Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-04-23

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани НӨӨЦИЙН МАХ нийлүүлсэн нь үнэн

“Цан сан тиан ий”, “Дун юань хаа” ХХК гэх Хятад компаниудын үйлдвэрлэсэн НӨӨЦИЙН МАХ-ны шошго бүхий зураг, хятадуудаар стратегийн хүнсээ бэлдүүлэхийг эсэргүүцсэн пост, сэтгэгдлүүд сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тарж байна.

 

Дурьдвал:

Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж, аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна”.

Махны зах зээлийг Хятадууд базсан нь үнэн бололтой. Энэ бол эмгэнэл”, “Үгүй байгаа даа, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих хэрэгтэй”, “Хужаагаар хүнсээ бэлдүүлдэг бол үнэхээр эмгэнэл. Хүнсээ ядаж хужаагаас авмааргүй байна” гэх мэтээр бичсээр байна.

Постуудыг олон удаа шейрлэн түгээсэн байх бөгөөд зөвхөн Лодойн Алтансүх гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Махаа хөлдөөгөөд, нөөцөлчих үндэсний компани алга уу. Хүнсний аюулгүй байдал, монгол залуусын ажлын байр хаана байна вэ” хэмээн дээрх зургийн хамт нийтэлсэн постыг нийгмийн сүлжээнд 1.2 мянга гаруй хүн хуваалцжээ.

Энэхүү мэдээллийг ХХААХҮЯ үгүйсгэж, дөрөвдүгээр сарын 21-ны өдөр албан ёсны мэдээллийн сайтдаа “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ” хэмээх тайлбарыг хийсэн байна.

Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах линкээр нэвтэрнэ үү. http://mofa.gov.mn/exp/article/entry/2095

FACT CHECK сүлжээний сэтгүүлчид дээрх мэдээллүүдийг нягтлан шалгалаа. 

“Цан Сан Тиан Ий”, “Дун Юань” ХХК-ууд Монгол улсад ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

Цан Сан Тиан Ий \TsanSenTianIi\ ХХК нь Хятад улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай бөгөөд махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг.

Дун Юань \Dong Yuan\ ХХК нь мөн Хятад улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, мал аж ахуй, газар тариалан, гадаад худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг ажээ.

Нэр бүхий дээрх хоёр компани нь монгол улсаас мах бэлтгэн, боловсруулж экспортлох, хятадын зах зээлд нийлүүлэх эрхтэй, лицензтэй компаниуд юм байна.

Тэгвэл экспортын мах бэлтгэх эрх бүхий дээрх компаниуд монголчуудын хаврын хүнсний хэрэгцээнд бэлтгэн нийлүүлдэг НӨӨЦИЙН МАХ-ыг нийлүүлсэн үү?

Энэ талаар ХХААХҮЯ-ы Хүнсний үйлвэрийн бодлогын хөгжлийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодруулахад “Мах, махан бүтээгдэхүүн экспортлох, дотоодын хэрэгцээнд зориулж боловсруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг компаниудтай бид жил бүр бодлогын гэрээ байгуулдаг. Тус гэрээнд нийгмийн хариуцлагын хүрээнд нийт бэлдсэн махныхаа 10 хувийг хямд үнээр дотоодын зах зээлд нийлүүлэх талаар тусгасан байдаг. Үүнийг Засгийн Газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолоор хуульчилсан. Тиймээс дээрх компаниуд бэлтгэсэн махныхаа 10 хувийг нөөцийн махны үнээр дотоодын зах зээлд нийлүүлж байгаа. Түүнээс бид хятадуудаар нөөцийн махаа бэлдүүлсэн юм байхгүй” гэлээ.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 2020 оны гуравдугаар сарын 08-ны өдөр Ikon.mn сайтад өгсөн “Энэ хавар махны хангамжид тасалдал үүсэхгүй” ярилцлагадаа “Манай улсын нөөцөд тооцох боломжтой өөр нөөцөлсөн мах бий. Аж ахуйн нэгжүүд экспортод гаргах зориулалтаар 12 мянган тонн мах бэлдсэн байгаа. Энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлдээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон. Тиймээс тэр хэмжээний махыг экспортод гаргалгүй дотоодын зах зээлд борлуулах боломжтой. Бид тухайн аж ахуйн нэгжүүдэд Монголынхоо зах зээлд борлуулахад нь хамтран ажиллах санал тавьсан” хэмээн ярьсан байна.

Мөн нийгмийн сүлжээнд зураг нь тараад буй шошго дээрх тухайн үйлдвэрүүдийн утсаар холбогдон тодруулахад нөөцийн мах нийлүүлж байгаа гэлээ.

Тэгэхээр Цан Сан Тиан Ий \Tsan Sen Tian Ii\, Дун Юань \Dong Yuan\ гэх гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсад бүртгэлтэй компаниуд нь монголын зах зээлд НӨӨЦИЙН МАХ нийлүүлсэн нь ҮНЭН.

Харин нийгмийн сүлжээнд тархаад буй хятад нэртэй \хятадын компанид\ үйлдвэрлэсэн гэх НӨӨЦИЙН МАХ-ны шошгод ХХААХҮЯ-аас өгсөн тайлбар нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН шинжтэй байна.

МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛСАН: 

"Fact Check Mongolia" сүлжээ

MyDarkhan.mn сайтын сэтгүүлч Г.Ганцэцэг

Үндэсний өдөр тутмын "Өнөөдөр" сонины сэтгүүлч О.Бат-Ундрах

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сэтгүүлч Ц.Чимэддондог

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
654   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan