Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-04-21

А.Цэрэнбат: ДАРХАНЫ ЗАМД ӨНГӨРСӨН ХОЁР САРД 300 ИРГЭН 200 САЯ ТӨГРӨГӨӨР ХОХИРСОН

Дарханы замаас болж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн төлөөлөл болох иргэн А.Цэрэнбат ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланг АТГ-т шалгуулах гэж байгаа талаараа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийжээ. 

Тэрбээр “Өнгөрсөн хоёрдугаар сард анх ЗТХЯ-ны гадаа мэдээлэл хийсэн. Тэгэхэд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хариулт болгож “Дарханы замаас болж хохироод байгааг хэн нотлох вэ” гэсэн байсан. Тэгвэл одоогоор нийт 300 иргэн 200 сая төгрөгөөр хохироод байгааг нотлох баримт цуглараад байна. Үүнээс 4 сая төгрөгийн хохирол бүхий нэг хүн өчигдөр СБД-ийн Иргэний хэргийн шүүхэд анхны маргаанаа үүсгэж, хариуцагчаар ЗТХЯамыг татаж байгаа” гэлээ. 

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд орон нутгийн гурван АЗЗА буюу Авто зам, засвар арчлалтын компаниудаас тодруулга хүсэхэд:   
  • Төв замын болон Баянчандманийн АЗЗА-аасТөсөвт засвар арчлалт, ажлын гүйцэтгэх зардал тусгагдаагүй. Авто замын бэлэн байдлыг л бид хариуцна. Бид гэрээгээр ажиллаж байгаа. Замыг ерөнхий гүйцэтгэгч болон захиалагч нар хариуцна” гэсэн бол 
  • Сэлэнгэ АЗЗА “Тухайн замд тогтмол засварын ажлыг хийх хөрөнгийн асуудал шийдэгдээгүй тул бид арчлалт хийх боломгүй бөгөөд тухайн хэсгийн авто замыг хариуцах компани биш” гэсэн хариу албан бичиг ирүүлжээ.

А.Цэрэнбат “Төсөв мөнгөгүй байгаа гэдгийг энэ албан бичгүүд нотолж байна. Гэтэл сайд хөрөнгийг асуудалгүй шийдээд байгаа гэж хэлсэн. АХБ 60 сая доллар гаргаж өгсөн ч гурван АЗЗА төсөв байхгүй гэсэн тайлбар өгсөн. Тийм учраас бид Засгийн газарт хандаж, ажлаа хийхгүй, худлаа ярьж, ард иргэдийг хохироож байгаа ЗТХ-ийн сайддаа хариуцлага тооцохыг хүсэж хандсан. Гэвч ЗГХЭГ-аас “Таны дурдсан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл алга. Хэрэв таны эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж болно” гэсэн хариу бичиг ирсэн. 

Өнгөрсөн долдугаар сараас хойш Дарханы замд 20 гаруй хүн амиа алдсан. 140 гаруй осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бол цагдаад бүртгүүлээгүй хүмүүс ч байна. 

ЦЕГ-т бид мөн хандахад дараах агуулгатай албан бичиг ирсэн. Үүнд "Аюулгүй байдлыг хангуулахаар ажиллаж байгаа боловч авто замын эвдрэл, үзэгдэх орчин хязгаарласан, тоосжилт ихтэй, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, мэдээлэх самбар гүйцэт байршуулаагүй зэргээс тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломж бүрдэхгүй байна" гэсэн.

Цагдаа нар энэ зам аюултай гэдгийг нотолж байна. Энэ зам аюултай байна, мэдээлэл өгөөч, замаа засаач, түр зам ямар байх ёстой вэ гэдэг зөвлөмжийг ЦЕГ-аас ЗТХЯ-нд удаа дараа өгсөн гэдгийг албан бичигтээ дурдсан байгаа. 

  • Засгийн газраас жилийн өмнө тогтоол гаргаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл байгуулсан. Тэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг жилийн хугацаанд 50% бууруулна гэсэн. 2019 онд улсын хэмжээнд авто замын ослоор 561 хүн буюу өдөрт 1-2 хүн амиа алдсан. Тэгэхээр 2020 онд 280 орчим иргэн амиа алдана гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл үзэж байгаа гэж ойлгосон. 
  • Дарханы замд олон улсын хөндлөнгийн хяналт хийлгэхээр "Ай Си Ти Сайн Консалтинг" хэмээх Энэтхэгийн компанийн хөрөнгө оруулалттай компанитай 4.3 сая доллар буюу 10 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. Энэ компани хэрхэн хяналт тавьж, яаж ажиллаж байгаа талаар бид асуусан боловч хариу ирүүлээгүй, оффисыг нь олохгүй байгаа. 
  • Мэргэжлийн хяналтын байгууллагад мөн гуравдугаар сарын 13-нд хандсан боловч одоо болтол хариу ирүүлээгүй, хуулийн хугацаа нь өнгөрчихөөд байна. 

Дарханы замд хохирсон иргэдийг төлөөлж гурван өмгөөлөгч ажиллаж байгаа боловч төр захиргааны байгууллагууд хэрхэн хандаж байгааг эндээс харж болно.

Мэргэжлийн бус хүн салбар толгойлоход хэдэн хүний амь нас эрсдэлд ордгийг энэ бүхэн харуулж байна. Тиймээс АХБ-аас олгосон санхүүжилтийг яагаад компаниудад өгөхгүй, ажил нь явахгүй, ашиглалтад орно гэсэн хугацаанаасаа хоёр удаа дараа хойшлоод байгааг шалгуулахаар АТГ-т мөн хандана. Замаа хурдан барьж өгөхийг л бид хүсэж байгаа” гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
584   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan