Лхагва 2019-01-02 Дархан
Залуус ярьж байна   2022-06-25

ТАНЬЖ МЭДЭХ ТУСАМ ХАЙРЛАХ СЭТГЭЛ ТӨРНӨ

“Юм болгоны эхлэл нь хайр байдаг” хэмээн инээмсэглэн ярих энэ бүсүйг Ш.Нандин-Эрдэнэ гэдэг. Хүмүүсийг, юмсыг илүү танин мэдэж, улам их хайрыг түгээхийг хүсч яваа, хүсэл эрмэлзэл дүүрэн түүнтэй хайрын тухай, бусдад сэтгэлээсээ хандах тухай, хийж бүтээхийн тухай эерэг, гэгээн яриа өрнүүллээ.

ЗАЛУУС ЯРЬЖ БАЙНА:

САНААНААС ЧИНЬ ГАРДАГГҮЙ, ЧАМД ТОХИОЛДСОН ҮЙЛ ЯВДАЛ, ТҮҮНЭЭС АВСАН СУРГАМЖИЙН ТАЛААР ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

- Хэдэн жилийн өмнө болсон нэг явдал санаанд орж байна. Би оюутан байхдаа сургуулиасаа гэрлүүгээ явах замдаа байнга шахуу нэг "гудамжны" ахтай таардаг байлаа. Хүмүүс хажуугаар нь гарахаас дайжин холуур өнгөрч, тэр ах ч дандаа тэдэн рүү ууртай хашхирч харагддаг байсан. Нэг өдөр автобусанд сууж явтал өнөөх ах орж ирээд яг миний хажуугийн суудалд суув. Би үнэндээ бага зэрэг цэрвэж байсан ч юу ч болоогүй мэт суусаар л байсан. Удалгүй өнөөх ах надтай юм ярьж эхлэв. Ярьсан зүйлс нь ойлгогдохооргүй бувтнаж байсан ч, би ямартай ч ярианаас нь түүнийг залуудаа жолооч байсан гэдгийг мэдсэн. Би нүд рүү нь харж сонсонгоо толгой дохиод л яваад байлаа. Удалгүй тэрээр автобуснаас буухдаа “Надтай ярилцсанд баярлалаа” гэж хэлээд зогсохгүй автобусанд байсан хүмүүст “Бүгдэд нь сайн сайхныг хүсье” гэсэн. Би хэзээ ч тэр ахыг тийм энгийн, жаргалтай явж байхыг хараагүй юм байна лээ. Тэр явдлын дараа би хүн бүрт ярилцаж, өөрийгөө ойлгуулах асар их хэрэгцээ байдаг юм байна гэдгийг ойлгосон. Бид ихэвчлэн өнгөцхөн хараад дүгнэлт хийдэг. Гэтэл зүгээр л бусдыг сонсож, нүд рүү нь харж, ойлгож байгаагаа илэрхийлэх нь нөгөө хүндээ хачин сайхан мэдрэмж төрүүлдэг юм байна гэдгийг би тэгэхэд ойлгосон. Ялангуяа ухаалаг утасны хэрэглээ, цахим хэрэглээнд автсан өнөө үед бид энэ талаар анхаарч бодох хэрэгтэй. Мөн би чөлөөт цагаараа сайн дурын ажил хийж, хэрэгтэй мэдээлэл орчуулж, хүмүүст туслахыг хичээдэг. Энэ дундаас бидний асуудал гэж боддог зүйлийг ч хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс боломж гэж харж, хичээдэг юм байна гэдгийг анзаарсан шүү. Бид нар ч харах өнцгөө өөрчилж, зөв зам руу өөрсдийгөө чиглүүлж чадвал хөгжиж чадна гэж би боддог. Яг харилцааны тал дээр гэвэл юм болгоны эхлэл нь хайр юм байна гэдгийг ойлгож байгаа.

Өөрийгөө хайрлах хайраас өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл төрнө, хайртай хүмүүсээ гэх сэтгэлээс тэднийхээ төлөө хичээх хүсэл төрнө. Мөн байгаль дэлхийгээ гэх сэтгэл ч хайраас ургадаг. 

ХӨДӨЛГӨӨНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТЭЙ АЖИЛЛАСНААР ЧИ ТЭДНЭЭС ЮУГ СУРЧ АВСАН БЭ?

- Хоёр зүйл байна. Нэгт гэвэл өөрт байгаа боломжоо анзаарч харах. Тархины саажилттай, тэргэнцэртэй гээд янз бүрийн хүмүүс байгаа ч тэд өнөөдөр бидэнтэй адил хөдөлмөрлөж, хичээж байгаа. Тэргэнцэртэй хэрнээ өндөр уулын оргилд гарсан бүсгүй ч байгаа шүү дээ. Бас “Амьдрал ямар сайхан гээч” гээд номыг бичсэн дөрвөн мөчгүй Япон хүн байдаг. Номынхоо нээлтийг хийхээр Монголд ирж байхад нь түүний тухай нийтлэл бичиж байсан юм. Биеийн байдлын хувьд бэрхшээлтэй хэрнээ тэр хүн ямар их сэтгэлийн тэнхээтэй байж, номоо бичихийн хажуугаар, гэр бүл, хүүхдүүдээ анхаардгийг нь сонсоод үнэхээр бахархсан. Аав ээжийнх нь түүнийг гэх хайраас түүний энэ их сэтгэлийн хүч бий болсон гэж тэрээр ярьж байсан. Хоёрт гэвэл нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт буруу байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Бие физиологийн хувьд асуудалтай хүмүүстэй бид өрөвдсөн байдлаар эсвэл арай онцгойлж хандаад байдаг ш дээ. Тэгэх хэрэггүй, тэд биднийг яг л бусад хүмүүстэй харилцдаг шиг ээ энгийн хандаасай гэж хүсдэг юм билээ.

ЯАГААД БИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТЭЙ ТЭГЖ ХАРИЛЦДАГ ЮМ БОЛ? ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД БИД ЯМАР АЛХМУУДЫГ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

- Тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй санагдсан. Олон төрлийн өвчнүүдийн талаар бас судалж мэдэх чухал. Жишээлбэл хөдөлгөөнөө хянах чадваргүй ч тархины үйл ажиллагаа нь хэвийн хүн гар хөл нь татаж байгаа юм шиг харагддаг. Гэтэл хүмүүс ухаан санаа нь ч хэвийн бус юм шиг хандаад, хажууд нь янз бүрийн юм ярих тохиолдлууд бий. Муухай үг хэлж, элдэв сөрөг зүйл ярихыг сонсоод тэр хүн дотроо ямар их шаналах бол. Тэгэхээр ялгаатай өвчнүүдийн талаар тодорхой ойлголттой байж, хандлагаа өөрчилж, хүнтэй хүн ёсоор харилцахаас л эхэлнэ.

САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙСНЭЭР ЧАМД ЯМАР ДАВУУ ТАЛ БИЙ БОЛСОН БЭ?

- Ямар чиглэлээр сайн дурын ажил хийж байгаагаас хамаараад тухайн зүйлийнхээ талаар нэг ч гэсэн зүйл шинээр мэдэж авч байгаа. Бусдад тусалж байна гэж бодохоор өөрт их сайхан мэдрэмж төрдөг. Сайн дурын ажил хийдэг хүмүүс ихэвчлэн бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байдаг болохоор олон сайхан хүмүүстэй танилцах эхлэл болж, найз нөхөд, танилын хүрээ маань ч тэлсэн. Бас байгаа зүйлдээ талархаж юмыг эерэг, өөдрөгөөр харахад ч янз бүрийн хүмүүстэй уулзаж, сайн дурын ажил хийж байсан маань нөлөөлсөн.

САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙХ ҮЕД ТОХИОЛДОЖ БАЙСАН САЙХАН ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААЧ?

- Хөдөлгөөний бэрхшээлтэй бас өөр олон хүмүүст англи хэл зааж байсан юм. Тэр хичээлд сууж байсан Сергей гэдэг тэргэнцэртэй найз маань надад “Би сургуульд хэдэн жил заалгаад ойлгоогүй зүйлээ чамаар ганц хоёр заалгаад л ойлгочихлоо” гэж хэлж байсан. Тухайн үед “Би хүнд юм өгч чадаж байна даа” гэж бодох надад их сайхан байсан. Заасан зүйлийг маань хүмүүс сурах их гоё байдаг аа.

БУСДАД ТУСЛАХААС ӨӨР ЯМАР ҮЕД ЧИ АЗ ЖАРГАЛ, ТАЙВАН МЭДРЭМЖИЙГ АВДАГ ВЭ?

- Үнэхээр жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч болдог юм билээ. Өчнөөн олон зүйл туршиж байж хүн өөрийн дуртай, сонирхолтой зүйлээ олж мэддэг. Би ч бас янз бүрийн зүйлс хийж туршаагүй бол өнөөдрийн хобби, хүсэл мөрөөдлөө олохгүй байсан. Миний хобби надад аз жаргалыг мэдрүүлдэг. Гоё бялуу хийчихээд хүмүүс идэж байхыг харах гоё. Яг хүссэн хэлбэр дүрстэй бялуугаа хийчихвэл би их ойроос үнэрлээд, хараад л байдаг /инээв/. Дуковноос дөнгөж гаргасан бялууг жаахан ойртоод чагнавал айраг шиг (хөөсрөөд) шуугиад дороо хөрж байгаа нь сонсогддог. Найзууд маань чи бараг бялуутайгаа яриад байгаа юм биш үү гээд гайхаад инээлддэг /инээв/. Хүссэн бялуугаа хийх надад кайфтай байдаг. Бас өөрийнхөө засч янзалсан, хийсэн хувцсыг, буруу зөрүү оёчихсон байсан ч хамаагүй өмсөөд явах сайхан. Тэгэхээр хобби гэдэг хүнийг аз жаргалтай, стрессгүй байлгадаг зүйл юм.

Ер нь хандлага хүнийг аз жаргалтай байх эсэхэд их нөлөөлдөг. Ажил, гэрийн хооронд яваад нэгэн хэвийн амьдраад байгаа юм шиг хэрнээ яг адилхан юмыг хоёр өөрөөр хардаг хүмүүс байдаг ш дээ. Зарим нь ажилтай, орлоготой, хүсэл мөрөөдөлтэй байгаадаа баярлаж байхад зарим нь тийм биш.

Өөртөө би их баярлаж талархдаг. Шанхайд анх сурахаар очоод эхний семистр ганцаардах мэдрэмж их төрдөг байсан. Тэгээд өөрийгөө зоригжуулж, урамшуулахаар шийдэж өглөө болгон өөртөө “Хүн болгонд энд сурах боломж олддоггүй. Хүсэж хүлээсэн тэтгэлгээ би нэг жил болж байж аваад хүссэн мэргэжлээрээ аз жаргалтай сурч байна. Би эрүүл байна. Надад гэр бүлийнхэн, найз нөхөд маань, талархах олон шалтгаан байна. Надад сурч хөгжих бүрэн боломж байна” гэж хэлдэг байсан. Эхлээд хэлэхэд тийм ч хүчтэй санагддаггүй байсан ч яваа яваандаа өглөө гарахдаа үүнийг өөртөө хэлсэн хэлээгүй жаргалтай байдаг болсон. Миний хувьд өөрөө өөрийгөө ялах, өөртэйгөө найзлах, өөрийгөө сонсох тийм цаг хугацаа болж өгсөн юм. Тэгэхээр магадгүй үүнийг унших үедээ сэтгэлээр унасан, яаж урам зоригтой байхаа мэдэхгүй байгаа хүн байвал өглөө болгон өөртөө юу байгаагаа хэлж талархаж, урам зориг өгч байвал чамд аз жаргал өгч чадах нэг зүйл болох юм шүү.

АЯЛАЛ БАС ЧАМАЙГ ИЛЭРХИЙЛЭХ ЗҮЙЛСИЙН НЭГ ШИГ САНАГДСАН. АНХ ЖУУЛЧИД ХАРИУЦАЖ АВЧ ЯВАХАД ЯМАР БАЙСАН БЭ?

- Сүүлийн таван жил зун гадаадын жуулчдыг хүлээн авч, дагуулан аялж байна. Би хотод өссөн. Зун гэрийнхэн хөдөө явахад “Ялаа ихтэй, 00 асуудалтай” гэх зэрэг шалтгаан тоочоод л, явах их дургүй байдаг байлаа. Тэгээд нэг их хол явж үзээгүй байж байгаад таван жилийн өмнө анх Говьд очиж үзсэн. Түүнээс хойш өөр олон холын аялалд явсан. Мэддэггүй байсан зүйлээ мэдээд ирэхээр хүнд хайрлах сэтгэл төрдөг юм билээ.

Яг үнэндээ аялаж эхлэхээсээ өмнө Монголынхоо хөдөө нутгийг дэлхийн өндөр хөгжилтэй газрууд шиг хотжиж хөгжөөсэй гэж боддог байсан. Гэхдээ аялж ирээд харин ч хайрлаж, хэний ч гар хүргэмээргүй, унаган байгаа хэвээр нь хадгалмаар санагддаг болсон.

Аялахаар "хүн байгаль хоёр хүйн холбоотой" гэх яриа зөвхөн үг төдий биш жинхнээсээ тийм гэдгийг мэдэрдэг. Одоо дулаан оронгуут л хөдөө явмаар, аялмаар санагддаг болсон доо. Ойрхон салхинд гарах биш бүр хол газар луу тэр дундаа говь руу явах дуртай. Мэддэг болоод ирэхээр хүний хандлага өөрчлөгддөг юм билээ.

 

ЯАГААД ГОВЬ ТЭГТЛЭЭ ТАТАХ БОЛСОН ЮМ БОЛ?

Говийн хүмүүс нь их сайхан. Ааш зан нь эвдрээгүй байгаа санагддаг. Өвөө маань Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынх. “Бага Газрын Чулуу” хэмээх газарт маш олон жуулчид очдог. Анх өвөөгийн маань төрсөн нутаг шүү дээ гэж бодож очсон болохоор надад дотно мэдрэмж төрж байсан. Говь руу ихэвчлэн фургон машинаар явдаг. Аялалд хамт явах дуртай, хуурай өвөө маань бас фургонтой, ихэвчлэн Говийн аялалд явдаг. Тэр өвөөтэйгөө хамт явсаар байгаад Говийн айлууд, амралтын баазууд гээд бараг бүгдийг нь мэддэг болчихсон.

МОНГОЛЫГ ЗОРЬЖ ИРСЭН ЖУУЛЧИД ХЭР СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУЦДАГ БОЛ? 

- Энэ нөгөө л тухайн хүний юмыг харах өнцгөөс бас тухайн аяллын хөтчөөс нь шалтгаалдаг. Хөтчөөр явсан эхний жил миний хэлний түвшин тийм ч сайн байгаагүй. Бас тухайн газрынхаа талаар бүрэн гүйцэд тайлбарлаж чаддаггүй байлаа. Тэр газрынхаа талаар түүх, сонирхолтой зүйлсийг нь сайтар хэлж тайлбарлаж өгвөл аялж байгаа хүмүүсийн сэтгэлд ч таатай байгаа нь мэдэгддэг. Тэгэхээр нэгдүгээрт хамт яваа хүмүүсээс их хамаардаг. Хоёрдугаарт нөгөө хүн маань бас аялж чаддаг хүн мөн үү?, үгүй юү? гэдэг асуудал бий. Үнэхээр байгальд дуртай, хайртай хүмүүс бол өөр. Аяллын эхнээс л харагдана. Машинаа хараад голдог ч юм уу тийм хүмүүсийн аялал ч цаанаа л нэг өөр байдаг /инээв/. Тэгэхээр аялал тухайн хүнээсээ л шалтгаална. Хэрвээ үнэхээр аялж явахдаа талархалтай, юмаа ч сэтгэлээсээ үзэж байвал хамт яваа хүмүүст ч таатай, бид нар ч аль болох илүү сайхан зүйл үзүүлж харуулахыг хүсдэг. Монгол орон маань үзэсгэлэнтэй байгальтай болохоор үзэж харах юм маш их. Гэхдээ мэдээж бидэнд хөгжүүлэх, сайжруулах зүйлс олон байгаа.

САЛБАРТ НЬ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮНИЙ ХУВЬД МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙГ ЧИ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?

- Монголын талаар мэдээлэл бага байгаа санагддаг. Жуулчидтай ярилцаж байхад зарим нь Монголд ирэхийг олон удаа мөрөөдөж байсан хүмүүс байдаг бол заримынх нь эргэн тойрны хүмүүс Монгол руу аялна гэхийг сонсоод “Юун хаа байсан холын Монгол вэ?, Галзуурчихаа юу?” гэж хэлж, таагүй байдалтай хүлээж авсан гэж байсан /инээв/. Тиймээс хүмүүс Монголын талаар мэдээлэл муутай байна даа гэж бодогддог. Аялсан туршлагаасаа үзэхэд үүргэвчтэй аялагч нарын хувьд Монголд бие дааж аялах хэцүү. Сүлжээтэй, сүлжээгүй янз бүрийн газар байдаг болохоор заавал хөтөч, жолоочтой явахгүй бол асуудалтай. Жолооч, хөтөчтэй аялахаар бол аяллын компанид хандах шаардлагатай учраас зардал нь ихэсдэг. Бас аялж явахад боловсон ариун цэврийн байгууламж дутмаг байдаг. Үүнийг сүүлийн үед их ярьж, янз бүрийн гарц шийдлийг хайж, хэрэгжүүлж байгаа. Бас миний бодлоор манайд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж болмоор санагддаг. Цас их ордог маань давуу тал. Тиймээс дөрвөн улиралд жуулчид аваад байвал Монголын аялал жуулчлалын салбарт их хэрэгтэй гэж би боддог.  

ЖУУЛЧИД АВЧ ЯВДАГ ХҮНИЙ ХУВЬД БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ДЭЭР АНХААРАЛ ХАНДУУЛДАГ ЧИНЬ ХАРАГДАЖ БАЙСАН. ЭНЭ ТАЛ ДЭЭР ЮУ ХЭЛЭХ ВЭ?

- Ядаж хуванцар савны хэрэглээгээ багасгахаас эхлэх хэрэгтэй байна. Жишээ нь  Говьд хүн багадаа өдөрт таван савтай ус уухад, хэдэн өдрийн аяллын дараа хэр их хог үүсэх билээ. Үүнийг бодолцож хүмүүсийг хуванцар савны хэрэглээгээ багасгахыг уриалдаг. Бас нэг зүйл гэвэл, хөдөө явж байхад хүмүүс байгалийн ариун дагшин газар сүү, чихэр, идээ будаа өргөдөг. Сүүгээ өргөөд үлдсэнийг нь хайрцагтай чигээр нь үлдээчихдэг, чихрээ цаастай чигээр нь өргөдөг. Хадаг яндраа модонд ороочихно. Тэгэхээр чихэр тавьбал цаасыг нь задлаад тавих зэргээр аль болох байгальд шингэх байдлаар нь, органик байдлаар хандаасай гэж хүсдэг. Хүндэтгэл үзүүлж байна гээд хог тариад байвал юу болох билээ. Энэ хайр биш. Ядаж ийм бодлогогүй жижиг алдаануудаа засч чадвал дараа дараагийн гарах асуудлууд ч гарахаа болино.  

ХАЙР ЧУХАЛ ГЭЖ ЧИНИЙ ЯРИАНД ЧИНЬ НЭЛЭЭН ДУРЬДАГДЛАА. БАС БИДНИЙ ЯРИА ЭХЛЭХИЙН ӨМНӨ “ЮМ БҮХНИЙ ЭХЛЭЛ НЬ ХАЙР” ГЭЖ ЧИ ХЭЛСЭН. ХАЙРЫН ТУХАЙ ЯРИАЧ...

- Зөвхөн аав ээжийн, амраг хосын хайраас гадна эх орноо, бусдыг хайрлах гээд ХАЙР маш олон шүү дээ. Яаж чин сэтгэлээсээ юмсыг хайрлах вэ?. Хайр хүнд хичээх, илүү сайхан амьдрах хүчийг өгч байгаа болохоор яаж тэр хайрыг бий болгох вэ? гэж би боддог.

Миний хувьд хайрыг бий болгодог зүйл нь танин мэдэх. Сайн мэдэхгүй хүнээ бусадтай нийлж муулдаг байсан бол таньж мэдээд ирэхээр хайрлах мэдрэмж төрдөг. Эх орноо ч бас хайрлаж байна гэж хоосон ярих биш ямар түүхтэй билээ?, Энэ эх орныг хамгаалахын тулд өвөг дээдэс маань юу хийсэн билээ? гэдгийг мэдэх юм бол улам их хайрлаж хамгаалах сэтгэл төрнө. Аав ээж чинь чамайг тэжээж, тэтгэх ёстой юм шиг хандахаас илүүтэй тэд маань миний төлөө яаж хичээж зүтгэлээ гэдгийг бодож, тэдний оронд өөриийгөө тавьж үзэж, илүү таньж мэдэх юм бол тэр чинээгээрээ илүү их хайрлана.

Ялангуяа би ээжийгээ үнэхээр шүтдэг. /инээв/ Миний төлөө хийж байсан бүхнийг нь зарим үед анзаараагүй өнгөрсөн ч, одоо тухайн үед ээжид маань ямар байсан бол? гэж бодохоор улам их хайрладаг. Хайрлах хүсэл төрөх тусам илүү өөрийгөө хөгжүүлж, сайн явж, ачийг нь хариулахыг хүсдэг. Хайр хүнийг дандаа сайн сайхан зүйл рүү хөтөлж байдаг. Чамайг хүсэл мөрөөдөлтэй болгож байна, чамайг залхуу байсан бол ажилсаг болгож байна. Тэгэхээр магадгүй хэрхэн хайрлах вэ? гэж бодож байвал эргэн тойрноо, аав ээж, найз нөхөд, хэнэг ч үгүй муулах гэж байгаа хүнээ ч сайн ажиглаж таниарай. Байгаль дэлхийгээ хайрлая гэвэл сайн аялж, явж үзэж, тань. Мэдэх тусам хайр илүү ундарна.

ЯГ ОДОО БУСДАД ХАНДАЖ ЮУ ХЭЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА? 

- Нэгдүгээрт хандлагаа өөрчилье. Юмыг хэцүү, зовлон зүдгүүртэй талаас нь биш аль болох сайн, сайхан талаас нь харж, хандлагаа өөрчлөх их чухал. Хоёрт өөртөө хүсээгүй зүйлээ бусдад битгий хүсээрэй. Мөн дээр хэлсэнчлэн сониуч байж орчноо, бүх зүйлийг танин мэдэснээр илүү их хайрлана. Хайр биднийг сайхан зүйлд хөтөлнө /инээв/

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Saran (66.181.184.64)
    Saikhan yariltslaga boljee.Uhaalag biee daasan mundag okhin shvv.Eej ni ch mundag
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • гантуяа (66.181.161.102)
    маш сайхан яриа болжээ. Мундаг охин шүү миний найз илүү илүү амжилт.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • dolgion (202.179.25.186)
    minii baharhal.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • E.T (78.94.15.82)
    Goy yariltslaga boljee. Mash hicheel zvtgeltei, uhaalag, olon zvild aviyastai mundag busgvi shvv. Tsaashdiin ajil amidrald ni hamgiin sain saihniig hvsey.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
1655   4
НИЙТЭЛСЭН: Б.БАТЧИМЭГ