээ өөрийн ичимхий зангаасаа салсан. Эндээс би нийгмийн сайн сайхны төлөө ажиллах ёстой гэдгээ ухаарч, өөрийн хүсэл мөрөөдлөө олсон юм.  Ер нь учрах ёстой хамт олноо олсон гэж боддог. Энэ миний байх орон зай, цаашид ажиллах салбар юм байна гэдгийг улам бататгаж ойлгосоор байгаа. 

БҮРЭГ ИЧИМХИЙ ХҮМҮҮС ТЭР БАЙДЛАА ЗАСАХЫН ТУЛД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ. ЗӨВЛӨӨЧ? 

- Айдастайгаа нүүр тулах хэрэгтэй. Миний айдастайгаа нүүр тулж байсан хамгийн анхны алхам гэвэл олон хүний өмнө илтгэл тавихаар болсон явдал. Энэ нь надад их урам зориг өгсөн шүү. Илтгэх урлагт "Чарльз Чаплины арга" гэж байдаг юм билээ. Дурын сэдвийг бичиж малгайнд хийгээд, сугалсан сэдвээ нэг минутын дотор бэлтгээд ярьдаг. Тухайн үед ‘Мөрөөдөл’ гэдэг сэдвээр ярьсан. Сайн яриа болоогүй ч анхны илтгэл гэхэд сандраагүй. Айж ичээд байх юм бол чи хэзээ ч тэр давааг давахгүй, өөрийгөө улам хумисаар, хоосон мөрөөдсөөр л байх болно. 

НИЙГМИЙН ИДЭВХТЭЙ БОЛЖ ЭХЭЛСНЭЭР ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ОЛСОН ГЭЛЭЭ. НУУЦ БИШ БОЛ ТЭРХҮҮ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ ЮУ БАЙСАН БЭ? 

- Хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхэд өөрийгөө зориулах. Эргээд харахад би яг л энэ зорилгынхоо дагуу явж байна. Өдөр тутамд хийж буй ажлаа тэрхүү ээлтэй нийгмийг бүтээхэд чиглүүлдэг. Ид шидийн орон-1, 2 гээд манай байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүд ч миний хүсэл мөрөөдөл биелж байгаагийн нэгэн илрэл юм. Тэр үед бодож байсан мөрөөдөл маань одоо улам томорсоор байгаа. Жишээ нь би дэлхийд алдартай номын сан байгуулах юмсан гэж мөрөөддөг. Ийм учраас номын клубын хамт олонтойгоо мөрөөдлөө хуваалцаж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хамтдаа хичээж байна.

Мөрөөдөл ганцхан миний дотор байхдаа их жижигхэн. Харин бусадтай хуваалцаж, бусдын ижил зорилготой нийлээд ирэхээрээ тэр мөрөөдөл асар том, хүчтэй болдог юм байна

ТА БҮХНИЙ БҮТЭЭЖ БАЙГАА ЗҮЙЛС ОЛОН ХҮҮХДИЙН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЖ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧРАХ ИД ШИДИЙГ БҮТЭЭЖ БАЙНА. ХАРИН ЧАМД ИД ШИДИЙН ГЭМЭЭР ЗҮЙЛ ТОХИОЛДОЖ БАЙСАН УУ?

- Ид шид гэдэг үнэндээ бусдын сэтгэлд асаасан гэрлийг хэлнэ.

Хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж байсан зүйлс өөрчлөгдөж эхлэх, алдарсан итгэлийг сэргээх, хайрыг түгээх, шантарсан сэтгэлд урам зориг хайрлан амьдралд нь төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах нь ид шид.

Гэрэл гэгээтэй зүйл бүтээхийг хүсч байгаа олон хүмүүс нэгдэн, нэг чигт, зорилгынхоо төлөө хамтдаа сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаа нь өөрөө бидний хувьд ид шид. Гэр хороололд хотын төвд байдаг шиг тохилог номын сан, кофе шоп байгуулах боломжгүй гэж зарим хүмүүс харж байсан. Боломжгүй гэж байсан зүйлсийг бид бүтээсэн. Тэгэхдээ үлгэрт гардаг шиг шидэт саваа ашиглаагүй. Маш олон залуус хамтдаа бүтээж л харуулсан. Тэгэхээр хүн болгоны сэтгэл дотор ид шид байгаа.

Бид өвлийн өвгөн, цасан охин болоод их олон хүнд амьдралтай айлд очиж байсан. Өөрчилчих юмсан гэж дотроо эмзэглээд өнгөрдөг байсан бол одоо өөрсдөө өөрчлөх суурийг нь бүтээчихээд байж байна. Ингэж нийгэмдээ өөрчлөлтийг бий болгож болдог гэдэг ‘мессэж’-ийг хүргэж чадсандаа баяртай байдаг. Тиймээс ид шид бол яалт ч үгүй бидний сэтгэл дотор бий гэж хэлмээр байна. 

“ИД ШИДИЙН УУТ” АЯН ӨРНҮҮЛЖ, ЯНЗ БҮРИЙН АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ ЯВАХДАА ӨНӨӨГИЙН НИЙГМИЙГ ХЭРХЭН ДҮГНЭЖ БАЙВ? 

- Асуудал, хэцүү зүйлсийг олж хайвал зөндөө бий. Бид асуудалтайгаа жаахан эвлэрэх гээд байна уу даа гэж надад бодогддог. Асуудалтай зүйлсийг байх л ёстой мэт хүлээж авах хандлага огт байж болохгүй. Харин асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодит оролцоотой байх хэрэгтэй. Манай нийгэмд гэрэлтэй зүйлс байна уу? гэвэл байна. Маш олон залуус энэ байгаа нийгмээ өөрчилчих юмсан, зөв зүйлийг хийж бүтээчих юмсан гэж хичээж, нэгдэж, оролцож байна. Цаг зав, итгэл, сэтгэл зүрхээ зориулж байна. Тэд шинэ санаачлагуудыг гаргаж, олон старт ап компаниуд, төрийн бус байгууллагууд үүсч бий болж, ажиллаж байна. Залуучуудын үүсэл санаачлагын хүчтэй байгууллагууд олноороо бий болсоор байна. Энэ бүхэн одоогийн залуучууд ямар хүчтэй, чадварлаг болсныг харуулж байгаа байх. 

Тэгэхээр залуу хүн чадахгүй, болоогүй байна гэх нийгмийн хуучинсаг хандлагаа өөрчилж хамтдаа хийж, туршиж, залуучуудаа хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж би боддог.

Нийгмийн хамгийн хэцүү амьдралтай хэсгээр явж үзсэн ч би нийгмээ хэзээ ч бараанаар харахгүй. Яагаад гэхээр тэр бараан харанхуй хэсэг дотор ч хамгийн гэрэлтэй, сэтгэлзүйн хувьд хамгийн хүчтэй хүмүүс байдаг. Гагцхүү тэдэнд үүд хаалга нь л хаалттай байна. Тэгэхээр ‘Ид Шидийн Орон төсөл шиг тэдэнд хөгжих, оролцох, өөрийгөө өөрчлөх боломжийг нь нээлттэйгээр, нийгмээрээ нээж өгөх юм бол манай нийгэм маш хурдтай өөрчлөгдөнө. Гэрэл хэд дахин тод асна. 

ОЛОН АЯН, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВАХАД ТОХИОЛДСОН САЙХАН ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААЧ? 

- Гэгээлэг дурсамж бол үнэхээр их байна. Тийм дурсамжаар бид халгиж байдаг шүү /инээв/. Хоёр жишээ яръя. "Ид шидийн орон" төсөлд хэдэн зуун залуус оролцож байгаа. Энэ үйл явцаас ямар чухал зүйл бүтээж байгааг маань харсан нэг эмээ хаа байгаа Увс аймгаас таван шуудай боорцог хийж замын унаанд дайж явуулсан байсан. Жолооч нь ч ‘Ид Шидийн Орон’ төв хаана байдгийг мэдэхгүй мөртлөө асууж сурсаар бидэнд авчирч өгсөн. Тэр боорцог тийм л их хайр шингэсэн амттай боорцог байсан. Тэр эмээтэй уулзвал тэврээд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсдэг. Нэг хүн бас манай төвд хонь хандивласан. Тэрийг нь дуудлага худалдаагаар зарахад нэг сая төгрөг хүрсэн. Сая төгрөгний үнэтэй хонь гэж байх уу /инээв/. Энэ мэтчилэн гэгээлэг дурсамжууд маш их бий. Энэ бүх сайн сайхан зүйлс намайг ч бас бүтээж байгаа болохоор намайг нийгмээ илүү өөдрөг, гэрэлтэйгээр харахад нөлөөлсөн байх. 

ТЭГВЭЛ ХҮҮХДҮҮДИЙН ЗҮГЭЭС ТА НАРТ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГС, ИЛЭРХИЙЛСЭН МЭДРЭМЖЭЭС ЧИНИЙ СЭТГЭЛД ТОД ҮЛДСЭН ДУРСАМЖ ЮУ ВЭ? 

- Нэг жишээг ерөөсөө мартдаггүй юм. "Ид шидийн орон-1" төвийг дөнгөж байгуулж байхад хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй, их эргэлзсэн өнгө аястай хандаж байсан. Гэтэл тэнд байсан нэг хүүхэд талбай дээр овоолж асгасан шороон дээр гарч зогсоод “Би оргилын хаан” гэж хашгирсан. Тэр явдал надад их сэтгэл хөдөлмөөр санагдсан.

Бас энд номын сан, өөр ийм зүйлс бүтээнэ гэж хэлэхэд “Нээрээ юу?” гээд чин сэтгэлээсээ уулга алдаж байсан хүүхдүүд, “Бид нар чадах зүйлээрээ туслаад энэ барилгыг илүү хурдан босгох юмсан” гэж хэлж байсан нь бидний ажлыг урагшлуулах их урам зориг болж байсан. Энэ бүхэн бид юуны төлөө, яагаад ажиллаж байгаа билээ гэдгийн хариулт болдог. Тийм учраас бид цаг зав, сэтгэл зүрхээ энэ ажилдаа бүрэн дүүрэн зориулж чаддаг юм. 

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ ИХЭЭР ҮЙЛДЭГДЭХ БОЛЛОО. ҮҮНИЙ ШАЛТГААН НӨХЦЛИЙГ НЬ ЮУ ГЭЖ ХАРДАГ ВЭ?

- Ихэнх хүмүүс хүчирхийллийг архидалт, ядуурал, боловсролын түвшин, нийгмийн тогтолцоо гэх зүйлс рүү чихдэг. Тогтолцоонд бурууг өгөөд байхаар хүчирхийлэл үйлдэгчид өөрсдөө буруугаа ухамсарладаггүй. Гэтэл хүн гэгч өөрөө хүчирхийллийн хамгийн том шалтгаан нь болоод байна. Хандлага, төлөвшил, боловсрол гээд олон зүйлээс хамаарах ч томчуудын хариуцлагагүй байдлаас болж маш олон төрлийн хүчирхийлэл гарах эрсдэлүүд бий болж байна. Эцэг эхчүүд гэр бүлдээ үүсч байгаа асуудлыг хүүхдийн нүдэн дээр хэрүүл маргаанаар илэрхийлдэг, буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаагаас болж хүүхдүүд тэр бүх зүйлсээс сурч байна. 

Мөн мэдээж нийгмийн асар том нөлөө бий. Ялангуяа ‘таван салаа боов амсуулах ёстой’ гэх мэт уламжлалт хандлагуудаас болж хүүхдийг хүүхэд гэдэг өнцгөөс нь харж харилцахгүй, хүүхдээ хүндлэхгүй, хүүхэддээ анхаарал хандуулахгүй байна. Эдгээрээс болж маш олон хүүхдүүд амь насаа алдаж, аймшигт хэргийн золиос болсоор байна.

Төр, нийгмийн тогтолцоонд бурууг өгөхөөс өмнө эхлээд томчууд өөрсдөө буруугаа ухамсарлаж сурах хэрэгтэй. Хүн болгон дор бүрнээ би хүүхэддээ зөв үлгэрлэл үзүүлж чадаж байна уу?, би хүүхэддээ цаг гаргаж чадаж байгаа юу? би хүүхдээ аюулгүй байлгаж чадаж байна уу? гэдгийг бодох ёстой. Өөрийн алдаа бурууг засчихаад харин дараа нь нийгмийн асуудал руу анхаарч, дуу хоолойгоо илэрхийлэх юм бол энэ бүх зүйл арай өөр түвшинд хүрнэ. 

Хажууд чинь хэн нэгэн хүчирхийлэл үйлдэж байхад түүнийг хараад өнгөрөх биш таслан зогсоох алхам хийх чухал. Ийм ухамсартай, зоримог алхам байхгүй болохоор хүчирхийлэл даамжирч, тэлж байна гэж хардаг. 

ЕР НЬ БИД ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАРИЛЦАХДАА ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

- Хүүхэд бидний ирээдүй биш одоо цаг. Одоо ямар төлөвшлөөр хүмүүжиж байна, одоо та хүүхэдтэйгээ яаж харилцаж, хэр цагийг зарцуулж байна гэдгээс таны фокуслаж буй ирээдүй шалтгаална. Тиймээс хүүхэдтэйгээ том хүний үүднээс биш хүүхдийн өнцгөөс хандаж, хүүхдээ хүндэлж, ойлгож харилцаж байгаач ээ гэж хүмүүст хэлэхийг хүсдэг. 

НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ИХ АЖЛЫН ХАЖУУГААР ӨӨРИЙН ХИЙХ ДУРТАЙ ЗҮЙЛСДЭЭ ХЭР ЦАГ ГАРГАЖ ЧАДАЖ БАЙНА? 

- Хүн бүрт ижилхэн цаг хугацаа өгөгдсөн байгаа. Тэрийгээ хэрхэн ашиглах нь тухайн хүний өөрийн л сонголт. Би тийм ч төлөвлөгөө сайтай хүн биш л дээ. Гэхдээ чухлын дараалал гэдэг ганцхан зарчмыг баримталдаг. Алийг нь хамгийн түрүүнд хийх ёстой вэ? гэдгээ тэмдэглэж хардаг. Чухал зүйлээ түрүүлж хийгээд сурчих юм бол дараа дараагийн ажлын ачаалал хөнгөрдөг. Үүний хажуугаар өөртөө цаг гаргах нь мөн л тухайн хүний өөрийн зохион байгуулалт, сонголтын асуудал. Ер нь амьдрал бидний хийсэн сонголтуудын үр дүн шүү дээ. Надад цаг гарахгүй байна, би завгүй байна гэж хараад байх юм бол асуудал чамд л байна гэсэн үг. Харин эсрэгээрээ амжуулья, болгоё, бүтээе гэж хичээх юм бол чамд мэдээж боломж гарч ирнэ. 

ГАНЦААРАА ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ ХИЙЖ БАЙСАН ГЭСЭН. ТЭР АЯЛЛЫНХАА ТУХАЙ ХУВААЛЦААЧ. АЯЛАХААС ӨМНӨХ БОЛОН ДАРААХ ЧАМД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН БЭ? 

- Аялал хүний сэтгэлгээ, мэдрэмжийг их сайн задалж өгдөг. Аялал болгон чамд маш гайхалтай бэлгийг өгдөг учраас боломж л гарвал аялаад байгаарай. Ганцаараа аялсан аяллаараа өмнө нь би ямар балчир хүн байсан юм бэ гэдгээ, би болоогүй байна гэдгээ илүү мэдэрсэн. Бас амьдралыг илүү сонирхолтой өнцгөөр таних боломж гарч ирсэн. Зөвхөн монголынхоо нийгмийн амьдралыг хардаг байсан бол өөр нийгмийг ажиглаж харьцуулж, бусад орны залуус ямар байна гэдгийг мэдэж, өөрийгөө ямар байгааг эргэцүүлэх боломж олдоно. Миний ертөнцийг ном шиг нээж өгдөг учраас би аялах их дуртай. Ордос хот руу аялсан 12 хоногийн аялал миний хувьд их дурсамжтай сайхан аялал болсон. Өөрөө өөртэйгээ нүүр тулах, өөрийгөө өөрчлөх, ганцаардлын мэдрэмжийг давж, түүнийг өөр өнцгөөс харах эрэлхийлэл болсон миний зоригтой алхам. Энэ аялал ахиад бүр илүү их аялах хүсэл эрмэлзлийг маань бадрааж өгсөн. Одоо надад аялахаар төлөвлөсөн маш олон газар байгаа. 

НУУЦ БИШ БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХААШАА АЯЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН БАЙГАА ВЭ?

- Зүүн өмнөд Азийн орнуудаар аялахаар төлөвлөсөн байсан ч вирусээс болоод төлөвлөгөө маань тодорхой хугацаагаар хойшлоод байна. Тэгэхээр эх орноороо , ялангуяа баруун аймгуудаар аялна.

СҮҮЛЧИЙН АСУУЛТ. ЭНЭ МАНАЙ БУЛАНГИЙН УЛАМЖЛАЛТ АСУУЛТ ЮМ Л ДАА. ҮЕИЙН ЗАЛУУСТАА ХАНДАЖ ЮУ ХЭЛМЭЭР БАЙНА? 

- Нийгмийн асуудалд бодитоор оролцдог байх чухал шүү. Цаг хугацаа байгаа дээр олон зүйлийг оролдож, туршлагатай болоорой. Тэр дундаас чи өөрийгөө олж танина, цааш явах замаа ч мөн олно. Тэгээд ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ХАЙРААР ДҮҮРЭН БАЙЛГААРАЙ. 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Munkhzul Lkhagvasuren (66.181.177.238)
    Үнэхээр сайхан ярилцлага болжээ... Тиймээ хүүхэд бидний ирээдүй биш одоо цаг ❤
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Benjamin (221.155.199.87)
    Үнэхээр сайхан сурвалжлага болжээ. Ганбаяр их мундаг залуу юмаа
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
1581   2
НИЙТЭЛСЭН: Б.БАТЧИМЭГ