Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2021-01-20

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕ ДЭХ СТРЕСС, ТҮҮНИЙ СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ

Корона вирусын үеэр улс орнуудад хөл хорио тогтоож гэрийн хорио буюу карантин зарлаад буй энэ цаг үед гэр бүлийн хүчирхийлэл дэлхий нийтээр нэмэгдэж буйг НҮБ-ын ЕНБД, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага гэх мэт бүгд дуу нэгтэй сануулсаар байна.

ТЭГВЭЛ МОНГОЛД НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙГАА БОЛ?

Статистикийн Ерөнхий газраас сар бүр гаргадаг танилцуулгад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа бол Цагдаагийн байгууллагаас мэдээлдэг зөрчлийн мэдээ өсчээ. 2020 оны эхний гурван сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3131 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 1193 буюу 61.6%-иар, 2244 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 1118 буюу 99.3%-р тус тус өссөн байна. 

Энэ нь түгшүүр төрүүлж буй гамшигт вирус, өвчлөл мөн удаан хугацааны хөл хориотой холбоотой байж болохыг сэтгэл зүйчид хэлж байна. Тиймээс ч олон улсын байгууллагууд ийм онцгой байдлын үед стресс бууруулах арга замуудыг сурталчлах, сэтгэл зүйн зөвлөгөөг дуудлагын утсаар, онлайн зөвлөгөө, хэвлэл мэдээллээр сурталчлах ажиллагааг эрчимжүүлэх, төсөв хөрөнгө нэмэгдүүлэхийг шийдвэр гаргагчдад анхааруулж байгаа юм.

Б.Мишээлийн Business.mn-д нийтэлсэн дараах нийтлэлд НИЙГМИЙН АМЬТАН БОЛОХ ХҮН ХОРИОНД байснаар ямар үр дагаврууд бий болж буй талаар онцолсон байна.  

НИЙГМИЙН АМЬТАН БОЛОХ ХҮН ХОРИОНД ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ?

Байгалийн гамшиг, дайн дажин зэрэг эмгэнэлт явдал хүмүүсийн сэтгэцэд гүн нөлөө үзүүлдэг. Ковид-19 мэтийн цар тахал ч мөн ялгаагүй. Өвчин тусчих вий, бусдад өвчин халдаах вий эсвэл хайртай хүмүүс маань өвдчих вий гэсэн айдас хүмүүсийг эзэмдэв. Цар тахал бидний амьдралыг бүхэлд нь тодорхойгүй болгож орхижээ. Дэлхийн хүн амын тавны нэг нь хөл хорионд орсон ба тусгаарлалт, хөл хорио нь ганцаардал, сэтгэл зовнил болон сэтгэл гутралд автахад хүргэж байна. Тусгаарлалт, нийгмийн харилцаанаас зай барих зэрэг арга хэмжээ коронавирусийн тархалтыг намжаахад зайлшгүй шаардлагатай. Гэтэл хүн болон мичин төрлийн амьтдын хувьд амьд харилцаа, нийгмийн хүрээлэл бол амьдралынх нь салшгүй нэг хэсэг. Тухайлбал, нохой сармагчны кортизолын (стрессийн даавар) хэмжээ олон найз, хамтрагчтай байх тусам бага байжээ.

Итали улсад Ковид-19 вирусийн улмаас 13,100 хүн нас барснаас гадна сэхээн амьдруулах тасагт өвчтөнүүдийг эмчилж байсан хоёр сувилагч амиа хорлов. Харин цар тахлын улмаас эдийн засагт учрах хор нөлөөнд санаа зовсон Герман улсын Хессен мужийн сангийн сайд гуравдугаар сарын 28-ны өдөр амиа егүүтгэжээ.

Ipsos-Mori компанийн явуулсан санал асуулгаар британичуудын 62 хувь ирээдүйн талаар эерэг хүлээлттэй байхад улам хүнд болж байна хэмээжээ.

Олон улсад цар тахал хүмүүсийн сэтгэцэд нөлөөлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Их Британид Засгийн газрын харьяаны Public Health England агентлаг, Duke and Duchess of Cambridge хамтран “Коронавирусийн үеэрх сэтгэцийн эрүүл мэнд ба эрүүл оршихуй” хэмээх зааварчилгааг гуравдугаар сарын 29-ны өдөр хэвлэн гаргав. Тухайн долоо хоногт, Ipsos-Mori компанийн явуулсан санал асуулгаар британичуудын 62 хувь ирээдүйн талаар эерэг хүлээлттэй байхад улам хүнд болж байна хэмээжээ. Нью-Йорк хотын захирагч Эндрю Куомо гуравдугаар сарын 21-нд “Иргэд эдийн засгийн төдийгүй сэтгэл зүйн хүнд байдалтай тэмцэж байна” гэжээ. Тэрбээр дөрөв хоногийн дараа сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай иргэдэд зориулсан үнэгүй шуурхай утас ажиллуулж эхэлснээ мэдэгдсэн байна.

Зарим хүмүүс сэтгэл зүйн хувьд бусдаас хүнд байдалд оров. Хэдэн сая ажилгүйчүүд зөвхөн орлого төдийгүй нийгэмд эзлэх байр суурь, хүрээллээ алдсан гэж Оксфордын Их сургуулийн Эрүүл оршихуйн судалгааны Төвийн дарга Ян Эммануэль де Неве хэлжээ.

Найз нөхөдтэйгөө цагаа өнгөрөөдөг байсан ганц бие хүмүүс ихэнхдээ ганцаараа байхаас өөр аргагүйд хүрчээ. Баг, хамт олноороо дасгал сургуулилт хийдэг байсан тамирчид зочны өрөөндөө дасгал хийсэн болж өөрийгөө аргацаах болов. Энэ мэтээр тусгаарлалт, гэр хорио хүмүүсийн сэтгэцэд ихээхэн нөлөөлсөөр буй. Их Британид 18-34 настай иргэдийн 67 хувь, 55-75 насны иргэдийн 54 хувь сэтгэлээ өөдрөг байлгахад хүндрэлтэй байгаа гэжээ.

Түгжигдмэл, хязгаарлагдмал амьдралд орсон иргэд аюулгүй байдал, эрүүл мэнд болон орлогодоо санаа зовниж байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл эрчимтэй өсөх шалтгаан боллоо гэж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Фумзиле Мламбо-Нгкука дурдав. Анхан шатны тооцоогоор зарим оронд гэр бүлийн хүчирхийлэл гуравны нэгээр өссөн байх магадлалтай.

ТЭГВЭЛ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

Олон улсын сансрын станцад нэг жил гаруй ажилласан сансрын нисгэгч Скот Кэлли “New York Times” сэтгүүлд өдрийн тэмдэглэл хөтлөх нь ганцаардалтай тэмцэхэд тустай гэжээ. Түүнчлэн боломжтой бол гадагш гарахыг зөвлөсөн байна. Тэрбээр “жижиг орон зайд хэдэн сараар байхад ногоон өнгөтэй навчис, шинэхэн шорооны үнэр, нүүрэн дээр гийх нарны дулаан илч гээд байгалиа санагалздаг байсан” гэж онцолжээ.

Хөл хорио нь хөдөлгөөн хийх боломжийг нь хязгаарлаж, энэ хэрээр биеийн ерөнхий эрч хүчийг нь сулруулдаг бөгөөд стресст автахад хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Тиймээс манай хойд хөрш ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагаас хөл хорионд байгаа ахмадуудад чиглэсэн ажлыг эрчимтэй зохион байгуулж,  үүнд олны танил нэр хүндтэй хүмүүс оролцож эхэлжээ. Тухайлбал төрийн думын гишүүн Н.Валуев гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хэрхэн хийх талаарх зөвлөгөө видео хичээлийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1220   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan