Лхагва 2019-01-02 Дархан
Сонгогчдын боловсролд   2020-06-02

Улс төрийн санхүүжилт ба авлигал

Сонгуулийн хандив, нам, улс төрийн санхүүжилт яаж явагддаг вэ?

Дэлхийн 180 гаруй улс орнуудад улс төрийн санхүүжилтийн хууль эрх зүйн орчинг бус нутгаар нь харьцуулан судлахад зүүн болон төв, дорнод Европын орнуудад улс төрийн санхүүжилтийн харилцаанд илүү нарийвчилсан, хүчтэй зохицуулалт хийдэг бол Азийн улс орнууд уг харилцааг зохицуулах хууль журмаар хамгийн сул гэж үзсэн байдаг. Улс төрийн санхүүжилт гэсэн ойлголтод улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт багтдаг. Манай улсад улс төрийн санхүүжилтэд холбогдох хууль тогтоомжоор улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа өөрсдөө хариуцаж ирсэн. Иймээс улс төрийн намууд бизнесээс өрсөлдөж мөнгө босгодог, сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулаагүй “дэнчин” буюу нэр дэвших босго мөнгө зэргийг тогтоож байна. Үүний нөлөөгөөр улс төр бизнес хоорондоо холилдож, улс төрөөр дамжуулан бизнес хийх, эсвэл бизнесийн мөнгөөр дамжуулан улс төр хийх нөхцөл байдал үүсээд байгаа талаарх судалгаа цөөнгүй байна. Хандив өгч тендер, концесс авдаг эсвэл концесс аваад хандив өгдөг дүрэм журам мэт болсон авлига монголын улс төрд “ноёлж” байна. Харин олон улсад улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн хандив цуглуулах үйл ажиллагаанд оролцож хандив өгсөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид тухайн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд аливаа тендер, концесс авах эрхгүй байдаг бөгөөд хандив өгсөн байгууллага этгээдэд ашигтай шийдвэр гаргах зэрэг нь хуулиар хориотой байдаг.

Хуульд юу гэж заасан бэ?

 УИХ-ын сонгуулийн хуулийн 39.1 дэх хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно” гэж хандивын дээд хэмжээг тогтоож өгсөн байна. Хандив нь мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байж болох бөгөөд мөнгөн хөрөнгө зөвхөн зардлын дансаар дамжсан байх, мөнгөн бус хандивыг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, нийт хандивын дүнд оруулан тооцохоор зохицуулжээ.

Өмнөх сонгуулиудын хандив хэрхэн бүрдсэн бэ?

2008 оны УИХ сонгуульд оролцсон намуудын санхүүжилтийн орлогын 33%, 2012 онд 59%, 2016 онд нам эвслийн санхүүжилтийн орлогын 66%, нэр дэвшигчдийн санхүүжилтийн орлогын 70% нь хандивын орлого байна. Гэвч Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг тооцоолсноор иргэдийн амьдрал ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд буурахгүй, хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газруудад өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

"Транспэрэнси Интернэйшнл" байгууллага болон АТГ-ын судалгаагаар манай улсад улс төр, сонгуулийн санхүүжилтийн авлига, бусад салбарын авлигаас илүү олны анхаарал татаж байна.  Ялангуяа сонгуулийн үеэр улс төрийн намууд:

  1. Хууль зөрчсөн хандив, дэмжлэг хүлээн авах
  2. Хахуулийн мөнгийг сонгуулийн кампанит ажилд ашиглах
  3. Төрийн эх үүсвэр буюу техник хэрэгсэл, төрийн албан хаагч, машин тэрэг эрх мэдэл зэргээ улс төрд ашиглах
  4. Сонгуульд ялсны дараа хариу тус барих, давуу тал үзүүлэх амлалттай мөнгө, хандив хүлээн авах
  5. Гэмт хэргийн бүлэг, хар тамхины бизнесээс мөнгө авах
  6. Санал худалдан авах зорилгоор мөнгө зарцуулах нь жил ирэх бүр нэмэгдэж байна.  

Улс төрийн намууд сонгогчдын саналыг хэрхэн худалдаж авдаг вэ?

Улс төрийн намууд амьжиргааны түвшин доогуур амьдралтай иргэд, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхчүүд, анх удаа саналаа өгч байгаа залуу сонгогчид, ахмад настнууд зэрэг нийгмийн халамж, анхаарал шаардлагатай хэсэг, мөн улс төрийн тогтсон үзэл баримтлалгүй “хөвөгч” сонгогчдын саналыг худалдан авах оролдлогыг түлхүү хийдэг гэж судалгаануудад дурдсан байдаг. Нэр дэвшигч, горилогчид сонгогчийн санал өгөх эрхийг худалдаж авахаар тарааж буй бэлэг сэлт нь янз бүр байдаг. Сав суулга, мөнгөн аяга, цаг, шаазан эдлэл зэрэг дээр нэр, хөргөө сийлэн тараасан бэлэг сэлт ч сонгогчдын саналыг худалдан авахаар оролдож буй нэг хэлбэр юм.   

Худалдагдсан сонголт хэнд хамгийн хор уршигтай вэ?

Улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, нийтийн өмч, хөрөнгийг үр дүнтэй төлөвлөх, зарцуулах эрх мэдлийн төлөө өрсөлдөж байгаа этгээдүүдийн үйл ажиллагаа, санхүүжилтад авлигаас ангид байх, ил тод байдлыг хэрхэн хангаж байгаа нь улс орны хөгжил дэвшилтэй шууд холбогдож байдаг. Ийм учраас нэг нэр дэвшигч, аль нэг нам эвслийн гэхээсээ илүү хор уршиг нь нийт иргэд, улсын хөгжил дэвшилд үзүүлэх нөлөө их байдаг. Сонгуулийн авлигын сөрөг үр дагавар нь тэгш бус өрсөлдөөн, тэгш бус боломж, худалдагдсан улс төрчид, бохир улс төр бий болж,  иргэдийн төр засагт итгэх итгэл суларч, сонгуульд оролцох иргэдийн тоо улам багасаж байгаагаар илэрч байна.  Иргэд саналаа худалдахгүй ч санал хураах байранд ирэхээс сайн дураар татгалзах нь “санал худалдагч, худалдан авагчид” -ыг олонх болгох аюултай.

Шийдэл юу вэ?

Улс төр дэх мөнгөний нөлөөг ил тод, нээлттэй, хяналттай, хариуцлагатай болгох хуулийн механизмтай байх нь ардчиллын болон улс орны хөгжлийн түлхүүр болдгийг хөгжингүй орнуудын туршлага харуулж байна. Судлаачид хуулийн механизм зөвхөн нэг арга хэрэгсэл бөгөөд үүнийг баталсны дараа хэрэгждэг байхад хяналт тавих хэрэгтэй. Иргэд сонгогчид, сэтгүүлчид, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоотой хамтын ажиллагаагаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэсэн дүгнэлтүүд гаргаж байна.

Мөн улс төрийн санхүүжилтийн үйл ажиллагааны ил тод байдал, хяналтын орчин, хэрэгжилт сул байгааг дотоодын болон гадаадын судлаачид дүгнэж, боловсронгуй болгохыг зөвлөсөн байдаг. Тухайлбал,

1. Сонгуулийн зардлын дансыг шилэн болгох шаардлагыг хуульд тусгах, ингэхдээ сонгуулийн үеийн хандив болон зардлын гүйлгээ зэргийг сонирхсон этгээд сонгуулийн кампанит ажлын бүхий л хугацаанд харах боломжтой болгох

2. Хариуцлага хүлээлгэх зарчмыг уян хатан, ялгаатай тогтоож, хариуцлага хүлээх механизмыг чангатгах, бодит болгох. Мөнгөн торгуулийн хэмжээг нэмэх, сонгуульд оролцох эрхийг нь хасах, төрийн санхүүжилт авах эрхийг түдгэлзүүлэх, намын үйл ажиллагааг зогсоож татан буулгах, тухайн намын нэр дэвшигчийн суудлыг хүчингүй болгох зэрэг

3. Сонгуулийн санхүүжилт, кампанит ажилд хяналт тавьж, мониторинг хийх төрийн бус байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, энэ боломжийг хуульд суулгаж өгөх зэргийг зөвлөжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
646   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan