Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2020-04-18

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГОО ҮЗЭСГЭЛЭН ТҮҮНИЙ БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖЛЭЭС ХАМААРДАГ

“Инээмсэглэл бол таны хамар доороосоо хялбархан олж чадах аз жаргал юм” хэмээн инээмсэглэн хэлэх энэ бүсгүйг Г.Гантуяа гэдэг. Нийтийн латин бүжгээс өөрийгөө олсон түүнтэй гоо үзэсгэлэн, мэдрэмж, хийж бүтээхийн утга учрын талаар эерэг, гэгээн яриа өрнүүллээ.

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА: 

ЭХЛЭЭД МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

- Намайг Г.Гантуяа гэдэг. Эрдэнэт хотод төрж өссөн. Арван жилээ төгсөөд Хятад улсад хэлний бэлтгэлд сурч дүүргээд, үргэлжлүүлэн энэ чиглэлээрээ сурахаар шийдэж Монголдоо Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Хятад хэлний багшийн мэргэжлээр суралцаж төгссөн. Эргээд Хятадын Жинан хотын Шандуны их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж магистрын зэргээ хамгаалсан. Чөлөөт цагаараа нийтийн латин америк бүжгийг сонирхон хичээллэдэг. Хөдөө явах, аялах, байгальтайгаа ойрхон байх дуртай. Бас бүх төрлийн хөгжим сонсдог. Ерөнхийдөө нээлттэй, ярих дуртай, хошин (мааз) талын хүн гэж өөрийгөө боддог доо /инээв/.

ХЯТАДАД СУРЧ БАЙХДАА ТУХАЙН ОРНЫ ХҮМҮҮСЭЭС ЮУГ ОЛЖ ХАРЖ, СУРАЛЦСАН БЭ?

- Хятад хүмүүс маш хөдөлмөрч. Үүрээр босоод л, гадаах цементэн талбайгаа угааж байдаг юм билээ. Тэднээс сурч, өөртөө хэрэгжүүлсэн чанар гэвэл хэлсэндээ хүрдэг байх. Найрсаг, эртэч, үнэнч, шаргуу хөдөлмөрч гээд тэднээс суралцах зүйл маш их байдаг шүү. Мөн хятадууд эрүүл мэнд, хоол хүнсэндээ онцгой анхаардаг. Би Хятад явснаасаа хойш олон төрлийн ногоо идэж сурсан. 

ТЭГВЭЛ МОНГОЛ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ЧИ ТЭДЭНД ЯМАР ЗАН ЧАНАРААРАА ҮЛГЭРЛЭЖ БАЙСАН БОЛ?

- Монгол оюутнууд юм юмны дөртэй, олон талын авъяастай байдаг ш дээ. Гадны оюутнууд “Та нар их авъяаслаг” гэж ярьдаг байсан. Монголчууд сониуч, бас сонирхсон зүйлээ их хурдан сурдаг. Ер нь Хятад хүмүүсийг бодвол аливаад илүү мэдрэмжтэй ханддагаараа ялгарч, анзаарагдаж байсан байх.

ЧИ ЮУНААС АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРДЭГ ВЭ? АЗ ЖАРГАЛЫГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТОДОРХОЙЛООЧ?

- “Тухайн мөчдөө л жаргалтай байхыг аз жаргал гэнэ” гэж нэгэн подкастаар ярьж байхыг сонссон. Энэ миний үзэл бодол нийцсэн. Би маш жижиг зүйлсээс кайф авдаг. Жишээ нь өглөө нүүрээ будаж байхдаа “контур”-аа гоё зурчихвал тэгээд л түүнээсээ кайф авдаг /инээв/. Тухайн өдрийн нүүр будалт маань гоё байвал жаргалтай байдаг. Хоол, хөгжим, цэнгэг агаар, найзуудын маань хэлсэн үг, инээж хөхрөлдөх, шинэ зүйл худалдаж авах гээд аз жаргалыг мэдрүүлдэг зүйл олон бий. Дөнгөж дунд сургуулиа төгсөөд гэрээсээ хол, бие дааж амьдарсан болохоороо ч тэр юм уу өөрт тухтай орчин бүрдүүлж, өөрийн гэсэн орон зайтай байхдаа үедээ бас их жаргалтай байдгаа.

ЗАРИМ ХҮМҮҮС ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ “МАЯГТАЙ”, “ИХ ЗАНТАЙ” ГЭХ МЭТЭЭР “ЦОЛЛОДОГ”. ЭНЭ ТАЛААР ЧИ ЮУ гГЭЖ БОДДОГ ВЭ?

- Ер нь хүнийг сайн мэдэхгүй байж, зөвхөн гадна талаас нь дүгнэх өрөөсгөл л дөө. Эмэгтэйчүүд нэгэндээ урам өгдөг байх хэрэгтэй.  Миний хувьд хүнд зөв, цагаан атаархал заавал байх ёстой гэж боддог. “Энэ хүн чадаж байхад би яагаад чадахгүй гэж? Би бас хамт чадъя” гэх ч юм уу, тийм цагаан атаархал байж, бусдаас урам авснаараа өөртөө өөрчлөлт, ахиц дэвшил гаргана. Чиний шүүмжилж байгаа хүнд ямар нэгэн сайн тал байж л байгаа. Ер нь ямар ч хүнээс сурах зүйл байдаг. Тиймээс цагаан атаархалтай байх ёстой. Гэхдээ хэмжээ хязгаараа мэдэж, ховын чанартай дэмий үгийг бусдад түгээхгүй л байх хэрэгтэй л дээ.

ЧИНИЙ ХУВЬД САЙХАН ЭМЭГТЭЙ ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

- Би эмэгтэй хүнийг дотроосоо ч, гаднаасаа ч гоё байгаасай гэж хүсдэг. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг байх юм бол бусдад үнэлэгдэхгүй, хүндлэгдэхгүй. Заавал сүүлийн үеийн загвар, тренд хөөлгүй өөртөө зохицсон хувцсаа өмсдөг, нүүрээ тохиромжтой буддаг, өөртөө анхаардаг, арчаатай байх, ялангуяа дотоод гоо сайхныг чухалчилдаг байх хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил гэдэг тухайн эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнг илтгэдэг гэж би боддог.

НИЙТИЙН ЛАТИН БҮЖГЭЭР ХИЧЭЭЛЛЭДЭГ ГЭСЭН. БҮЖГЭЭР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР ЯМАР ЗҮЙЛИЙГ ОЛЖ АВЧ, СУРСАН БЭ?

- Анх латин америк бүжгийн хөгжмийг нь сонсоод дурласан. Хөгжмийн хэмнэл, намуухан байдал нь их гоё. Хүн тухайн зүйлд үнэхээр дуртай байвал “Би чадна” гээд хичээж сурдаг шүү дээ. Энэ бүжгээр хичээллэснээр миний гоо зүйн мэдрэмж дээшилсэн гэж би боддог. Бүжгийн бичлэгээ эргүүлж үзэхээр өөрийгөө өөр өнцгөөс, өөр бусад хүмүүсийн хардаг талаас нь анзаарч харж байгаа юм шиг санагддаг. Алхаа гишгээ, гарын өнцөг, эргэлт, царайны хувирал, уруулаа жимийсэн, сул тавьсан байдал маань ч тод харагддаг. Тэгээд ингэвэл илүү аятайхан, зүгээр юм байна гэх зэргээр дүгнэлт хийж, засахыг хичээдэг. Ер нь гоо зүйн мэдрэмжийг бүжиг надад өгсөн. Би бүжиглэж байхдаа эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг илүүтэй мэдэрдэг. Бүр угаасаа л эмэгтэй хүн ийм л байх ёстой гэх мэдрэмж надад төрдөг. Зарим хүн хэт ойрхон бүжиглэдэг, секси бүжиг” гэдэг. Энэ зүгээр л тэр хүмүүсийн л үзэл хандлага. Харин миний хувьд бол гоо зүй, уян налархай байдал, хөгжмийн мэдрэмж гэх мэтийн цогц,  гайхалтай мэдрэмж. Бас би бүжгээр хичээллэснээрээ амьдралынхаа олон сайхан найзуудыг олсон. Үүндээ маш их баярлаж явдаг аа.

БҮЖГЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙСАН ҮЕИЙН САЙХАН ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААЧ?

- Бүжгээр хичээллээд дөнгөж нэг жил болж байхад “Нийтийн Латин Бүжгийн Салса Бүжиг Сонирхогчдын Холбоо”-ноос “Бачата Фестиваль”-ыг Монголд анх удаа зохион байгуулсан юм. Энэ тэмцээн нь гадаадын орнуудад байнга болдог юм билээ. Монголд анх удаа гадаадын чадварлаг багш нарыг авчирч, бүжиг сонирхдог залууст гурав хоногийн сургалт хийсэн. Ер нь маш том урлагийн наадам юм. Сургалтын үеэр тэмцээн уралдаанууд болдог. Би уг анхдугаар тэмцээний хосын нээлттэй төрөлд кизомба бүжгийн хамтрагчтайгаа орж, гуравдугаар байрыг эзэлсэн. Дараа нь кизомба фестиваль болоход бид багаараа оролцож, хоёрдугаар байрт шалгарсан. Бид ялж, ялагдах гэж биш залуу насандаа өөрсөддөө сайхан дурсамж үлдээе гэж оролцсон. Ингэхдээ гуравхан минутын бүжиг бэлдэхийн тулд цаг барих, бусадтайгаа эв зүйтэй харилцах, хүнээс үг даах, хичээл зүтгэлээ зориулах, асуудлыг давж туулах гээд маш олон зүйлсийг сурч мэдсэн. Ерөөсөө тэмцээнд орно гэдэг маш том сорилт юм.

САЯХНААС ӨӨРИЙН ГЭСЭН БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ГЭЖ СОНССОН. БИЕ ДААГААД ШИНЭ ЗҮЙЛ ЭХЛҮҮЛЭХЭД ЯМАР АСУУДЛУУД ТУЛГАРЧ БАЙНА, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛЖ БАЙНА?

- Суралцаад л явж байна. Хүмүүс заавал их мөнгөтэй болж байж бизнес эхлүүлэх ёстой гэж боддог нь надад жаахан өрөөсгөл санагддаг л даа. Надад мэдээж сэнхүүгийн асуудлууд гарч байна. Гэхдээ зарлага зөв зохицуулж, хэмнэж сурч байна. Бизнес эхлүүлээд шууд л мөнгө олчихно гэж бодоогүй. Харин сэтгэлээ шингээж,  чанартай сайн зүйл хүмүүст санал болгож, хамгийн сайнаараа, өөртөө кайфтайгаар ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Тиймээс ч “Би хийх ёстой. Би хийж чадна” гэж өөрийгөө байнга зоригжуулж, урамшуулдаг. 

ЕР НЬ ӨӨРТЭЙ ЧИНЬ АДИЛ ӨӨРИЙН ГЭСЭН ШИНЭ ЗҮЙЛСИЙГ ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЮУ ЗӨВЛӨХ ВЭ?

- Юу ч хийсэн бай чанар, гүйцэтгэл л их чухал. Юм зарлаа гэхэд чанартай бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ үзүүллээ гэхэд тухайн үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжтай гаргах нь чухал. Тийм чанар стандарт, дэг жаягтай байх хэрэгтэй. Мөн надад энэ зүйлийг хийхэд ямар нөөц бололцоо байна, юу дутуу байна гэдгээ бодож, бичээд шат дараатайгаар нөхөж явах нь зөв юм билээ. Тэгэхгүй бол бүгдийг эхнээс нь ямар ч алдаагүй хийнэ гэж байхгүй. Жижиг зүйлсийг ч орхилгүй анхаарч байх хэрэгтэй гэж л хэлмээр байна.

ТЭГВЭЛ, ҮЕИЙН ЗАЛУУСТАА ХАНДАЖ ЮУ ХЭЛМЭЭР БАЙНА?

- Би залуучуудыг эерэг байгаасай гэж хүсдэг. Миний үеийнхэн хөгжил дэвшлийг яг нүдэн дээрээ харж өссөн хүмүүс. Тиймээс аливаад эерэг хандлагатай байж, нэгнийхээ хийж байгааг дэмждэг байгаасай. Басах гэдэг хандлагыг бүр байхгүй болгох хэрэгтэй. Хүн бүрээс сурах зүйл бий. Бас бид бүгд, аль ч насных байсан өөртөө арчаатай, мэдлэг боловсролдоо анхаардаг, хөгжих эрмэлзэлтэй байгаасай гэж хүсч байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.70.183)
    Mundag shu
    2020 оны 04 сарын 19 | Хариулах
1552   1
НИЙТЭЛСЭН: Б.БАТЧИМЭГ