Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ
Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, эвсэл 121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Улс төрийн намуудаас АН болоод МАН 29 тойрогт 76 нэр дэвшигчээ дэвшүүлээд байгаа. Та бидний эвсэл, Шинэ эвсэл-ээс мөн 76 хүнийг нэр дэвшүүлсэн. "Зөв хүн электорат эвсэл"-ээс 59, "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас 13 тойрогт 16 нэр дэвшигч, "Эх орончдын нэгдсэн нам"-аас нэг, "Дэлхийн монголчууд нам"-аас нэг, "Хөгжлийн хөтөлбөр нам"-аас долоо, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл 70, "Зон олны нам"-аас 30, "Ард түмний олонхийн засаглал нам 25, "Гэр хороолол хөгжлийн нам"-аас таван нэр дэвшигч гэх зэргээр нэр дэвшжээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт мөн Баянгол дүүргийн 26 дугаар тойрог, Сүхбаатар дүүрэгт хамгийн олон буюу тус бүр 35 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт хамгийн бага буюу 11 нэр дэвшигч хоёр мантадын төлөө өрсөлдөж байгаа юм.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өдрөөс буюу зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгааг эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар явагдана.
Энэ удаагийн сонгууль цар тахлын үед явагдах учраас сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэх журмыг Засгийн газраас баталсан.
Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангаж байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна гэж заасан.