“ХҮНСНИЙ НОГОО ГАДНААС АВАХЫГ ХОРИГЛОЛОО” ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ
БИД ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛЖ, ҮНЭН ЭСЭХИЙГ ШАЛГАЛАА.
Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад: “Хориглосон шийдвэр гараагүй. Дотооддоо тариалалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэсэн бол Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч: “Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг танилцуулахдаа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэрээ хүнсний ногоог дотоодоосоо хангах чиглэл баримтална гэсэн. Тэрнээс ХХААХҮЯ-нд ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэв.
Эндээс “Хүнсний ногоог гаднаас авахыг хориглолоо” гэх мэдээлэл нь худал гэдэг нь тодорхой байна. Мөн news.medleg.me цахим сайтад оруулсан бичлэгийг шалгаж үзэхэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гуравдугаар сарын 27-нд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан хэсгээс тасдаж авсан нь тодорхой байгаа юм.
Уг бичлэг дээр Ерөнхий сайд: “Цаашдаа бид хүнсний ногоо, сонгино, сармис, байцаа, лууван гээд гадаадаас авмааргүй байна. Төмс, гурилаа бид 100 хувь дотоодоо хангаж байгаа. Энэ ажлуудаа сайн зохион байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал бид дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Үүнийг бас ХХААХҮЯ зохион байгуулж ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ илтгэе” гэж хэлжээ.
Тус мэдээлэлд иргэд: “Маш зөв, дэмжиж байна”, “Ямар сайхан мэдээ вэ”, “Баярлалаа” гэх мэтээр бичжээ.
Тус мэдээлэл нь нийгмийн сүлжээнд "Залуус 2020 Сонгинохайрхан дүүрэг", "Баянзүрх дүүрэг Зүүн бүсийн иргэд", "Өмнөговь шуурхай зар (15 Сум)", "Сонгинохайрхан Иргэдийн нэгдэл" гэх зэрэг фэйсбүүк группууд, "Тусгаар Монголын Иргэд" фэйсбүүк пэйж зэрэгт тархаж, зарим аймгийн /Архангай/ ЗДТГ-ын групп хуудаснаа ч түгсэн байна.
МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛСАН: Fact-Check Mongolia сүлжээ
А.Амартүвшин-(Factcheck.mn)
Э.Эрдэнэцэцэг-(Үндэсний Шуудан сонин)
О.Амарзаяа-(Архангай медиа групп)
ТОДОТГОЛ: