Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2021-02-24

ХҮН БҮХЭН ДАВТАГДАШГҮЙ, БАС ӨӨРИЙН ГЭСЭН ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

“Хэрвээ хүн аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл, дэлхий ертөнц ч түүнийг нь биелүүлэхийн төлөө хичээдэг" гэх үг "Алхимич" номонд байдаг. Зорилго, мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээн хөдөлмөрлөж яваа Хандаа "Хөдөлмөр эзнээ шагнадаг гэдэгт би итгэдэг" хэмээн инээмсэглэн хэлж байсан юм. 

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА: 

ЭХЛЭЭД МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛААЧ?

- Намайг М.Оюунханд гэдэг. Дотны хүмүүс маань бүгд л Хандаа гэж дууддаг. Тиймээс ч одоо хийж байгаа ажлаа ‘Khandaart’ гэж нэрлэсэн. Архитектyр мэргэжилтэй. Зурах дуртай.

БАГААСАА ЗУРАХ ДУРТАЙ БАЙСАН УУ?

- Тийм. Эхэндээ эгчийнхээ зургуудыг хуулж зурдаг байлаа. /инээв/ Бага байхад эгч маань урт, урт хөлтэй моделууд, загварын зураг их зурдаг байсан. Тав, зургаан настай байх үеэсээ эгчийн зурсан зургуудыг цонхон дээр тавьж гэрэлтүүлж зурдаг; дараа нь тэрийгээ олон дахин хуулж зурдаг байж билээ. Тэгж л  анх зурж сурсан. Түүнээс биш надад төрөлхийн зурах авъяас байгаагүй ээ. Багахан авъяасаа орхилгүй тордсоор өдий хүрсэн юмуу.

ГЭРИЙНХЭН НЬ ЗУРАХ ХҮСЭЛ, СОНИРХЛЫГ ЧИНЬ ХЭР ДЭМЖДЭГ БАЙСАН БЭ?

- Би эмээ дээрээ өссөн юм. Эмээ маань “Хичээлээ хий. Яагаад урт хөлтэй хүүхэн зураад байгаа юм бэ?, Битгий ийм юм зураад бай” гэдэг байсан. Тэгсэн ч би зурсаар л байсан /инээв/. Эхэндээ дандаа эмэгтэй хүний зураг зурдаг, фэйшн дизайнер болно гэж мөрөөддөг байв. Дараа нь архитектур гэж мэргэжил байдгийг олж мэдээд байшин, интерьер их зурдаг болчихсон. Тэгээд түүндээ дуртай болж, архитектор болохоор шийдсэн. Мэргэжлийн сургуульд орохын тулд математик, физикийн хичээлээ түлхүү хийж, эмээгээсээ нууцаар зургийн дугуйланд явж байсан. Ингэж нуугдаад ч болов зурсаар байгаад архитектор болсон. "Нэг хувийн авъяас 99 хувийн хөдөлмөр" гэдэг дээ. Надад жаахан авъяас байсан байх. Тэрийгээ хөгжүүлээгүй орхичихсон бол одоогийн би их өөр л байсан байхаа /инээв/.

ОДОО ЭМЭЭ НЬ ЧИНИЙ ХҮСЭЛ СОНИРХЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ҮҮ?

- Тийм ээ. Одоо бол эмээ маань намайг зураг зурахад дуртай. Надаар бахархаж дээрээс харж байгаа. 

ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТУУШТАЙ, ЗОРИГТОЙ БАЙЖ ЧАДСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ҮҮНД ЮУ ХАМГИЙН ИХ ТҮЛХЭЦ БОЛСОН БЭ? 

- Ерөөсөө л архитектор болно л гэж боддог байсан. Мөрөөдлийн самбар дээрээ үүнийгээ зурж бичээд, өглөө болгон хардаг байсан. Хүн мөрөөдлөө зөвхөн бодоод явахаас илүү давхар илэрхийлээд бичээд байвал биелдэг гэдэгт би итгэдэг болсон. Одоо миний тэр үед мөрөөдөж байсан бүхэн бараг бүгд биелсэн байна билээ. Жишээ нь тэр үед надад ном бичих, сэтгүүл гаргах, студид ажиллах, гадаадад сурах гэх мөрөөдлүүд байсан юм. Би өглөө бүр бичсэнээ хараад, түүнийхээ төлөө хичээсээр байсны үр дүнд Тайваньд сураад ирсэн. Бас одоогоор хэд хэдэн номын зураачаар ажилласан байна. Тэгэхээр тэр үеийн мөрөөдлүүд маань бараг биелчихсэн байгаа биз /инээв/. Одоо үргэлжлүүлэн өөр зүйлс, өөр зорилго мөрөөдлүүд бичсэн. Тэгэхдээ мэдээж огт биелшгүй зүйл биччихээд, хүлээгээд сууж болохгүй. Зорилгодоо хүрэх алхмыг бага багаар хичээж хийсэн. Ер нь зорилгоо бичсэнээр эргэн харж санаад, түүнийгээ биелүүлэх алхмыг хийх урам зоригтой болдог юм билээ. Тиймээс би зурах, бичих дуртай.

ЗУРАГ ЗУРАХ НЬ ХҮНД ЯМАР ДАВУУ ТАЛЫГ БИЙ БОЛГОДОГ ЮМ БЭ? 

- Маш олон давуу талуудыг бий болгодог. Нарийн мэдрэмжтэй болно. Төвлөрч суух чадвар сууна гэх мэт. Би зурдаг болсноосоо хойш зөвхөн "би" гэж бодохгүй нөгөө хүн маань ямар бодолтой байгааг сонсохыг хичээдэг болсон. Бас юмыг илүү эерэгээр хардаг.

ОДОО БҮТЭЭЛЭЭ ‘KHANDAART’ НЭРЭЭР ХИЙЖ БАЙГАА. ЯМАР ТӨРЛӨӨР ТҮЛХҮҮ ЗУРДАГ ВЭ?

- Хүний хөрөг тэр дундаа эмэгтэй хүнийг ихэвчлэн зурдаг. Хүн зурах их гоё. Зурах гэж байгаа хүнийхээ харцтай холбогдож байж тэр хүний дотоод гоо үзэсгэлэнг нь мэдэрдэг юм. Зурж байхдаа "ямар гоё нүдтэй юм бэ?", "их гоё уруултай юм байна" гэх зэргээр тэр эмэгтэйн сайхан зүйлсийг нь олж хардаг. Хүн болгон давтагдашгүй, бас өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй байдаг. Нүдний харц, чихний хэлбэр гээд тухайн хүний байгаа байдал нь сэтгэлийг минь хөдөлгөдөг.

УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗАН ТӨЛӨВ, ҮЗЭЛ ХАНДЛАГА ТҮҮНИЙ БҮТЭЭЛЭЭС НЬ МЭДРЭГДДЭГ ШИГ НАДАД САНАГДДАГ ЮМ. ЧИНИЙ ЗУРГУУД ИХ ӨНГӨЛӨГ БАС ЭМЭГТЭЙЧҮҮД ГОЛ ТӨЛӨВ БАЙДАГ. ХЭРЭВ ЧАМАЙГ ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛООЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

- Би бүтээлээ Illustration төрлөөр ихэвчлэн хийдэг. Ийм артист охид, эмэгтэйчүүд олон бий. Гэхдээ хүн болгон өөрийн гэсэн хэв маягтай, өөр өөрийн ертөнцтэй учир зурж байгаа, бичиж байгаа бүтээлд нь тодорхой хэмжээгээр тэр нь шингэсэн байдаг. Жишээлбэл өнгөлөг хэв маягтай байвал эрч хүчтэй, юмыг эерэг талаас нь хардаг хүн байна; илүү детальчилж, реалист (бодит) хэлбэрээр зурдаг бол юманд нямбай ханддаг; эсвэл хэдэн зураас сараачаад хаячихдаг бол юмыг өөрөөр сэтгэж зурдаг хүн байна гэх зэргээр артистуудын зурагнаас тухайн уран бүтээлчийн ертөнц, мөн чанар харагддаг. Би ч ингэж харахыг хичээдэг. Миний зургууд ерөнхийдөө өнгөлөг байдаг. /инээв/ Би өөрийгөө өрөвч, зөөлөн хүн гэж боддог. Тийм болохоор тэр нь бүтээлд маань шингэдэг байх. Хүмүүс “Зураг чинь их гоё юм аа, өөр шигээ хэв маягтай зурах юм аа” гэж их хэлдэг.

ILLUSTRATION, ДИЖИТАЛ АРТ ЧИГЛЭЛЭЭС ӨӨР ТӨРЛИЙГ ОРОЛДОЖ ҮЗЭХ, ТУРШИХ БОДОЛ БАЙГАА ЮУ?

- Яг мэргэжлийн зураачаар төгсөөгүй болохоор зураг дотроо хэчнээн урсгал чиглэлтэй байдгийг сайн мэдэхгүй байна. Уран зураг, хар зургаас гадна тосон будгаар, усан будгаар, гуашаар зурдаг эсвэл өнгө ашиглахгүй дандаа хараар зурдаг зураач нар байдаг. Миний хувьд Illustration төрлөөр голчлон зурж байгаа. Энэ нь тухайн хүнийг яг жинхэнэ харагдаж байгаагаар нь зурахыг хэлдэггүй. Маш цөөхөн өнгө, зураасаар тухайн юмсыг илэрхийлж гаргахыг хэлдэг. Сүүлд инстаграммаар "мурал арт"-аар маш гоё зурдаг зураачийг олж мэдсэн. Түүний зургууд надад үнэхээр таалагдсан. Тэр хүнээс эрч хүч аваад “Би яагаад ингэж зурж болохгүй гэж?” гэж бодсон. "Мурал арт" нь зөвхөн зураасаар л зурдаг юм билээ. Зураасаар өөрийнхөө илэрхийлэх гэж байгаа зүйлийг гаргаж байгаа болохоор надад их таалагдсан. Мурал артын чиглэлээр үргэлжлүүлж зураад тэр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа.

ХЭДИЙГЭЭС НОМЫН ЗУРАГ ЗУРЖ ЭХЭЛСЭН БЭ? ЯАГААД ЭНЭ ЧИГЛЭЛД АЖИЛЛАХААР БОЛСОН НЬ СОНИРХОЛТОЙ БАЙНА?

- Би 2017 оноос эхэлж illustration, дижитал арт чиглэлийн зураг зурж байгаа. Анх "Одоо англи үг цээжлэхгүй байхыг чинь харна аа" гэдэг номны зургийг зурж байлаа. Энэ номноос би их урам авсан. Хэрэв би энэ номны зургийг зураагүй байсан бол магадгүй архитектор мэргэжлээрээ ажиллаад, номын зургийн талаар бодох ч үгүй байсан байх. Номын зураг зурах их сайхан. Яагаад гэвэл ном гэгээлэг, сайхан зүйл. Уншиж байгаа хүмүүст маш их зүйлийг өгдөг. Надад хүмүүсийн магтаалын үгсээс илүү хийж байгаа зүйл маань бусдад тустай, хэрэгтэй байх нь чухал санагддаг. Би ном бичих мөрөөдөлтэй. Одоохондоо ном бичих хэмжээний туршлагатай болоогүй ч мөрөөдлөө удахгүй биелүүлнэ. Ном уншихаар би тайвширдаг. Ер нь ном уншсанаар хүн олон чадварт суралцдаг шүү дээ. Хүмүүс одоо нэг үеэ бодвол ном их уншдаг болж байгаа нь сайхан.

АНХ ХЭРХЭН НОМЫН ЗУРАГ ЗУРАХААР БОЛСОН БЭ?

- Би ер нь их эрэлч, хайгуулч. Зүгээр сууж чаддаггүй хүн. Тэр үед их сургуулиа төгсчихсөн байсан юм. Нэг өдөр facebook гүйлгээд харж байтал “Цагийн зураач ажилд авна” гэсэн зар байв. Тэр үед хаана л зураг зурах хүн хэрэгтэй байна “Би зуръя” гээд гүйдэг үе байсан болохоор тэр хүнтэй холбогдоод зурахаар болж байсан. Одоо завгүй ч гэсэн ирсэн саналуудыг аль болох амжуулаад хийгээд өгөхийг л боддог. Захиалгаар зураг зуруулсан хүмүүс маань бүгд л сэтгэл хангалуун байдаг. Би ямар ч зүйл хийсэн хамгийн сайнаараа, сэтгэлээ зориулж хийхийг хүсдэг. Хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийгээд, хичээсээр байгаа хүнийг бурхан мартдаггүй гэдэгт итгэдэг юм.  

Номын зураг зураад төлбөрөө авч чадахгүй хулхидуулж байсан тохиолдол олон. Гэхдээ тэр болгонд араас хэрүүл хийж хөөцөлддөггүй ээ. "Ийм л хүн байсан юм байна" гэж бодоод л өнгөрдөг. Ямартай ч захиалсан зургийг нь сэтгэлээсээ зурж өгсөн болохоор дараагийн удаад надад өөр олон сайхан санал, илүү сайн, чадварлаг хүмүүстэй хамтарч ажиллах боломж ирдэг. 

ЧИ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГЭЭ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?

- Заримдаа их эрч хүчтэй зургаа хурдан зураад дуусгачихдаг. Гэвч заримдаа гараас юу ч гарч өгөхгүй байгаад л байна. Ерөнхийдөө ганцаараа байх үедээ, шөнө суухад сайн төвлөрдөг. Би бас кофе шопт сууж ажиллах дуртай. Хотын бараг бүх кофе шопоор орсон байх шүү /инээв/. Кофены машин дуугарч, хүмүүс хажууд янз бүрийн юм ярьж байсан ч зурж байгаа зүйлдээ төвлөрч чаддаг. Кофе уух, үнэрийг нь үнэрлэх, кофены машин дуугарахыг сонсохоор кайфтай. Мөн байгальтай ойр байх, хөдөө явах, ууланд гарахад толгой сайхан сэргэдэг. Алхахаар өөрийн бодлоо сайн цэгцэлж чаддаг юм.

МЭДЭЭЖ АВЪЯАС, ИХ ХӨДӨЛМӨР ЧУХАЛ. ГЭХДЭЭ УРАН БҮТЭЭЛЧ, ЗУРААЧ ХҮНД ЯМАР ЧАДВАР ИЛҮҮ ШААРДАГДДАГ БОЛ? 

- Зураач ч бай, өөр ямар ч мэргэжил сонгосон бай түүндээ тууштай л байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь чи юу хүсэж байна вэ? гэдгээ их сайн мэдэж, ойлгосон байх ёстой. Би одоо, дуртай, хүссэн зүйлээ хийж байгаа болохоор мөнгө олдохгүй үе тохиолдсон ч сүйдтэй гутарч байгаагүй. Тэгэхээр дуртай зүйлээ л хийх хэрэгтэй /инээв/

ЕР НЬ БИД ЗУРГИЙГ ЯАЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ЗУРАГ ҮЗЭХ СОЁЛ, ОЙЛГОЛТ МУУТАЙГААС ГЭХ ҮҮ, ЕРӨНХИЙД НЬ ХАРААД, ХАЛЬТ ГҮЙЛГЭЭД ҮЗЭХ НЬ ОЛОНТАА БАЙДАГ.

- Тухайн бүтээлийг сэтгэлээсээ мэдэрч үзэх хэрэгтэй. Тийм торгон мэдрэмжтэй хүмүүс их гоё. Тэр бүтээлийг хийхэд их цаг хугацаа, сэтгэл гаргасан байгаа шүү дээ. Зургийг сайн харж, анзаарч, зураачийн илэрхийлэх гэсэн санаа, агуулга, өөрт төрж буй мэдрэмжээ ойлгох нь чухал. Үүнийгээ илэрхийлдэг хүмүүс сайхан. 

ТАЙВАНЬД ХЭСЭГ СУРАЛЦСАН. ТЭР ҮЕД ЮУГ ОЛЖ МЭДЭВ?

- Анх Тайваньд очиход хүмүүсийнх нь яриа хэрэлдээд ч байгаа юм шиг, жаахан хатуу сонсогддог байсан. Гэхдээ хэдхэн сар болоод хэл нь их гоё сонсоод л баймаар санагддаг болсон. Хятад хэлэнд дуртай. Мартахгүйн тулд хятад хэлээр youtube дээр бичлэг, влогийг их үздэг. Бас цаг агаар нь их халуун болохоор эхэндээ хэцүү санагдаж байв. Таван сараас арван сар хүртэл их халдаг. Алхаж байхад л хөлс гоожоод байна /инээв/. Халууны хажуугаар шумуул ихтэй. Шумууланд их хазуулсан. Тэр үед шантарч буцмаар санагдаж, хэцүү зүйлс тохиолдоход уйлдаг байсан ч даваад л гарсан. Тэнд цаг хугацаа их хурдан өнгөрдөг байлаа. Өглөө эрт босоод гадаа гарч дасгал хийдэг. Голын эргээр гүйгээд, сургууль руугаа дугуйгаар явдаг байв. Тайвань хүмүүс их тусч. Тэндхийн зах дээр ажилладаг байхад хүмүүс нь их тусалдаг байсан. Тэд урд Хятадуудаас шал өөр. Боловсролтой, Япон соёл жаахан давамгайлсан юм шиг санагдсан. “Өө, чи түрүүнд нь” гээд л бусдыгаа хүндэлдэг. Очсон газрынхаа хүмүүстэй аль болох их ярилцахыг боддог. Эмээтэйгээ өссөн болохоор настай хүмүүстэй ярилцах дуртай. Тэндхийн зах дээр ихэвчлэн эмээ өвөө нар суудаг байсан болохоор ажлаа тараад явах болоход надад жимс, өөр олон амттай зүйлс өгдөг байсан /инээв/. Гадаадад байхаар хүн ёстой л бие дааж сурдаг юм билээ. Монголдоо ирээд сурсан зүйлээрээ дамжуулж хийхийг хүссэн зүйл маш их байсан. Автобусны үйлчилгээ, хүмүүсийг хүндэтгэж байгаа байдал, сургалтын систем гээд суралцах зүйл олон. Монгол улс маань хэзээ ийм болох бол? гэж бодогддог байсан.

ТЭР ДУНДААС МОНГОЛДОО ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ САНАГДСАН ЗҮЙЛ ЮУ БАЙСАН ВЭ?

- Тайваньд нэг их гоё соёл байдаг нь автобуснаас буухдаа бүх хүн жолоочдоо “Баярлалаа” гэж хэлдэг. Тэрийг хараад их гайхаж байсан /инээв/. Автобусны үйлчилгээ сайтай, бүх мэдээлэл нь тодорхой. Хүмүүс бие биенээ хүндэлдэг болохоор харилцаанд ямар нэгэн асуудал гардаггүй. Монгол хүмүүс маань ч бие биенийгээ хүндлээд, нэгэндээ зам тавьж өгдөг, цахилгаан шат ч юм уу ямар нэгэн хаалгаар гарах гэж байгаа хүнээ эхэлж гаргаад дараа нь ордог, хүлээцтэй, хүндлэлтэй харилцдаг байгаасай гэж боддог. Хөгжлийг нь гэхээсээ бие биенээ хүндлэх соёлыг нь монголчууд маань сурч, дадалжуулаасай. Тэгж чадвал харилцаа хамаагүй амар болж, стресс бухимдал ч багасна.

НУУЦ БИШ БОЛ, ОДОО ХАНДАА МААНЬ ЯМАР МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГО ТЭЭЖ ЯВАА ВЭ?

- Олон зорилго байна. Жишээ нь хүмүүсийн ирэх дуртай, өөрийн гэсэн тохилог кофе шоптой болохыг мөрөөдөж, ардаа зургаа зурах шилэн оффистой байгаагаар төсөөлдөг. Хүмүүсийг ажиглангаа зургаа зураад л, тийм тайван орчныг хүсдэг. Бас цаашдаа Европт зургийн чиглэлээр сурах бодол бий. Мэргэжлийн зураачаар сураагүй болохоор магистраа урлаг судлалаар сонгоод байгаа. Уг нь саяхан Итали явах боломж гарсан. Гэвч нөхцөл байдал хүнд байгаа учраас хэсэгтээ хүлээхээр болоод байна. Тэнд очоод янз бүрийн зураг зурдаг хүмүүстэй танилцаж, тэднээс суралцан, олон сайхан бүтээл гаргахыг хүсч байна. Ямартай ч мөрөөдөл маань удахгүй биелэх байх.

БАЯРЛАЛАА. ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ БҮХЭН НЬ БИЕЛЭХ БАЙХ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Soyoloo (64.119.24.85)
    Үнэхээр сонирхол татсан нийтлэл байлаа. Илүү олон зураг хармаар л санагдлаа
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
    • Эрдэнэбаяр(127.0.0.1)
      bvncv
      2020 оны 04 сарын 06
  • DZ (202.179.25.166)
    mundag shv manai handaa
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Nomio (183.177.99.226)
    Amjilt ohin min vzvvleed ogoorei :)))
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Shinenjamts (202.126.89.191)
    Би одоо найзынхаа улаан ногоон фэйн нь болж байна шүү урам зориг өгч байдагт баярлалаа khandaa
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
    • (139.5.219.207)
      bayrlalaa nz
      2020 оны 04 сарын 04
  • Ystoi goy yriltslaga bolson bn👏👏👏 mi duugiin husel moroodol zaawal biyleh boltugai~~ mundag shuu goy shuu^^ (64.119.18.231)
    Enjl.enji
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • З.Ганчимэг (66.181.161.23)
    Хөдөлмөрч, мундаг эгч шүү. Үлгэр дуурайлал авдаг хүмүүсийн маань нэг. Амжилт хүсье ээ эгчдээ 😘
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
    • (202.55.188.39)
      bayrlalaa duudee
      2020 оны 04 сарын 04
1723   8
НИЙТЭЛСЭН: Б.БАТЧИМЭГ