Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2021-02-28

НЭГНЭЭ ХҮНДЭТГЭЖ СУРАХАД ЯМАР Ч ТЕХНОЛОГИ, БАС НИЙГМИЙН ТОГТОЛЦОО ШААРДЛАГАГҮЙ

“Эх орны баялаг нь хүн учраас, БИ гэх биш, БИД гэсэн хандлагатай байж, мэдсэн сурснаа бусадтай хуваалцан, хамтдаа урагшлахыг хүсдэг” гээд инээмсэглэн ярих энэ бүсгүйг бүгд л Мика хэмээн дууддаг.

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА:

ЮУНЫ ӨМНӨ МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛНА УУ?

- Ээж, аав маань Дуламжаргал гэдэг нэрийг өгсөн ч, одоо гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран ажиллаж амьдардаг япончууд бүр сошиал орчинд ч Мика \Mika\ гэдэг нэрээр маань бүгд андахгүй. СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөөд 2017 оноос Япон улсад амьдарч байна. Энд IT-ийн системийн инженер мэргэжлээр сурч байгаа.

АЛС ХОЛООС ХОЛБОГДОЖ БАЙГААГИЙНХ СУУГАА ОРНЫХОО СОНИН САЙХНААС ХУВААЛЦААЧ?

- Дэлхий даяар халдварт өвчин тархаж улс орон бүрт нөхцөл байдал хэцүү байгаа энэ цаг үед амьдран буй Япон орон, япон хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг их ажиглаж байна. Цунами, газар хөдлөлт гээд байгалийн гамшигт үзэгдэлд олонтаа өртөж, хэцүү нөхцөл байдал олныг даван туулсан болохоор Япончууд сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдчихсэн байдаг юм байна. Сэтгэл санааны хувьд тогтвортой, аливаа мэдээллийг дэвэргэж нийгмээ айдаст автуулахгүй, эмх цэгцтэй, эв нэгдэлтэй байдлаар нь бахархаж байна. Ер нь тэгээд аль ч улс орны хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй хандаж байвал ямар ч хэцүү нөхцөл байдлыг давж чаддаг болохыг сүүлийн үед их мэдэрч байгаа.

АНХ ЯПОНД ОЧИХОД ЯМАР АСУУДЛУУД ТУЛГАРЧ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛЖ БАЙВ? 

- Анх ирэхдээ Япон хэлний үсгүүдээ л мэддэг байсан болохоор хэлний бэрхшээл байсан. Бас соёл, сэтгэлгээний ялгаа багагүй гарч байлаа. Жишээ нь, энд ажил, хичээлээс минут ч хоцрох ёсгүй байдаг. Таван минут хоцрох нь нэлээн хоцорсонд тооцогдоно шүү. Эхэндээ энэ нь их хатуу, төвөгтэй санагддаг байсан ч яалт ч үгүй сурах ёстой зүйл учраас, цаг сайтар баримталснаар зөв үр дүнгүүд гарч байгааг нь харсан учраас аяндаа сурсан.

Хэцүү, бэрхшээлтэй зүйл гардаг байсан ч өөрийнхөө хандлагыг өөрчлөөд, асуудлыг боломж гэж харах болсон. Ядарч байлаа ч ачаалал даах чадварыг сурч авъя гээд, ажилдаа явмааргүй байсан ч үүгээр далимдуулаад хариуцлагатай байж, хэлсэндээ хүрдэг байж суръя гэх зэргээр өөрийнхөө хувь хүний хөгжил тал руугаа тэдгээр зүйлсийг давуу тал болгож эргүүлдэг.

ЯПОН ХЭЛНИЙ ЧАДВАРАА ХУРДАН САЙЖРУУЛАХАД ЯМАР АРГУУД ТУСАЛСАН БЭ? МЭДЭЭЖ ОРЧИН ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ БАЙСАН БАЙХ.

- Хэлээ хурдан сайжруулахын тулд хүмүүстэй аль болох сайн харилцахыг хичээсэн. Дэлгүүрт цагийн ажил хийж, бичиг баримттай холбоотой асуудлаа бие дааж зохицуулах гэх мэтээр харилцан ярихыг чухалчилдаг байсан. Сургуулиа сонгохдоо ч гадаад хүн хамгийн бага байхыг нь бодолцож сонгосон. Гадаад оюутан багатайгаас гадна Япон хүмүүст зориулсан хөтөлбөртэй, зэрэглэл өндөртэй сайн сургуульд орохыг чухалчилж бэлдсээр байгаад тэнцэж орсон. Бас над шиг хэлээ сайн сураагүй ирсэн хүмүүст туслахын тулд ugtseejleh_japanese гэдэг нэртэй инстаграм хуудсыг хөтөлдөг. Мөн өөрийн инстаграм болон медиум хаягаараа дамжуулж сурч мэдсэн зүйлсээ хуваалцдаг.

АНХ ЧИНИЙ ТӨСӨӨЛЖ ОЧСОН ЯПОН, БОДИТ БАЙДАЛ ХОЁР ХЭР ЗӨРҮҮТЭЙ БАЙВ?

Явахаасаа өмнө нэлээн судалсан болохоор бодсоноос хол зөрөөгүй ээ. Анх ирээд Япон хүмүүс яараад л гүйгээд байхыг нь хараад их гайхдаг байв. Гэхдээ сүүлд нь тэд яагаад дандаа яарч байдгийг нь ойлгосон. Япончууд олдсон цөөхөн хэдэн минутаа ч гэртээ өнгөрүүлэх гэж, өөртөө амрах цаг гаргах гэж, маргааш нь бүтээмж сайтай байх гэж яардаг юм билээ.

ТЭГВЭЛ ЧИНИЙ ХУВЬД ЯПОНЧУУДААС СУРЧ БАЙГАА ЗҮЙЛ, БАС МОНГОЛ ХҮНИЙ ХУВЬД ТЭДЭНД ЗААЖ, ОЙЛГУУЛЖ БАЙГАА ЗҮЙЛ ЮУ БАЙГАА БОЛ?

- Миний хувьд юманд илүү сониуч байх, шийдэмгий байхыг илүүтэй харуулж байгаа болов уу. Япончууд шийдвэр гаргахдаа удах хандлагатай байдаг юм билээ. Жишээ нь хамт хоолонд орохоор болоход аль газар нь чамд илүү таалагдах бол гээд эргэлзээд, өөрийн жинхэнэ хүслээ илэрхийлэхгүй байх шиг санагддаг. Тэр үед нь би “Энэ газарт ороод үзье, амттай хоолтой байвал дараа дахиад ирье, амт муутай байвал мэдээд л авчихъя. Ингээд л бол оо” гэх мэтээр шийдвэрийг илүү хурдан гаргадаг.

Харин Япончуудаас аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр биш нухацтай хандах, хэлсэндээ хүрэх, заавал мэдээлэх гэсэн чанаруудыг сурч байгаа. Уулзалтаас хоцрох нь гэдгээ мэдэнгүүтээ нөгөө хүн рүүгээ ярьж хэлдэг. Ингэснээр нөгөө хүндээ сонголт өгдөг, нэг нэгнийхээ цагийг нь хүндэтгэдэг.

“АЖЛЫН ХАМТ ОЛОН БОЛ БИДНИЙ БАС НЭГЭН ГЭР БҮЛ” ГЭЖ БИЧСЭН БАЙСАН. АЖЛЫНХАНТАЙГАА БҮТЭЭСЭН САЙХАН ДУРСАМЖУУД ОЛОН БАЙГАА БАЙХ. ТЭР ДУНДААС СЭТГЭЛД ЧИНЬ ҮЛДСЭН ДУРСАМЖААС ХУВААЛЦААЧ?

- Японд ирснээс хойш янз бүрийн цагийн ажил хийсэн. Одоогоор Япон хоолны ресторанд ажиллаж байна. Энд ороод удаагүй байхад миний төрсөн өдөр болсон юм. Ресторандаа орлого оруулъя гээд Монгол найзуудтайгаа хоол захиалаад төрсөн өдрөө тэмдэглэж байтал манай ажлынхан гэнэт бялуу гаргаж ирээд, төрсөн өдрийн дуу дуулж баяр хүргэсэн. Бас ресторанд байсан бүх үйлчлүүлэгчдэд дарс хундагалж бүгдээрээ төрсөн өдрийг маань хамтдаа тэмдэглэсэн. Энэ сэтгэлд минь үлдсэн хамгийн сайхан дурсамж. Манай ажлынхан надад “Чи ажлаа хэзээ ч "цагийн ажил" гэж бодохгүйгээр чин сэтгэлээсээ ханддаг. Чамаас үүнийг бид сурсан. Нээрээ л бид нэгэн гэр бүл. Учир нь гэрийнхэнтэйгээ өнгөрүүлдгээс илүү олон цагийг хамтдаа өнгөрүүлдэг, ярьж амжихгүй зүйлсээ ч хоорондоо хуваалцдаг юм байна гэдгээ чамайг хэлснээс хойш анзаарах болсон. Бид нар чамайг зарим Япон хүмүүсээсээ ч илүү нандигнадаг. Бидэндтэй хувь тавилангаар учирсан хүн гэж бэлэгшээдэг” гэж хэлж, өөр бас олон сайхан үгсийг хэлж байв. Ийм сайхан үгсийг сонсоод улам хичээх хэрэгтэй л гэж бодогдсон.

Бас манайхаар байнга үйлчлүүлдэг эмээ өвөө хоёр намайг Монгол хүн гэдгийг мэдээд “Япон хүүхдүүд ч энэ ажлыг хийж, энэ мэргэжлээр сурахгүй байхад Монголчууд та нар ирж улс оронд маань тус болж байгаад үнэхээр их баярлалаа” гэж хэлсан. “Монголын сумо бөхчүүд байна. Бас маш олон Монгол залуучууд өөр өөр салбарт хичээж ажиллаж байгааг мэднэ” гээд их талархсан. Бид нар л эсрэгээрээ энэ орон биднийг сургаж, ажиллуулж байна даа гэж баярлаж боддог байснаас энэ хүмүүс шиг бодож үзээгүй юм билээ.

ЧАМАЙГ ЭЕРЭГ БОДОЛ, ХАНДЛАГААР ДҮҮРЭН БАЙХАД ЮУ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

- Ээж маань их өөдрөг хүн. Асуудал тулгараад ээжтэйгээ ярихаар буруутгаж загнахаас илүүтэй “Миний охин оролдоод хийгээд үз, алдаанаасаа ч сураад авна” гэж хэлдэг. Ээж минь намайг дандаа дэмжиж, урамшуулж байдаг. Би ингэж боддог юмаа. Бүх хүмүүст эерэг сэтгэл, хандлага бий. Гэхдээ тэдний уулзаж учирч буй хүмүүс, хүрээллээс шалтгаалаад зарим хүмүүсийнх нуугдчихдаг байх. Тиймээс бүгдээрээ, нийгмээрээ эерэг хандлагыг бий болгоё гэвэл нэг нэгнээ сайн дэмждэг байгаарай л гэж хэлмээр байна. Надад ээж, гэр бүлийн маань өөдрөг хандлагаас гадна найзын маань зохион байгуулдаг “ЭерэгБолГоё” аян их нөлөөлдөг байх. Тэрхүү аянаар нэгнээ танихгүй хүмүүс онлайнаар холбогдож нэг бүлэг болоод тухайн өдрийн талархсан зүйлсээ бичиж хуваалцдаг юм. Ингэснээр хүмүүс амьдралд нь тохиож буй зүйлсээ анзаарч, илүү сайхан зүйлсийг амьдралаасаа мэдэрч эхэлдэг. Амьдралынхаа үнэ цэнэтэй зүйлсээ олж хараасай гэсэндээ бид ч цаг заваа зарцуулж, илүү олон хүнийг уриалж, хамруулахыг хичээдэг ээ.

ЭЕРЭГ ХАНДЛАГААС ГАДНА ӨӨР ЮУНААС АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРДЭГ ВЭ?

- Өөртөө гаргаж байгаа цагтаа их жаргалтай болдог. “Өөртөө зориулах өдөр” гэж тусгайлан гаргадаг. Өөрийнхөө гаргасан хичээл зүтгэлийг үнэлж, өөртөө талархаж байгаагийн илэрхийлэл болгож амттай хоол идэх, очихоор төлөвлөсөн газраа очиж үзэх, ууланд гарах, шинэ зүйлс турших зэргээр өдрийг зөвхөн өөртөө зарцуулж өнгөрүүлдэг. Би бас ямар нэгэн шалтгаангүйгээр хүмүүст бэлэг өгч баярлуулах дуртай. Эмээ маань байгаа зүйлсээ бусадтай хуваалцах, бусдад өгөх их дуртай хүн. Энэ зан эмээгээс маань өвлөгдсөн байх. 

Ер нь өөрийнхөөрөө, үнэнээрээ байж, түүнийгээ мэдрэх нь л аз жаргал.

ХИЧЭЭЛ, ЦАГИЙН АЖИЛ ГЭЭД НЭЛЭЭН ЗАВГҮЙ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛЭЭР АМЬДАРДАГ БАЙХ. ГЭХДЭЭ ӨӨРТ ОЛДОЖ БАЙГАА ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА? ЦАГАА ЯАЖ ЗОХИЦУУЛДАГ ВЭ?

- Ажлын болон хувийн гээд бүх зүйлээ сайтар төлөвлөдөг. Төлөвлөж сурах нь их ашиг тустай. Миний хувьд тухайн өдөр хийх зүйлээ цаг, минутаар, заримыг нь сараар нь төлөвлөдөг. Мөн ач холбогдлоор нь дараалал гаргадаг. Багаасаа бичиж, төлөвлөх дуртай байсан. Гэрийн даалгаврын дэвтэр дээрээ хариад хувцсаа солино, гараа угаана гэх мэтээр бүх хийх зүйлээ жагсаагаад биччихдэг хүүхэд байлаа. /инээв/ Ээж, эгч маань бичсэн жагсаалтыг хараад хийсэн зүйлсээ тэмдэглээд яваарай гэж зааж өгсөн. Тэр дадал маань одоо ч хэвээрээ.

БАГЫН МӨРӨӨДЛӨӨ ХУВААЛЦААЧ? МӨРӨӨДӨӨД БИЕЛСЭН ЗҮЙЛ БАЙДАГ УУ?

- Багадаа телевизтэй холбоотой ажил хийдэг болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд телевиз, радиогийн найруулагч мэргэжлээр суралцсан гэхээр мөрөөдлөө биелүүлэхэд нэлээн дөхсөн юм болов уу. Бас бага байхад муу зан шиг санагддаг байсан ч, одоо харин давуу тал болж байгаа зан чанар гэвэл хийнэ гэснээ заавал хийдэг зан маань юм. Дэлгүүрээс юм авна гэсэн бол түүнийгээ мартдаггүй, дараа нь эмээ өвөөтэйгээ явж байхдаа түүнийгээ дахиж сануулаад авдаг байсан гэсэн. /инээв/ Онц гарвал зуслан явуулна гэхэд нь зорилгоо биелүүлэх гээд хичээж байсан. Тухайн үедээ дураараа юм шиг аашилдаг байсан ч тэр зан маань зорьсон зүйлдээ тууштай байх чадварыг надад суулгасан.

НАЙРУУЛАГЧИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦААД ДАРАА НЬ ИНЖЕНЕРИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРЧ БАЙГАА ГЭХЭЭР ИХ СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА? ЯАГААД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН ЮМ БЭ?

- Дэлхийн аль ч оронд очсон үргэлжлүүлээд ажиллах боломжтой мэргэжлийг сонгох хэрэгтэй гэж бодсон. Мөн нөгөө талдаа технологийн эрин зуун учраас Монголдоо технологийн дэвшлийг бий болгох хүмүүсийн нэг нь байхыг хүссэн. Хэрвээ мэргэжлээ сонгох гээд эргэлзэж байгаа хүмүүс байх юм бол мэдээллийн технологитой (IT) холбоотой мэргэжил сонгоход буруудахгүй гэж бодож байна. Ирээдүйд илүү урт хугацаанд ажлын байртай байх боломжтой гэдэг утгаараа ч тэр мөн цаг үетэйгээ хөл нийлүүлж, технологийн талаар тодорхой ойлголт мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна.

ТЭГВЭЛ ЧИНИЙ ЦААШДЫН ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?

- Монголынхоо нийгэмд тохирсон, хүн болгон хэрэглэхэд хялбар системийг бий болгох юмсан гэж хүсдэг. Жишээ нь зөвхөн Монголд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргахын тулд ямар аппликейшн хийж түүгээр дамжуулж сурталчилж борлуулж болох вэ? гэхчилэн боддог. Би ганцаараа энэ болгоныг бүтээж чадахгүй учраас санаа, зорилго нийлсэн залуучуудтай хамтарч, нэгнээ дэмжээд, хамт урагшлах хүч болохоор хүн байхыг хүсдэг.

МОНГОЛ ЗАЛУУЧУУДЫН ХУВЬД ЯПОН ЗАЛУУЧУУДААС СУРЧ АВААСАЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЗҮЙЛ ЮУ БАЙНА ВЭ?

- Бие биенээ хүндэлдэг зан.

Нэгнээ хүндлэх нь ямар ч технологитой холбох шаардлагагүй, нийгмийн тогтолцоог буруутгахгүйгээр бидний сурах чанар шүү дээ. Алдсан ч хамаагүй хэн нэг нь шинэ зүйл хийж үзэхэд шүүмжилж, зоригийг нь мохоох хэрэггүй санагддаг. Шүүмжилж мохоодог зангаас болж бид дахиж туршиж оролдохоос зайлсхийдэг болж, өөрөө өөрсдийгөө дараад байна уу.

Чаддаг зүйлсээрээ нэгдээд багаар ажиллаж сурах, бусдын үзэл бодлыг хүндэлдэг байх маш чухал.

МОНГОЛЧУУД ХООРОНДОО НЭГДЭЖ, БАГААРАА ТӨДИЙЛӨН САЙН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ ЮУ ГЭЖ ХАРЖ БАЙНА?

- Бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх чадвар сул байгаа юм шиг анзаарагддаг. Хэтэрхий нэг талыг барьж хандаад байдаг нь өөр үзэл бодолтой хүнийг сонсохгүй байх, сонсох боломжоо өөрөө үгүйсгэхэд хүргэдэг болов уу. Үргэлж санал бодолтой нь нийлэх боломжгүй учраас хүмүүс багаа орхидог, үүнийг дагаад баг бутраад, дахиад л зорилгоо эхнээс нь тавих болдог. Энэ болгонд мөнгө, цаг хугацаа алдана, цаашлаад итгэл, хийх урам зориг нь ч багасахад хүргэнэ.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ХАНДАЖ ЮУ ХЭЛЭХ ВЭ?

- Санал нийлэхгүй байвал доромжилж биш, буруутгаж биш, ярилцаж шийдвэрлэхийг хичээгээрэй. Ингэж чадвал хурдан, сайн үр дүнд хүрнэ. Мөн бүх л зүйл дээр бусдын гаргаж байгаа сэтгэлийг ойлгож, хүндэлдэг байгаасай. Эргээд нөгөө хүндээ яаж тусалж болох вэ? гэж боддог, нэг нэгнийхээ боломж, харилцааны гүүр нь болж өгдөг байх юм бол зөв хамтралууд үүсч, тэр дундаас гоё зүйлс гарна.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.166.134)
    Зөв бодолтой, эерэг хөөрхөн охин байна. Амжилт хүсье.
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
783   1
НИЙТЭЛСЭН: Б.БАТЧИМЭГ