Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2020-05-06

БОЛОВСРОЛ ДАХЬ #ТЭГШ_БУС_БОЛОМЖ

Монгол улс дахь нийт ерөнхий боловсролын сургуулиудын тэнхимийн хичээл зогсонги байдалд орж, үлдсэн хагас жилийн хичээлийн агуулгыг онлайн болон теле хичээлээр нөхөх болов. Сурагчид гэрээр хичээллэх болж, багш, сурган хүмүүжүүлэгч болон сурагчдын эцэг эхийн үүрэг роль солигдов.

Мал төллөх үеэр Должин гуайн хотод байдаг ач зээ нь ирээд түүнд нэлээд тус нэмэр болж байгаа гэнэ. Тэдний саахалт айл болох залуу гэр бүл Болдын хүүхдүүд ч мөн аймгийн төвөөс ирээд ихэнх малчид баяр, хөөртэй байгаа сурагтай.

Болормаа хувийн компанид ажилладаг, 4 хүүхэдтэй. Одоогоор гэрээр ажиллаж байгаа тул орлох багшийн үүргийг гүйцэтгэж, хүүхдүүдтэйгээ өдөр шөнөгүй зууралдсаар. Хамгийн том оюутан охин, ахлах ангийн сурагч хүү хоёр нь ганц нөүтбүүкээ байнга булаацалдаастай. Хоёр бага нь харин зурагтаар хичээлээ үздэг гэв.

Анандын аав ээж ажилдаа өглөө гараад л орой ирдэг гэв. Ананд өчигдөр англи хэлний хичээлдээ ZOOM программ ашиглаж оролцох ёстой байсан ч, эмээ өвөөгөөсөө болоод багштайгаа холбогдож чадаагүй гээд гунигтай байв. Аав ээж нь хагас, бүтэн сайн өдрөөр л завтай болж, хичээлийг нь давтуулдаг гэв.

Бямбадорж сургуульдаа явах дуртай. Ээж нь оёдлын үйлдвэрт ажилладаг, харин аав нь ажилгүй гэртээ байдаг. Аав нь дандаа л архи ууж, агсам согтуу тавьдаг учраас сургууль дээрээ байсан нь түүнд хамаагүй дээр санагддаг. Мөн үдийн цайны хоолоор тэр өдрөө уг нь аргалчихдаг байв.

Корона вирусийн хямралаас үүдсэн энэхүү нөхцөл байдал сурагчдын сурлагын амжилт ар гэрийн аж амьдралаас шалтгаалан тэгш бус байдгийг тодотгон харуулав. Өөрөөр хэлбэл хүүхэд бүр адил, тэгш боломжоор суралцаж чаддаггүй байна. Энэхүү тэгш бус боломж ямарваа нэгэн хямралгүй, энгийн үед ч оршин байдгийг олон судалгааны үр дүнгээс харж болно.

Тиймээс одоогийн энэ нөхцөлд байдалд сурагчдаас нэгдсэн шалгалт авч, оноогоор дүгнэх нь шударга бус. Ирэх хичээлийн жилд сургуулийн багш, ажилчид ачаалал ихтэй ажиллаж, сурагчдын хоцрогдлыг нөхөх нь тодорхой боллоо. Намар хүртэл багш нар илүү уян хатан ажиллаж, сурагчдадаа ном унших, гадаад хэл дээр өөрсдийн насанд тохирсон, хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүйн агуулга бүхий кино, нэвтрүүлэг үзэх, зөв хооллох, идэвхтэй, хөдөлгөөнтэй байх зэрэг гэрийн даалгаврууд өгөх нь зүйтэй.

Корона вирусийн хямрал мөн “Бид дижитал сургалтад бэлэн бус байгаа.” гэдгийг харуулав. Сургууль, багш, сурган хүмүүжүүлэгчид, мөн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид бүгдээрээ. Мөн эсрэгээрээ ямар ч интернет платформ багш, сурган хүмүүжүүлэгчийг орлож чадахгүй гэдгийг мэдэрлээ. Сургууль гэдэг хүүхдүүдэд мэдлэг олгохоос гадна тэднийг хүмүүжүүлж, нийгэмшүүлдэг боловсролын байгууллага гэдгийг ойлголоо.

Орчин үеийн сургуулиуд сурагчдад бие даах чадварыг суулгаж өгөх ёстой. Тиймээс бид хүүхдүүдээ зурагт, компьютер, ухаалаг гар утаснаас аль болох хол байлгаж, уйдтал нь тоглуул, агаар салхинд хамтдаа гар. Үүний дараагаар тэд аяндаа өөрсдөө хичээлээ хийж, чөлөөт цагаараа хичээлээ хийх ямар зугаатай гэдгийг ойлгох боломжтой.

Нийтэлсэн: Б.Оргил

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
528   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan