Лхагва 2019-01-02 Дархан
Сонгогчдын боловсролд   2020-05-02

Нам, эвсэл, бие даагчдаас асуух арван асуулт

Эдийн засагч, "ДеФакто" институтын захирал Д.Жаргалсайханы санал болгосон Нам, эвсэл, бие даагчдаас асуух 10 асуулт. Үүнийг та ч бас заавал асуугаарай!

“Эдгээр арван асуултад хариу авсныхаа дараа л Их Хуралд өөрийн төлөөлөгчөө сонгохыг уриалж байна. Ард түмэн хичээвэл арай цэвэрхэн төр гарах болно. Түүнээс хэн нэгний гар дээрээ хэд суниадаг, эцэг эх, эхнэр нөхөр нь юу хийдэг, хичнээн сайн сайхан хүн байх нь анхаарлаа хандуулах зүйл биш билээ” хэмээн тэрээр өгүүлжээ.

1. Таны гишүүн болох туйлын зорилго юу вэ?

- Хамгийн чухал гурван зорилтоо хэлнэ үү? Таны сонгуулийн уриа юу вэ? Та түүндээ бүрэн итгэж байна уу? Урианы хэрэгжилтээ хэмжиж чадах уу? Хэмжиж чадахгүй юмыг удирдаж болохгүй.

2. Монголын үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой заналхийлж байгаа засаглалын авлигыг хаанаас нь эхэлж цэвэрлэх вэ?

- "Зайсандах" буюу хуулийг өөрсдөдөө тохируулан засдаг монгол жишгийг яаж өөрчлөх вэ?

3. Монгол Улс уул уурхайн орлогоороо юу хийвэл эдийн засгаа төрөлжүүлнэ гэж боддог вэ?

 

4. Та манлайлагч мөн үү?

- Шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлж чадах уу? Нийтийн засаглалд шударга ёс тогтоохын төлөө юу хийх вэ?

5. Эх орноо хөгжүүлэн бадраах их үйлсийг удирдан жолоодоход Та өөрийнхөө мэдлэг, боловсрол, ёс зүй, соёл, гадаад хэлний чадвараа хангалттай гэж дүгнэж байна уу?

- Даяаршсан Монголыг дан хэлээр удирдах боломжгүй шүү.

6. Өөрийгөө удирдаж чаддаггүй хүн бусдыг удирдаж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг үү?

- Төрөөс тэрбумтан төрсөөр байгааг яаж зогсоох вэ? Танай намд хандив өгөх нэрээр мөнгөтэй нэг нь өндөр албан тушаал худалдан авч байгааг зогсоож чадах уу?

7. Гишүүн болод эхлээд хувийнхаа хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй байна уу?

- Төрийн өндөр албан тушаалаа ашиглан өөртэйгөө холбоотой компаниудаа өргөжүүлж, монополь ашиг олох нөхцлийг олгодог XXI зууны Монголын засаглалын луйварчин уламжлалыг үргэлжлүүлэх үү?

8. Та Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын, иргэд бидний нүүр царай болно. Таны үг яриа, үйл ажиллагаа олон хүнд, ялангуяа залуучуудад зөв сайхан үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна уу?

 

9. Таны сонгуулийн сурталчилгааны зардал хаанаас гарсан бэ?

- Хэнээс хэчнээн хандив авснаа сонгуулийн нярав тань тодорхой бүртгэх ёстой. Та зардлын тайлангаа ялсан ч, үгүй ч гаргах ёстой.

10. Их Хурлын гишүүн Та ард түмнийхээ дарга нь биш зарц нь болж буйгаа хүлээн зөвшөөрөх үү?

- Та төрийн ажлыг мэргэжил гэж ойлгоод үр хүүхдэдээ уламжлуулан, эзэмшүүлэхийг хичээж байгааг юу гэж үздэг вэ?

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
443   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan