Лхагва 2019-01-02 Дархан
FOCUS Cafe   2020-05-04

Аймаг үргүй зардлаа багасгах замаар хэмнэлт бий болгож, өрх бүлд чиглэсэн зарцуулалтууд хийх хэрэгтэй

Коронавирусын хямралтай зэрэгцэн эдийн засгийн хямрал биднийг түгшээж эхэллээ. Энэ хямрал хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тиймээс бид энэ талаар болон манай орон нутгийн хувьд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зохистой талаар Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.  

Ковидийн үед эдийн засгийг дэмжих талаар төрөөс тодорхой арга хэмжээг авч байгаа хэдий ч энэ нь зарим талаар учир дутагдалтай байна. Ялангуяа томоохон аж ахуйн нэгж цөөтэй, хүн амынх нь дийлэнх хэсэг амжиргаагаа зах, худалдааны төвүүдэд худалдаа үйлчилгээ эрхлэх замаар залгуулдаг манай аймаг орон нутгийн хувьд. Энэ тохиолдолд орон нутаг өөрөө ямар арга хэмжээ авах боломж байдаг вэ?

- Миний бодлоор, эхлээд улсын нэгдсэн төсвөөс олгож байгаа 5,1 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих бодлогын хэдий хэмжээний мөнгө, санхүүжилт Дархан-Уул аймагт ирж байна, энэ мөнгөний хэдэн хувь нь аймгийн нийт 30 аад мянган өрхийг дэмжихэд зарцуулагдаж байна гэдгийг аймгийн захиргаа тооцох хэрэгтэй. Аймгийн нийт хүн амын зарим бүлгүүдэд энэ дэмжлэг оногдохгүй байгаа байх. Тиймээс Дархан-Уул аймгийн өөрийн, орон нутгийг төсвийн зарцуулалтыг хянах, зарим үргүй зардлыг багасгах, гарсан хэмнэлтийг эдгээр өрхүүдэд чиглүүлж зарцуулах хэрэгтэй. Аливаа хямралын гол нөлөө нь ажилгүй болох. Бизнес нь зогсох, дампуурах, цомхотголд орох гэх мэтийн улмаас өрхийн орлого буурч, зээлээ төлөх болон хэрэгцээний сарын төлбөрөө хийх боломжгүй болж ирдэг. Тиймээс энэ асуудалд илүү анхаарах хэрэгтэй байх.

- Энэ хямрал 18 сарын дараа дуусна гэж олон орны вирус судлаачид загварчлалын аргаар судлан, дүгнэж байгаа. 2021 оны 12 сарын 25-31 гээд шинэ жилээ тэмдэглэх гээд байж байхдаа бид, хүн төрөлхтөн нэг тайван амьсгаа авах бололтой. Миний бодоход тэр үед эрүүл мэндийн хямрал л дуусна. Харин эдийн засгийн хямрал үргэлжилнэ. Үүнд 2 том шалтгаан бий.

  • Нэгдүгээрт, 2021 оны 12 сар хүртэл нийлүүлэлтийн талын хямрал явагдсан хэвээр байх бөгөөд дэлхийн том том бизнесүүдийн бизнес загварууд өмнөх шигээ ажиллахад бэрхшээлтэй болно. Жишээлбэл, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг газрын тосны бизнесийн эрэлт нь унасан тул үнэ нь буурч, дэлхийд ноёлдог байр суурь нь суларч ирнэ. Бензины эрэлт буурч байнаа гэдэг түүнтэй хосолдог бараа болох машины эрэлт буурч ирнэ. Машины эрэлт буурахад дагалдаад зэсийн, химийн төрөл бүрийн барааны болон цахилгаан барааны эрэлт багасна. Бизнесийн том том салбарууд шинэ загвар, шинэ зах зээл олохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болно.
  • Хоёрдугаар гол шалтгаан нь хүмүүс вирусын халдвараас айхаа больж, тусгаарлалт хийхгүй, бүгд энгийн мэт ажил, хичээлдээ явж эхлэх боловч нийт эрэлт 2019 оны 11-12 сарын түвшинд буцаж очихгүй. Учир нь 24 сарын турш дэлхийн хүмүүс, хэрэглэгчид тэдэнд чухам яг ямар бараа, үйлчилгээ амин чухал хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авсан байх тул тэдний үйл хөдлөл нэгэнтээ өөрчлөгдсөн байх болно. Энгийн нэг жишээ, их сургуулиуд бүх хичээлээ цахимаар заагаад, дадлагын ажил, судалгааны ажил, тэнхмийн хурлууд, эрдэм шинжилгээний хурлууд, магистрын болон докторантын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтыг цахимаар хийж болж байна, ялгаагүй байна гэдгийг ойлгож авсан тул 2022 оны 1 сарын 5-наас эхлэн зарим хичээлээ цахимаар зааж, арай цөөн багшийг ажиллуулах болно. Хүмүүсийн үйл хөдлөл их өөрчлөгдсөн байна. Гэр бүлийн хүмүүс 7 хоногийн зарим л өдрүүдэд ресторанд орж, бусад өдрүүдэд гэр бүлээрээ гэртээ өөрсдөө хоолоо хийж идэхээ илүүд үзэх болно. Хүмүүсийн үйл хөдлөл л эцсийн эцэст эдийн засгийг тодорхойлж байдаг. Хүмүүс үнэтэй гольфын хэрэгсэлтэй байсны оронд тодорхой хэмжээний хадгаламжтай байх нь амин чухал болохыг ойлгож авсан байна. Хүмүүс илүү болгоомжтой болсон байна.

Манай аймгийн төсвийн орлогын 95 орчим хувь нь ААНБ-ын орлогын албат татвар болон НӨАТ-с орж ирч байгаа. Нөгөө талаас харвал нийт зарлагын 77% нь төсвийн байгууллагын цалин, эрчим хүчинд зарцуулагдаж байна. Тиймээс энэхүү эдийн засгийн мөчлөгийг давах сан бүрдүүлэх ёстой юу? Та юу гэж харж байна?

- Монгол улсад одоогийн байдлаар “Корона хямрал” яг хэдэн сараар үргэлжлэх бол гэсэн загварчилсан, хамгийн бага, дунджаар, хамгийн ихээр бодож тооцсон тооцоо бага байна. Хямрал эхлээд гурван сард Засгийн газар 5,1 их наяд төгрөг хэрэгтэй гэж хэмжээд тарааж эхэлсэн. Үнэндээ бол Засгийн газарт энэ их мөнгө байхгүй. Гэхдээ ам. доллар биш, төгрөг учраас Төв Банкаа гарга гэж үүрэгдэн, хэвлүүлж, бизнес, өрх гэрийг санхүүжүүлж байгаа. 5,1 их наяд төгрөгний 1% хүрэхгүй санхүүжилт 18 нас хүртэлх, зорилтот бүлгийн хүүхдүүдэд очиж байна. 99% нь бизнесийг, ажил олгогчдыг, ажиллагчдыг дэмжихэд зарцуулагдана. Тэгэхээр Дархан-Уул аймгийн иргэдийн хувьд  дөрөвдүгээр сараас эхлэн 11 дүгээр сарын 1 хүртэл Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл гээд 21%-ийн төлбөр татвар төлөхгүй. Энэ нь амьдралд нь боломжийн нэмэр болох байх. Мөн хямралын үед бусад орнуудын хувьд хамгийн эмзэг бүлэг болох тэтгэврийн насны иргэдийн орлого, худалдан авах чадвар буурдаг бол Монгол улсад энэ нь харин эсрэгээрээ байна. Тиймээс Дархан-Уул аймгийн нийт ахмад настнуудын хувьд санхүүгийн байдал тогтовортой байх боломжтой гэж харж байгаа.

Манай орон нутгийн хувьд төсөвт тулгамдаж байгаа асуудал юу вэ? Төсвийн санхүүгийн удирдлагын  хувьд та дүгнэж үзсэн үү?

- Би сайн хэлж мэдэхгүй юм. Би Дархан-Уул аймгийн аудитын газрын тайлан мэдээтэй танилцаагүй байна. Танилцах гэсэн боловч тэдгээр нь ил тод биш байх шиг байна.

Бизнесийн орчин нөхцлийн хувьд Дархан-Уул аймаг маань ямар байна хэмээн та эдийн засагчийн хувьд, мөн энэ хотод төрж өссөн хүний хувьд дүгнэдэг вэ?

- Өнөөдөр Дархан-Уул амйгийн хамгийн том асуудал бол ажилгүйдэл, ядуурал болоод байна. Дархан хотод ажилгүй, бүртгүүлээд ажил хайж байгаа 1.127 хүн байна, үүнээс насны хувьд авч үзвэл 25-34 насны залуучууд зонхилон ажилгүй байна. Нийт ажиллах хүчнээс гадуур буюу ажил хийх насны, гэхдээ ажилгүй, ажил хайж бүртгүүлээгүй 33.296 хүн байна. Энэ хэмжээгээр ядуурлын түвшин маш өндөр байгаа юм. Улсын дундаж 28.4% байхад, Дархан-Уул аймагт нийт өрхийн 32.4% ядуу байгаа нь харамсалтай. Үүнээс гарах эхний гол зам бол ЖДҮ-ийг дэмжих, дэмжихдээ цаасан дээр биш, бодит ажил болгож, хөнгөлөлттэй зээлийн олголтыг нээлттэй, шударга явуулж, зээл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт, судалгаа, засаг захиргааны дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй. Жижиг, дунд бизнесүүдээ дэмжихийн тулд зарим тохиолдолд аймгийн захиргаа өөрсдөө ч худалдан авагч нь болж дэмжиж байж, олон хүн ажил, орлоготой болно.

Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахад дагуул хотуудыг бий болгох нь чухал хэмээн 2015 оноос хойш эрчимтэй ярьж байна. Үүнд Дархан хот руу шилжилт хөдөлгөөнийг бий болгох нь чухал нөлөөтэй. Таны хувьд манай хот, аймгийн зүгээс  ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь оновчтой байх бол?

- 1992 оны Үндсэн хуулийн дагуу Монгол хүн хаа дуртай газраа амьдрах эрхтэй, нүүж шилжихдээ орон нутгийн засаг захиргаанаас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Тиймээс Дархан-Уул аймаг руу шилжих шилжилт маш эрчимжсэн, Увс, Ховд, Завхан, Говь Алтай, Сэлэнгэ аймгуудаас олон айл өрх нүүж ирсэн байдаг. Тиймдээ ч хүн амын тоо нь 100 мянган давж гарсан. Эсрэгээрээ мөн олон ч айл Улаанбаатар руу нүүн шилжсэн байдаг. Дархан-Уул аймаг руу иргэдийг нүүлгэх нь эдийн засгийн, хотжилтийн, хөгжлийн, байгаль орчны ямар нөлөөтэй байх вэ гэдгээ эхлээд бодож, судлах хэрэгтэй. Судлаад нүүлгэж ирүүлэх нь хэрэгтэй гэж үзэж байвал ажлын байрны тоо хэмжээг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг, нээлттэй засаглал хэрэгтэй болно..

Таны бага нас Дарханд өнгөрсөн. Тэр үетэй харьцуулахад өнөөгийн Дархан хотын хүүхэд, залуусын боловсролын өрсөлдөх чадвар, чанарын хувьд хэр ахиц гарсан байна гэж үзэж байгаа вэ?

- Би Дархан хотод 5 дугаар цэцэрлэгт явж, одоогийн Од цогцолбор сургууль болох 3 дугаар 10 жилийн сургуулийг 1986 онд төгссөн.  Тэр үеийн Дархан хот бол аж үйлдвэржилтийн, боловсролын, соёлын, залуусын хот байсан. Тэр үеийн залуучууд, хүүхдийн сургуульд хамрагдах түвшин мэдээж их өндөр байсан, бараг 98% байсан. Ядуурал байхгүй, бүх хүмүүс ажилтай орлоготой байсан цаг. Одоогийн Дархан-Уул аймгийн хувьд боловсролын нийлүүлэлт маш сайн байгаа. Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургуулиуд энд ажиллаж байна. Тодорхой эрэлт ч сайн байгаа. Гол нь төгсөгчдийн хувьд төгсч гараад шууд ажиллах ажлын байрны хомсдол л их байна даа. 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
880   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan