Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-04-27

ЗАЛУУС “ГАГНАСАН ГИНЖ”-ийг ЭР ЗОРИГ, ИТГЭЛ НАЙДВАРААРАА ЭР ОРНЫХОО ТӨЛӨӨ БӨХЛӨН УРЛАСАН ЮМ

Манай сэтгүүлч Э.Бямбадорж өчигдөр \2020.04.26\ Богд уулын Арцатын аманд болсон түймрийг унтраах үйлст сайн дураар оролцож, хүсэл зоригоороо тэнд цугласан зуу зуун залуусын дунд байжээ. Түүний бичсэн тэмдэглэлийг та бүхэндээ хүргэе.

Ойрд дэлхий даяар дэгдсэн корона вирус, түүнээс сэргийлэх хөл хорионы улмаас гэрээсээ гаралгүй \бид онлайнаар ажиллаж байгаа\, дөрвөн хананы дундах нэгэн хэвийн өдрүүд өнгөрч байлаа. Харин өнөөдөр ганц гараад бүүр аймаар кайфтай...

Гэрт байсаар амаржсан эх мэт эмзэг болсон бие маань жаахаан идэвхитэй хөдөлчихсөн чинь үхтлээ нүдүүлчихсэн мэт булраад, гараа өргөж ч даахгүй байгаа ч, түймрийг унтрааж чадсандаа, тэнд байсан залуусын дунд байсандаа, тэр уур амьсгалыг мэдэрсэндээ сэтгэл ханамж үнэхээрийн 100% COOL байна.  

Уржигдархан Богдхан уулын Соёмботой уул галд автахад “Ямар аймаар юм бэ” гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл өнөөдөр дахиад л дархан цаазат Богд хан уулын Арцатын аманд түймэр дэгдэж догшрон, Онцгой байдлын гал унтраах ангиуд, мөн нэмэлтээр дүүргүүдийн гал унтраах ангиуд очсон ч дийлдэхгүй, гал дүрэлзсэн хэвээр, бараан саарал утаа нь багширан баагисаар байгаа тухай мэдээ нийгмийн сүлжээнд нийтэлсэн байв. Үүнийг олж уншингуутаа би Богд хан уул руу яарсан юм.

Өмнө нь ганц нэг удаа заавар зөвлөгөө авч байсан тул хамаг новшоо ухан байж түрийтэй гутал, цэвэр даавуун өмд олж эгэлдэргэлэн “зэвсэглэж”, өвчин намдаагч, ариун бинт, цэвэр ус зэргийг “хангалтаар” аваад гарлаа.

Ингээд их түймэртэй тэмцэхээр “цагаан гартан” би дайнд бэлэн. /хха муу эр дайнд хөөрнө гэдэг билүү. Бичгийн биднийг ч ихэнх хүмүүс “цагаан гартан” гэдэг л дээ/.

Зорьсон газраа ирэхэд уул талаасаа дээш аль хэдийнээ шатаад, гал цааш давсан байлаа. Уулын баруун бэлд энд тэндгүй галын машин хурц тод гэрлээ анивчуулан уухилан зогсох аж. Харин уулын хярлуу жийп голдуу хэдэн машин нэлээд зүтгэж талд нь хүрээд, аргагүй газрын бартаа уулын сүрд автаж, хүчрэлгүй зогссон байв.

Цааш нүд бэлчээн харвал, бэлээс уулын орой өөд, бүр тодруулбал цааш давсан түймрийн голомт руу хүчит техникийн бараагүй ажлыг нугалахаар “ХҮН ХОЛБОО” цувран жигдэрсэн байлаа.

Огшоод л явчив. Үнэхээр гайхалтай. Хэн ч хэлээгүй, шаардаагүй байхад залуус өөрсдөө зохион байгуулалтанд орж, хүйн холбоотой газар шороогоо түймрээс хамгаалахаар шулуудсан нь илт. “Амь тариа” усаар дүүрэн шар канистр, цэнхэр сав, будгийн лааз гээд ус агуулж болох бүхнээ залуус эх орныг шатааж буй халуун түймрийг унтраахаар гараасаа гарт дамжуулан уул өөд өгсөөж байв.  

Хэн нэгэн дүүрэн устай 20-н шар канистр гарт минь бариулаадхав. Тэгэхдээ “Ээ, цалгиучихлаа” гээд гэмшингүй хэлэхэд нь, би ямар чухал, бас хариуцлагатай ажилд ирснээ гэнэт мэдрэв. Тэд дусал усыг ч дэмий асгахгүйгээр, хуйхлан ширгэх галыг унтраахаар хаа холоос тээн, уул өөд тэмцэж байлаа.  

Эгнэн зогссон энэ ГИНЖИН ХЭЛХЭЭ эх орноо СЭТГЭЛДЭЭ ТЭЭСЭН хамгаалалтын бат бэх цайз байж.

Хоолой торж, нулимс зангирав. Энэ дунд надтай ижил мэдээ хараад ганц нэгээрээ ирсэн хэсэг байхад, хамт олноороо нэгдэж нийлээд зохион байгуулалтанд орж зорьж ирсэн залуус ч байв. Тэрүүхэн дээр шуугилдах залуус бол "Пажеро" группынхан. Тэд үнэхээр саак юм. Хууччуул “ХҮНИЙ ХАЙЛАН” гэж ярьдаг даа. Яг л тэр үгний биелэл мэт. "Пажеро" клубын залуучуудын олон сайхан үйлсийн талаар би сонссон. Хаана л цас зуд, үер, түймэр, хүнд хэцүү бэрх бүхэн болоход энэ залуус л зогсож байдаг. Бас "Ланд круйзер" клубынхэн ч тэднээс дутахгүй мундаг. Эдгээр залуусыг манай онцгой байдлын албаныхан бүүр "НЭМЭЛТ ОНЦГОЙГИЙНХОН" хэмээн нэрийддэг юм билээ.

Итгэл үнэмшлээрээ ийнхүү эх орноо гээд ирсэн хэдэн зуун залуус энд байв. Эрвийх дэрвийхээрээ оролцоод гүйж байгаа охид, эмэгтэйчүүд ч харагдана. Тэд уух усыг нь зөөж, зарим нь бүр энд тэнд унасан хогийг түүж цэвэрлэж байгаа нь үнэхээр хайр төрөм.

Манай монголчууд ийм сайхан. Өөрийн эрхгүй нулимс урсаад \би ч хөгийн эмо л доо угаасаа\ өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрж байв.

Тэгэхдээ тэд бүгд эгэлээс эгэл, жирийнээс жирийн ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД.

Эх орныхоо төлөө үхэж ч чадах ийм л хүмүүс хэнд ч үл анзаарагдан "чимээгүй" аж төрж, өөрийн хийх ёстой гэснээ хийж, тэгээд тэр сайн сайхнаа, магадгүй бүр баатарлаг үйлсээ ч зөвхөн өөртөө үлдээн эгэл даруухан амьдардаг ажээ.

Тэд үнэхээр энгүүн юм.

Өнөөдөр би энэ олон залуусын амнаас /иргэд болон онцгой байдлын алба хаагчид/, хэн нэгнийг буруутгасан, шүүмжилсэн, ямар нэг улстөрч, намыг муулсан үг яриа огтхон ч олж сонссонгүй. Тэд зөвхөн хийх ёстойгоо хийж, бусдын төлөө хөлсөө урсган, савтай усаа хувааж уун /халдвар малдвар өнгөрсөөн хэхэ/, халтайсан ч хоорондоо инээж наргин, нэгэн зорилгын дор хичээхдээ, уртаас урт ГАГНАСАН ГИНЖ-ийг эр зориг, итгэл найдвараараа БӨХЛӨН УРЛАЛАА. 

Энэ бол эх орны минь ирээдүй. Та нараараа үнэхээрийн их бахархсан шүү.

Ийм залуус байгаа цагт эх орон минь сөхөрсөн бэрхшээл бүхнээсээ өвдөглөн өндийж, тэмцэн босох болноо.

ХЭНД Ч ТАНИГДАХЫГ ХИЧЭЭГЭЭГҮЙ ХАЛТАЙСАН ХЭДЭН БААТРУУД МИНЬ. 

Жич:

Харамсалтай нь хариуцлага алдаж ямар ч зураг дарж чадаагүй тул нийгмийн сүлжээнд бусдын нийтэлсэн \public тохиргоотой\ зургуудаас эвлүүлэн орууллаа. Эздээс нь хүлцэл өчье.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
675   0
НИЙТЭЛСЭН: Э.Бямбадорж