Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2020-04-11

ТЭД БИДНЭЭС ЯЛГААТАЙ Ч, ЯМАР САЙХАН ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ, ЯМАР ГОЁ БОДОЛТОЙ ГЭЭЧ...

“Залуус ярьж байна” буланд энэ удаа Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Г.Эгшиглэнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч зун World Special Olimpic's \Дэлхийн тусгай олимп\-д дэмжигчээр оролцоод ирсэн. Хүмүүнлэгийн болон сайн дурын ажлуудыг идэвхитэй хийдэг эрч хүчтэй, өөдрөг охины яриа таньд сонирхолтой байх болов уу.

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА:  

МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН SPECIAL OLIMPIC \ТУСГАЙ ОЛИМП\-Т ЯВСАН ГЭСЭН. OНЦЛОГИЙНХ НЬ ТАЛААР ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ?

- Para Olympic's нь бие махбодийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцдог бол Special Olimpic's нь оюуны бэрхшээлтэй хүмүүсийг нэгтгэдэг дэлхийн спортын наадам юм. Өөрөөр хэлбэл энгийн хүнтэй бие организмын хувьд адилхан ч, сэтгэхүйн хувьд өөр хүмүүс байдаг. Энэ олимпод тэдгээр хүмүүсийг дэмжиж оролцогсод хамт байж, тэмцээн уралдаанд оролцдог юм. Би тийм дэмжигчээр явсан. Бид ялгаатай боловч хүн болж төрснийхөө хувьд адил тэгш. Бусдаас ялгаатай нэгнээ ганцаардуулахгүй байх, спортоор нэгтгэх, хайр, энэрэл, эв нэгдлээр цэнгэх спортын наадам бол энэ Special Olimpic's юм.  

ДЭМЖИГЧ ТОГЛОГЧООР ЯВНА ГЭДЭГ НЬ ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ГЭСЭН ҮГ ҮҮ

- Тиймээ. Хүмүүнлэгийн ажил. Тусгай олимпод оролцож, хүмүүнлэгийн ажил хийсэн маань миний хувьд хамгийн сэтгэлд үлдсэн хамгийн сайхан дурсамжуудын маань нэг болсон.

АНХ ХЭРХЭН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛД ОРОЛЦОЖ ЭХЭЛСЭН БЭ?

- Анх Залуучууд театр”-т урлагт хайртай нэг эгчийн зохион байгуулсан хорт хавдартай хүүхдүүдэд туслах хандивын тоглолтод оролцож, урилгаар бүжиглэсэн юм. Тэгэхэд тэр хүүхдүүдэд амьдрал бэлэглэхэд туслаж байна гэдгээ мэдрэх нь надад үнэхээр гоё байсан. Тэрнээс хойш хүмүүнлэгийн, сайн дурын ажлуудад чадахаараа оролцож байхыг хичээдэг болсон. Бусдад туслах нь намайг аз жаргалтай болгодог. Бас би янз бүрийн зүйлд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Иймээс хүмүүнлэгийн, сайн дурын ажлуудад оролцох дуртай. Энэ бүхэн намайг мөрөөдлөө биелүүлэхэд алхам болно гэж би боддог.

ХҮМҮҮНЛЭГИЙН, САЙН ДУРЫН АЖИЛД ОРОЛЦООД ХАНДИВ, ТУСЛАМЖ ЦУГЛУУЛААД ЯВЖ БАЙХАД БЭРХШЭЭЛ, ХЭЦҮҮ ЗҮЙЛС ТОХИОЛДОХ УУ? 

- Зарим хүмүүс ойлгодоггүй л дээ. Ялангуяа бидний үеийнхэн. Тийм үед надад жаахан шантрах мэдрэмж төрдөг. Больчихдог юм билүү ч гэж бодох үе ч байсан. Гэхдээ нэгэнт эхэлсэн ажлаа сайхан сэтгэлтэй хүмүүсийг олж, ямар ч байсан дуусгаж чаддаг нь үнэхээр сайхан.  

САЙН ҮЙЛСИЙН АЖИЛ ХИЙДЭГ БОЛСОН ЭНГҮҮНЭЭ БОЛОН ТҮҮНЭЭС ӨМНӨХ ЭНГҮҮНИЙ ХУВЬД ЯМАР ЯЛГАА ГАРСАН БЭ?

- Урьд нь жижигхэн сэтгэдэг байсан юм билээ. Зөвхөн өөрийгөө боддог, хичээлээ л хийгээд, эсвэл гэртээ, эсвэл бүжиг гээд л явдаг байсан. Харин одоо хувь хүний хувьд бодол, оюун санаа илүү тэлж, улам олон шинэ зүйлд суралцаж байна. Миний сэтгэлд үлдсэн нэг үйл явдал байдаг юм. Тусгай олимпод оролцож, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байхад дэмжигч тоглогч нь хаалганд бөмбөг оруулахад, нэг оролцогч маань Би юугаараа дутуу гэж, би яагаад оруулж чадахгүй гэж, би та нараас дутуу биш яг л адилхан гээд орилоход нь түүгээр үнэхээр их бахархсан. Бас өөрийн эрхгүй нулимс гарсан. Үнэхээр тэд бидэнтэй яг адилхан. Бүр зарим талаараа илүү. Өмнө нь би тэгж харж чаддаггүй, тэднийг мэддэггүй, ойлгодоггүй байхдаа гадуурхдаг, харьцдаггүй, муухай зан гаргадаг байсандаа маш их харамсдаг. Тэд биднээс ялгаатай ч, ямар сайхан сэтгэл зүрхтэй, ямар гоё бодолтой гээч. Үүнийг би мэдээд өөрөөсөө ичиж, тэднээр улам их бахархдаг болсон.

ХҮНД ТУСАЛСНЫ ДАРАА ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРДӨГ ВЭ?

- Төсөөлөхийн аргагүй маш их аз жаргалыг мэдэрдэг шүү /инээв/. Тэр хүний оронд өөрийгөө тавьж үзээд, өмнөөс нь өөрөө баярлаад үсрээд гүймээр санагддаг. Үнэхээр гайхалтай аз жаргалтай болдог.

ОЛОН ЗҮЙЛД ӨӨРИЙГӨӨ СОРИХ ЭНЭ ЭРЧ ХҮЧИЙГ ЧИ ЮУНААС АВЧ БАЙНА

- Би ихэнхдээ ээж, ааваасаа эрч хүчийг авдаг. Манай аав бас хүмүүнлэгийн ажил хийдэг.  Аав минь надад маш их зүйлийг зөвлөдөг. Миний ээж бол бидний найдвартай ар тал. Аав, ээж хоёр маань намайг үнэхээр их дэмждэг.

ЧАМД ХҮНД ХЭЛДЭГГҮЙ НУУЦ ЧАДВАР ЭСВЭЛ АВЪЯАС БИЙ ЮУ?

- Би 7 настайгаасаа эхлэн бүжиглэж эхлэсэн. Миний аав ээж хоёр намайг хөтлөн Монгол-Оюу сургуульд оруулж, би н.Амармэнд багшийн клубт суралцан, бүжгээр хичээллэж эхэлсэн. Тэгээд маш олон тэмцээн уралдаанд оролцдог байсан. Энэ бүхнээс би бие дааж, эмх цэгцтэй байж, өөрийгөө зөв авч явж сурсан. Ер нь бүжгээс асар их хүмүүжлийг олж авдаг юм билээ. Бүжгээр хичээллэж, олон зүйлд суралцаж, бас дуртай зүйлээ олсондоо би маш их баярладаг. Би бас дуулах дуртай. Ер нь  мундаг жүжигчин болохсон гэж нууцхан хүсдэг юмаа \инээв\.

НУУЦ БИШ БОЛ МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГОО БИДЭНТЭЙ ХУВААЛЦААЧ?

Ойрын зорилго гэвэл Солонгост суралцахыг хүсч байна. Ингэхийн тулд мэдээж хэлний чадвараа сайжруулах хэрэгтэй. Тиймээс одоо англи, солонгос хэлийг хоёуланг нь сурч, улам сайжруулахыг зорьж байгаа.  

ТОМЧУУДААС ЮУ ХҮСДЭГ ВЭ?

- Томчууд сошиал орчинд өөрсдөөс нь гадна хүүхдүүд ч бас байгаа гэдгийг анзаардаггүй. Тэдний хамаа замбараагүй сөрөг хандлагууд, бохир үгсийг хүүхдүүд ч бас харж байгаа гэдгийг хэлмээр байна. Одоо бүр жаахан 5,6-р ангийн хүүхдүүд ч фэйсбүүк ашигладаг болсон. Тиймээс бидэнд үлгэр дууриалал үзүүлэх ёстой томчууд маань үүнд анхаараасай гэж хүсч байна. Томчууд маань өөрсдөө хандлагаа өөрчилж, бидэнд үлгэр дууриал болж байж, хойч үе хүүхдүүддээ ирээдүйгээ даатгах ёстой болов уу. Энэ миний эмзэглэж явдаг зүйл.

АМЬДРАЛДАА ҮРГЭЛЖ САНАЖ ЯВДАГ, ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ ИШЛЭЛ БИЙ ЮУ

- Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно гэдэг үгийг үргэлж өөртөө хэлж, өөрийгөө зоригжуулдаг

СҮҮЛИЙН АСУУЛТ. ЭНЭ МАНАЙ УЛАМЖЛАЛТ АСУУЛТ ЮМ. ҮЕИЙН ЗАЛУУСТАА, НАЙЗ НӨХӨДДӨӨ ХАНДАЖ ЮУ ХЭЛМЭЭР БАЙНА?

- Бусдын төлөө гэх сэтгэлтэй байгаарай. Зөвхөн өөрийнхөө урдах асуудлуудыг харах биш, залхууралгүй бусдыг харж, тэднийг ойлгохыг хичээгээрэй. Бүх зүйл дардан байдаггүй. Залхуу чинь хүрч байгаа бол энэ сорилт юм. Тэр сорилтыг давж, өөрийгөө дайчлан, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байвал үр өгөөж нь чамд ирнэ. Ингэж л хэлмээр байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.9.46.184)
    Хөөрхөнөөдөө амжилт хүсье улам их амжилтыг хүсье
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Золзаяа (202.9.46.36)
    Ямар хөөрхөн юм бээ. Ийм хүүхдүүд олон байгаасай.
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Dood angin huuhd (202.55.188.40)
    Harah ontsog bagahn ch bolw oorchlogdlo. Sn medhq bj ongon hesgiig n dugnedg bje. Odo harhad unher ulger duurialla bolgomr oorigo olj chadsn hiih gesn yma meddg oorinho husel sonirhlig tanisn mundg egch ym.
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.41)
    Ухаалаг авхаалжтай сайн охиндоо баяр хүргэе.Бахархаж байна.
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.184.182)
    Amjilt hvsie
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.189.10)
    Мундаг шавьдаа амжилт хүсье
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Бд (98.110.83.139)
    Ухаалаг, хөөрхөн, сайхан охин шүү дүү минь... Аз жаргал эрүүл энхийг хүсэе
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Urantsetseg (202.126.88.69)
    Mundag hoorhon ohin. Duu nartai ulger duurailal bolson eej aawiin baharhal n bolson duudee az jargaliig amjiltiin hamt husie
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.1)
    Hoorhon duudee amjilt husey
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    мундаг охин юмаа
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Ичко (103.229.120.225)
    Сайхан охин сайн ч охин шүү. Бүх зүйлд нь амжилт хүсье.
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
    • Javzandulam(202.9.46.96)
      Mundag Ohin yumaa
      2020 оны 04 сарын 11
4205   12
НИЙТЭЛСЭН: О.Ундаръяа